Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лодойн Цэрэндулам |
Хэргийн индекс | 156/2017/00078/И |
Дугаар | 173 |
Огноо | 2017-03-16 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 173
2017 оны 03 сарын 16 өдөр Дугаар 156/ШШ2017/00173 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2017/00078/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: А.Даваа
Нарийн бичгийн дарга: Н.Энхзул оролцов.
Хэнтий аймгийн Батноров сумын төвд оршин суух, Минж овогт Алтангэрэлийн Даваагийн “иргэн Д.Баасанжаргалыг сураггүй алга болсонд тооцуулах тухай” хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 27-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч А.Даваа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Би эхнэр Д.Баасанжаргалыг сураггүй алга болсонд тооцуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан юм. Д.Баасанжаргал нь 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын төвд байрлах гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй, хаана байгаа нь тодорхойгүй, үр хүүхэд болон гэр бүлийнхэнтэйгээ ямар ч холбоогүй байна. Бид аймгийн цагдаагийн газарт хандаж шалгуулсан боловч уг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед орон нутгийн байгууллагаас шуурхай групп гаргаж эрэн сурвалжилсан боловч олдоогүй 2 жил 6 сар болж байна. Би охин Үүрийнтуяа, хүү Өсөхбаяр нарын хамт Батноров сумын төвд амьдарч байна.
Иймд Д.Баасанжаргалыг сураггүй алга болсонд тооцуулж өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 1, 22 тал)
Хүсэлт гаргагч А.Даваа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнэр Д.Баасанжаргалыг сураггүй алга болсонд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Эхнэр Д.Баасанжаргалыг сураггүй алга болох үед би Батноров сумын 2 дугаар багт айлд мал хариулдаг байсан. Эхнэр маань 2 хүүхдийн хамт сумын төвд амьдарч байсан. 2014 оны 10 сарын 30-нд алга болсныг 2014 оны 11 дүгээр сарын 01-нд Алгирмаа над руу утасдаж хэлсэн. Би 2014 оны 11 дүгээр сарын 02-нд гэр рүүгээ харьсан. Сумаас эрэн хайх групп гаргаад 4-5 хоног эрж хайсан боловч ямар ч сураг чимээ гаргаагүй. Бид ч хувиараа тэр хавийн гол ус гээд бүх л газрыг нэгжиж хайгаад олоогүй. Одоо алга болоод 2 жил 6 сар болж байна. Манай эхнэр алга болохоосоо өмнө 2014 оны 10 дугаар сарын 30-ны 11 цагт над руу залгаад хүүхдийн хичээл амрахаар аймаг руу явж шүдээ янзлуулна гэж ярьж байсан. Тэр өдрийн үдээс хойш Алгирмаа руу ярьсан байсан, орой нь Туул руу 17 цагийн үед залгаад хэзээ өвөлжөөндөө буух вэ? Би очиж нүүлгэлцэх үү гэж асуусан гэсэн. Мөн үдийн хойно бага хүү Өсөхбаярын хуралд очихдоо архи уугаагүй, эрүүл байсан гэж хүүгийн ангийн багш Амгаланцэцэг хэлж байсан. Ер нь манай эхнэр архи дарс уугаад байдаггүй юм. Тэр өдрийн үдээс хойш Цэрэн, Хандсүрэн гуайн Цэрэндэжид хоёртой пиво уугаад оройхон Батхүү эхнэртэйгээ хамт гэрт нь хүргэж өгсөн байсан. Хүргэж өгөхөд нь манай эхнэрийн хамаатан Энхбаяр цуг явж гэрт хүргэж өгсөн гэдэг юм. Цуг явсан хүмүүс нь бүгд явцгаахад манай эхнэр гэртээ үлдсэн гэсэн. Хүүхдүүд хэлэхдээ ээж гэртээ орж ирээд гарлаа гээд гарсан. Хаашаа явсныг нь мэдээгүй гэдэг. Тэрнээс хойш уулзсан хүн байхгүй.
Бид Д.Баасанжаргалыг ойр орчмын газар болох “Ямаатын уурхай”, “Хавтгайн уурхай”, “Ухаа-овоотын уурхай”, Жаргалантын энгэр, “Сүүл овоот”, Бат-Өлзийтийн жалга гуу, урагшлаад “Жаргалант”, “Сэрвэн”, “Тарвагатын Уул” гээд ойролцоох бүх л газраар явж хайсан. Бүр шарилаар хүртэл явсан. “Баянхаан”-ыг хоёр өдрийн туршид нэгжсэн. Бөөд үзүүлэхэд өөдөөс харсан өндөр уул хаданд байхгүй болсон гэж хэлсэн. Тэгээд л бид “Баянхаан”-д юм байна гэж ойлгосон. Манай бага хүү 11 настай, 5 дугаар ангид сурдаг, охин Үүрийнтуяа 16 настай, 10 дугаар ангид сурдаг. Манай эхнэр халамжийн тэтгэвэр авдаг байсан юм. 2014 оны 5 дугаар сараас 2015 оны 5 дугаар сарыг хүртэл бүтэн жилээр нь тэтгэмжээ авсан байсан. Сураггүй алга болсныг тооцуулах гэж нэхэмжлэл гаргасан нь хоёр хүүхдээ 18 нас хүртэл нь тэжээгчээ алдсаны тэтгэвэрт хамруулах зорилготой. Манайх эд хөрөнгө муутай, нийтдээ 80 толгой малтай айл байгаа юм. Малаас өөр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүй.
Иймд Д.Баасанжаргалыг сураггүй алга болсонд тооцуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч А.Даваа нь иргэн Д.Баасанжаргалыг сураггүй алга болсонд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хүсэлтийг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэн А.Даваагийн эхнэр Д.Баасанжаргал нь 2014 оны 10 дугаар сарын 30-ны орой гэрээсээ гараад сураггүй болоод 2 жил гаруй болжээ. Тэдний охин Үүрийнтуяа, хүү Өсөхбаяр нар нь эцгийн хамт амьдардаг тул эцэг А.Даваа нь эхнэр Д.Баасанжаргалыг сураггүй алга болсонд тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.
Иргэн А.Даваа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д зааснаар Д.Баасанжаргалын сүүлийн оршин суугаа газрын шүүхэд сураггүй алга болсонд тооцуулахаар хүсэлт гаргах эрхтэй байна.
Д.Баасанжаргал нь Хэнтий аймгийн Батноров сумын төвд 2014 оны 10 дугаар сарын 30-ны орой гэрээсээ гараад сураггүй алга болж 2 жил 6 сарын хугацаа өнгөрсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Хэнтий аймгийн Прокурорын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 5/05 дугаартай үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгох тухай хуулбарт...Хэнтий аймгийн Батноров сумын иргэн Д.Баасанжаргал нь 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр сумын төвд байх гэрээсээ гараад сураггүй алга болсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна....2015 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгосугай гэжээ...(хх-ийн 2 тал)
2. Хэнтий аймгийн Батноров сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Ган-Эрдэнийн шүүхэд ирүүлсэн тодорхойлтод:...тус сумын иргэн Алтангэрэлийн Даваа нь охин Д.Үүрийнтуяа, хүү Д.Өсөхбаяр нарын хамт амьдардаг. Гэр бүлийн хүн Д.Баасанжаргал нь 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр алга болоод одоог хүртэл олдоогүй...гэжээ. (хх-ийн 3 тал)
3. Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн засаг дарга С.Өлзийбаярын тодорхойлтод:...Эхэн бүрд багийн иргэн Алтангэрэлийн Даваа (СА-64092113) охин Үүрийнтуяа, хүү Өсөхбаярын хамт амьдардаг гэр бүлийн хүн болох Д.Баасанжаргал нь сураггүй алга болоод 2 жил болж байгаа нь үнэн болно...гэжээ. (хх-ийн 3 тал)
4. Хэнтий аймгийн Батноров сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Ган-Эрдэнийн “эрэн хайх үйл ажиллагаа явуулах тухай албан бичигт:...иргэн Д.Баасанжаргал нь 2014 оны 10 дугаар сарын 30-ны орой гэрээсээ гараад олдохгүй байна гэсэн мэдээллийн дагуу... цагдаагийн ахлагч Б.Лхагвасүрэн, Ж.Нямбарс, Ж.Ариунбаяр, тамгын газрын эрчүүд...2 машинтай...Зостын толгойн нүх, Огнойн дэрс, ойролцоох хашаа саравч, Ямаатын уурхай, Хавтгайн уурхай, Цагаан толгой уурхай...зэрэг 70 гаруй км газарт эрлийн ажиллагаа явуулав гэжээ.(хх-ийн 11 тал)
5. Гэрч Х.Цэрэндэжидийн:..2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би Цэрэндэжид эгчийн дэлгүүрт байхад Баасанжаргал ороод ирсэн...Бид...3 ширхэг пиво уусан...Болдоотой 3 ширхэг касс уусан...дараа нь нөхөр Батхүүтэй хамт машинаараа Баасанжаргалыг гэрт хүргэж өгөхөд хүү нь хичээлээ хийгээд сууж байсан...гэсэн мэдүүлэг (хх-ийн 17-18 тал)
6. Гэрч Ч.Гантөмөрийн:..Д.Баасанжаргал нь сураггүй алга болоод 2 жил гаруй хугацаа боллоо...тухайн үед ойролцоох уул хадаар хайсан боловч олдоогүй...бага хүү нь аав А.Даваагийн асрамжинд байдаг. Том охин нь ээжийнхээ ахынд амьдардаг гэжээ...(хх-ийн 25-26 тал)
7. Хүсэлт гаргагч А.Даваагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар (хх-ийн 22 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2-т зааснаар хүсэт гаргагч А.Даваа, Д.Баасанжаргал нар нь 80 толгой малтай болох нь Хэнтий аймгийн Батноров сумын “Эхэн бүрд” багийн засаг дарга Г.Равзанаадийн тодорхойлолтоор тогтоогдож байна. (хх-ийн 38 тал)
Иймд тухайн малыг эрхлэн хамгаалалтаар А.Давааг тогтоохоор шийдэв.
Харин хүсэлт гаргагч нь малаас өөр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөгүй болох нь Хэнтий аймгийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн баримтаар тогтоогдож байна гэж дүгнэв. (хх-ийн 37 тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2-т зааснаар А.Даваагийн хүсэлттэй иргэний хэрэгт Д.Баасанжаргалыг сураггүй алга болсонд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2-т зааснаар хүсэлт гаргагч А.Давааг 80 толгой малын эрхлэн хамгаалалтаар тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.3-т зааснаар энэ шийдвэрийн 1 хувийг Хэнтий аймгийн Иргэний гэр бүлийн бүртгэлд зохих тэмдэглэгээ хийлгэхээр явуулахыг шүүгчийн туслах З.Отгонбаярт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч А.Даваагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ