| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2021/0295/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/298 |
| Огноо | 2021-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/298
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Ж.Отгончимэг, шүүгдэгч Э.М нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д овгийн Э.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00000 0254 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д овгийн Э.М, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д мах ангилан савлагч ажилтай, ам бүл хоёр, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 457 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Э.М нь 2021 оны 02 дугаар сарын 04-өөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, “Хөтөл” дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.А-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар аягаар толгойн оройн хэсэгт нэг удаа цохиж, хамар луу нь нэг удаа баруун гараар цохиж, М.А-ий биед хуйханд шарх, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч, Д овгийн Э.М нь 2021 оны 02 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, “Хөтөл” дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.А-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан аягаар толгойн оройн хэсэгт нэг удаа, гараар хамар луу нь нэг удаа тус тус цохиж, бие махбодод нь “хуйханд шарх, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Э.М-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргаангүй...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч М.А-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын *** тоотод байрлах найз М-ын гэрт очиж 1 литрийн Соёрхол нэртэй архи хувааж уусан. Энэ үед М багийн явдлаа ярьж уур хүргээд байхаар нь би өөдөөс нь хэрүүл маргаан хийж бид муудалцсан. Муудалцаад барилцаад автал М гартаа барьж байсан аягаараа миний толгойн оройн хэсэгт нэг удаа цохиж толгойг маань хагалаад, баруун гараа атгаж байгаад хамар луу нэг удаа цохисон. С, Т хоёр дундуур орж салгасан. Толгойндоо 4-5 оёдол тавиулсан болохоор өвдөж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-15, 18-19 дүгээр хуудас);
3. Гэрч У.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...А М-ын гэрт тамхи татаж, шүлсээ хаяад байхаар нь М “гэр оронд болиоч, эсхүл манай гэрээс яв” гэж хэлэхэд А уурлаж, М-тай хэрүүл хийсэн. Тэгээд нэг хартал тэд барилцаад авчихсан байхаар нь салгах гэтэл М А-ий толгой руу шилэн аягаар нэг удаа цохисон. А-ий толгойноос цус гарч байхаар нь арчиж өгөөд эмнэлэг явъя гэхэд явахгүй гэж хэлээд гар утсаараа хүнтэй ярьж байгаад М-ын гэрээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-26 дугаар хуудас);
4. Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...тэр хоёр маргалдаж байснаа барилцаж аваад М гартаа барьж байсан аягаараа А-ий толгой руу нэг удаа цохихоор нь Т бид хоёр дундуур нь орж салгасан. А-ий толгойноос цус гарахаар нь арчиж өгөөд эмнэлэг явъя гэхэд явахгүй гээд уурлаж байгаад гар утсаараа яриад гараад явсан. М А-ий толгойг хагалсан гэж надад хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28-29, 31 дүгээр хуудас);
5. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зураг (хх-ийн 3-7 дугаар хуудас);
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1409 дугаартай шинжээчийн: “...М.А-ий биед хуйханд шарх, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 4-6 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 35-36 дугаар хуудас);
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 587 дугаартай шинжээчийн: “...Дээрх тэнцсэн гарын мөрүүдээс “1,2,9” дугаартай 3 ширхэг гарын мөр гарын хээний нэгдсэн санд МN000510***, MN0000CXД*** дугаараар 2 удаа бүртгэгдсэн Э.М гэх хүний баруун гарын ядам, дунд хуруугаар үүсгэгдсэн...” гэсэн дүгнэлт (хх-ийн 40-41 дүгээр хуудас);
8. Шүүгдэгч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”... А манай гэрт тамхи татаж байгаад шалан дээр шүлсээ хаяж, тамхиа унтраагаад байхаар нь “болиоч чи ямар гудамжинд байгаа юм уу, гэртээ харьж амар” гэж хэлтэл сандлаа ойртуулж миний хажууд ирж суугаад хэрүүл маргаан хийгээд, компьютерын урд очоод суутал залгуурыг нь татаж салгаад байсан. Тэгтэл А дахин хэрүүл өдөж гараа атгаж дуугараад байхаар нь яах гээд байгаа юм бэ гэж хэлээд бостол А дагаж босоод ундаагаа газар асгаад намайг заамдаад авахаар нь зөрүүлж заамдаж авсан. А архи хийчихсэн аяганаасаа архи асгаад байхаар нь болиоч гэсэн чинь намайг аягатай гараар цохих гэж байгаа юм шиг загнасан үйлдэл хийхээр нь цочиж доош тонгойгоод баруун гартаа барьж байсан шилэн аягаар А-ий толгой руу нэг удаа цохисон. Энэ үед С, Т хоёр салгасан, А-ий толгойноос цус гарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 82-83 дугаар хуудас);
9. Шүүгдэгч Э.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 61 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 71 дүгээр хуудас), гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 62 дугаар хуудас), эд хөрөнгийн лавлагаа (хх-ийн 63 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа (хх-ийн 64 дүгээр хуудас), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-ийн 65 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-ийн 95 дугаар хуудас), шүүгдэгчийн орлогыг тодорхойлох ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 93-94 дүгээр хуудас), ажлын газрын тодорхойлолт (хх-ийн 96 дугаар хуудас), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал (хх-ийн 98-99 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 48 дугаар тогтоолоор хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.А-ий биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь үндэслэл бүхий тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Э.М-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч М.А-ий эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.М-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч М.А нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” хэмээн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.М-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.М нь бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун тавин мянган төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж нэг ширхэг аягийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдоогүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Д овгийн Э.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.М-д сануулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж нэг ширхэг аягийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдоогүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА