| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2021/0303/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/328 |
| Огноо | 2021-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/328
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Б.Энэрэл, шүүгдэгч Н.Ө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овгийн Н.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 02478 0246 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овгийн Н.Ө, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эмээ, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 509 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ялаа эдэлж дууссан.
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1516 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Н.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 66 дугаар гудамжинд явж байсан 15 нас 11 сартай М.С-тэй “чи намайг зодно гэж ярьсан байна, одоо зодолдъё” гэх зэргээр шалтаглан маргалдаж, улмаар толгой болон нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж, зодон, эрүүл мэндэд нь “духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Х овгийн Н.Ө нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 66 дугаар гудамжинд явж байсан 15 нас 11 сартай М.С-тэй “чи намайг зодно гэж ярьсан байна, одоо зодолдъё” хэмээн шалтаглан маргалдаж, улмаар түүний толгой болон нүүр лүү гараараа 2-3 удаа цохиж, бие махбодод нь “духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Н.Ө-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргаангүй...” гэсэн мэдүүлэг;
2. Насанд хүрээгүй хохирогч М.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 66 дугаар гудамжны ** тоотод байх гэрээсээ унадаг дугуйтай гараад аав М-ын ажил дээр гар утасны цэнэглэгч дөхүүлж өгөхөөр явж байсан. ...Тэгтэл миний араас хүн “хөөе гөлөг минь” гээд орилоод дуудаад байхаар нь би “яасан” гээд очсон чинь манай гудамжны Ө ах дунд зэргийн согтолттой байсан. Намайг “чи урьдын явдлаа мартаагүй биз дээ, чам шиг бацаан миний өөдөөс дуугарах болоогүй шүү” гээд зүүн шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Би салж зайгаа аваад зугтах гэхэд миний цамцнаас зуурч аваад миний зүүн чихний дээд хэсэгт гараараа цохихоор нь би 2 гараараа толгойгоо хамгаалж тонгойсон. Тэгтэл миний нуруу руу тохойгоороо 2-3 удаа тохойлдохоор нь дугуйгаа хаяад цааш зугтсан. Ө араас гүйж ирээд гудамжны үзүүрийн дэлгүүрийн хажууд намайг газар унагаад хоолойг боож нүүр, дух руу 2-3 удаа цохисон. Би гарыг нь бариад нүүр хэсэг рүү нь гараараа 1 удаа цохих үед хажуугаар явж байсан машинтай ах ирж салгасан. ...дахин аавын ажил руу гарах гэхэд Ө ах нэг машинтай хүнтэй манай гэрийн хажууд хүрээд ирсэн. Тэгээд машинаас бууж ирээд намайг зодно гээд элдвээр хэлээд байхаар нь би хажуугаар нь гараад аавын ажил руу очоод аавд хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26-27 дугаар хуудас);
3. Гэрч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн үед өөрийн цагаан өнгийн *** улсын дугаартай Гранд марк 2 автомашинтай найз Х-ийн гэр лүү явж байхад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 66 дугаар гудамжны үзүүрт танил дүү Ө хүнтэй муудалцаад байсан. Тэгэхээр нь салгахаар очих үед С гэх хүүхэд унадаг дугуйгаа орхиод нарийн гудамж руу ороод явчихсан. Ө-ыг машиндаа суулгаад юу болсон талаар асуугаад “яагаад жоохон хүүхэд зодоод байгаа юм бэ” гэхэд маш их согтолттой, “наадах чинь өөрөө эхэлсэн шүү” гээд байсан. Би Ө-ыг машиндаа суулгаад гэр лүүгээ дөхөөд буу гэж хэлээд гудамж өгсөж явах үед С унадаг дугуйгаа авчихсан таарсан бөгөөд Ө түүнийг зодох гээд дайраад байхаар нь би болиулаад, С унадаг дугуйтай цааш явсан. ...Ө нэлээн согтолттой байсан бөгөөд С эрүүл харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 37-38 дугаар хуудас);
4. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 9030 дугаартай: “...М.С-ийн биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт (хх-ийн 31-32 дугаар хуудас);
5. Шүүгдэгч Б.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...намайг ойр орчмын таньдаг хүүхдүүдэд зодно гэж ярьсан байхаар нь уурласандаа “одоо зодолдох уу” гээд алгадаж, гараараа нүүр лүү нь хэд хэдэн удаа цохисон. Миний бие эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан зүйл ангийн учир холбогдлыг сайн ойлгож мэдсэн. Үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж байгаа тул надад хуулийн хариуцлага оногдуулахад татгалзах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 84-85 дугаар хуудас);
6. Шүүгдэгч Б.Ө-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 48 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 59 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 64-74 дүгээр хуудас), шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусан талаарх тодорхойлолт (хх-ийн 67 дугаар хуудас), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хх-ийн 92 дугаар хуудас), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 47 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа (хх-ийн 93 дүгээр хуудас), Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн “...нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаггүй...” талаарх тодорхойлолт (хх-ийн 50 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй талаарх тодорхойлолт (хх-ийн 58 дугаар хуудас), оршин суугаа газрын тодорхойлолт (хх-ийн 91 дугаар хуудас), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох талаарх тодорхойлолт (хх-ийн 94 дугаар хуудас), шүүгдэгчийн цалин орлогыг харуулах ХААН банкны дансны хуулга (хх-ийн 95-97 дугаар хуудас), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал (хх-ийн 102-105 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 50 дугаартай тогтоолоор хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч М.С-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь үндэслэл бүхий тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ө-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч М.С-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.С-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Насанд хүрээгүй хохирогч М.С нь мөрдөн шалгах ажиллагаанд “компьютерт томографын зураг авхуулсан 100,000 төгрөгөө хүлээн авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй” хэмээн мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Ө-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Ө нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ө-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас заасан газарт эдлүүлэхээр тогтоолоо.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ө нь цагдан хоригдоогүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Х овгийн Н.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ө-т гурван зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ө-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас заасан газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Ө-т сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ө нь цагдан хоригдоогүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА