Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 185

 


    ШИЙДВЭР


2017-03-21    №185    Хэнтий аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2017/00075/
 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,
 Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 20-20 тоотод оршин суух, Шараагийн Батхүүд холбогдох, (РД: СЛ-70090419)
 Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багт оршин суух Нямаагийн Алтансүхийн  нэхэмжлэлтэй, 
“зээлээр худалдах, худалдан авах гэрээний үнэ, алдангийн нийт 1 616 700 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг

ТОДОРХОЙЛОХ НЬ:
 
Нэхэмжлэгч Н.Алтансүх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ... Би 2016 оны 11 дүгээр 24-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр КИА-ВОНГО машиныг 1 500 000 төгрөгөөр үнэлж тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулан Ш.Батхүүд зарсан юм. Мөнгийг өгөөгүй тохиолдолд 0.2%-иар алданги тооцохоор тохиролцсон.Уг нь 2015 оны 9 дүгээр сарын 20-нд аваад эцсийн хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 20-нд өгнө гэж тохиролцсон боловч өгөөгүй учир нөхөж 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ хийсэн болно. Одоо Ш.Батхүүгээс 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх 389 хоногийн алдангийг өдөрт 3000 төгрөгөөр бодож 116 700 төгрөг, үндсэн зээлд 1 500 00 төгрөг, бүгд 1 616 700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал) 
Хариуцагч Ш.Батхүү нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Н.Алтансүхийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Н.Алтансүхийн нэхэмжилсэн 1 616 700 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах болно. Энэ хэрэгт шинээр гаргах бичгийн нотлох баримт байхгүй. Өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 10 тал) 
ҮНДЭСЛЭХ НЬ: 
Нэхэмжлэгч Н.Алтансүх нь хариуцагч  Ш.Батхүүгээс“зээлээр худалдах, худалдан авах гэрээний үнэ, алдангийн нийт 1 616 700 төгрөгийг гаргуулах” -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ш.Батхүү нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч Н.Алтансүхийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үнэ, алдангийн нийт         1 616 700 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч  Ш.Батхүүд холбогдох, Н.Алтансүхийн нэхэмжлэлтэй,“зээлээр худалдах, худалдан авах гэрээний үнэ, алдангийн нийт 1 616 700 төгрөгийг гаргуулах”  тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч  Н.Алтансүхийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41 500 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 20 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20 750 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Ш.Батхүүгээс 20 750 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Алтансүхэд олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь 2017 оны 6 дугаар сарын 01-ний дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.   

ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ