| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2021/0319/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/325 |
| Огноо | 2021-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/325
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч С.Энхням, шүүгдэгч Ч.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О овгийн Ч.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00000 0305 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, О овгийн Ч.Х, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгчин мэргэжилтэй, “***/”-т цэцэрлэгч ажилтай, ам бүл долоо, эхнэр, таван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд: Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ч.Х нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ** дүгээр гудамжинд хамтран амьдарч байсан хохирогч Я.Г-ийг “намайг хаяж явлаа” гэж хэлсэнд уурлан маргалдаж улмаар түүний зүүн нүдэнд цохиж зодсоны улмаас зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний зулгаралт, хамрын нуруу, баруун шуу, зүүн сарвуу, баруун өвдөг, шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч, О овгийн Ч.Х нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ** дүгээр гудамжинд хамтран амьдарч байсан хохирогч Я.Г-тэй “таван хүүхдээ хаяад, өөр хүүхэн дагаад явлаа” гэж хэлснээс нь болж маргалдан улмаар түүний зүүн нүд рүү цохиж, бие махбодод нь “зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний зулгаралт, хамрын нуруу, баруун шуу, зүүн сарвуу, баруун өвдөг, шилбэний цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Ч.Х-ын шүүх хуралдаанд өгсөн: “...яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Гэмт хэргийн талаарх: “...Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 21 дүгээр гудамжинд 2021 оны 02 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө хамтран амьдрагчдаа зодуулсан...“ гэх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 1 дүгээр хуудас);
3. Хохирогч Я.Г-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: :”...Х замаараа буулгаад өгье гээд би машинд нь суугаад явсан. Х бид хоёр Орбитын 21 дүгээр гудамжинд зогсоод юм ярьж байгаад би Х-т хандаж “чи таван хүүхдээ хаяад өөр хүүхэн дагаад явсан” гэж хэлэхэд хэрүүл болсон. Х миний зүүн талын нүд рүү хоёр удаа, баруун гараа зангидаж байгаад цохисон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг түргэн шуурхай хуулийн дагуу, хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7 дугаар хуудас)
4. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1779 дугаартай: ”...Я.Г-ий биед зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний зулгаралт, хамрын нуруу, баруун шуу, зүүн сарвуу, баруун өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь 2021 оны 02 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хх-ийн 25-26 дугаар хуудас);
5. Шүүгдэгч Ч.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: :”...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 70-71 дүгээр хуудас);
6. Шүүгдэгч Ч.Х-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 31 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 60 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 73-74 дүгээр хуудас), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хх-ийн 32 дугаар хуудас), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 33 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа (хх-ийн 34 дүгээр хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-ийн 35 дугаар хуудас), оршин суугаа газрын тодорхойлолт (хх-ийн 36 дугаар хуудас), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох талаарх тодорхойлолт (хх-ийн 37 дугаар хуудас), цалингийн тодорхойлолт (хх-ийн 38 дугаар хуудас), шүүгдэгчийн цалин орлогыг харуулах ХААН банкны дансны хуулга (хх-ийн 39-53 дугаар хуудас), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 54-56 дугаар хуудас), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал (хх-ийн 82-84 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаартай тогтоолоор хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн байна.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Я.Г-ий биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь үндэслэл бүхий тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Х-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Я.Г-ий эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч Ч.Х, хохирогч Я.Г нар нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч таван хүүхдийн эцэг, эх болсон бөгөөд эхнэр, нөхрийн харилцаатай хамтран амьдарч байсан байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад “...Энэ хуулийн зохицуулалтад ...хамтран амьдарч байсан ... этгээд нэгэн адил хамаарна...” гэж зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн тодорхойлсон, мөн Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ... заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан тул хууль ёсны зарчмын дагуу шүүгдэгч Ч.Х-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй хүч хэрэглэсэн үйлдэл нь тохиолдлын шинжтэй нэг удаагийнх, эсхүл үргэлжилсэн хэд хэдэн удаагийнх байхаас үл хамааран, эсхүл урьдчилан төлөвлөсөн, бэлтгэсэн эсэхийг үл харгалзан гэр бүлийн хүчирхийлэл гэсэн хууль зүйн нэг ойлголтод багтдаг тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ч.Х-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Я.Г гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэмээн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ч.Х-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.Х нь бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах, гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх ба уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” хэмээн хуулиар тогтоосон 3 сарын үндсэн хугацааг шүүхийн тогтоолд тусгах шаардлагагүй юм.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Х нь цагдан хоригдоогүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.О овгийн Ч.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Х-т сануулсугай.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Х нь цагдан хоригдоогүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА