Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/282

 

                          

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Ж.Отгончимэг, хохирогч Г.Г, шүүгдэгч М.Х, Б.Н, тэдний өмгөөлөгч В.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн М.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Т овгийн Б.Н-ийг мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 03189 0043 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, Б овгийн М.Х, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “***” ресторанд тогооч ажилтай, ам бүл тав, нөхөр, гурван хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо зээлийн ** дугаар гудамж ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

2.Монгол Улсын иргэн, Т овгийн Б.Н, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл зургаа, нөхөр, дөрвөн хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын ** дүгээр гудамж *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1159 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 255 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

Шүүгдэгч М.Х нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” нэртэй караокед 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шөнийн 03 цаг 30 минутын үед иргэн О.Ш-тэй маргалдан улмаар “Сэнгүр нэртэй 0.5 литрийн пивоны шил шидэж, иргэн Г.Г-гийн хамар хэсэгт онож, Г.Г-гийн хамрын нурууны хугарал, цус хуралт, баруун шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Н нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” нэртэй караокед 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шөнийн 03 цаг 30 минутын үед иргэн Г.Г-г утсаараа бичлэг хийлээ гэж түүний эзэмшлийн Айфоне-7 маркын гар утсыг санаатайгаар устгаж, гэмтээсний улмаас 400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “2020 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 03 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “R” нэртэй караокед шүүгдэгч, Б овгийн М.Х нь иргэн О.Ш-тэй маргалдаж, улмаар түүний зүг “Сэнгүр” нэртэй 0.5 литрийн шар айргийн лонх шидсэн бөгөөд түүний шидсэн лонх хохирогч Г.Г-гийн хамар луу нь онож, бие махбодод нь “...хамрын нурууны хугарал, цус хурал, баруун шуунд цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, мөн энэ үед шүүгдэгч, Т овгийн Б.Н нь хохирогч Г.Г-г “утсаараа бичлэг хийлээ” гэсэн шалтгаанаар түүний эзэмшлийн “IPhone 7” загварын гар утсыг булаан авч шидэж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсний улмаас 400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч М.Х-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Караокед сууж байхад хажуу талын ширээний танихгүй залуутай маргалдсан. Тэр залуу манай найзыг хэл амаар доромжилж, өдөж хоргоогоод байсан. Тэгэхээр нь би уурлаад шар айргийн лонх аваад түүний зүг шидтэл цаана нь байсан Г-г оночихсон юм. Би хохирогч Г-г санаатай гэмтээгээгүй. Г-д эмчилгээний зардалд 275,000 төгрөг өгсөн. Хэрэв хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа бол гарсан зардлыг төлнө...” гэсэн мэдүүлэг;

2. Шүүгдэгч Б.Н-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Х лонх шидсэний дараа Г бичлэг хийгээд байхаар нь түүний гар утсыг булаацалдсан юм. Энэ үедээ гар утсыг нь газар унагаж гэмтээсэн. Хохиролд 410,000 төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогч Г.Г-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр миний түрээсэлж ажиллуулдаг караокед Х, Н, Т нар орж ирсэн. Гаднаас нэг залуу орж ирэхэд Н эхлээд хэрүүл маргаан үүсгэсэн. Тэр залуу бас тэднийг хэл амаар доромжлоод байсан, тэгтэл Х шар айргийн лонх шидээд, би түүнд нь оногдсон. Намайг цагдаа дуудчихаад хүлээж байхад Т, Х, Н нар гарч зугтаах гээд байсан тул би хаалга дарсан. Энэ үед зууралдсан асуудал болсон. Тэгээд би гар утсаа гаргаж ирээд, бичлэг хийх үед Н миний гар утсыг булааж аваад газар савж эвдэлсэн юм. Миний хамар одоо эмчлэгдээгүй хэвээр байгаа, шүүх эмнэлэг дээр 100,000 төгрөгөөр зөвхөн цөмөрсөн хэсгийг гаргасан. Харин дараа нь гэмтлийн эмнэлэг болон ЭМЖЖ эмнэлэгт үзүүлж, зураг авхуулсан юм. Энэ хугацаанд гарсан зардал болох 275,000 төгрөгийг Х төлж барагдуулсан. Цаашид 3,065,000 төгрөгөөр хамрын хугарал, муруй засах хагалгаа хийлгэх шаардлагатай байна. Энэ зардалд хагалгааны төлбөр 2,800,000 төгрөг, ор хоногийн болон хагалгааны дараах 21 хоногийн шарлагын зардал багтсан байгаа. Хөл хорионоос болоод караокегоо ажиллуулж чадахгүй, орлогогүй байсан тул өөрөө мөнгө гаргаад эмчилгээгээ хийлгэж чадаагүй. Ийм учраас 3,065,000 төгрөг авч, хамрын хагалгаа хийлгэмээр байна...” гэсэн мэдүүлэг;

4. Хохирогч Г.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” нэртэй караокег нөхөр А-ын хамт ажиллуулдаг. 2020 оны 11 сарын 06-ны өдөр ажил дээрээ байж байтал шөнийн 00 цагийн үед гаднаас 3 эмэгтэй орж ирж үйлчлүүлж, пиво авч уусан. Тухайн 3 эмэгтэй дуулаад сууж байгаад нэг нь тасраад сандал дээр уначихсан. Шөнийн 03 цаг 30 минутын орчимд караокегоо хаах гээд хүмүүсээ гаргаж байтал гаднаас зүс харж байсан нэрийг нь мэдэхгүй залуу халамцуу орж ирээд нэг пиво авч уугаад ширээн дээр суутал нөгөө 3 эмэгтэйн арай махлаг нь тухайн залуутай хэрүүл хийх гээд элдэв зүйл яриад байсан. 5 орчим минутын дараа нөгөө залуу тооцоогоо хийгээд гарах гэж байтал махлаг эмэгтэй нь тэр залууг “гуйлгачин минь наад тал пиво аваад гар, эсвэл манай манай ширээн дээр байгаа тал пивонуудыг аваад гарах юм уу” гэхэд нөгөө залуу “та нараар юм авхуулж уудаг хүн биш” гэж хэлээд хоорондоо маргалдсан. Тэгтэл хамт явж байсан туранхай цагаан өнгийн куртиктэй эмэгтэй хажуу талаас нь орж ирээд хэрүүл маргаан хийж байгаад гэнэт ширээн дээрээс “Сэнгүр” нэртэй 0.5 литрийн пивоны шил аваад тухайн залуу руу шидтэл ар талд нь зогсож байсан намайг оночихсон, миний хамраас цус гарсан. Энэ үед манай нөхөр А уурлаад шил шидсэн эмэгтэйтэй хэрэлдээд байж байтал нөгөө 2 эмэгтэй унтаж байсан найзыгаа сэрээгээд гарах гэхээр нь “миний хамар гэмтчихсэн байна, битгий явуул наад гурваа” гэж хэлсэн. Тэр 3 эмэгтэй явах гээд дайраад манай нөхөр болон үйлчлүүлж байсан залуу хоёр явуулахгүй гээд хэрүүл маргаан болсон, тэдгээр хүүхнүүд түлхээд, цохиод байсан. Тэгэхээр нь хаалганы хажууд очиж зогсоод гаргахгүй гэхэд унтаж байгаад сэрсэн эмэгтэй гарах гээд миний үснээс зулгааж татсан. Миний баруун, зүүн хэсгийн шанаа орчмоос хоёр гараараа хальт маажиж, хальт цохисон, ээмэгнээс татсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9 дүгээр хуудас);

Хохирогч Г.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Тэгээд би гар утсаараа бичлэг хийж байтал тарган махлаг эмэгтэй хажуугаас гар утас аваад газар савж дэлгэцийг хагалсан. Гар утсаа газраас автал асахгүй байсан. Би хар өнгийн “IPhone 7” загварын гар утсаа энэ оны 10 дугаар сарын эхээр “Тэди” гар утас худалдааны төвөөс 550,000 төгрөгөөр авсан, одоо асахгүй байгаа болохоор авсан үнээрээ үнэлж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 дугаар хуудас);

5. Гэрч Г.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... Цагаан куртиктэй эмэгтэй ширээн дээрээс ууж байсан пивоныхоо шилийг тухайн залуу руу шидтэл ар талд зогсож байсан манай эхнэр Г-гийн хамрыг оночихсон. Тэгээд явах гээд байхаар нь цагдаа иртэл байж бай гэхэд өөдөөс хэрүүл маргаан болсон. Караокеноос гараад явахаар нь явуулахгүй гээд манай эхнэр гар утсаараа бичлэг хийж байтал махлаг эмэгтэй нь эхнэрийн гар утсыг аваад газар шидэж дэлгэцийг нь хагалсан. Эхнэр утсаа аваад асаах гэтэл асахгүй байсан, удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20 дугаар хуудас);

6. Гэрч О.Т-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Караокены эмэгтэй хамраа дарчихсан зогсож байсан. Тэгээд юу болсон талаар асуухад манай найз Х хэрэлдэж байсан залуу луу шил шидэх гэж байгаад караокены ажилтныг оночихсон гэж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25 дугаар хуудас);

7. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13113 дугаартай: “...Г.Г-д хамрын нурууны хугарал, цус хурал, баруун шуунд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 29 дүгээр хуудас);

8. Гэрч О.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... 3 эмэгтэй караокеноос гараад явтал караокены эзэн эмэгтэй гар утсаараа бичлэг хийсэн. Тэгтэл махлаг тарган эмэгтэй утсыг нь булааж аваад газар саваад шидчихсэн. Караокены эзэн эмэгтэй миний гар утас асахгүй байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27 дугаар хуудас);

9. “Мастер Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...IPhone 7 загварын гар утас 400,000 төгрөг...” гэсэн үнэлгээ (хх-ийн 33 дугаар хуудас);

10. Шүүгдэгч М.Х-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ”... танихгүй залуу Н-тэй хэрэлдээд зогсож байхаар нь би “юу болоод байгаа юм бэ” гээд салгачхаад цаашаагаа яваад Т-ыг сэрээх гэтэл тэр танихгүй залуу миний мөр хэсгээс зуурах гээд хэл амаар доромжлоод ойртоод байхаар нь ширээн дээр байсан “Сэнгүр” пивоны шил аваад эргэж хараад тэр залуу руу чиглүүлээд шидсэн чинь бармен эмэгтэй ёолоод доошоо суучихаар нь очиход хамраа дарчихсан сууж байсан. Би уучлал гуйсан..” гэсэн мэдүүлэг (хх-ийн 106 дугаар хуудас);

11. Шүүгдэгч Б.Н-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...тэр үед Г бичлэг хийгээд байсан болохоор нь бичлэгийг болиулах гээд утсыг нь булааж авсан чинь гараас халтирч унаад эвдэрчихсэн...” гэсэн мэдүүлэг;

12. Шүүгдэгч Б.Н-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 56 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 51 дүгээр хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 128-130 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа (хх-ийн 57 дугаар хуудас), эд хөрөнгийн лавлагаа (хх-ийн 58 дугаар хуудас), оршин суугаа газрын тодорхойлолт (хх-ийн 59 дүгээр хуудас),  хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 46-48 дугаар хуудас), Хаан банкны депозит дансны хуулга (хх-ийн 45-46 дугаар хуудас);

13. Шүүгдэгч М.Х-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 41 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 37 дугаар хуудас), оршин суугаа газрын тодорхойлолт (хх-ийн 40 дүгээр хуудас), тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа (хх-ийн 42 дугаар хуудас), эд хөрөнгийн лавлагаа (хх-ийн 43 дугаар хуудас), Хаан банкны депозит дансны хуулга (хх-ийн 66-76 дугаар хуудас), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 77-78 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчид гэм буруугийн талаар маргахгүй. Харин хууль хэрэглээ талаасаа хэлэх зүйл байна. Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 2.4 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг нь өөрөө санаатай гэмт хэрэг, холимог биш. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Х шар айргийн шилийг Ш рүү шидсэн боловч цаана нь байсан Г-г онож гэмтээсэн байна. Г-г гэмтээнэ гэж түүн рүү хандсан үйлдэл хийгээгүй гэдэг дээр шүүх хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү. Хохирол төлбөрийн талаар нотлох баримтын шаардлага хангахуйц бичгээр гаргасан хохирлыг төлж барагдуулсан. Шүүхийн шатанд хохирогч баримт гаргаж нэхэмжилж байгаа боловч тухайн баримт нь хуулийн шаардлага хангахгүй, ямар эмнэлэг гэдэг нь тодорхойгүй, үнийн жагсаалт байна. Тэр жагсаалтаас чухам ямар эмчилгээг нь хийлгэх шаардлагатай байгаа талаар эмчийн бичиг алга. Хамрын мурийлт байна гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа, уг мурийлтыг 100,000 төгрөгөөр зассан гэсэн эмчийн тодорхойлолт хавтаст хэргийн 93 дугаар талд авагдсан байна. Х 275,000 төгрөгийг төлөхдөө хамар эмчилсэн 100,000 төгрөгийг мөн төлсөн. Цаашид эмчилгээгээ хийлгээд ирсэн тохиолдолд миний үйлчлүүлэгч төлөхөө илэрхийлсэн. Иймд иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.

Хууль тогтоогч 2015 оны Эрүүгийн хуульд гэм буруугийн холимог хэлбэрийг шинээр хуульчлахдаа тусгай ангид гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэмт хэргийн шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг тусгайлан заасан тохиолдолд хэрэглэхээр заасан бөгөөд одоогоор ийм гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгагдаагүй болно.

Түүнчлэн, шүүгдэгч М.Х-ын үйлдэл хохирогч Г.Г руу чиглээгүй боловч тэрээр бусадтай маргалдах үедээ өөрийн хүсэл зоригийн дагуу уур бухимдлаасаа үүдэн бусад руу лонх шидсэн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж, хор уршигт хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарах юм.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Г-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас гэмтсэн “IPhone 7” загварын гар утсыг 400,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу 400,000 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч Б.Н-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Г.Г-гийн өмч хөрөнгийг булаацалдаж, эд хөрөнгийн хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжийг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг тус тус бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.Х-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Н-ийг “эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд шүүгдэгч М.Х 275,000.0 төгрөг, шүүгдэгч Б.Н 410,000.0 төгрөг тус тус хохирогч Г.Г-д төлсөн байна. Хохирогч Г.Г нь цаашид хамрын мэс засалд орох шаардлагатай байгаа талаар мэдүүлж, хагалгааны төлбөр, ор хоногийн тооцоо, хагалгааны дараах физик эмчилгээний зардалд 3,065,000 төгрөг нэхэмжилсэн боловч эдгээр зардлыг тооцоолох хууль ёсны шаардлага хангахуйц нотлох баримт хэрэгт авагдаагүй, хохирогчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт нь эх сурвалж нь тодорхойгүй үнийн тарифын гар утсаар авсан зургийн хуулбар байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

Хохирогч Г.Г-гийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон шүүх эмнэлгийн дүгнэлт болон ЭМЖЖ эмнэлгийн тодорхойлолтоор хамрын хугарал, мурийлт оноштой, хамрын мэс засал хийлгэх заалттай болох нь тогтоогдож байх тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголгүйгээр хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Х-аас нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд тусгах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэвч олон нийтийн газарт зэвсэг зэвсгийн чанартай зүйл буюу шар айргийн шил хэрэглэж бусдын биед гэмтэл учруулсан. Шүүгдэгч Б.Н-ийн хувьд дөнгөж төрсөн, хөхүүл эмэгтэй. Хэдийгээр урьд ялтай байдал арилсан ч гэсэн бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэж байсан хувийн байдалтай. Иймд шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч М.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Н бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч нарыг гэм буруутайд тооцсонтой холбоотой эрүүгийн хариуцлагаа саналаа хэлье. Х бага насны 3 хүүхэдтэй, гэм буруу дээрээ маргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд ямар нэгэн саад учруулаагүй, 275,000 төгрөгийн хохирол төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ялыг доод хэмжээгээр буюу 450 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү. Н бага насны 4 хүүхэдтэй, бага хүүхэд нь одоо 20 гаруй хоногтой, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээсэн зэргийг харгалзан мөн торгох ялыг доод хэмжээгээр буюу 450 нэгжээр торгох ял оногдуулах санал гаргаж байна...” гэв.

Хохирогч эрүүгийн хариуцлагын талаар: “...тусгайлан хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг, шүүгдэгч Б.Н-ийг бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байгааг тус бүр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд тэдний хувьд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч М.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Н-д мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял тус бүр шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээ, нөхөн сэргээгдсэн байдал, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Н “цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд 50,000 төгрөгийн тэтгэмж авдгаас өөр орлогогүй байх тул түүнд оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг хуульд заасан 90 хоногийн үндсэн хугацаанаас дээш буюу нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь зүйтэй.

Шүүгдэгч М.Х-ын хувьд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй, цаашид хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа нөхцөл байдлыг харгалзан шүүх улсын яллагчийн санал болгосон торгох ялын төрлийг сонгож хэрэглэх боломжгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйн хэрэг.

Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нар цагдан хоригдоогүйг, шүүгдэгч М.Х нь хохирогч Г.Г-д 275,000.0 төгрөг төлсөн бөгөөд энэ тогтоолоор төлөх төлбөргүйг, харин шүүгдэгч Б.Н нь хохирогч Г.Г-д 410,000.0 төгрөг төлж, хохирлоо бүрэн төлснийг, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овгийн М.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Т овгийн Б.Н-ийг мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Шүүгдэгч М.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Н-д мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодорхойлсон ажлыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

5.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Х-д, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Н-д тус тус сануулсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Х-аас нэхэмжлэх эрхтэй болохыг тусгасугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.Х нь хохирогч Г.Г-д 275,000.0 төгрөг төлсөн бөгөөд энэ тогтоолоор төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Н нь хохирогч Г.Г-д 410,000.0 төгрөг төлж, хохирлоо бүрэн төлсөн, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Х, Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Б.БАТАА