Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/83

 

2021          03            16                                            2021/ШЦТ/83

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч З.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З.О-өд холбогдох эрүүгийн 2138000000084 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, З.О.

Шүүгдэгч З.О- нь 2020 оны 04 дүгээр сард Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар баг “Боргол” гэх газарт бэлчээрлэж байсан үхэртээ нийлсэн алдуул мал болох иргэн Ж.Г-гийн 2 тооны үхрийг завшиж хохирогч Ж.Г-гийн эд хөрөнгөд 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

      Шүүгдэгч З.О- нь шунахайн сэдэлтээр 2020 оны 04 дүгээр сард Хөвсгөл

аймгийн Арбулаг сумын 2 дугаар баг “Боргол” гэх газарт бэлчээрлэж байсан өөрийн үхэрт нийлсэн алдуул мал болох 2 тооны үхрийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж бусдаас авсан эмээлийн төлбөрт өгөн завшиж, хохирогч Ж.Г-гийн эд хөрөнгөд 1.400.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан “Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,
  • Хохирогч Ж.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 04 дүгээр сард би Мөрөн рүү эмчилгээнд явсан. Мөрөнд байхад манай эхнэр над руу утасдаад 2 үхэр байхгүй байна гэсэн. Тэгээд манай эхнэр хүүхэд ойр хавиараа хайгаад олоогүй. 2020 оны 11 сарын 14-нд манайд Х.Б- гэж манай сумын гаралтай мал авдаг залуу мал авч явна гэж ирээд манайд хоносон. Өглөө нь би Х.Б-тай хамт үхэр хашиж хоносон хашаан дээр очиж үхрийг нь гаргалцаж өгч байхад манай алга болсон 2 үхэр тэр үхэр дотор байсан. Тэгэхээр нь би энэ 2 миний үхэр байна гэхэд Х.Б- Баянзүрх сумын М- гэдэг хүнээс авсан гэхэд нь би 2 үхрээ авна гэсэн. Тэгээд Х.Б- М- руу яриад миний үхрийг үлдээгээд явсан. 2020 оны 12 сарын 10-ны үед манай сумын 2 дугаар багийн залуу З.О- эгч З.И-гийн хамт манайд ирээд хавар манай үхэртэй 2 сарлагын гуна нийлээд ирсэн юм тэгэхээр нь хүнд өгчихсөн юм уучлаарай үхрээ хайсан бензин тосны мөнгийг өгнө гэсэн. ... Би 2 үхрээ олж авсан болохоор гомдол санал алга байна” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 16 дугаар хуудас/,
  • Гэрч З.И-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны намар манай дүү З.О- рүү хүн залгаад 2 үхэрний талаар яриад байсан. Тэгээд би тухайн хүнээс юун үхэр вэ гэж асуухад З.О-ийг 2 үхэр хулгайлж зарсан байна гэсэн. Тэгэхээр нь би дүүгээсээ асуухад мэдэхгүй гэсэн. Тэгээд хэд хоногийн дараа манай дүү З.О- надад “та Ж.Г- гэдэг айлыг мэдэх үү, хавар манай үхэртэй 2 үхэр нийлж ирээд эзэн нь олдохгүй болохоор нь хойш нь айлд аваачиж өгсөн” гэж хэлсэн. Тэр хоёр үхэр нь Ж.Г- гэж айлын үхэр байсан юм байна гэсэн. Тэгээд би дүүгээ дагуулаад Ж.Г- гэх айлд очоод дүүгээ уучлалт гуйлгасан. Тухайн үед Ж.Г-гийн эхнэр нь дахиж битгий ийм зүйл хийгээрэй гэсэн. Ж.Г- нь уучлалт гуйгаад өнгөрөх зүйл биш үхрээ хайсан бензин тосоо гаргуулж авна гэж байсан. Тэгээд хэд хоногийн дараа би Ж.Г- рүү залгаад дансны дугаарыг нь аваад 200.000 төгрөг өөрийн ... дугаарын данснаас шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,
  • Гэрч Н.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны хавар З.О- манайд ирээд 2 үхэр Баянзүрх суманд байдаг М- гэдэг айл руу машинаараа ачаад өгөөч, эмээлийн өлтөг аваачиж өгөх гэж байгаа юм гэж надаас гуйсан. Тэгээд бид хоёр миний цагаан өнгийн тэвштэй машинтай Арбулаг сумын Давааны ар гэх газар руу очсон. З.О- өөрийнхөө үхэр дотроос 2 бор сарлагын үхэр ачаад М- гэдэг айлд аваачиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
  • Гэрч П.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны хавар 3 сарын            сүүлээр З.О- манайд ирээд ноолуур дээр мөнгийг нь өгье гээд надаас эмээлийн мод, гөлөм, хос дөрөө зэргийг авсан юм.      Тэгээд ноолуур гарч дуусах         үед би З.О-өөс мөнгөө авья гэтэл мөнгө өгч чадахгүй нь үхэр авах уу гэсэн тэгэхээр нь би үхэр авахгүй мөнгө л авмаар байна гэсэн. Тэгээд З.О- мөнгө өгч чадахгүй нь та үхэр авчихаач гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь гайгүй үхэр байвал авья харин би очиж авч чадахгүй авчирч өгвөл авья гэсэн. Тэгээд 2020            оны 06 сарын 10-ны үед цагаан өнгийн портер машинаар Н.Н-гийн хамт 2 сарлагын үхэр авчирч өгсөн. Тухайн 2 үхрийг 11 сарын эхээр Х.Б- гэдэг залууд өөрийн 9 үхрийн хамт зарсан. Х.Б- манайхаас үхэр авч яваад 2-3 хоногийн дараа надруу залгаад таны надад өгсөн үхэр хулгайн үхэр байна эзэн нь таниад авчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-р хуудас/,
  • Гэрч Х.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны намар хэдэн сарыг нь сайн санахгүй байна. Би мал мах авахаар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3-р багийн залгаа Баянзүрх сумын нутгаас иргэн М- гэж дууддаг жинхэнэ нэрийг нь П.Т- гэж хүнээс 9 тооны сарлаг үхэр худалдаж авсан. Мөн тэр үеэр ойр хавийн айлаар мал худалдаж авч байгаад Мөрөн сум руу явах замдаа Арбулаг сумын 2 дугаар багийн нутагт байдаг хамаатны Ж.Г-гийн гэрт очиж хоносон. Тэр орой худалдан авсан малаа Ж.Г-гийн ойролцоо хашаанд хашиж хоносон. Тэгээд маргааш өглөө нь Ж.Г-гийн хамтаар худалдаж авсан малаа хашаанаас гаргаж байтал Ж.Г- миний алдсан үхэр энэ дунд явж байна гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,
  • Хөрөнгийн үнэлгээчний 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2123417200189 дугаартай: “сарлагын шүдлэн эр үхэр 1 толгой 600.000, сарлагын хязаалан эр үхэр 1 толгой 800.000, 2 толгой үхрийн үнэлгээг нийт 1.400.000 төгрөгөөр тогтоов” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 48-49-р хуудас/,
  • Шүүгдэгч З.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 4 сарын дундуур манай бэлчээрт байсан үхэрт 2 тооны шүдлэн, хязаалан эр сарлагын үхэр нийлсэн байсан. Эзэн нь 2020 оны 6 дугаар сар хүртэл гарч ирэхгүй авахгүй болохоор нь Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд П.Т- гэдэг хүнд өрөндөө өгсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч З.О-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 62-р хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 63-р хуудас/,
  • Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 оны тооллогын баримтын хуулбар /хх-ийн 64-66-р хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-р хуудас/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх” хуулийн дагуу шүүх үнэлээгүй болно.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар эд хөрөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогч нь өөрийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч З.О- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч З.О-ийн үйлдэлд бусдын мал өөрийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа буюу өөрийн үхэрт нийлсэн байхад нь өр төлбөртөө оролцуулан бусдад өгөх, завших сэдэл төрж, захиран зарцуулж, ..алдуул мал завших гэмт хэргийг бага хэмжээнээс дээш хохирол учруулан үйлдэж, бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрсдийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч З.О- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн малыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөртөө ашиг хонжоо олох зорилгоор “Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг “...алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж, “...Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн байна гэж шүүх үзлээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч З.О-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эд хөрөнгөнд 1.400.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Хохирогч Ж.Г-, шүүгдэгч З.О- нар 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, “...2020 оны 11 сард хохирол бүрэн хүлээж авсан. Талууд харилцан тохиролцож эвлэрсэн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 68/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хавтаст хэргийн 72, 82 дугаар хуудаст баримтжуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 14.830 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч З.О-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч З.О- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч З.О-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа яллагдагч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 79/, прокуророос сонсгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг яллагдагч хүлээн зөвшөөрч, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.О-өд оногдуулсан торгох ялыг орлого олох боломжийг харгалзан 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулан “Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.О-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.О-өд оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч З.О-өд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.О-өөс 14.830 /арван дөрвөн мянга найман зуун гучин/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.О-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР