Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 08

 

Д.Э, А.Г, П.Б, Ц.Д

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 132/2017/0041/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                       

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Гэрэлбаатар

           Шүүгдэгч                                                   Д.Э, А.Г,                         

                                                                             П.Б, Ц.Д

 

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч                       Н.Тунгалаг /онлайнаар/

            Н.Нарантуяа /онлайнаар/

 Н.Номин-Эрдэнэ /онлайнаар/

         М.Даваасүрэн, Д.Дарьбазар,  

           Хохирогч, иргэний нэхэмжлэгч               О.С

           Нарийн бичгийн дарга                             С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 179 дүгээр цагаатгах тогтоолтой Д.Э, А.Г, П.Б, Ц.Д нарт холбогдох 201601000029 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Б.Мөнгөншагайн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ...эрэгтэй, халх, дээд боловсролтой, ...Х Т овогт Д-ын Э.

Монгол Улсын иргэн, ...эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, ...Х б овогт П-ийн Б.

Монгол Улсын иргэн, ...эрэгтэй, халх, дээд боловсролтой, ...Элбэгийнхэн овогт Ц-ийн Д.

Монгол Улсын иргэн, ...эрэгтэй, халх, дээд боловсролтой, ...М овогт А-ийн Г.

Шүүгдэгч Д.Э нь Булган аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, А.Г, Ц.Д, П.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн улсад 347.545.600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Г нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байхдаа  албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Д.Э, Ц.Д, П.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн улсад 347.545.600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч П.Б нь “А” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Д.Э, А.Г нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад 347.545.600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд хамжигчаар оролцсон,

Шүүгдэгч Ц.Д нь “Д” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Д.Э, А.Г нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад 347.545.600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 179 дүгээр цагаатгах тогтоолоор:

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар Т овогт Д-ын Э, М овогт А-ийн Г нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар Х б овогт П-ийн Б, Э овогт Ц-ийн Д нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэнд буцааж, шүүгдэгч Д.Э, А.Г П.Б, Ц.Д нарыг цагаатгаж,

     Энэ хэрэгт шүүгдэгч Д.Э, А.Г П.Б, Ц.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар цагаатгах тогтоолыг хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн Ц.Д-ийн эзэмшлийн ..., П.Б-ийн эзэмшлийн ..., А.Г-ийн эзэмшлийн ..., ..., ..., Д.Э-ын эзэмшлийн ..., ..., ... битүүмжлэлийг тус тус хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг дарж, булахад зориулагдсан ухдаг, түрдэг тракторын материал” гэх бичиглэл бүхий хавтастай, гадна талаараа ногоон өнгийн нуруулддаг хавтастай  37 хуудас материал, “Д” ХХК-ий  гадна талаараа цэнхэр өнгийн хавтастай, хаяг тэмдэглэлгүй  56 хуудастай хавтасласан материалыг тус тус Байгаль орчин аялал жуулчлалын газарт, Булган аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас ирүүлсэн “А” ХХК-ий тендерийн бичиг баримт гэх ногоон өнгийн хавтастай 46 хуудас материал, “М” ХХК-ий тендерийн бичиг баримт 119 хуудас, "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай машин механизм нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах .... гэсэн хаягтай, бор өнгийн хатуу цаасаар хавтаслаж үдсэн 110 хуудас материал, "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай машин механизм нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг” гэх тунгалаг өнгийн хавтастай, үдэж цэгцэлсэн 65 хуудас материалуудыг Булган аймгийн Худалдан авах хэлтэст тус тус хүлээлгэн өгч баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгаж,

   Цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э, А.Г П.Б, Ц.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Мөнгөншагай эсэргүүцэлдээ: “... Яллагдагч Д.Э нь Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, А.Г, Ц.Д, П.Б нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн "Булган аймгийн 2013 оны төсвийг тодотгох тухай" 2 дугаар хуралдааны тогтоолын 4 дүгээр хавсралтын 26 дугаарт 15 сум, 1 тосгонд "Сумдын хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэх" ажилд Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 800.000.000 төгрөгөөр техник, тоног төхөөрөмж худалдан авахаар шийдвэрлэсний дагуу 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар захирамж гаргахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны даргаар Л.А, гишүүдээр худалдан авах ажиллагааны суурь мэдлэг эзэмшсэн болохыг гэрчлэх АЗ төрлийн гэрчилгээгүй Л.Б, М.А, Г.Б, Ж.Ч нарын албан тушаалтнуудыг томилсон. Үнэлгээний хороо нь 2 удаагийн нээлттэй тендерийг зохион байгуулж, тендер ирүүлсэн "А" ХХК, "М" ХХК-иудаас татгалзаж ажил гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэхдээ захиалагч Байгаль орчны газрын дарга А.Г-ийн зааж зөвлөснөөр техникийн үнэ ханш өссөн эсэхийг судалж, үндэслэлтэй тооцоо судалгаа хийлгүйгээр валютын үнэ ханш өссөн үндэслэлээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нарт "Хүсэлт гаргах тухай" 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/1428 дугаартай албан бичиг хүргүүлж "тоног төхөөрөмж" гэдэг нэр томъёог "ухдаг, түрдэг трактор" болгон тогтоол гаргуулж, захиалагчийн захиалсан трактор, самосваль автомашин зэрэг 2 техникийг 1 трактор болгон өөрчлүүлэн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн "Эрх шилжүүлэх, ажил гүйцэтгүүлэх тухай" А/463 дугаар захирамж гарган хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгож гэрээ байгуулах ажлыг Байгаль орчны газрын дарга А.Г-т даалган, улмаар ажил гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахдаа урьд өмнө энэ чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагагүй Д ХХК-ний нэрээр, өмнө нь Үнэлгээний хорооноос татгалзсан "А" ХХК-ний захирал П.Б-д давуу байдал олгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус 01 дугаартай "Булган аймгийн сумдын хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх гэрээ"-г байгуулж, улмаар Д ХХК-ний захирал Ц.Д, А ХХК-ний захирал П.Б нар нь 1 суманд ногдох 50.000.000 төгрөгөөр 2013 оны БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, Монгол улсын зах зээлийн ханшаар гэрээ байгуулах үед 28.278.400 төгрөгөөр худалдаалагдаж байсан, захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтонд заасан техникийн шаардлага хангахгүй \/ОТАL WZ25-16 маркийн ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг нийлүүлснийг хүлээн авах комисс байгуулалгүй нийлүүлэгчээс шууд сумдын засаг дарга нарт хүлээлгэн өгч, улсад 347.545.600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

                Яллагдагч А.Г нь Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын   даргаар   ажиллаж   байхдаа   албан   тушаалын   байдлаа   урвуулан   ашиглан, Д.Э,   Ц.Д,   П.Б  нартай  урьдчилан  үгсэж тохиролцон  бүлэглэж Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны  12 дугаар сарын 27-ны өдрийн  "Булган  аймгийн  2013  оны төсвийг тодотгох тухай"  2  дугаар  хуралдааны тогтоолын 4 дүгээр хавсралтын 26 дугаарт  15 сум,   1  тосгонд "Сумдын хатуу хог хаягдлыг бууруулах  дэвшилтэд   технологи    нэвтрүүлэх"  ажилд Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 800.000.000 төгрөгөөр техник, тоног төхөөрөмж худалдан авахаар шийдвэрлэсэн байхад өмнө нь захиалсан   трактор,   самосваль   автомашин зэрэг 2 техникийг 1 трактор болгон өөрчлүүлэх талаар аймгийн Засаг дарга Д.Э-д зааж зөвлөснөөр Засаг дарга Д.Э нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нарт "Хүсэлт гаргах тухай" 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/1428 дугаартай албан бичиг хүргүүлж "тоног төхөөрөмж" гэдэг нэр томъёог "ухдаг, түрдэг трактор" болгон тогтоол гаргуулж, захиалагчийн захиалсан трактор, самосваль автомашин зэрэг 2 техникийг 1 трактор болгон өөрчлүүлсэн,

Улмаар аймгийн Засаг дарга Д.Э-ын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн "Эрх шилжүүлэх, ажил гүйцэтгүүлэх тухай" А/463 дугаар захирамжаар хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгож гэрээ байгуулах ажлыг даалгасны дагуу ажил гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахдаа урьд өмнө энэ чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагагүй "Д" ХХК-ний нэрээр өмнө нь Үнэлгээний хорооноос татгалзсан "А" ХХК-ний захирал П.Б-д давуу байдал олгон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус 1 дугаартай "Булган аймгийн сумдын хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх гэрээ"-г байгуулсны улмаас "Д" ХХК-ний захирал Ц.Д, "А" ХХК-ний захирал П.Б нар нь 1 суманд ногдох 50.000.000 төгрөгөөр 2013 оны БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, Монгол улсын зах зээлийн ханшаар гэрээ байгуулах үед 28.278.400 төгрөгөөр худалдаалагдаж байсан, захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтонд заасан техникийн шаардлага хангахгүй VОТАL WZ25-16 маркийн ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг нийлүүлснийг техникийн тодорхойлолтонд заасан шаардлагыг хангасан эсэхийг харьцуулан тодорхойлолгүйгээр нийлүүлэгчээс шууд сумдын засаг дарга нарт хүлээлгэн өгч улсад 347.545.600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч   П.Б   нь   "А"   ХХК-ий   захирлаар   ажиллаж   байхдаа Д.Э, А.Г, Ц.Д нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж зах зээлийн дунджаас дээгүүр үнээр захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтонд заасан шаардлага хангахгүй ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг худалдан авч улсад 347.545.600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт "Д" ХХК-ний бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж өгөх талаар Ц.Д-д зааж зөвлөн, захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтонд заасан  шаардлага хангахгүй \/ОТАL WZ25-16 маркийн ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг нийлүүлж, хамжигчаар оролцсон,

Яллагдагч Ц.Д нь "Д" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Д.Э, А.Г, П.Б нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж зах зээлийн дунджаас дээгүүр үнээр захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтонд заасан шаардлага хангахгүй ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг худалдан авч улсад 347.545.600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт П.Б-ийн зааж зөвлөснөөр учрах саадыг арилгах зорилгоор өөрийн "Д" ХХК-ний бичиг баримтыг бүрдүүлэн өгөхдөө дээрх тоног төхөөрөмжийг нийлүүлж байсан туршлагатай хэмээн хуурамч бичиг баримт үйлдэн өгч, захиалагчтай гэрээ байгуулан, захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтонд заасан шаардлага хангахгүй \/ОТАL WZ25-16 маркийн ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг нийлүүлж, хамжигчаар оролцсон болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон тул тус прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 33 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Булган аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:

"Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Э нь 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр А/206 дугаартай Үнэлгээний хороо байгуулах тухай захирамж гаргахдаа тухайн үед Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг эзэмшсэн болохыг гэрчлэх АЗ төрлийн гэрчилгээгүй Л.А, Г.Б, Л.Б, М.А нарыг томилж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д "Үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна" гэсэн заалтыг зөрчсөн байгаа хэдий ч эхний тендерийг нээх болон 2 дахь удаагийн тендер зарлах, зөвлөмж хүргүүлэх үед буюу 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө үнэлгээний хорооны гишүүд нь энэ чиглэлээр мэргэшиж "АЗ" гэрчилгээг 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр авсан нөхцөл байдал, Үнэлгээний хороо тендрийн бичиг баримтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д "Захиалагч тендрийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендрийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачилалын дагуу бэлтгэнэ" гэж заасны дагуу тус тендер шалгаруулалтын баримт бичгийг Сангийн сайдын 2012 оны 81 тоот тушаалаар батлагдсан "Бараа нийлүүлэх тендрийн жишиг бичиг баримт"-ыг баримтлан боловсруулсан, 19.2-т "Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлагыг тусгана" гэж заасан бөгөөд тендерийн жишиг бичиг баримтын дагуу тендерт оролцогчид материалаа ирүүлэх ёстойгоос хоёр удаагийн нээлттэй тендер шалгаруулалтад "А" ХХК, "М" ХХК нь ТББ-ийн ТШӨХ-ийн 21.1-т "тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа" шаардлагыг хангаагүй, шаардлагад нийцээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д "Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлага хангаагүй бол захиалагч тухай тендерээс татгалзана" гэж заасны дагуу "Анаг" ХХК, "ММК" ХХК-ийн тендерээс тус тус татгалзаж, Үнэлгээний хорооны даргын 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 01 тоот "Зөвлөмж хүргүүлэх тухай" албан тоотоор тус тендерийг 2 удаа нээлттэй зарлаж шаардлага хангасан тендер ирээгүй тул хуулийн 34.1.1-д "энэ хуулийн 30.4.3, 33.4-т заасан тохиолдолд гэрээ шууд байгуулна" гэж заасны дагуу дээрх барааг нийлүүлэх гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах эрх олгохыг захиалагч буюу Булган аймгийн Булган сумын Засаг даргад зөвлөсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн гэрчүүдийн мэдүүлэгээр шүүгдэгч Д.Э-ын албан тушаалын байдлаа урвуулан ашиглан А.Г, Ц.Д, П.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн "Үнэлгээний хороог" хууль бусаар байгуулж дээрх хохирлыг учруулсан гэх санаатай үйлдэл, үйлдэл хор уршигийн хоорондох шалтгаант холбоо үгүйсгэгдэж байна.

Мөн хэрэгт авагдсан "...." зэрэг нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.Э, А.Г нарыг үгсэн тохиролцож А.Г-ийн зааж зөвлөснөөр албан тушаалын байдлаа урвуулан ашиглан техникийн үнэ ханш өссөн эсэхийг судалж, үндэслэлтэй тооцоо судалгаа хийлгүйгээр валютын ханш өссөн үндэслэлээр хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд "Хог хаягдлыг ландфилийн аргаар дарж булах тоног төхөөрөмж" гэж баталсан захиалагчийн захиалсан трактор, самосваль автомашин зэрэг 2 техникийг "Хог хаягдлыг ландфилийн аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор" гэж өөрчлүүлж, гэрээ хийх эрхээ шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл энэ асуудлыг Засаг даргын зөвлөл болон Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн гэх шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч А.Г нь "Хог хаягдлыг ландфилийн аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор" бэлтгэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгож гэрээ байгуулах ажлыг гүйцэтгэхдээ шууд гэрээ байгуулах санал ирүүлсэн "А" ХХК болон "Д" ХХК-ийн материалыг судалж "Д" ХХК-тай гэрээ байгуулсан болох нь "...." зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх ба А.Г-ийг "Д" ХХК-ийг урьд энэ чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагагүйг мэдсээр байж "Д" ХХК-ийн нэрээр Үнэлгээний хорооноос татгалзсан "А" ХХК-ийн захирал П.Б-д давуу байдал олгож, санаатай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан хүчин төгөлдөр бус гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Э, А.Г нарын өөрсдийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хэрхэн яаж урвуулан ашигласан, шүүгдэгч Д.Э, А.Г, Ц.Д, П.Б нар нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хэрэгжүүлж эхлэхээс өмнө гэмт хэргийг үйлдэх талаар хэрхэн урьдчилан үгсэн тохиролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдлаар нотлогдож тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан "Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах" гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна" гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасныг баримтлан мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-3, 5, 36.3 дугаар зүйлийн 2.2, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэнд буцааж, шүүгдэгч Д.Э, А.Г, Ц.Д, П.Б нарыг цагаатгасныг эс зөвшөөрч, шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дараах үндэслэлээр эсэргүүцэл бичив. Үүнд:

Хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч О.С-ийн "... Би 2014 онд Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр аймгийн 15 сум болон 1 тосгонд 16 ширхэг трактор худалдаж авсан сумдын трактор ашиглалтын байдалтай 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн үеэр утсаар холбогдон танилцсан. Сумдын санхүүгийн албаны дарга болон тамгын газрын дарга, нягтлан нартай утсаар холбогдон ярилцахад 7 сумын трактор эвдэрчихсэн ажиллахгүй байгаа талаар ярьсан. Трактор нь эвдэрч ажиллахгүй болсон дараах сумд байна. Үүнд: Сайхан, Бугат, Могод, Рашаант, Сэлэнгэ, Тэшиг, Хангал сумд байна. ...Иймд нийт авсан тракторын тал нь буюу 7 сумдын трактор үүргээ гүйцэтгэж чадахгүй эвдэрч зогссон байгаагаас харвал дээрхи тракторуудыг худалдаж авсан зориулалтын дагуу ашиглаж, үүргээ гүйцэтгэж байна гэж хэлэхэд эргэлзээтэй байна ... Мөн трактор худалдаж авсан материал баримтуудыг судлахад тухайн үед тракторыг хүлээж авах комисс томилсон шийдвэр гараагүй, Байгаль орчны газраас захиалсан техникийн тодорхойлолттой нийлүүлж буй тракторуудын техникийн тодорхойлолттой харьцуулж тулгаж аваагүй, энэ талаар акт үйлдээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн бөгөөд нийлүүлэгч компаниас шууд сумдын засаг дарга нарт хүлээлгэн өгсөн байсан...Миний бие шинжээчийн 66 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Мэргэжлийн байгууллагаас гаргасан шинжээчийн дүгнэлтийг би хүлээн зөвшөөрч байна. Иймд 1 ширхэг тракторыг 28.278.400 төгрөгөөр худалдаж авсан гэж тооцож үзэхээр 16 трактороос нийт 347.545.600 төгрөгийн зөрүү гарч байна. Энэ зөрүү буюу улсад учирсан хохирлыг гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс нэхэмжилж, нөхөн төлүүлэх шаардлагыг тавьж байна" гэх,

Л.Б-ны сэжигтэнээр өгсөн "...Аймгийн Засаг даргаас 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/1428 дугаартай "Хүсэлт гаргах тухай" албан бичгээр трактор, машин гэсэн 2 техник худалдан авахаар 50 сая төгрөг төлөвлөсөн боловч валютын ханш өсөж үнэ хүрэхгүй байгаа тул "Аймгийн ИТХ-ын тогтоолын хавсралтаар батлагдсан ..."тоног төхөөрөмж" гэдэг нэр томьёог "ухдаг, түрдэг трактор" гэж өөрчлөхийн зэрэгцээ шууд гэрээ байгуулах аргаар 2013 онд багтаан худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгах эрхийг захиалагчид олгож өгнө үү" гэсэн албан бичиг ирсэн" гэх,

гэрч Ц.Ц-ийн "...2013 онд Булган аймгийн ЗДТГ-аас сумдад трактор нийлүүлэх тендер зарлагдаж, уг тендерт "А" ХХК оролцон материалаа бүрдүүлэн өгсөн. Гэвч Б надад тайлбарлан хэлэхдээ "Орон нутгийн компани учраас хэл ам гараад байна, өөр компани оруулах хэрэгтэй байна" гэж байгаад урьдийн танил Д гэгчийн "Д" нэртэй компанийг уг тендерт оруулахаар болсон. Б өөрөө хэлэхдээ "Өр зээлгүй бол ямар ч хамаагүй, ямар нэгэн компани олоод ир" гэж байна гэж хэлж байсан, ... Б-ийн дүү Т надад сүүлд хэлэхдээ "Нугарсан ашигтай бизнес болсон шүү эгчээ" гэж хэлж байсан. Трактор хүлээлгэн өгөх ажиллагаанаас хойш 3 орчим сарын хугацаанд Б нь Булган аймгийн Засаг дарга Э, ИТХ-ын дарга Б нартай огт харьцахгүй, тэднийг утсаар залгахаар утсаа авахгүй байгаад байдаг байсан.Тэгээд би Б-д найз нөхөд чинь ашиг орлоготой тендерийн ажил олж өгч байхад чи эргээд харьцадгүй ямар муухай юм бэ гэхээр ямар нэгэн юм хэлдэггүй байсанаа эцэстээ тэдэнтэй хэвийн харьцаатай болчихсон, ярьж хөөрөөд явах болсон ... Э даргатай Б нь эртнээс найз нөхдийн харьцаа холбоотой" гэх,

гэрч Д.С-ийн "...Манай нөхөр Д Орхон аймагт гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Д" ХХК-нийг 2009 онд байгуулан ажлуулж байгаа. 2013 оны намар багын найз Бүрнээ гэгч нь ирж "Булган аймгийн ЗДТГ-аас 16 суманд хог хаягдал түрж булах трактор авах тендер зарлагдлаа. Манай компани уг тендерт ортол орон нутгийн компани учир хэл ам гараад байна. Аймгийн засаг дарга Э болон ИТХ дарга Батсайхан нар өөр компани олоод ир гэсэн. Иймд танай компанийг уг тендерт оруулья" гэж манай нөхрөөс гуйсан" гэх,

 гэрч Д.Т-ын "...ээж Я-ын төрсөн ах П.Б гэгч 2013 оны сүүлчээр надруу залгаж "Хятадаас трактор авахаар явж байна. Одоо Бээжин хотод ирчихсэн байна. Чамтай цуг явна шүү" гэж хэлсэн. Ингээд удалгүй Бүрнээ ах ганцаараа ирсэн ба "Д гэж хүнтэй цуг явж байгаад Улаанбаатар хотод үлдээсэн" гэж хэлж байсан. Ингээд Б ахын хамт Шандун хотруу явж "\/” гэж компани дээр очиж уулзсан. Уг компаниар дамжуулан трактор үйлдвэрлэдэг компанитай холбогдон Шандун хотоос 16 ширхэг /WZ25-16/ маркийн трактор худалдан авахаар болж гэрээ байгуулсан. Трактор худалдан авах гэрээг хамгийн анх Б ах очихдоо амаар ярьж тохироод урьдчилгаа мөнгө төгрөгөө өгөөд байгуулсан. Тэгээд Эрээн хотоос очиж трактороо авахдаа Д нь албан ёсоор цаасан дээр байгуулж, "Д" ХХК-ий нэрээр хилээр оруулж ирсэн" гэх,

гэрч С.Б-ны "...Би 2014 оны хавар Эрдэнэт хотод төмөр замаар тээвэрлэн авч ирсэн 16 ширхэг урд талдаа түрдэг, хойд талдаа хутгадаг шанага бүхий тракторыг хүлээн авч Булган аймгийн Байгаль орчны газарт түр хүлээлгэн өгөөд дараа нь нэгдсэн журмаар хүлээн авах сумдын Засаг дарга нарыг ирэхээр нэг бүрчлэн хүлээлгэн өгсөн. Бүрнээ надад 2 сая төгрөг өгнө гэсэн боловч өгөөгүй. "Д" ХХК-ий техник хүлээлцсэн актууд дээрх захирал Д болон менежер Д.Ч нарын нэр дээрх гарын үсгүүдийг сумдуудад трактор хүлээлгэн өгөх ажиллагааны үеэр би орлон зурсан юм. Би уг компанид ямар нэгэн ажил эрхэлж, цалин авч байгаагүй" гэх,

гэрч Г.Б-ийн "...Миний бие 2013.05.16-ны өдрийн А/206 дугаартай аймгийн Засаг даргын захирамжаар "Сумдын төвийн хатуу хог хаягдыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэхэд шаардлагатай машин механизм нийлүүлэх нийлүүлэгчийг сонгог шалгаруулах" Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон. "Д" ХХК нь 2 удаагийн нээлттэй тендерт огт тендерийн баримт бичиг материалаа ирүүлж байгаагүй. Сангийн яамнаас А-3 сертификатыг надад 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр олгосон. Харин эхний удаагийн тендер зарлагдахад буюу 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр уг сертификатыг аваагүй байсан. Үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан Л.Б нь надтай хамт сургалтанд хамрагдаж байгаагүй, түүнд одоог хүртэл А-3 сертификат байдаггүй юм билээ" гэх,

гэрч М.А-ийн "...аймгийн Засаг даргад шууд гэрээ байгуулах талаар зөвлөмж хүргүүлсэн. Ингээд шууд худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар байгаль орчны газарт гэрээ байгуулах эрх ирсний дагуу манай газарт "А" ХХК болон "Д" ХХК-иуд шууд гэрээ байгуулах санал ирүүлсэн байсан. Тухайн үед газрын дарга Г нь "Д" ХХК-тай 16 ширхэг унверсаль трактор худалдан авахаар гэрээ байгуулсан байсан. Манай байгууллага албан ёсоор, албан бичгээр 1 трактор болгож өөрчлье гэсэн санал хүргүүлээгүй. "Д" ХХК-иас тракторуудыг шууд сумдын засаг дарга нарт хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл аймгийн БОАЖГ-аас тракторуудыг хүлээж авах комиссын бүрэлдэхүүн, гишүүдийг томилсон шийдвэр гараагүй. Тракторуудын техникийн тодорхойлолтыг тулгаж хараагүй. Газрын дарга Г нь надад "А" ХХК болон "Д" ХХК-иудын материалыг үзүүлж байсан бөгөөд "А" ХХК-ий материал нь хүсэлтээс өөр юмгүй байсан" гэх,

гэрч Б.Б-ийн "..."М" ХХК 2013 онд Булган аймгаас зарлагдсан трактор, өөрөө буулгагч авто машин нийлүүлэх тендерт манай компани оролцож 799.850.000 төгрөгөөр 16 ширхэг WZ40-16 маркийн унверсаль трактор, мөн 16 ширхэг 5тн даац бүхий өөрөө буулгагч самосваль зэрэг нийт 32 техник нийлүүлэхээр үнийн санал хүргүүлж байсан. Өөрөөр хэлбэл 1 унверсаль тракторыг 25.440.000 төгрөг, 1 авто машиныг 16.800.000 төгрөгөөр тооцсон байна" гэх,

гэрч Б.Ц-ийн "...Булган аймгийн ЗДТГ-аас зарласан "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэх машин механизм бэлтгэн нийлүүлэх" тендер шалгаруулалт нь хуулийн дагуу явагдсан эсэх талаар зөвлөмж, тайлбар гаргаж байсан. Үнэлгээний хорооны гишүүдийг ТБОНӨХБАҮХАТХ-ийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасныг зөрчин томилсон тул уг тендер бүхэлдээ хүчингүй гэж үзэх үндэслэлтэй юм. АЗ сертификатыг сургалтанд хамрагдаж, шалгалт өгсөн дор нь олгодог. Түүнээс сургалтандаа хамрагдчихаад хэсэг хугацааны дараа олгодоггүй" гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Э, А.Г, П.Б, Ц.Д нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзэж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.1- д "тендер" гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг, 5.1.2-т "тендер шалгаруулалт" гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг, 5.1.19-т "техникийн тодорхойлолт" гэж захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт,  үйлдвэрлэл,  үйл  ажиллагааны  арга,  технологи,  түүнд тавих технологийн шаардлагыг тодорхойлсон бүрдүүлбэрийг " тус тус ойгохоор, Хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэх"-ээр заасан ба 27.1.2-т "техникийн тодорхойлолт" нь уг шаардлагын нэг хэсэг болж байна.

Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т "Энэ хуулийн 34.1-д заасан нөхцлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана" гэж заасан байх ба 40.2-т "...«Хамгийн сайн» үнэлэгдсэн тендер болон тендерийн баримт бичигт захиалагчийн тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болно" гэжээ.

Хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.6-д захиалагч нь "бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих"-аар заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд шууд гэрээ нь тендерийн шалгаруулалтын нэг хэсэг бөгөөд мөн хуулийн шаардлагыг хангасан байхаар байна. Гэвч гэрээнд заасан техникийн шаардлага хангаагүй бараа нийлүүлсэн, түүнд захиалагч хяналт тавиагүй, шууд сумдын Засаг дарга нарт нийлүүлсэн нөхцөл байдал болон хэрэгт авагдсан, дээр дурьдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан "Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах" гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба тэдний үйлдэл, эс үйлдэхүй нь өөр хоорондоо шалтгаант холбоотой гэж үзэхээр байна.

Иймд Булган аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 179 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна .... анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох саналтай байна... ” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Прокурорын газраас Д.Э, А.Г нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

П.Б, Ц.Д нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3, 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Э, А.Г нарт холбогдох албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн улсад 347.545.600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг,

мөн шүүгдэгч П.Б-д холбогдох “А” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Д.Э, А.Г нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад 347.545.600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд хамжигчаар оролцсон,

шүүгдэгч Ц.Д-д холбогдох “Д” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Д.Э, А.Г нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад 347.545.600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд хамжигчаар оролцсон гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэл бүхий болжээ.

Учир нь: Прокурорын эсэргүүцэлд дурьдагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч О.С-ийн мэдүүлэг, Л.Б-ны сэжигтнээр өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Ц, Д.С, Д.Т, С.Б, Г.Б, Б.Б, Б.Ц нарын мэдүүлгээр шүүгдэгч нарыг албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн талаар хангалттай тогтоогдохгүй байгаагийн зэрэгцээ

 гэрч Л.А “...уг материал нь шаардлага хангаагүй учир тендерээс татгалзсан...иймд дараагийн шатны арга хэмжээ авахыг аймгийн засаг даргад зөвлөсөн юм...” гэж мэдүүлсэн, гэрч М.А нь “...хоёр удаагийн нээлттэй  тендер шалгаруулж ямар нэгэн компани шалгараагүй тул аймгийн засаг даргад шууд гэрээ байгуулах талаар зөвлөмж хүргүүлсэн...А ХХК-ны материал нь хүсэлтээс өөр юмгүй байсан...” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаас дүгнэвэл:

Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдааны 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2/05 дугаартай тогтоолын 4 дүгээр хавсралтаар “Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний санхүүжилт”-ээр батлагдсан "Сумдын хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэх" төсөл арга хэмжээнд 15 сум, 1 тосгонд технологийн дагуу хийгдсэн, стандартын шаардлага хангасан ландфилын талбай бэлтгэхээр 800.000.000 төгрөг хуваарилжээ.

Үүний дагуу Д.Э нь Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байх үедээ 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр А/206 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах” тухай захирамж гарган, Үнэлгээний хорооны даргаар Булган аймгийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Л.А, нарийн бичгийн даргаар Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн Г.Б, гишүүдээр Л.Б, М.А, Ж.Ч нарыг тус тус томилсон байна.

Тэрээр “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамж гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасан "Үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна" гэснийг зөрчсөн боловч

дээрх үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасанчлан Сангийн сайдын 2012 оны 81 тоот тушаалыг баримтлан тендерийн баримт бичгийг бэлтгэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасны дагуу хоёр удаагийн нээлттэй тендер шалгаруулалтад баримтаа ирүүлсэн "А" ХХК, "М" ХХК-ийн тендерээс тус тус татгалзсан,

шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 30 дугаар зүйлийн 30.4.3-т тус тус заасны дагуу бараа нийлүүлэх гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах тухай зөвлөмжийг 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 01 тоот албан бичгээр захиалагч Булган аймгийн Булган сумын Засаг даргад хүргүүлсэн, өөрөөр хэлбэл Үнэлгээний хороо холбогдох хууль, журамд заасны дагуу тендер шалгаруулах ажиллагааг явуулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас хийгдэхээр төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд "Хог хаягдлыг ландфилийн аргаар дарж булах тоног төхөөрөмж" гэж баталсныг “Хог хаягдлыг ландфилийн аргаар дарж, булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор" гэж өөрчлүүлсэн гэх үйлдлийн тухайд дээрх асуудлыг Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 133 дугаартай тогтоолоор шийдвэрлэсэн /хх 50, 68-69, 73/ болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр А/463 дугаартай “Эрх шилжүүлэх, ажил гүйцэтгүүлэх тухай” захирамжаар Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Г-т бэлтгэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгож гэрээ байгуулахыг даалгасан байх ба Үнэлгээний хорооны гишүүн М.А-ийн зөвлөснөөр “Д” ХХК-ийг сонгож 01 дугаартай Булган аймгийн сумдын хог, хаягдлыг ландфилийн аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, дүрдэг трактор  бэлтгэн нийлүүлэх гэрээг /хх 78-80/ байгуулжээ.

Албан тушаалын гэмт хэрэг нь албан тушаалтан өөрийн албан ажлын хүрээнд байгаа болон эрх мэдэлд нь хамаарч байгаа аливаа үйл ажиллагааг албаны ашиг сонирхлын эсрэг ашигласан идэвхитэй үйлдэл, эс үйлдэхүй,  тухайлбал санхүүгийн бүртгэл тооцоог зөрчих, хянан шалгах байгууллагыг хуурч мэхлэх, байгууллагын эд хөрөнгийг үрэн таран хийх, байгууллагын эд хөрөнгийг хувьдаа завших зэргээр илэрнэ.

Дээрхи баримтуудаас дүгнэвэл Д.Э, А.Г нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, урьдчилан үгсэн тохиролцож бусадтай  бүлэглэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаагаас гадна

хуульд заасан журмын дагуу дээрх тендерийн үйл ажиллагаатай холбоотой гомдол санал гараагүй, мөн талуудын хооронд байгуулсан Бэлтгэн нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох тухай эрх зүйн акт хавтаст хэрэгт авагдаагүй, түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д тусгасан “хүчин төгөлдөр бус гэрээн”-нд хамааруулах үндэслэлгүй гэж үзнэ.

Мөн “Д” ХХК нь бэлтгэн нийлүүлэх гэрээнд заасанчлан 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2013 онд үйлдвэрлэгдсэн 16 ширхэг VOTAL WZ25-16 маркийн ухагч түрэгч бүхий тракторыг гэрээний тал болох А.Г болон Байгаль орчны газрын мэргэжилтэн М.А, нярав Д.Х нарт хүлээлгэн өгч акт /хх 84-86/ үйлдсэн байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

              ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 179 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ё.БЯМБАЦЭРЭН                           

                          ШҮҮГЧИД                                                                С.ЦЭЦЭГМАА       

                                                                                                         С.УРАНЧИМЭГ