Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01830

 

М.Б, М.Т нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 153/ШШ2018/00218 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч М.Б, М.Т нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХДС” ТӨХК-д холбогдох,

Ховд аймгийн “ДЦС” ТӨХК-ийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзоригийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батчимэг, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ховд аймгийн “ДЦС” ТӨХК-д ээлжийн машинист хийдэг. Ховд аймгийнХДС 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гал түлж халаалт өгч эхэлсэн. ХДС төрийн өмчит хувьцаат компанийн захирал Д.Энхсайхан нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/12 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх...” гэж заасан хуулийн заалтыг хариуцагч Д.Энхсайхан биелүүлээгүй. Байгууллагын Дулаан дамжуулах төвийн сүлжээний насосны ээлжийн машинист М.Т, М.Б, Ж.Бадамгарав нар нь ХАБЭА-ын болон техникийн хичээлийн ээлжит шалгалтад 2 удаа мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох комиссын шалгалтад орсон. Эхний удаа шалгалтанд орж 100% тэнцсэн боловч шалгалтын материал задарсан байна гээд 2 дахь удаагаа дахин авсан. Дахин шалгалтад нийт 20 гаруй хүн орсон. Гэтэл М.Б, М.Т бид 2-ыг тэнцүүлээгүй бусад ажилтнууд бүгд тэнцсэн байсан. Үүнээс болж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон...” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм. 

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай тогтоолд хуулийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гаргасныг ойлгоно. Бид мэргэжил ур чадварын хувьд тэнцээгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Ховд аймгийн ХДС төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх гэж заасныг зөрчсөн гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь захирлын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах юм. Тэгвэл ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөхдөө нэг сарын дотор мэдэгдээгүй гэдэг нь тухайн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгох үндэслэл биш юм. Өөрөөр хэлбэл шүүх уг тушаал хууль зүйн хувьд үндэслэлтэй эсэх, тушаалын үндэслэл нь баримтаар тогтоогдож байгаа эсэхэд дүгнэлт хийх ёстой.

Мөн нэхэмжлэгч нарт мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй байгаа, шалгалтанд удаа дараа унасан учир нэг сарын дараа ажлаас чөлөөлөх тухай тус байгууллагын хүний нөөцийн ажилтан утсаар ярьж танилцуулсан байдаг ба ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэлд нэхэмжлэгч нар гарын үсэг зурахаас татгалзсан байдаг. Нэхэмжлэгч нар нь ХАБЭА-ийн болон техникийн ээлжит шалгалтанд 2 удаа, мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын шалгалтанд тус тус хангалтгүй дүн үзүүлж тэнцээгүй байна.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 153/ШШ2018/00218 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд аймгийн ДЦС төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн Б/12 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Б, М.Тнарыг Ховд аймгийн ДЦС төрийн өмчит хувьцаат компанийн Дулаан дамжуулах төвийн сүлжээний насосын ээлжийн машинистын ажилд тус тус эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Б-д ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1 984 968 төгрөг, нэхэмжлэгч М.Т-д ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2 102 206 төгрөгийг тус тус хариуцагч Ховд аймгийн ДЦС төрийн өмчит хувьцаат компаниас гаргуулан олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн ДЦС төрийн өмчит хувьцаат компанид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ховд аймгийн ДЦС төрийн өмчит хувьцаат компаниас улсын тэмдэгтийн хураамж 95 294 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 153/ШШ2018/00218 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хөдөлмөрийн гэрээгээр заавал тохиролцсон байх гол 4 нөхцөлийг заасан байдаг бөгөөд шалгалт авах, дүгнэлт гаргах ажиллагааг журамлан хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцох талаар заагаагүй. Мөн дээр дурдсанаар “ХДС” ТӨХК нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох комиссыг захирлын тушаалаар томилж ажиллах журмыг нь баталсан байдаг. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд дээрх харилцааг заавал зохицуулж тусгана гэсэн заалт ямар ч хуульд заагдаагүй байдаг.

...Гэрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн асуултыг буруу ойлгож мэдүүлсэн боловч хариуцагчийн төлөөлөгчийн асуултанд “...би 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02, 03 дугаартай мэдэгдлийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бичсэн, тухайн өдөр нь энэ хүмүүст утсаар мэдэгдсэн боловч гарын үсэг зурахаас татгалзсан, гарын үсэг зурахаас татгалзсан гэсэн тэмдэглэлийг сүүлд нөхөж бичсэн...” гэж мэдүүлсэн байдаг. Энэ нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд судлуулсан анхан шатны шүүх хуралдааны бичлэгээр тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх дан ганц нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн асуултанд хариулсан мэдүүлгийг үндэслэл болгон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасныг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх энэ шийдэл зөв гэж байгаа нь буруу юм. Мөн мэдэгдлүүдэд хүний нөөцийн ажилтан заавал гарын үсэг зурах ёстой, байгууллагын тамга тэмдэг заавал дарсан байх, стандартад нийцүүлсэн байх гэсэн хуулийн тусгайлсан шаардлага байхгүй.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул мөн хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч М.Т, М.Б нар нь “ХДС” ТӨХК-ийн дулаан дамжуулах төвийн сүлжээний насосын ээлжийн машинистын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч “ХДС” ТӨХК-д холбогдуулан гаргажээ.

Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нарыг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж буй ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь шалгалтын дүнгээр тогтоогдсон гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодиттойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгч нараас шалгалт авсан, тэдгээрийг үнэлсэн ажил олгогчийн ажиллагаа, ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл гардуулсан байдал зэрэг хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын талаар хийсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2., 40.5.-д заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогч захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байна. Гагцхүү хуулийн энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд энэ тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй болно.

Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар ажилтанд хуульд заасан хугацаанд мэдэгдсэн болох нь баримтаар тогтоогдоогүй гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд ажилтнуудаас мэргэжлийн шалгалт авах журам зохицуулагдаагүй, ажилтнуудтай байгуулдаг хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй гэж дүгнэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6., 130 дугаар зүйлийн 130.2.-т зааснаар хөдөлмөрийн гэрээний оролцогч талууд нь гэрээндээ  энэ хуулийн 21.1-д заасан гол нөхцөлөөс гадна бусад нөхцөлийг тохирч болох бөгөөд хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг  тусгадаг учир хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд ажилтнуудаас мэргэжлийн шалгалт авах журам тусгагдаагүй байх нь шалгалтад тэнцээгүй ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх шууд үндэслэл болохгүй юм.

Харин ийнхүү хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд мэргэжлийн шалгалтын талаар тусгагдаагүй байдал нь ажилтнуудаас шалгалт авсан ажил олгогчийн ажиллагаа, шалгалтын дүнгийн талаар дүгнэлт өгөх боломжийг хязгаарлагдмал болгосон гэж үзэх боломжтой.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 153/ШШ2018/00218 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 29 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН