| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00151/И |
| Дугаар | 233 |
| Огноо | 2017-04-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 233
2017 оны 04 сарын 18 өдөр Дугаар 156/ШШ2017/00233 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00151/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Цацалын 6-4 тоотод оршин суух, Боржигон овогт Гэлэгдондовын Наранзул /РД:СЭ80071769/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багт оршин суух, Хорчин овогт Маналын Батчулуун /РД:СО81080714/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Наранзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.
Хариуцагч М.Батчулуунд нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 93200644 дугаарын утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно гэсэн заалтыг дагуу нэхэмжлэгч Г.Наранзулын хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт, саналын дагуу хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Наранзул нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие М.Батчулуунтай 2005 онд танилцаж, 2006 оны 08 дугаар сарын 26-нд гэрлэлтээ батлуулж байсан. Хамтран амьдрах хугацаанд 2006 оны 12 дугаар сарын 15-нд охин Уянга маань төрсөн. 2008 онд бид таарч тохирохгүй улмаас би аймгийн төвд шилжин ирж амьдарсан болно. Ингээд бид 2008 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд М.Батчулуун нь одоо өөр хүнтэй хамтран амьдарч байгаа болно. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Уянгад хуулийн дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгч Г.Наранзул нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие М.Батчулуунтай 2005 онд танилцаж, хамт амьдарч байгаад 2006 оны 12 сарын 15-нд бидний дундаас охин Уянга төрсөн. 2008 онд бид гэрлэлтээ батлуулсан. Хүүхэд том болоод, цэцэрлэг, сургуульд ороод ирэхээр бидний дунд аймгийн төв рүү орж амьдарна, эсвэл хөдөө амьдарна гэдэг маргаан гардаг байсан. Би Дорноговь аймаг руу сувилагч мэргэжлээр сурахаар Дорноговийн анагаахын их сургуульд явсан. Энэ хойгуур М.Батчулуун өөр хүнтэй болсон байсан. Одоо М.Батчулуун нь тэр хүнтэй амьдарч байгаа, нэг охинтой. Бид тусдаа амьдраад 8 жил болж байна. Бид тусдаа амьдрах болсон гол шалтгаан нь Батчулуун өөр хүнтэй болсон явдал юм. Тийм учраас бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Уянга маань одоо надтай хамт Дорноговь аймагт амьдардаг, 11 настай, 4 дүгээр ангид сурдаг. Хүүхдээ өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Хариуцагч М.Батчулуун нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Г.Наранзулын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Охин Уянгыг ээж Г.Наранзулынх нь асрамжинд өгч, тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэжээ. /хх-ийн 15х/
Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Наранзул нь хариуцагч М.Батчулуунаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Наранзул нь хариуцагч М.Батчулуунтай 2005 онд танилцаж, 2006 онд гэр бүл болж, тэдний дундаас охин Уянга төрсөн болох нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 4х/, Хорчин овогт Батчулууны Уянгын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 8х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчид нь хамт амьдрах хугацаандаа үзэл бодлын зөрөлдөөний улмаас үл ойлголцож эхэлсэн ба хариуцагч М.Батчулууны хувьд гэр бүлээсээ хөндийрөн өөр бусадтай хамтран амьдарч үр хүүхэдтэй болсон байна.
Дээрх байдлуудаас дүгнээд шүүх зохигчдын гэрлэлтийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүйгээр цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Хариуцагч М.Батчулуун нь нэхэмжлэлийн шаардлагын хувьд маргаагүй бөгөөд охин М.Уянгыг эх Г.Наранзулын асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн байна.
Охин Б.Уянгын хувьд одоо ээж Г.Наранзулын асрамжинд Дорноговь аймагт эрүүл саруул өсөж бойжиж, сургуульд сурч байгаа ба түүнээс шүүх санал авахад ээжтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байгаа илэрхийлсэн тул хүүхдийн асрамжийг нэхэмжлэгч Г.Наранзулд үлдээж, хариуцагч М.Батчулуунаас түүний хөдөө мал маллан улирлын шинжтэй хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг гаргуулах нь зүйтэй байна.
Мөн зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч Г.Наранзулын гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Гэлэгдондовын Наранзул /РД:СЭ80071769/, хариуцагч Хорчин овогт Маналын Батчулуун /РД: СО81080714/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Гэлэгдондовын Наранзулын 2007 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрүүлсэн охин Хорчин овогт Батчулууны Уянгыг /РД:СО06321508/ эх Г.Наранзулын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1-д зааснаар охин Б.Уянгыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь хариуцагч /эцэг/ М.Батчулууны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос хүүхдийн тэтгэлгийг улирал тутам мөнгөн хэлбэрээр тоооцон гаргуулж, охин Б.Уянгыг тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Наранзулд даалгасугай.
5. Зохигчид нь эд хөрөнгийн ямар нэгэн маргаангүй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй ба хүүхдийн эцэг, эх болохын хувьд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг хэн алинд нь анхааруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх
ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Наранзулаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Батчулуунаас нөхөн төлүүлэх шүүхийн зардалд 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Наранзулд олгосугай.
9. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР