Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0005/З |
Дугаар | 221/МА/2022/0523 |
Огноо | 2022-07-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 221/МА/2022/0523
“У” ОНӨОНӨААТҮГ-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “У” ОНӨААТҮГ
Хариуцагч Говь-Алтай аймгийн Татварын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: Татварын улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн НА-05210000012 дугаар Нөхөн ногдуулалтын актын 15 дахь хэсэгт ус бохирдуулсны төлбөр болох 36.472.282,92 төгрөгийн нөхөн татвар, 14.588.913,17 төгрөгийн торгууль, 2.626.004,37 төгрөгийн алданги, нийт 53.687.200,46 төгрөгийн төлбөр тогтоосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, Ж.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2022/0005/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “У” ОНӨААТҮГ-аас Говь-Алтай аймгийн Татварын хэлтэст холбогдуулан “Татварын улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн НА-05210000012 дугаар Нөхөн ногдуулалтын актын 15 дахь хэсэгт ус бохирдуулсны төлбөр болох 36.472.282,92 төгрөгийн нөхөн ногдуулалт, 14.588.913,17 төгрөгийн торгууль, 2.626.004,37 төгрөгийн алданги, нийт 53.687.200,46 төгрөгийн төлбөр тогтоосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2.Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр:
“...Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7-д заасныг тус тус баримтлан “У” орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас Говь-Алтай аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн НА-05210000012 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ын 15 дахь хэсэгт ус бохирдуулсны төлбөр болох 36.472.282,92 төгрөгийн нөхөн ногдуулалт, 14.588.913,17 төгрөгийн торгууль, 2.626.004,37 төгрөгийн алданги, нийт 53.687.200,46 төгрөгийн төлбөр тогтоосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчийн маргаангүй асуудлаар дүгнэлт хийхгүй...”, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 47.1.5-47.1.7-д заасан илт хууль бус байх тохиолдлуудын хүрээнд хянан шийдвэрлэж хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож дүгнэсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь буюу хэрэгт ач холбогдол бүхий талаас нь үнэлээгүй, мөн маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар огт дүгнээгүй байна.
Усны газраас манай байгууллагад холбогдуулж 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 58 дугаар хаягдал усны талаар дүгнэлт гаргасан боловч манай байгууллагын нийт олборлосон усны хэмжээгээр бохир усны дүгнэлтийг гаргаж хөнгөлөлт эдлэх аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн хэрэглээг хасалт хийлгээгүйгээр үндэслэлгүй төлбөр тооцсон байна.
Уг төлбөрийг манай байгууллага хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд орон нутгийн удирдлагууд болон холбогдох байгууллагууд руу гомдол, хүсэлт гаргаж байсан. Улмаар Усны газраас гомдлыг хянаж 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 06/1019 тоот албан бичгээр хаягдал усны дүгнэлт дахин гаргаж, бохирдуулсан усны төлбөрт 6.7 сая төгрөг байхаар гаргасан. Энэ дүгнэлт гаргаснаар урьд гаргасан 58 дугаар дүгнэлт нь хүчингүй болсон талаар Усны газар тайлбар хийдэг.
Үүнээс үзэхэд тус 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 58 дугаар дүгнэлт нь хүчингүй болсон байхад татварын газраас “хүчингүй болоогүй” хэмээн маргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд энэ тохиолдолд тус дүгнэлтийг үндэслэж гаргасан маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан эрх зүйн үйлчлэл байхгүй илт хууль бус акт гэж үзнэ.
Мөн тус дүгнэлт нь Усны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасныг зөрчиж гарсан байхад татварын газраас нөхөн ногдуулалтын актыг үйлдэхдээ анхаараагүй, харин ч тухайн хуулийн заалтыг үндэслэл болгосон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй болсон байх тул аж ахуйн нэгж байгууллагын хууль ёсны эрх ашгийг хөндсөн илт хууль бус акт гаргасан байна.
Говь-Алтай аймгийн Татварын хэлтсээс Усны газрын хүчингүй болсон 58 дугаар дүгнэлтийг үндэслэж 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 55.4 сая төгрөгийн нөхөн ногдуулалтын акт тогтоосон, үүний дагуу төлбөр шаардаж манай байгууллагын үйл ажиллагаа явуулж буй дансыг хааж, байгууллагын ажилчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд болон үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн нь манай байгууллагын ажилчид болон байгууллагын эрхийг хөндөж байгаа.
Түүнчлэн манай байгууллагын хувьд Есөнбулаг сумын аж ахуйн нэгж, иргэд, байгууллагыг цэвэр усаар хангадаг бөгөөд олсон орлогоосоо төсвөө бүрдүүлж үйл ажиллагаагаа явуулдаг, гэтэл татварын газраас ногдуулж байгаа энэ их хэмжээний буюу 53.6 сая төгрөгийг бодит байдал дээр төлөх боломжгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1.Шүүх нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, учир нь маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хууль зүйн үндэслэлтэй эсэхээс үл хамааран илт хүчин төгөлдөр бусад тооцох боломжгүй.
Учир нь хариуцагч Говь-Алтай аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчид нэхэмжлэгчийн татварын ногдуулалт, төлөлтийг шалгах, гарсан зөрчилд нөхөн төлбөр, хариуцлага хүлээлгэх хуулиар олгогдсон чиг үүрэг, эрх хэмжээтэй, харин энэхүү чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлснээс шалтгаалж гарсан шийдвэр хууль бус болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгохоос бус илт хууль бусад тооцохгүй.
Тэр тусмаа нийт олборлосон усны хэмжээгээр хаягдал усны дүгнэлт гаргасан, хөнгөлөлт эдлэх аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн хэрэглээг хасалт хийлгүйгээр тооцсон, мөн итгэмжлэгдээгүй лабораторийн дүгнэлтийг үндэслэсэн зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд актыг илт хууль бусад тооцох үр дагаварт хүргэхгүй.
2.Хариуцагч татварын улсын байцаагчдаас маргаан бүхий 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн НА-05210000012 нөхөн ногдуулалтын актыг гаргахдаа Усны газрын мөн оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 58 дугаар дүгнэлтийг үндэслэсэн, харин энэхүү дүгнэлт нь “У” ОНӨОНӨААТҮГ-ын хүсэлтээр хийгдэж, тус компанийн 2020 оны ус бохирдуулсны төлбөрийг 36.472.282,92 төгрөг байхаар, мөн ийнхүү дүгнэхдээ хаягдал усны хэмжээг цэвэрлэх байгууламжид хүлээн авч цэвэрлэсэн усны хэмжээгээр буюу I улиралд 121.936,4 м3, II улиралд 108.935,4 м3, III улиралд 105.173,4 м3, IV улиралд 100.663,5 м3 байхаар тооцож, улмаар дүгнэлтийг тус газрын 2021 оны 01/288 дугаар албан бичгээр аймгийн татварын хэлтэст ирүүлжээ.
Иймд дээрх тооцоолол үндэслэлтэй эсэх, мөн давж заалдах гомдолд дурдсан нөхцөл шаардлагыг харгалзан үзсэн эсэх зэргийг хариуцагч дүгнэх эрхгүй тул мэргэжлийн байгууллагын хүчин төгөлдөр дүгнэлтэд заасан дүнгээр акт ногдуулсныг илт хууль бус гэж үзэхгүй.
Цаг хугацааны хувьд ч 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нөхөн ногдуулалтын акт үйлдэгдсэнээс хойш 5 орчим сарын дараа буюу Усны газрын мөн оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 06/1019 дүгээр албан бичгээр “У” ОНӨОНӨААТҮГ-ын хүсэлтийн дагуу холбогдох материалыг судлан үзээд хаягдал усны дүгнэлтийг дахин гаргаж хавсралтаар хүргүүлсэн, мөн тус газраас аймгийн татварын хэлтэст хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Тайлбар хүргүүлэх тухай” 01/1093 дугаар албан бичигт “…хаягдал усны дүгнэлтээр тооцсон төлбөрөөс Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан эрүүл мэнд, боловсролын салбарын 25 байгууллагын 4.074.455 төгрөгийг хөнгөлж, айл өрхийн 4.255.280 төгрөгийг чөлөөлж, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 106 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 1.702.675 төгрөгийг ногдуулсан. Иймд “У” ОНӨОНӨААТҮГ-т ногдох 6.781.492,89 төгрөгийг төлүүлэх арга хэмжээ авч ажиллана уу…” гээд холбогдох тооцооллыг хавсаргасантай холбогдуулж хариуцагч татварын улсын байцаагчид нэгэнт гаргасан актаа хүчингүй болгох, эсхүл өөрчлөх эрх хуулиар олгогдоогүй болно.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан тул энэ тохиолдолд дээрх дүгнэлт, тайлбарыг үндэслэн актаар хаягдал усны төлбөрийг үндэслэлгүйгээр илүү тогтоосон гэж үзэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7-д заасан “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” акт гаргасан гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.
Учир нь Усны газрын эхний буюу 2021 оны 58 дугаар дүгнэлт Татварын ерөнхий газрын Татвар хураалт, арга зүйн газрын мэдээлэлд бүртгэгдсэн төдийгүй энэхүү мэдээлэлд үндэслэн ус бохирдуулсны төлбөрийг ногдуулж хураах чиглэл өгсөн, өнөөдрийг хүртэл дээрх дүгнэлтийг хүчингүй болгоогүй байна.
Өөрөөр хэлбэл Усны газрын 2021 оны 01/1093 дугаар албан бичигт “…“У” ОНӨОНӨААТҮГ-т ногдох 6.781.492,89 төгрөгийг төлүүлэх арга хэмжээ авч ажиллана уу…” гэснийг өмнөх 36.472.282 төгрөгийн төлбөр тогтоосон дүгнэлтээ хүчингүй болгосон шийдвэр гэж үзэхгүй.
4.Нэхэмжлэгчээс татварын улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн НА-05210000012 тоот Нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр албан бичгээр Говь-Алтай аймгийн татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч тус хэлтсийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/77 дугаар албан бичигт “…Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасны дагуу нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрөхгүй бол актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор маргаан таслах зөвлөлд гомдол гаргаагүй, Засгийн газрын 2019 оны 466 дугаар тогтоолоор батлагдсан “Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 4.6-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн…” гэсэн үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан, иймд актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах хуулийн хугацаагаа алдсантай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсныг тэмдэглэв.
Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.29-д “ус бохирдуулагч” гэж ахуйн хэрэглээний болон үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж, хаягдал ус гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг, 3.1.32-т “ус бохирдуулсны төлбөр” гэж хаягдал усны стандартад нийцсэн агууламж бүхий ус зайлуулсан, хаясан тохиолдолд төлөх төлбөрийг” тус тус ойлгохоор заасан, нэхэмжлэгчийн тухайд энэ хуулийн дагуу ус бохирдуулсны төлбөр төлөгч мөн бөгөөд Усны газрын сүүлийн дүгнэлтээр тогтоосон 6.781.492,89 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байгаагаас үзэхэд төлбөрийг үндэслэлгүйгээр буруу тогтоосон гэж маргаснаас бус төлбөр огт төлөхгүй гэж маргаагүй байна.
2022 онд Говь-Алтай аймгийн Засаг дарга, Барилга, хот байгуулалтын яамнаас тус тус Татварын ерөнхий газарт хандаж Усны газрын 2021 оны 107 дугаар дүгнэлтийн дагуу хаягдал усны төлбөрийг тогтоож өгөхийг хүссэн боловч Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/426 дугаар бичигт “…татварын улсын байцаагчид “У” ОНӨОНӨААТҮГ-ын эрх бүхий этгээдэд Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг уншиж танилцуулсан ч хуулийн хугацаанд гомдол гаргах эрхээ эдлээгүй байна. Иймд захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг үүгээр уламжилж байна” гэснээс үзэхэд Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхээ нэгэнт алдсан, мөн Татварын ерөнхий газрын дарга дээрх байдлаар гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэдгээ илэрхийлж буй энэ тохиолдолд Говь-Алтай аймгийн Татварын хэлтэст холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн хүрээнд нөхөн ногдуулалтын актыг илт хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй болно.
Харин шүүхийн шаардсаны дагуу Усны газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 01/386 дугаар бичгийн тайлбарт “…цэвэр усны шугам дээр суурилуулсан хэмжих хэрэгслийн заалтаар тогтоосон борлуулалтын орлогын бичилтийг үндэслэн хаягдал усны хэмжээг дахин тогтоосон 2021 оны 107 дугаар дүгнэлтийг үндэслэх нь зүйтэй…” гэсний дагуу нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийн хэмжээг бууруулахгүй байгаа Татварын ерөнхий газрын үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохтой холбогдуулж нэхэмжлэл гаргах эрхийг энэхүү шийдвэр, магадлал хязгаарлахгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН