Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 685

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******жин, нэхэмжлэгч Н.А түүний өмгөөлөгч Ц.Б, нэхэмжлэгч Э.М, О.М-Э, нэхэмжлэгч Э.М, О.М-Э, Ц.Г-Э нарын өмгөөлөгч А.М-Э-Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө нарыг оролцуулан,

Нэхэмжлэгч: Б овгийн Н -гийн А 

Нэхэмжлэгч: Ц овгийн Э -ийн М

Нэхэмжлэгч: М-Эөөгийнхөн овгийн О-ын М-Э

Нэхэмжлэгч: Ц г овгийн Т-ын Г-Э

Хариуцагч: Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Э.  

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага: 

“...Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Э.М-ЭЭэнийг ажлаас чөлөөлөх тухай” Б/34 дүгээр, “О.М-Э-ЭЭэнийг ажлаас чөлөөлөх тухай” Б/35 дугаар, “Т.Ган-ЭЭэнийг ажлаас чөлөөлөх тухай” Б/37 дугаар болон 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Н.Аг ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” Б/38 дугаар, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Н.Аг ажлаас халах тухай” Б/54 тушаалуудыг тус тус хүчингүй болгож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа, Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр Э.М-ЭЭэнийг, Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Тайлан мэдээ, өмч хариуцсан мэргэжилтнээр О.М-Э-ЭЭэнийг, Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн Дэд бүтцийн хөгжил, төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр О.Ган-ЭЭэнийг, Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр Н.А нарыг тус тус эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тогтоож хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Н.А, Э.М, О.М-Э, Т.Г-Э нараас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“...Н.А миний бие 2009-2013 онуудад Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны, удирдлагын хэлтэст “Архив, бичиг хэргийн эрхлэгч”-ээр, 2013-2017 онуудад тамгын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан /Авилгын асуудал, Хөрөнгө орлогын мэдүүлэг хавсарсан/ мэргэжилтнээр, 2017 оны 02 сарын 04-ноос 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мөн газрын Төлөвлөлт гүйцэтгэл, хяналт шинжилгээний хэлтэст “Гүйцэтгэлийн хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтэн”- ээр тус тус ажиллаж ирсэн.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалт батлах тухай Засаг даргын 2016 оны А/48дугаар захирамжаар “Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаал нь “Хүний нөөц, ёс зүй, хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцсан мэргэжилтэн” болж өөрчлөгдсөн гэдэг шалтгаанаар намайг Төлөвлөлт гүйцэтгэл, хяналт шинжилгээний хэлтэст “Гүйцэтгэлийн хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтэн”-ээр 2017 оны 02 сарын 04-ний өдөр томилсон. Энэ томилгоо хийх үед миний эрх ашиг хөндөгдөж байгааг мэдэж байсан боловч гомдол гаргаагүй.

Ингээд би шинээр томилогдсон дээрхи албан тушаалын тусгай шаардлагыг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн" бэлтгэх сургалтад хамрагдаж, шалгалтыг өгч сертификат эзэмшсэнээр ажлын байранд тавигдах тусгай шаардлагыг хангасан.

Би ажиллах хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, 2013-2017 онуудын үр дүнгийн гэрээгээ жил бүр дунджаар 90-ээс дээш хувьтай үнэлүүлж, ажил үүргээ хангалттай түвшинд гүйцэтгэж байсан болно.

Гэтэл 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр намайг дуудаж, Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсгох үйл ажиллагааг хийж миний албан тушаалыг бууруулж томилгоо хийх шийдвэрийг сонсгосныг би хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа бичгээр мэдэгдэж, тайлбар гаргаж өгсөн. Гэвч ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангахгүй гэдэг үндэслэлгүй шалтгаанаар Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.******* 2018 оны 02 сарын 01-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар намайг албан тушаал бууруулан 1 дүгээр хорооны зохион байгуулагчаар томилсон.

Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтуудыг тус тус зөрчиж, миний албан тушаал, цалингийн ангилал, шатлалыг үндэслэлгүйгээр бууруулсан хууль бус үйлдэл байсан юм. Би зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулах үүднээс Төрийн албаны зөвлөлд хандахаар өргөдөл гаргах хугацаанд Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.******* 2018 оны 02 сарын 09-ний өдөр Б/54 тушаалаар 1 дүгээр хорооны зохион байгуулагчийн үүрэгт ажлаас халах тухай шийдвэрийг дахин гаргаж миний хөдөлмөрлөх эрхэд ноцтойгоор халдсан.

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/32 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг баталснаар Төлөвлөлт гүйцэтгэл, хяналт шинжилгээний хэлтэст харьяалагдаж байсан гүйцэтгэлийн хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэст шилжүүлж “Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн” гэсэн нэртэй болгосон.

Энэ нь тухайн албан тушаалын харьяалах хэлтэс болон нэршилд орсон жижиг хэмжээний өөрчлөлт бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилгод ямар нэгэн байдлаар өөрчлөлт ороогүй байхад албан тушаал бууруулж, улмаар ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй тул зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

          Нэхэмжлэгч Э.М миний бие 2013-2018 онуудад Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст Хөрөнгө оруулалт, орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаанд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалттай түвшинд гүйцэтгэж, 2013-2017 онуудын үр дүнгийн гэрээний биелэлтийг жилд дунджаар 88-95 хувиар үнэлүүлж, ажлаа хангалттай хэмжээнд гүйцэтгэж байсан.

Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалт батлах тухай дүүргийн Засаг даргын 2018 оны А/32 дугаар захирамжаар миний эрхэлж байсан албан тушаалын орон тоо Санхүү, төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн нэртэйгээр хэвээр хадгалагдан үлдсэн байгаа.

Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.******* 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/34 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг үндэслэн дээрхи шинэчлэн баталсан бүтцийн албан тушаалын ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй гэдэг шалтгаанаар Төрийн албаны тухай хуулийн 24, 25 дугаар зүйлийг болон 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтыг зөрчиж хууль бус шийдвэрийг гаргаж миний эрх ашгийг хохироосон юм.

Нэхэмжлэгч О.М-Э миний бие 2009-2013 онуудад Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2 дугаар хорооны Дотоод ажил хариуцсан зохион байгуулагчаар, 2013-2018 онуудад Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст Сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн зэрэг албан тушаалын ажлуудыг 10 орчим жил хийж гүйцэтгэсэн. Ажиллах хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалттай түвшинд гүйцэтгэж байсан бөгөөд 2013-2017 онуудын үр дүнгийн гэрээний биелэлтийг жилд дунджаар 88-95 хувиар үнэлүүлж байсан болно.

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/32 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн баталсан бөгөөд уг шинэчлэн баталсан бүтцээр миний хуучин эрхэлж байсан албан тушаалын орон тоо Санхүү, төрийн сангийн хэлтсийн Сургалт, тайлан мэдээ, өмч хариуцсан мэргэжилтэн гэсэн нэршилтэй болж ажлын байр хэвээр хадгалагдан үлдсэн юм.

Гэтэл Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.******* 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн Сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан гэж үндэслэлгүйгээр намайг Төрийн албаны тухай хуулийн 24, 25 дугаар зүйл болон 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтыг зөрчиж ажлаас чөлөөлсөн юм.

Шинэ бүтцээр зөвхөн “өмч” гэсэн ганцхан үг нэмэгдэж, уг албан тушаалын гүйцэтгэх ажлын чиг үүрэг яг хэвээр байхад хууль зөрчин ажлаас чөлөөлсөн юм.

Нэхэмжлэгч Т.Г-Эминий бие 2013-2017 онуудад тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэст Цэвэр бохир ус, цахилгаан, дулаан, орон сууц хариуцсан мэргэжилтнээр, 2017-2018 онуудад Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст Дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн зэрэг ажлуудыг 5 жил гаруй хугацаанд хийж гүйцэтгэсэн төрийн жинхэнэ алба хаагч юм. Ажиллах хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалттай түвшинд гүйцэтгэж байсан бөгөөд 2013-2017 онуудын үр дүнгийн гэрээний биелэлтийг жилд дунджаар 88-95 хувиар үнэлүүлж байсан.

2017 оны үр дүнгийн гэрээг дүгнэхдээ зориудаар хангалтгүй үнэлгээ өгч ажлаас чөлөөлөх урьдчилсан бэлтгэлийг хийсэн учраас Төрийн албаны зөвлөлд хандаж гомдол гаргасны дагуу 2018 оны 03 сарын 26-ны өдөр маргаан шийдвэрлэсэн 43 дугаар тогтоолоор Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтан нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 26 дугаар зүйлийн 26.4, төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6.7 дахь заалтыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон.

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/32 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн баталсан бөгөөд уг шинэчлэн баталсан бүтцээр миний хуучин эрхэлж байсан албан тушаалын орон тоог Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэст шилжүүлээд /хуучин байсан/ албан тушаалын нэршлийг Дэд бүтцийн хөгжлийн төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн болгож албан тушаал хэвээр хадгалагдан үлдсэн юм.

Гэтэл Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.******* 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан гэсэн үндэслэлгүй шалтгаанаар намайг Төрийн албаны тухай хуулийн 24, 25 дугаар зүйл болон 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтыг зөрчиж ажлаас чөлөөлсөн юм.

Шинэ бүтцээр миний эрхэлж байсан албан тушаалын нэрэнд “хөгжлийн төлөвлөлт, хэрэгжилт” гэсэн 3 үг нэмэгдэж, уг албан тушаал өөр хэлтэст шилжсэн болохоос гүйцэтгэх ажлын чиг үүрэг яг хэвээр байхад хууль зөрчин ажлаас чөлөөлсөн юм. Иймд зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Н.А шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“... 2009 оноос 2013 онд Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны хэлтэст архив бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан. 2013 оноос 2017 онд Х******* дүүргийн Тамгын газарт Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Х******* дүүргийн Засаг даргын тамгын газрын Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт шалгалтын хянан шинжилгээний хэлтэст гүйцэтгэлийн, хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан. 

Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалт батлах тухай 2016 оны А/48 тоот захирамжаар хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаал нь хүний нөөц, ёс зүй, хөрөнгө оруулгын мэдүүлэг хариуцсан мэргэжилтэн болж өөрчлөгдсөн гэдэг шалтгаанаар Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт, шалгалтын хэлтэст гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр 2017 оны 02 дугаар сарын 04-ний томилогдсон. Энэ томилгоо хийх үед миний эрх ашиг хөндөгдөж байгааг мэдсэн боловч би гомдол гаргаагүй. Шинээр томилогдсон дээрх албан тушаалын тусгай шаардлагыг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан хяналт, шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн бэлтгэх сургалтад хамрагдаж гэрчилгээ авч тусгай шаардлагын болзлыг хангасан. Би ажиллаж байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэж 2013 оноос 2017 оны үр дүнгийн гэрээг жил бүр 90%-иас дээш үнэлүүлж үүрэгт ажлаа хангалттай төвшинд гүйцэтгэж байсан. 

Гэтэл 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр намайг дуудаж Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох үйл ажиллагаа хийж миний албан тушаалыг буруулсан. Түүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа бичгээр мэдэгдэж тайлбар гаргаж өгсөн. Гэвч ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй байна гэсэн үндэслэлгүй шалтгаанаар Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.******* 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/38 тоот тушаалаар албан тушаал буруулан 1 хорооны зохион байгуулагчаар томилсон. Энэ үйлдэл нь төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтуудыг тус тус зөрчиж миний албан тушаал цалингийн ангилал тушаалыг шалтгаангүйгээр бууруулсан хууль бус үйлдэл байсан. 

Иймд би зөрчигдсөн эрхээ хамгаалахын тулд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж байх хугацаанд намайг 02 дугаар сарын 09-ний өдөр Б/54 тоот 1 дүгээр хорооны зохион байгуулагчийн албан тушаалаас халах тухай тушаал гаргаж дахин миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Х******* дүүргийн Засаг даргын А/32 тоот захирамжаар Засаг даргын Тамгын газрын бүтэц. ажлын байрны жагсаалт батлагдсанаар Төлөвлөлт гүйцэтгэл, хянан шинжилгээний хэлтэст харьяалагдаж байсан гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаал нь Төрийн захиргааны удирдлагын хэлтэст шилжүүлж “Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн” гэсэн нэртэй болгосон. Энэ нь тухайн албан тушаалын харьяалах хэлтэс болон нэршилд орсон жижиг хэмжээний өөрчлөлт бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилгод ямар нэгэн байдлаар өөрчлөлт ороогүй байхад албан тушаал бууруулж, улмаар ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд миний эрх ашгийг зөрчсөн учраас дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Н.А миний бие ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/38 тоот тушаал, ажлаас халах тухай 2018 оны 02 дугаар сарын 09-ний Б/54 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, өмнө нь ажиллаж байсан ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт гүйцэтгэл, хянан шинжилгээний хэлтэст харьяалагдаж байсан гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тооцож нөхөн олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахыг хүсч байна” гэв.

Нэхэмжлэгч О.М-Э шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“... Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ажилд томилогдсон. Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст Хөрөнгө оруулалт, орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа үр дүнгийн гэрээний биелэлтийг жилд 90 хувиас дээш үнэлүүлж байсан. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Б.*******ын тушаалаар ажлын байранд тавигдах ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангахгүй байна гэсэн шалтгаанаар халсан. Би 2 ажил давхар гүйцэтгэдэг байсан. Гэтэл үүнийг 2 хувааж  Хөрөнгө оруулалт, орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн гэдэг байсан бол Хөрөнгө оруулалтыг тусад нь хуваасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж түүнд холбогдох нэхэмжлэгч Н.Агийн хэлсэн тайлбарыг мөн дэмжиж байна” гэв.

Нэхэмжлэгч Э.М шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“... 2009-2013 онуудад Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2 дугаар хорооны Дотоод ажил хариуцсан зохион байгуулагчаар, 2013 оны 02 дугаар сараас Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст Сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтнээр 2018 оны 02 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд ажилласан. Ажиллах хугацаандаа үр дүнгийн гэрээний биелэлтийг жил бүр хангалттай хувиар үнэлүүлж байсан. Дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар бүтцийн өөрчлөлт гэсэн шалтгаанаар миний хуучин эрхэлж байсан Сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалын орон тоог Орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн гэж өөрчлөн ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр ажлаас халагдсан тул бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, нэхэмжлэгч Н.Агийн тайлбарыг дэмжиж, мөн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

Нэхэмжлэгч Н.Агийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“ ... 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж ажилд томилсон. Энэ тушаалыг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоол, 2014 оны 332 дугаар тогтоол, Х******* дүүргийн Засаг даргын 2018 оны А/32 дугаар захирамжуудыг үндэслэсэн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн заалт нь Засаг даргын Тамгын газрын өөрийн эрх хэмжээний заалттай, Төсвийн тухай хуулийн заалт нь алдагдсан төсвийн дагуу ажиллуулах гэсэн ерөнхий заалттай тус тус холбоотой байдаг. Хамгийн гол буюу үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалт нь албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно гэсэн байдаг Хариуцагч зайлшгүй шаардлагаа тодорхойлоогүй, нотлох баримт ирүүлээгүй, мөн сэлгэн ажиллуулахдаа Н.Атай тохиролцсон зүйл байхгүй учир тухайн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Дээрх хууль тогтоомжийг үндэслэсэн мөртлөө ажлаас халахдаа тухайн заалтуудаас эсрэг үндэслэл буюу ажлын байрны тодорхойлолтын шаардлага хангахгүй гэсэн үндэслэл баримталсан. Ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг Н.А бүрэн хангаж байсан. Мөн 2018 оны 02 дугаар сарын 09 өдрийн ажлаас халах тухай Б/38 дугаар тушаал нь өөрийнх нь эрх ашгийг хөндсөн байна гэж үзэн Төрийн албаны салбар зөвлөл болон Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж байх хооронд нь ажил үүргээ тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас нь халах тухай Б/54 тушаалыг гаргасан. Түүнийг ажлаас нь халахдаа хуулийн дагуу сонсох ажиллагаа хийгээгүй. Тухайн тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалт болох сахилгын шийтгэл оногдуулах тухай заалт баримталсан байдаг. Н.Ад сахилгын шийтгэл оногдуулах ямар нэгэн үндэслэл байгаагүй учир тухайн тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Э.М, О.М-Э, Ц.Г-Энарын  өмгөөлөгч А.М-Э-Ө шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: 

“... Бусад нэхэмжлэгч нар болох 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/34 дүгээр тушаалаар Э.М, Б/35 дугаар тушаалаар О.М-Э, Б/37 дугаар тушаалаар Ц.Г-Энарыг ажлаас чөлөөлсөн. Э.М-ЭЭэнийг ажлаас чөлөөлөхдөө ажлын байрны тодорхойлолтод тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй, мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4-т заалтыг тушаалдаа дурдсан байдаг. О.М-Э, Ц.Г-Энарын хувьд орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр халсан. Хариуцагч тушаал гаргаж нэхэмжлэгч нарыг халахдаа хуулийг буруу хэрэгжүүлж, үндэслэлгүйгээр тэдний эрхэнд халдаж, ажлаас халсан гэж үзэж байна. Тухайн заалтууд нь бүтцийн өөрчлөлт орж, орон тоо хасагдсан тухай заасан байдаг. Орон тоо хасагдсан тухай асуудлыг Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор тайлбарласан байдаг. Орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр халагдсан О.М-Э, Ц.Г-Энарын хувьд орон тоо хасагдсан зүйл байхгүй. О.М-Э-ЭЭэнийн сургалт, тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтэн гэдэг албан тушаал хэвээр хадгалагдсан байна. Х******* дүүргийн Засаг даргын А/32 дугаар захирамжаар батлахдаа тухайн хүмүүсийн орон тоо хасагдсан гэдэг боловч тушаалын хавсралтаас харахад сургалт, тайлан мэдээ, өмч хариуцсан мэргэжилтэн гэсэн нэршилтэйгээр батлагдсан хэвээрээ байгаа. Ц.Ган-ЭЭэнийн хувьд дэд бүтцийн хөгжлийн төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн болгож албан тушаал хэвээр хадгалагдан. Өмнө нь Ц.Г-Эдэд бүтэц хариуцсан мэргэжилтэн, О.М-Э сургалт, тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтэн нэршилтэй байсан. Тухай ажлын байр нэршлийн хувьд өөрчлөгдсөн болохоос тухайн ажлын байрны орон тоо хасагдсан зүйл байхгүй. Өмнө нь эрхэлж байсан ажлын байрны хувьд бүгд хэвэндээ байгаа. Э.М-ЭЭэнийг ажлаас нь халахдаа ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хангахгүй гэдэг үндэслэлээр халсан. Нэхэмжлэгч тухайн ажлын байрны тодорхойлолт шинэчилсэнтэй холбоотойгоор шинээр шалгалт өгч ажиллах гэж байгаа хүн биш бөгөөд 2013 онд Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажилд орсон байна. Ажлын байрны тодорхойлолтыг хариуцагч өөрсдөө шинээр гаргаж ирэн нэхэмжлэгчийг ажлаас нь халах зорилготойгоор өмнө нь байсан шаардлагуудыг өөрчлөн түүндээ нийцээгүй гэсэн үндэслэл гаргасан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэд халдаж байна. 

Маргаан бүхий тушаалын үндэслэл болж байгаа заалтууд нь нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Нэхэмжлэгч нарыг ажлаас нь халсан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах гэж заасны дагуу эдгээр хүмүүсийг ажиллуулах үндэслэлтэй. Мөн тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1.тухайн хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна. 

Иймд нэхэмжлэгч нарыг ажлаас халах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, өмнө нь ажиллаж байсан ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа тул эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тооцож нөхөн олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“… Иргэн Н.А, Э.М, О.М-Э, Т.Г-Энарын 2018 оны 03 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/32 дугаар захирамж батлагдан гарсантай холбогдуулан ажлын байрны тодорхойлолтод заагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй тул Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн гүйцэтгэлтийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Нгийн Аг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, Х******* дүүргийн 1 дүгээр хорооны Зохион байгуулагчаар томилсон болно. Гэвч Н.А нь томилогдсон ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэлгүй шалтгаангүйгээр ажил тасалсан тул түүнийг Төрийн албаны тухай хууль, Засаг даргын Тамгын газрын Дотоод журмыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/54 тушаалаар ажлаас нь;

Засаг даргын Тамгын газрын бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан ажлын байрны тодорхойлолтод тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангаагүй тул ЭЭийн М-ЭЭэнийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/34 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас нь; 

Шинэчлэн батлагдсан бүтцээр Санхүү, төрийн сангийн хэлтсийн сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан тул Оын М-Эд 73 дугаар цэцэрлэгт Нягтлан бодогчийн ажлын байр санал болгосон боловч татгалзсан хариу өгсөн тул 2018 оны 02 дугаар 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь; 

Шинэчлэн батлагдсан бүтцээр Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдсан тул Тын Ган-ЭЭэнийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлсөн болно. Иймд дээрх нэр бүхий иргэдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ньхэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: 

“... шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж байна” гэв.

Гуравдагч этгээд Б.Баярмаа 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Миний бие Батчулууны Баярмаа 1992 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. 2009 онд ШУТИС-ийн математикийн лицэй, 2013 онд МУИС-ЭЗС-ийг бизнеснийн удирдлагын баклаврын зэрэгтэй /Менежмент, маркэтинг/ мэргэжилтэй төгссөн. 2014 онд Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст ОТБ байцаагчаар ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 17-нд Санхүүгийн зохицуулах хорооноос зохион байгуулж зарласан ажлын албаны мэргэжилтэн, дэс түшмэл АА10 сонгон шалгаруулалтад тэнцэж, төрийн албан хаагчын нөөцөд бүртгэгдсэн.

2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/478 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын хэлтэст бичээч ажлын байран дээр томилогдон ажиллаж, ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ, байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь хангалттай гүйцэтгэж ажилласан тул дэвшүүлэн томилж, Төрийн албаны тухай хуулийн 17.1, 17.4 дэх заалтын дагуу ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан тул 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/173 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэний ажлын байр дээр томилогдон ажиллаж байна” гэжээ.

Гуравдагч этгээд М.Хонгор 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“... Миний бие Маналжавын Хонгор 1991 оны 10 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн. 1999-2009 онд Нийслэлийн 5 дугаар 10 жилийг, 2009-2013 онд Батлан хамгаалахын Их сургуулийн Цэргийн командийн сургуулийг эрх зүйч мэргжилээр /баклавар/, 2013-2015 онд Олон Улсын Улаанбаатар их сургуулийг хууль зүйн ухааны магистраар тус тус төгссөн.

2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын Б/03 дугаар тушаалаар Худалдан авах ажиллагааны албаны тайлан мэдээ, сургалт хариуцсан мэргэжилтний ажлын байран дээр томилогдсон, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын Б/14 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн дагуу 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/216 дугаар тушаалаар Санхүү, Төрийн сангийн хэлтсийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр томилогдон, гэрээ эрх зүйн чиглэлээр мэргэжлийн ажил, үүргийг гүйцэтгэж байна. Миний хувьд төрийн албанд 5 дахь жилдээ ажиллаж байгаа, төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээг хууль эрх зүйн хувьд бүрдүүлэн ажиллаж байна. Шүүх хуралдаанд миний бие өөрийн биеэр оролцохгүй байхаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Мянган 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Чулуунхүү овогтой Мянган миний бие нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Х******* дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын Б/149 тоот тушаалаар тус хэлтэст банкны төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэнээр үндсэн ажилтнаар ажиллаж эхэлсэн.

2015 оны 07 дугаар сард төрийн албан хаагчийн шалгалтаа өгч тэнцэн, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрийн албан хаагчийн тангарагаа өргөн, төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж эхэлсэн ба Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/137 тоот тушаалаар жирэмсний амралтаа авсан. 2017 оны 05 дугаар сар, 2017 оны 08 дугаар саруудад ажилдаа орох хүсэлтээ гаргасны дагуу Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/49 тоот тушаалаар ажилдаа эргэн орсон бөгөөд албан тушаал өөрчлөгдсөн Тайлан мэдээ, орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна. Шүүх хуралдаанд миний бие өөрийн биеэр оролцохгүйгээр шийдвэрлүүлэхийг хүсэж байгаа тул хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Ө.М******* 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд  ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Миний бие О*******ын М******* нь 2017 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийг “Цахилгааны инженер” мэргэжилээр төгссөн. Мөн мэргэжил дээшлүүлэх олон улсын академик сургалтад хамрагдан ажилттай төгсөж “Electrical Studies” диплом авсан.

“Минжийн Рашаан” ХХК-д мэргэжлээрээ ээлжийн мастераар ажиллаж байгаад Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2 удаа ажлын байрны ярилцлагад орсон. Уг ажлын байранд тавигдах шаардлагад миний эзэмшсэн мэргэжил, ур чадвар нийцэж байсан тул Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/88 дугаар тушаалаар Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэст дэд бүтцийн хөгжлийн төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. 

Ажиллаж байх хугацаандаа үр дүнгийн гэрээ байгуулж 100 хувийн үнэлгээтэй дүгнүүлсэн. Монгол Улсын засгийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нэгдсэн үндэсний байгууллагын Гамшигийн эрсдэлийг бууруулах газраас зохион байгуулсан “Аюулгүй гамшигт тэсвэртэй хот” санаачилгын хүрээнд “Хотуудын гамшигийг тэсвэрлэх онооны аргыг нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтанд хамрагдан Нийслэл хотын иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн зөвлөгөө авч сертификат авсан. Миний бие дээрх тайлбарыг үнэн бодитоор гаргаж өгсөн тул гуравдагч этгээдээр шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.А Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Н.Аг ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” Б/38 дугаар , мөн даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Н.Аг ажлаас халах тухай” Б/54 дүгээр  тушаалуудыг;

Нэхэмжлэгч Э.М Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Э.М-ЭЭэнийг ажлаас чөлөөлөх тухай” Б/34 дүгээр  тушаалыг;

Нэхэмжлэгч О.М-Э Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “О.М-Э-ЭЭэнийг ажлаас чөлөөлөх тухай” Б/35 дугаар  тушаалыг;

Нэхэмжлэгч Т.Г-ЭХ******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Т.Ган-ЭЭэнийг ажлаас чөлөөлөх тухай” Б/37 дугаар  тушаалыг тус тус маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж, эдгээр захиргааны актуудыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч тус бүртээ урд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнтэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тогтоож, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж өөрсдийнх нь хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хэмээн хариуцагчийг буруутган маргаж байна.

Хариуцагч нь “Засаг даргын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан ажлын байрны тодорхойлолтонд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг” нэхэмжлэгч Н.А, Э.М нарыг хангаагүй гэж үзсэн бол, нэхэмжлэгч О.М-Э, Т.Г-Энарын хувьд “тэдний эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдсан” гэж үзэж, бүрэн эрхийн хүрээнд холбогдох захиргааны акт гаргасан нь хууль зөрчөөгүй хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах байр суурьтай байна. Үүнээс гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагчийн татгалзлын үндэслэлийг тайлбарлаж, мэтгэлцээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Энэхүү хэргийн улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэж, нэхэмжлэгч нарын эгүүлэн томилуулахыг хүсч буй албан тушаал /ажлын байр/-уудад одоо ажиллаж буй иргэдийг шүүгчийн захирамжаар  тодруулбал, нэхэмжлэгч Н.Агийн шаардлагаар иргэн Б.Баярмааг, нэхэмжлэгч Э.М-ЭЭэний шаардлагаар иргэн М.Хонгорыг, нэхэмжлэгч О.М-Э-ЭЭэний шаардлагаар иргэн Ц.Мянганг, нэхэмжлэгч Т.Ган-ЭЭэний шаардлагаар иргэн О.М*******г тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан ба тэдгээр нь шүүх хуралдаанд оролцохгүй талаараа бичгээр илэрхийлснийг хүлээн авч, тэдний шүүхэд ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзсэн болно.

Нэхэмжлэгч нар нь төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн, 2017 онд нэгжийн менежертэй үр дүнгийн гэрээ байгуулж, уг гэрээгээ дүгнүүлэн ажиллаж байсан болох нь хэрэгт хуульд заасан журмын дагуу авсан нотлох баримт болох тангарагийн хуудас , үр дүнгийн гэрээ , гэрээ дүгнэсэн илтгэх хуудсаар  тус тус нотлогдож байна. 

Маргаан бүхий Б/38 болон Б/54 тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар.

Нэхэмжлэгч Н.А нь тус Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтэст Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан ба түүнийг ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр чөлөөлж, Х******* дүүргийн 1 дүгээр хорооны зохион байгуулагчаар томилсон, ийнхүү шийдвэрлэснээс хойш найман хоногийн дараа маргаан бүхий Б/54 тушаалыг гаргаж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан үүргээ биелүүлээгүй гэж үзэж, үүрэгт ажлаас нь халжээ.

Б/38 дугаар тушаал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4: “... ажилтнуудыг томилж чөлөөлөх”, мөн зүйлийн 33.5: “... эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3: “... ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэдгийг үндэслэсэн ба эдгээр хуулийн холбогдох заалт нь Засаг даргын ажлын алба, төсвийн шууд захирагчийн хувьд хуулиар олгогдсон бүрэн эрх, хэрэгжүүлэх чиг үүргийн заалтууд байна. Тэрчлэн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1: “албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэх заалтыг үндэслэсэн байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Н.Аг дүүргийн захиргаанаас хорооны зохион байгуулагчаар томилсон, тэрээр өөрт нь сонсох ажиллагаа явуулсан авч тухайн шийдвэрийг  зөвшөөрөхгүй тухайгаа бичгээр тайлбар гаргасаар атал үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж хохироосон, урьд нь нэг удаа ийм байдал гаргаж байсан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолт ёсоор ТЗ-4 ангиллаар ажиллаж байхад нь ТЗ-3 ангилалд албан тушаалын зэрэглэл бууруулж томилсон нь үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ. Хэрэв захиргааны байгууллага Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-ээр шийдвэр гаргаж байгаа бол “түүнтэй тохиролцож” байж өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэх байсан байна. Маргаан бүхий энэ тохиолдолд ийм үйл баримт байхгүй болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. 

Маргаан бүхий Б/54 тушаал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн  33.5: “... эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5: “батлагдсан төсвийг зориулалтын дагуу ашиглах”, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3: “тарийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасныг үндэслэжээ.

Захиргааны байгууллага болох Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь сахилгын шийтгэл ногдуулах тухай буюу сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 26.9-д: “сахилгын шийтгэл ногдуулах... түүнд гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно” гэснээр Засгийн газрын 1996 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан журмыг  одоо хүчин төгөлдөр үйлчилж байгааг анхаарч, уг журамд заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгах, зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулах, нэмэлт тайлбар хийх зэрэг эрхүүдийг хангаагүй байгаа нь нэхэмжлэгчийн төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн буруутай байна гэж шүүх дүгнэлээ. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тухай захиргааны үйл ажиллагааны зарчим,  мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан оролцогчийг сонсох ажиллагаа тус тус зөрчигджээ. 

Маргаан бүхий захиргааны Б/34 дүгээр актын хууль зүйн үндэслэлийн тухайд.

Уг акт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн  33.5: “... эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5: “батлагдсан төсвийг зориулалтын дагуу ашиглах”, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1: “төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4: “төрийн жинхэнэ албан хаагч ... , тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө”,  мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4: “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжих ... эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэгийг тухайн байгууллагаас олгоно” гэж заасныг үндэслэн гарчээ. 

Хөрөнгө оруулалт, орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн хэмээх ажлын байрны тодорхойлолт бүхий ажлын байр нь Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн хэмээн нэршлийн хувьд өөрчлөлт орсон байхад түүнчлэн тухайн албан тушаалыг хаших ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй болсон гэдгийг тогтоосон баримт байхгүй байхад нэхэмжлэгч Э.М-ЭЭэнийг ажлаас чөлөөлсөн нь хууль бус байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Н.А, Э.М нарыг тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй гэж үзсэн нь учир дутагдалтай. Захиргааны байгууллага төрийн жинхэнэ албанд байгаа сул орон тоог нөхөхийн тулд иргэдийг өрсөлдүүлэн тухайн ажлын байранд анх томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан “ерөнхий болон тусгай шаардлага”-ыг хангасан гэж үзэж, шийдвэр гаргасан байдаг. Нэгэнт томилогдон төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөн, үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байгаа нэхэмжлэгч нарын хувьд хамгийн ерөнхий байдлаар, бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн нь буруу байна. Зүй нь төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг нь холбогдох журамд заасны дагуу үнэлж, уг үнэлгээний үр дагавраар албан тушаал бууруулах, албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийг захиргаа гаргах байжээ.

Маргаан бүхий захиргааны Б/35, Б/37 дугаар актын хууль зүйн үндэслэлийн тухайд. 

Эдгээр акт нь нэхэмжлэгч О.М-Э, нэхэмжлэгч Т.Г-Энарт чиглэгдэж гарсан ба тушаалууд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн  33.5: “... эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5: “батлагдсан төсвийг зориулалтын дагуу ашиглах”, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4: “төрийн жинхэнэ албан хаагч ... , тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө”,  27 дугаар зүйлийн 27.2.4: “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжих ... эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэгийг тухайн байгууллагаас олгоно” гэж заасныг үндэслэн гарчээ. 

Хариуцагч нь Засаг даргын ажлын албаны дарга бөгөөд тухайн байгууллагын төсвийн шууд захирагч болохынхоо хувьд хэрэгжүүлэх бүрэн эрх, чиг үүргийг тушаалд үндэслэсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай болон Төсвийн тухай хуульд заажээ. 

Харин маргаан бүхий захиргааны актуудын үндэслэл болсон дээрх Төрийн албаны тухай хуулийн заалтуудыг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 15-д: 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан “... орон тоо хасагдсан...” гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т зааснаар ойлгоно,  мөн хэсэгт: “... төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ гэжээ. 

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15.1.1-т: “...орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно”, мөн тогтоолын 15.1.2-т: “... орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно” гэж тус тус тайлбарлажээ.

Шүүх дээрх тайлбарыг маргаантай асуудалд хамаарах чухал эх сурвалж болгон авч үзэж, хэрэгт авагдсан бичгийн баримтуудад  дүгнэлт хийгээд нэхэмжлэгч О.М-Э-ЭЭэний ажиллаж байсан албан тушаал /ажлын байр/-ын нэр буюу Сургалт, тайлан мэдээ хариуцсан гэсэн нь Тайлан мэдээ өмч хариуцсан гэж өөрчлөгдсөн боловч түүний /нэхэмжлэгч/ хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдөөгүй, ажлын байрны зорилго хэвээрээ байхад, түүнчлэн нэхэмжлэгч Т.Ган-ЭЭэний ажиллаж байсан албан тушаал /ажлын байр/-ын нэр буюу Дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн нь Дэд бүтцийн хөгжил, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн гэж нэршлийн хувьд өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдөөгүй байхад, өөрөөр хэлбэл, маргаан бүхий ажлын байруудыг цөөрүүлсэн, маргаан бүхий ажлын байрны орон тоо хасагдсан нөхцөл байдал бий болоогүй нэршлийн хувьд өөрчлөлт орсон байхад хариуцагч захиргааны байгууллага нь хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий захиргааны Б/35, Б/37 актуудыг гаргасан нь хууль бус байна гэж шүүх үзлээ. 

Тэрчлэн хариуцагч захиргааны байгууллага хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, төрийн жинхэнэ албан хаагчдын эрхийг хөндөж, төрийн жинхэнэ албыг нөхөхдөө хууль дээдлэх зарчмыг баримтлаагүй буруутай, түүнчлэн нэхэмжлэгч нарын хашиж буй албан тушаал буюу орон тоо бүрмөсөн хасагдаагүй байхад төрийн жинхэнэ албанаас чөлөөлж Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-ийг захиргааны актын нэг үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй байна. 

Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-ийг хэрэглэж, маргаан бүхий Б/34, Б/35, Б/37 дугаар шийдвэр гаргах нөхцөл байдал захиргааны байгууллагад тогтоогдохгүй байхад буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-аар зохицуулагдсан харилцаа үйлчлэхгүй буюу уг заалтыг хэрэглэх боломжгүй тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ болгон авч хэрэгжүүлдэг төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны заалт болох 27.2.4-ийг шууд үндэслэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй хууль бус байна. 

Маргаан бүхий таван захиргааны актыг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч захиргааны байгууллага нь төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх талаарх Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчмыг зөрчиж, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан төрийн тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг тодорхой хэмжээнд хязгаарласан шийдвэрийг захиргааны байгууллага гаргасныг шүүхээс буруутгаж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны зарчмыг хэрэгжүүлээгүй, үүгээрээ нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

Хариуцагч захиргааны байгууллага нь Х******* дүүргийн Засаг даргын 2018 оны 1 сарын 30-ны өдрийн “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалт батлах тухай” А/32 дугаар захирамжийг маргаан бүхий захиргааны актуудын үндэслэлд дурдсан байдаг. Энэ захирамжаар зарим ажлын байрны нэр, харъяалагдах хэлтэс зэрэг нь өөрчлөгдөх боловч энэ нь Төрийн албаны тухай хуульд заасан “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан” гэх үндэслэлд хамаарахгүй болно.

 Нэхэмжлэгч нарын ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргүүд хэвээр хадгалагдан үлдсэн байгааг үл анхаарч, Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон хасагдсан гэсэнтэй адилтган нэхэмжлэгч нарыг албан тушаалаас чөлөөлсөн нь буруу байна, төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, захиргаа бодит нөхцөлд тохирсон шийдвэр гаргах, хуульд үндэслэх зарчмыг хангаагүй байна гэж шүүх дүгнэснээр хариуцагчаас гаргасан маргаан бүхий захиргааны актуудыг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарыг урд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах болон бусад шаардлагын тухайд.

Нэхэмжлэгч нар нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д зааснаар төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байсан, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчид байсан тул тэдгээрийн хөдөлмөрлөх эрхийн харилцаа нь Төрийн албаны тухай хуулиас гадна мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д: “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж зааснаар Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдахаар байна. Иймд эдгээр хуулиудын холбогдох заалтуудыг хамтад нь хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, шимтгэл төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхтэй” холбоотой  хэсгийг шийдвэрлэв.

 

Тэгэхээр нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааг 2018 оны 2 сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 сарын 05-ны өдөр хүртэл тооцож, нэхэмжлэгч нарын үндсэн цалин болон цалингийн нэмэгдлийн хэмжээг тэдгээрийн цалингийн тодорхойлолт, цалингийн карт, нийгмийн даатгалын дэвтэр ёсоор тогтоож, нэхэмжлэгч Н.Агийн хувьд , үндсэн цалин 600139 /зургаан зуун мянга нэг зуун гучин ес/ төгрөг, зэргийн нэмэгдэл 18% буюу 108025 /нэг зуун найман мянга хорин тав/ төгрөг, хугацааны нэмэгдэл 5% буюу 30007 /гучин мянга долоо/ төгрөгөөр /600139₮+108025₮+30007₮=738171/ тус тус тооцож, нэг өдрийн цалинг /600139:21,2=28308₮/ тооцон гаргаж, нийт ажиллаагүй хугацаа болох 9 сар 2 хоногоор бодож, нийт 6.700.155 төгрөгийн цалин, түүнтэй тэнцэх олговрыг, нэхэмжлэгч Э.М-ЭЭэнийн хувьд , үндсэн цалин 600139 /зургаан зуун мянга нэг зуун гучин ес/ төгрөгөөр тооцож,  нэг өдрийн цалинг /600139:21,2=28308₮/ тооцон гаргаж, нийт ажиллаагүй хугацаа болох 9 сар 2 хоногоор бодож, нийт 5.457.867 төгрөгийн цалин, түүнтэй тэнцэх олговрыг, нэхэмжлэгч О.М-Э-ЭЭэнийн хувьд  үндсэн цалин 516663 /таван зуун арван зургаан мянга зургаан зуун жаран гурав/ төгрөг, зэргийн нэмэгдэл 20% буюу 103333 /нэг зуун гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг, хугацааны нэмэгдэл 5% буюу 25833 /хорин таван мянга найман зуун гучин гурав/ төгрөгөөр /600139₮+103333₮+25833₮=645829₮/ тус тус тооцож,  нэг өдрийн цалинг /516663:21,2=24370₮/ тооцон гаргаж, нийт ажиллаагүй хугацаа болох 9 сар 2 хоногоор бодож, нийт 5.861.201 төгрөгийн цалин, түүнтэй тэнцэх олговрыг, нэхэмжлэгч Т.Ган-ЭЭэнийн хувьд  үндсэн цалин 488224 /дөрвөн зуун наян найман мянга хоёр зуун хорин дөрөв/ төгрөгөөр тооцож, нэг өдрийн цалинг /488224:21,2=23029₮/ тооцон гаргаж, ажиллаагүй хугацаа болох 9 сар 2 хоногоор бодож, нийт 4.440.074 төгрөгийн цалин, түүнтэй тэнцэх олговрыг тус тус олгуулахаар зааж шийдвэрлэлээ. Хариуцагч нь хуульд заасан холбогдох суутгалуудыг хийх нь зүйтэй болно. Нэхэмжлэгч Э.М, нэхэмжлэгч О.М-Э, нэхэмжлэгч Т.Г-Энарт маргаан бүхий холбогдох захиргааны актуудаар  гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгохоор заасан авч эдгээр нэхэмжлэгч нар нь шүүх хуралдаан дээр тэтгэлэг аваагүй талаар тайлбарлаж байна. Хэрэв захиргааны байгууллага уг тэтгэлэгийг нэхэмжлэгч нарт олгосон бол холбогдох мөнгөн дүнг суутган авах нь хуульд нийцнэ. 

 

Нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахдаа Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг ашигласан ба уг журмын 4 дүгээр зүйлд ажилтанд олгож байгаа хөнгөлөлтийн орлого /унаа, түлш, байр, хоолны үнийн хөнгөлөлт/-ыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж зохицуулсан байх тул Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газраас өөрийн ажилтнуудад хоолны хөнгөлөлтөнд сар бүр олгодог мөнгөн дүнг, түүнчлэн унааны хөлсийг нэхэмжлэгч нарын цалингийн нэмэгдэлд оруулаагүй болохыг тэмдэглэж байна. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, сар бүр нийгмийн даатгал шимтгэл төлөх үүрэгтэй болохыг, мөн хуулийн 46.2-д ажил олгогч нь ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг тус тус хуульчилж өгсөн байна. Хариуцагч байгууллагад хуулиар зааж өгсөн үүргийг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын агуулгадаа тодорхойлж гаргасан, шүүхээс уг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгааг тус тус харгалзан нэхэмжлэлийн шаардлагад холбогдох энэ хэсгийг мөн ханган хариуцагчид даалгалаа.

 

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнд өгсөн нэхэмжлэгч нарын тайлбар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, гуравдагч этгээд нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шүүхээс тал бүрээс нь үнэлж, захиргааны актуудын хууль зүйн үндэслэлийг хянаж, шийдвэрийн үндэслэл болсон холбогдох хууль, хууль тогтоомжийн хэм хэмжээг тайлбарлан дээр дурдсан байдлаар дүгнэлт хийж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлдөг ба хувь хэмжээг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг бол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрхэн хуваарилаж, хэнд хариуцуулахыг зохицуулдаг болно.   

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 болон мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ. 

 

Хэдийгээр нэг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, нэг ажиллагаагаар хэрэг хянан шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч тус бүр өөрт хамаарах захиргааны акттай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан, тэр утгаараа тус тусдаа улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлсөн байгааг шүүх хуулийн хүрээнд гэж үзэж, төсөвт үлдээн, хариуцагчаар төлүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан зарчмыг баримтлан хариуцагчийн ажиллаж буй байгууллагын санхүүгээс тэмдэгтийн хураамжийн төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь.

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 16 дугаар зүйлийн 16.1, 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Н.Аг ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” Б/38 дугаар, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Н.Аг ажлаас халах тухай” Б/54 дүгээр, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Э.М-ЭЭэнийг ажлаас чөлөөлөх тухай” Б/34 дүгээр, мөн өдрийн “О.М-Э-ЭЭэнийг ажлаас чөлөөлөх тухай” Б/35 дугаар, мөн өдрийн “Т.Ган-ЭЭэнийг ажлаас чөлөөлөх тухай” Б/37 дугаар тушаалуудыг тус тус хууль бус тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Аг Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд, нэхэмжлэгч Э.М-ЭЭэнийг мөн газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд, нэхэмжлэгч О.М-Э-ЭЭэнийг мөн газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Тайлан мэдээ, орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтний албан тушаалд, нэхэмжлэгч О.Ган-ЭЭэнийг мөн газрын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн Дэд бүтцийн хөгжил төлөвлөлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд тус тус эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Ад 6.700.155 /зургаан сая долоон зуун мянга нэг зуун тавин тав/, нэхэмжлэгч Э.Мд 5.457.867 /таван сая дөрвөн зуун тавин долоон мянга найман зуун жаран долоо/, нэхэмжлэгч О.М-Эд 5.861.201 /таван сая найман зуун жаран нэгэн мянга хоёр зуун нэг/, нэхэмжлэгч Т.Ган-ЭЭэнэд 4.440.074 /дөрвөн сая дөрвөн зуун дөчин мянга далан дөрөв/ төгрөгийг олгохыг, ийнхүү олгохдоо хуульд заасан холбогдох суутгалуудыг хийхийг, нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, зохих журмын дагуу сар тутмын шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг тус тус хариуцагч Х******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 280800 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /Х******* дүүргийн ЗДТГ-ын санхүү/-аас нийт 280800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч тус бүрт 70200 төгрөг буцаан  олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           У.БАДАМСҮРЭН