Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/87

 

    2021          03            18                                          2021/ШЦТ/87

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,

Шүүгдэгч Б.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-д холбогдох эрүүгийн 2138000000042 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, Б.Н.

Шүүгдэгч Б.Н- нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой болох Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын 3 дугаар багийн нутаг “Хүрхрээ” гэх газраас 4.96 куб.метр мод бэлтгэж ойн санд 836.528 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Н- нь түлээ бэлтгэх зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой болох Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын 3 дугаар багийн нутаг “Хүрхрээ” гэх газраас 4.96 куб.метр мод бэлтгэж ойн санд 2.509.586 төгрөгийн хохирол учруулан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 дугаар хуудас/,
  • 4.96 куб/метр хуурай шинэс мод, “Пронтер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
  • Эд мөрийн баримтаар БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 1 ширхэг моторт хөрөөг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 18 дугаар хуудас/,
  • Хохирогч Н.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хяналтын захиргааны жижүүр эргүүл хяналт шалгалтын дагуу хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр Хатгал тосгоны усан замын гүүр, Хар толгой, Эгийн голын гүүрний дагуу байгаль хамгаалагч Ц.Н-н хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх явцад Хар толгойн ойролцоо мөс нь дээр ... улсын дугаартай хөх өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгсэл дээр иргэн Б.Н- нь мод бэлтгэх эрхийн бичиг, гоожин байхгүй хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж цагдаагийн байгууллагад шилжүүлж ажилласан. ...“Хүрхрээ” гэх газар нь Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс нутагт хамаарагдаж явдаг. “Хүрхрээ” гэх газарт иргэн хүнд мод бэлтгэх эрхийн бичиг олгодоггүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,
  •  Гэрч А.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ байж байхад Б.Н- ах түлээ ачилцаад өгөөч гэхээр нь би цуг Хатгал тосгоноос Б.Н- ахын машинтай далайн урагшаа явсан. Ямар газар гэдгийг нь сайн мэдэхгүй. Бид хоёр модонд очоод мод бэлтгэж тээвэрлэсэн. Б.Н- ах хөрөөгөө бариад босоо хуурай мод барагцаагаар 7 ширхэг мод унагаж 2 метрийн урттай тайрч ачсан. Мөн уначихсан байсан модноос тайрч ачсан. Мод ачаад Хатгал орох гэж явж байхад эргүүл хяналт шалгалтын хүмүүст шалгуулсан. ...Б.Н- ах Хатгалын улсын байцаагч Д.Г-аас гоожин авсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28, 30 дугаар хуудас/,
  •  Гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын эхээр иргэн Б.Н- нь мод бэлтгэх эрхийн бичиг авахаар ирсэн. Тухайн үед 2021 онд мод бэлтгэх Хатгал тосгоны Захирагчийн захирамж гараагүй мөн Сум дундын ойн ангид үнэт цаасны тайлангаа өгөөгүй байсан учир зөвхөн Засгийн газрын 184 дүгээр тогтоолыг үндэслэн ойн нөөц ашигласны төлбөрийг тушаалгаад Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны ойн санг гэрээгээр эзэмшдэг “Хүйн холбоо” ойн нөхөрлөлийн талбайгаас мод бэлтгэх чиглэл өгч мөнгө тушаасан баримтын хамт явуулсан. Б.Н- нь миний зааж өгсөн “Хүйн холбоо” нөхөрлөлийн талбайгаас мод бэлтгээгүй Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
  •   “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн инженер Б.О-н 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай: “Иргэн Б.Н-н модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 4.96м3 түлээний хуурай шинэс мод байв. Б.Н-н бэлтгэж тээвэрлэсэн гэх мод нь түлээний хуурай шинэс мод байв. Мод бэлтгэсэн Чандмань-Өндөр сумын “Хүрхрээ” гэх газар нь 2012 оны ойн зохион байгуулалтын 289-р хэсэглэлийн 30-р ялгаралд хамаарах хамгаалалтын бүсийн /1 дүгээр муж/ ойд хамаарч байна. Мод бэлтгэсэн Хүрхрээ гэх газар нь Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарна. Б.Н-н бэлтгэсэн модонд хэмжилт хийж экологи эдийн засгийн үнэлгээ 836.528 төгрөг. Монгол улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь заалт /иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед ойд аялал, зугаалгаар явахыг хориглоно/-ыг, 35 дугаар зүйлийн 35.4.2 дахь заалт /Зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн/-ыг тус тус зөрчсөн байна” гэх дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 36-38 дугаар хуудас/,
  •    “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн инженер Б.О-н 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаартай: “Иргэн Б.Н-н бэлтгэж, тээвэрлсэн гэх мод нь түлээний хуурай шинэс мод байв. Мод бэлтгэсэн Чандмань-Өндөр сумын “Хүрхрээ” гэх газар нь 2012 оны ойн зохион байгуулалтын 289-р хэсэглэлийн 30-р ялгаралд хамаарах хамгаалалтын бүсийн /1 дүгээр муж/ ойд хамаарч байна. Мод бэлтгэсэн Хүрхрээ гэх газар нь Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт N 50.26.09.1, E 100.25.08.8 нь GPS байршил нь ХУТХГазарт хамаарна. 1986 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 370-р тогтоолоор “Хөвсгөл нуурын хамгаалалтын захиргаа”-г Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд байгуулагдсанаар одоогийн “Хөвсгөлийн Улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа”-ны үндэс суурь тавигдсан байдаг. 1992 онд Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Хөвсгөл нуур, түүний сав газар, Үүр-Уйлганыг хамарсан газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авч Хөвсгөлийн байгалийн үндэсний цогцолборт газрыг байгуулсан. 1995 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцүүлэн байгалийн цогцолборт газрын ангилалд хамруулсан” гэх нэмэлт шинжээчийн дүгнэлт, координатыг харуулсан зураг /хх-ийн 44-47 дугаар хуудас/,
  •    Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний: “...ойн санд учруулсан нөхөн төлбөрийн нийт хэмжээ 2.509.586” гэх дүгнэлт /хх-ийн 53 дугаар хуудас/,
  • “Пронтер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 4.500.000 төгрөгөөр үнэлсэн автомашин, техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 55-57 дугаар хуудас/,
  •  Татварын албаны цахим системээс хэвлэсэн “Татвар төлөгчийн нэр: Б.Н-, татварын төрөл: ойн нөөц ашигласны төлбөр, төлөх дүн: 24.000 гэх төлбөрийн даалгавар /хх-ийн 74 дүгээр хуудас/,
  •  2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр регистрийн ... дугаараар төрийн сангийн ... дугаарын данс руу ойн нөөц ашигласны төлбөрт 24.000 төгрөг шилжүүлсэн Төрийн банкны төлбөрийн баримт /хх-ийн 75 дугаар хуудас/,
  •  “Киа Пронтер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 83 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хатгал тосгоны Захирагчийн албаны байгаль хамгаалагч Д.Г-аас гоожин авахаар очиход гоожин ирээгүй, банкинд гоожингийн мөнгө тушаагаад ир гэсэн. Тэгэхээр нь Төрийн банкинд очоод 24.000 мянган төгрөг орон нутгийн орлогод тушаагаад буцааж Д.Г- дээр очиход гоожин байхгүй. Энэ тушаасан баримтаараа яваад ир гэсэн. Түлээний модыг Пүрэвсүрэн гуайн нөхөрлөлийн газар Чулуутаас модоо бэлтгэж авна шүү гэж хэлсэн. Тэгээд модоо бэлтгэхээр өөрийнхөө Пронтер маркийн машинаар А.М-ын хамт явсан. Чулуут гэх газарт очиход ямар ч түлээ байхгүй байсан. Чулуутаасаа түлээ хайж уулаар дамжиж явсаар байгаад Чандмань-Өндөр сумын Хүрхрээ гэх газарт очиж долоон ширхэг босоо хуурай мод, унанги модноос цахилгаан хужаа хөрөөгөөр огтолж модоо бэлтгэсэн. Модоо ачиж аваад буцах замдаа Хар толгой гэх газарт тусгай хамгаалалтын газрын байгаль хамгаалагч нарт шалгуулаад зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна гээд машиныг журамлахаар болсон. Д.Г- байгаль хамгаалагч банкинд мөнгөө тушаагаад яваад ир гэдгийг хэлсэн боловч гоожингийн бичгээ аваагүй бол зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ гээд модтой машиныг цагдаагийн хашаанд журамлаж, маргааш нь модыг нь тамгын газрын хашаанд буулгуулсан. ..Хатгал тосгоны Чулуут гэх газрын мэргэжлийн байгууллагын тусгаарлуулсан талбайгаас модоо бэлтгэхийг зааж өгсөн. ..Тэр газарт очиход мод, унанги мод байхгүй байсан. Мод хайсаар явж байгаад машин тэрэгний мөр их явсан газарт очиж модоо бэлтгэсэн юм. ..Гэртээ түлэх түлээгүй болчихоод л түлээнд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71, 92-93 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар хуудас/,
  • Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 76 дугаар хуудас/,
  • Б.Н-н ВСЕ ангиллын жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 77 дугаар хуудас/,
  • Б.Н-н иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 78 дугаар хуудас/,
  • Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 79-80 дугаар хуудас/,
  • Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 81 дүгээр хуудас/,
  • Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 82 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ажлын албаны даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолт зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн байгаль орчин, экологийн мэдлэг дутмаг, нөгөө талаас Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас иргэдэд байгаль орчныг хамгаалах, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль, тогтоомжийг сурталчлах, тайлбарлан таниулах ажил хангалтгүй хийгдсэн, холбогдох байгууллага, албан тушаалтан хууль, журамд нийцүүлэн үйл ажиллагаа явуулахгүй байгаа байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Б.Н- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн хамгаалалтад байх ойн санд хохирол учруулан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан хор уршигт зориуд хүргэж, “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Б.Н- нь түлээ бэлтгэх зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой болох Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын 3 дугаар багийн нутаг “Хүрхрээ” гэх газраас 4.96 куб.метр мод бэлтгэж ойн санд 836.528 төгрөгийн хохирол учруулан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь шунахайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоосон байх тул шүүгдэгч Б.Н-н үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь байгаль орчин, экологи-эдийн засагт 2.509.586 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Н- нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 509.586 төгрөгийг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Нуур хамгааллын төрийн сангийн 100172113005 дугаарын данс руу шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтыг шүүх хуралдаанд гарган өгч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Б.Н-гаас 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын албанд олгох нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, учруулсан хохирлоос 509.586 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэх 2.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.Н- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “..хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н- нь гэмт хэрэг санаатайгаар үйлдсэн, шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н- нь ойн санд учруулсан 836.528 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2.509.586 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэйгээс 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 509.586 төгрөгийг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Нуур хамгааллын төрийн сангийн ... дугаарын данс руу шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтыг шүүх хуралдаанд гарган өгсөн ба үлдсэн хохирлыг төлж барагдуулах талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрлийн гэрээ байгуулж, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэг “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 836.528 төгрөгийн үнэлгээтэй 4.96 куб.метр түлшний шинэс модыг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч улсын орлогод оруулж,

Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Б.Н-н эзэмшлийн 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээтэй “Киа Пронтер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хураан авч худалдан борлуулж олсон орлогоос 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирол нөхөн төлөхөд тооцож оруулахаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1.500 /нэг мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт  шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “..шүүгдэгчийн хувийн байдлын хувьд ам бүл 1, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Киа Пронтер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийн 87.1.5-д заасан “төлбөр төлөгч-иргэн мэргэжлийнхээ ажил, үйлдвэрлэл явуулахад зайлшгүй шаардагдах эд юмс”-д хамаарч байх тул улсын орлогод оруулахгүйгээр өөрт нь буцаан олгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэл..” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “..гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь ..тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан, “Киа Пронтер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б.Н-н өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 83/-аар тогтоогдож байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан моторт хөрөөг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна.

Шүүгдэгч Б.Н- нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6

дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Н-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Н-д тэнссэн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н- нь ахин гэмт хэрэг санаатайгаар үйлдсэн, шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, тэнссэн шүүгдэгч Б.Н-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Н-гаас 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын албанд олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 836.528 /найман зуун гучин зургаан мянга таван зуун хорин найм/ төгрөгийн үнэлгээтэй 4.96 куб.метр түлшний шинэс модыг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч улсын орлогод оруулахыг,

Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Б.Н-н эзэмшлийн 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээтэй “Киа Пронтер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хураан авч худалдан борлуулж олсон орлогоос 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирол нөхөн төлөхөд тооцож оруулахыг,

 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1.500 /нэг мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг,

хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт  шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

8. Шүүгдэгч Б.Н- нь цагдан хоригдоогүй, хохиролд 509.586 /таван зуун есөн мянга таван зуун наян зургаан мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан моторт хөрөөг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

10.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЧИР