Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 170

 

 

 

2017 оны 03 сарын 15 өдөр     Дугаар 156/ШШ2017/00170    Хэнтий аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
 
Хэргийн индекс: 156/2017/00067/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Мэдээлэл холбоо сүлжээ ХХК, Хэнтий аймгийн газарт холбогдох, 
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 47-д байрлах, Мобиком ХХК-ийн нэхэмжлэлтэй,
" хэрэглээний төлбөр, зээлээр худалдан авсан гар утасны үнэ 689 768 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ: 
 Нэхэмжлэгч Мобиком ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 30155025 тоот гэрээ байгуулан 95956514 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung J5 гар утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдах, худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. 
Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний төлбөрт үйлчилгээний төлбөр болон зээлээр авсан гар утасны үнэ 689 768 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Хариуцагч  “Мэдээлэл холбоо сүлжээ” ХХК, Хэнтий аймгийн газрын захирал О.Од-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Би “Мобиком корпораци” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хэнтий аймгийн “мэдээлэл холбоо сүлжээ” ТӨК-ийн газрын техникч ажилтай Ш.Бямбадорж нь Мобиком ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд үйлчилгээний хэрэглээний төлбөр, зээлээр худалдан авсан гар утасны төлбөр болох 689 768 (зургаан зуун наян есөн мянга долоон зуун жаран найм ) төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлж барагдуулсан юм. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 17-18 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч “мэдээлэл холбоо сүлжээ” ХХК, Хэнтий аймгийн газраас " хэрэглээний төлбөр, зээлээр худалдан авсан гар утасны үнэ 689 768 төгрөгийг гаргуулах"-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч “Мэдээлэл холбоо сүлжээ” ХХК, Хэнтий аймгийн газар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэрэглээний төлбөр, зээлээр худалдан авсан гар утасны үнэ 689 768 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлсөн болох нь “Мобиком корпораци” ХХК-ийн мөнгөн шилжүүлэгийн баримт, (хх-ийн 18 тал)   “Мэдээлэл холбоо сүлжээ” ХХК, Хэнтий аймгийн газрын дарга О.Од-Эрдэнийн тодорхойлолт... (хх-ийн 17 тал) зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон


ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч “Мэдээлэл холбоо сүлжээ” ХХК, Хэнтий аймгийн газарт холбогдох “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “хэрэглээний төлбөр, зээлээр худалдан авсан гар утасны үнэ 689 768 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч компаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 104 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 10 552 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10 552 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч “Мэдээлэл холбоо сүлжээ” ХХК, Хэнтий аймгийн газраас 10 552 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч компанид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    
 


ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ