Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/359

 

 

 

 

 

 

 

 

   2021       03          18                                       2021/ШЦТ/359

 

                            

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Ц.Ганцэцэг,   

шүүгдэгч Ж.Э.,

шүүгдэгч Н.Бямбанайдан, түүний өмгөөлөгч Э.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д. овогт Ж.гийн Э., Х. овогт Н.гийн Бямбанайдан нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 03042 2770 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт  оршин суух бүртгэлтэй,  Д. овогт Ж.гийн Э..

Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 44  настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт  тоотод оршин суух, урьд

- Төв аймгийн шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2000 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Өршөөлийн тухай хуулиар суллагдсан,

- Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

- Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.4-т зааснаар 10 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж байсан,

Х. овогт Н.гийн Бямбанайдан.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж..Э., Н.Бямбанайдан нар нь бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрт орших Хүрэлтогоотын аманд зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг эм тарвага агнаж 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.                         

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бямбанайдан мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 112-114/,

- Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2483 дугаартай “Тус байгууллагад шалгагдаж байгаа хэрэгт 470 52 59.00 N, 1060 56 50.02 N солбилцлын цэг бүхий газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байгаа болохыг тодорхойлж байна.” гэх албан бичиг /хх-ийн 115/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Оюутын өгсөн “Хүрэлтогоотын ам нь Скай ресортын амыг хэлдэг, түүнээс баруун тийш Бага тэнгэрийн ам хүртэл, өөрөөр хэлбэл Хүрхрээгийн амны баруун амыг Залаатын ам гэдэг. Хүрхрээгийн амыг Хүрэлтогоотын ам гэж хэлдэг юм. Дээрх бүх амууд дархан цаазат газарт орно. Энэ орчмоос тарвага агнасан бол эрүүгийн хэрэг гэж үзнэ. Шинжээчийн дүгнэлттэй танилцахад 2 ширхэг нас бие гүйцсэн эм тарвага гэж байгаа учир 1 ширхэг нь 200.000 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээтэй, ийм учраас 2 ширхэг тарваганы 400.000 төгрөгийн хохирлыг Амьтны тухай хуульд 2 нугалж төлүүлнэ гэж зааснаар бодоод 800.000 төгрөг, үүн дээр шинжилгээний төлбөр 150.000 төгрөгийг буруутай этгээдүүдээс нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

- Гэрч Б.Жаргалсайханы өгсөн “Би 2020 оны 07 дугаар сарын 09-ний орой Налайх дүүргээс урд уулын замаар хот руу орж ирж байсан. Тэгээд 18:36 цагийн үед Залаатын амны харалдаа уулын замаар түгжрээд явж байтал 1 нөхөр гараа далайгаад юм цохиод байхаар нь сэжиг аваад лавшруулж хартал 2 хүн байсан ба урхи тавьж тарвага барьсан бололтой Богд уулаас 2 тарвага аваад доошоо бууж байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,

- Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторын шинжилгээний шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэргийн материал болох зураг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1б/340 дугаартай албан бичиг, түүний хавсралт, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1б/440 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн материалд үндэслэн монгол тарваганы бодгаль болохыг тодорхойлов. Хавтаст хэргийн материалд үндэслэн хоёр эм бодгаль болохыг тодорхойлов. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ам амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд зааснаар монгол тарваганы эм бодгаль 210.000 төгрөг. Хавтаст хэргийн материад үндэслэн бие гүйцсэн хоёр бодгаль болохыг тодорхойлов. Урхиар агнасан байж болзошгүй ба агнасан хугацаа нь 2020 оны 07 дугаар сараас 08 сард хамаарна. Тарвага нь ховор амьтанд хамаарахгүй бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай” А/278 тоот тушаалаар агнахыг 2020 хүртэл буюу 3 жил хориглосон болно.” гэх дүгнэлт /хх-ийн 53/,

- Гэрч Богдхан уулын дархан цаазат газрын байгаль хамгаалагч Г.Барайширын “Их тэнгэрийн амны зүүн суга болох бөөгийн модтой жижиг мухар ам /амны статуст хүрдэггүй” газрыг Богдхан уулын дархан цаазат газарт анх 1997 онд Юнескод бүртгэгдсэн цагаас нь хойш оруулж хамгаалж явдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 116/,

- Ж.Э.ын яллагдагчаар өгсөн “Би Найдангийн эгчтэй нь суусан хүргэн ах нь юм. Тэгээд намайг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дуудаад ирж хоносон ба 09-ний өдөр наадмын урд өдөр байсан ба тарваганд явахаар болсон. Тэгээд Н.Бямбанайданг дагаад Богдхан уулын амнаас 2 ширхэг тарвага агнаад Баянзүрх дүүргийн цагдаад баригдсан. Дүү Н.Бямбанайдан нь тэр үед Богдхан уулын Хүрэлтогоотын аманд ажлаар очиж төмөр хашаа барьж байхдаа хажуудаа тарвага байхыг харсан юм байна лээ. Тэгээд намайг наадам ч болж байна, ах аа хүрээд ир гэж дуудаад нэг шөл уулгая гээд бид хоёр 2 ширхэг урхи тавиад агнасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 105/,

- Н.Бямбанайдангийн яллагдагчаар өгсөн “Би 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр наадмын урд өдөр Дархан цаазат Богдхан уулын амнаас зохих зөвшөөрөлгүйгээр хүргэх ах Ж.Э.ын хамт 2 ширхэг тарвага урхиар барьж чулуугаар цохиж агнасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 110/,

- Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт буюу “Дархан цаазат газрын хилийн зааг” /хх-ийн 27/,

- Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2671 тоот албан бичиг /хх-ийн 31/,

- Мэдүүлгийг газар дээр  нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 112-114/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ж..Э., Н.Бямбанайдан нар нь бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрт орших Хүрэлтогоотын аманд зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг эм тарвага агнаж 420.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2483 дугаартай “Тус байгууллагад шалгагдаж байгаа хэрэгт 470 52 59.00 N, 1060 56 50.02 N солбилцлын цэг бүхий газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байгаа болохыг тодорхойлж байна.” гэх албан бичиг,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Оюутын өгсөн “Хүрэлтогоотын ам нь Скай ресортын амыг хэлдэг, түүнээс баруун тийш Бага тэнгэрий ам хүртэл, өөрөөр хэлбэл Хүрхрээгийн амны баруун амыг Залаатын ам гэдэг. Хүрхрээгийн амыг Хүрэлтогоотын ам гэж хэлдэг юм. Дээрх бүх амууд дархан цаазат газарт орно. Энэ орчмоос тарвага агнасан бол эрүүгийн хэрэг гэж үзнэ. Шинжээчийн дүгнэлттэй танилцахад 2 ширхэг нас бие гүйцсэн эм тарвага гэж байгаа учир 1 ширхэг нь 200.000 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээтэй, ийм учраас 2 ширхэг тарваганы 400.000 төгрөгийн хохирлыг Амьтны тухай хуульд 2 нугалж төлүүлнэ гэж зааснаар бодоод 800.000 төгрөг, үүн дээр шинжилгээний төлбөр 150.000 төгрөгийг буруутай этгээдүүдээс нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг,

- гэрч Б.Жаргалсайханы өгсөн “Би 2020 оны 07 дугаар сарын 09-ний орой Налайх дүүргээс урд уулын замаар хот руу орж ирж байсан. Тэгээд 18:36 цагийн үед Залаатын амны харалдаа уулын замаар түгжрээд явж байтал 1 нөхөр гараа далайгаад юм цохиод байхаар нь сэжиг аваад лавшруулж хартал 2 хүн байсан ба урхи тавьж тарвага барьсан бололтой Богд уулаас 2 тарвага аваад доошоо бууж байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг,

- Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторын шинжилгээний шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэргийн материал болох зураг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1б/340 дугаартай албан бичиг, түүний хавсралт, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1б/440 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн материалд үндэслэн монгол тарваганы бодгаль болохыг тодорхойлов. Хавтаст хэргийн материалд үндэслэн хоёр эм бодгаль болохыг тодорхойлов. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ам амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд зааснаар монгол тарваганы эм бодгаль 210.000 төгрөг. Хавтаст хэргийн материад үндэслэн бие гүйцсэн хоёр бодгаль болохыг тодорхойлов. Урхиар агнасан байж болзошгүй ба агнасан хугацаа нь 2020 оны 07 дугаар сараас 08 сард хамаарна. Тарвага нь ховор амьтанд хамаарахгүй бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай” А/278 тоот тушаалаар агнахыг 2020 хүртэл буюу 3 жил хориглосон болно.” гэх дүгнэлт,

- гэрч Богдхан уулын дархан цаазат газрын байгаль хамгаалагч Г.Барайширын “Их тэнгэрийн амны зүүн суга болох бөөгийн модтой жижиг мухар ам /амны статуст хүрдэггүй” газрыг Богдхан уулын дархан цаазат газарт анх 1997 онд Юнескод бүртгэгдсэн цагаас нь хойш оруулж хамгаалж явдаг.” гэх мэдүүлэг,

- Ж.Э.ын яллагдагаар өгсөн “... Дүү Н.Бямбанайдан нь тэр үед Богдхан уулын Хүрэлтогоотын аманд ажлаар очиж төмөр хашаа барьж байхдаа хажуудаа тарвага байхыг харсан юм байна лээ. Тэгээд намайг наадам ч болж байна, ах аа хүрээд ир гэж дуудаад нэг шөл уулгая гээд бид хоёр 2 ширхэг урхи тавиад агнасан.” гэх мэдүүлэг,

- Н.Бямбанайдангийн яллагдагчаар өгсөн “Би 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр наадмын урд өдөр Дархан цаазат Богдхан уулын амнаас зохих зөвшөөрөлгүйгээр хүргэх ах Ж.Э.ын хамт 2 ширхэг тарвага урхиар барьж чулуугаар цохиж агнасан.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Э., Н.Бямбанайдан нарыг бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэмт хэрэг гарсан газар, гэмт хэрэг гарсан байдал зэргийг хангалттай сайн тогтоогоогүй, ...гэрч Б.Жаргалсайхан нь тухайн газрыг Залаатын ам, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Оюут нь Хүрэлтогоотын ам гэж зөрүүтэй хэлдэг, ...гэмт хэрэг гарсан гэх газар нь УИХ-ын тогтоолоор баталсан дархан цаазат газрын хилийн заагт багтсан эсэх нь тодорхойгүй тул хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй...” гэж тайлбарлан маргасан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Оюутын мэдүүлэгт “...дээрх бүх амууд дархан цаазат газарт орно. Туул голын урд эргээс урагшхи бүх газар дархан цаазат газарт орно.” гэж, гэрч Г.Барайширын мэдүүлэгт “...Их тэнгэрийн амны зүүн суга болох бөөгийн модтой жижиг, мухар амыг Богдхан уулын дархан цаазат газарт анх 1997 онд Юнескод бүртгэгдсэн цагаас нь хойш оруулж, хамгаалж явдаг...” гэсэн байхаас гадна Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2483 тоот албан бичигт “Тус байгууллагад шалгагдаж байгаа хэрэгт 470 52 59.00 N, 1060 5650.02 N солбицлын цэг бүхий газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байгаа болохыг тодорхойлж байна.” гэсэн зэргээс үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдлыг тодорхой тогтоосон байхаас гадна мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд гэрэл зургаар дүрсэлсэн газар нь дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд багтаж буй нь нийтэд илэрхий үйл баримт гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нийтэд илэрхий үйл баримт гэдэг нь шүүхэд болон хэргийн оролцогчдод илэрхий байхаас гадна тухайн үйл баримтын талаар мэдээлэлтэй байх боломжтой тодорхой хүрээний хүмүүст илэрхий байх нөхцөл байдлыг хамааруулан авч үздэг. Учир нь Богдхан уулын дархан цаазат газрын мэргэжилтэн А.Оюутын мэдүүлсэнчлэн Туул голын урд хэсэг тэр чигтээ Богдхан уулын дархан цаазат газрын бүсэд хамаарч байх бөгөөд гэмт хэрэг нэгэнт тухайн газар, орон зайн хязгаарлалт дотор үйлдэгдсэн байхад “...солбицлын цэгийг ямар арга хэрэгсэл, багажаар тогтоосон нь тодорхойгүй” гэж тайлбарлаж байгаа нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх, эсхүл Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолын хавсралтаар тогтоосон Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагт хамаарсан эсэх нь тодорхойгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иймд шүүгдэгч Ж.Э., Н.Бямбанайдан нарт прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх үзэв.  

Хохирогч Богдхан уулын дархан цаазарт газрын хамгаалалтын захиргаанд учирсан хохирол төлөгдсөн болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар /хх-ийн 31/ нотлогдож байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүх шүүгдэгч Ж.Э.т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал буюу үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, мэдүүлж байгаа зэргийг тус тус харгалзан Ж.Э.т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Н.Бямбанайданд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

            Н.Бямбанайдан нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих оногдуулахгүйгээр 3 жилийн хугааагаар тэнссэн байх боловч тэрээр энэ хугацаанд шинээр санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар дээрх шийтгэх тогтоолын Н.Бямбанайданг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 1 жилийн хугацаагаар хорил ял оногдуулж, мөн  хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолын Н.Бямбанайданд холбогдох заалтыг хүчингүй болгож оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Бямбанайдан нь 13 хоног цагдан хоригдсон, Ж.Э. цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлөгдсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Д. овогт Ж.гийн Э., Х. овогт Н.гийн Бямбанайдан нарыг бүлэглэн улсын тусгай  хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Э.т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бямбанайданд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус зааснаар Ж.Э.т оршин суух  газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтын Н.Бямбанайданд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолын Н.Бямбанайданд холбогдох заалтыг хүчингүй болгож оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ж.Э.т тайлбарласугай.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Бямбанайданд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Бямбанайдангийн урьд цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай

            10. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Э. нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлөгдсөн болохыг дурдсугай.

           11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Э.т урьд авсан хувийн баталгаа гаргах, Н.Бямбанайданд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА