Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/156

 

 

 

 

 

 

 

 

  

     2021            03           11                                      2021/ШЦТ/156                                

                                                                                                                     

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Ж-гийн Б-ид холбогдох эрүүгийн 19100 2546 0147 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Хурц, хохирогч Д.Б, хохирогчийн өмгөөлөгч А.Золжаргал, шүүгдэгч Ж.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Даваажав нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад хэл, аялал жуулчлалын мэргэжилтэй, “Э м” ХХК-д захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Ж-гийн Б- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Д.Бтай “Орон сууц захиалан бариулах гэрээний эрхийг шилжүүлэх гэрээ” байгуулж, Хххх тоот орон сууцны төлбөрт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 50.0 сая төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 50.0 сая төгрөг, мөн 150.0 сая төгрөгийн үнэ бүхий Лексус 570 маркийн автомашин зэрэг эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн урьдчилгаа төлбөрт авсны дараа 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 19 дугаартай албан бичгээр “Э к” ХХК-д өөрийн өр төлбөрт суутгуулахаар шилжүүлсэн буюу Д.Быг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, түүнээс 250.0 сая төгрөг авч, их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ж.Боос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“... “Э м” ХХК нь “Э к” ХХК-тай хийсэн “Арматур худалдах, худалдан авах гэрээ”-ий дагуу 50 хувийн төлбөр буюу урьдчилгаанд нь бартерын орон сууц авсан байгаа. Үүний дагуу гэрээ хийгдсэн өдөр орон сууцыг манай өмчлөлд шилжүүлж, захиран зарцуулах эрхийг шилжүүлсэн.

Хоёрдугаарт: Энэхүү гэрээ нь одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа бөгөөд гэрээний биелэлт нь 94 хувьтай явж байгаа (миний санаж байгаагаар), гэрээг дүгнээгүй. Гэрээ одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа учир цуцлагдаагүй гэсэн үг.

Д.Бтай хийсэн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” нь “Э к” ХХК-ийн надад гэрээгээр олгосон эрхийн дагуу хүчин төгөлдөр байгаа учраас түүний дагуу хийгдсэн гэрээ байгаа. Тийм учраас прокурорын яллах дүгнэлтэд бичсэн “Залилах” гэмт хэрэг хийсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй, санал нийлэхгүй байна. Надад ямар ч залилах санаа зорилго байгаагүй бөгөөд Д.Бт анхнаасаа “гэрээгээ дүгнээд, хоёулаа цуцалъя, тэгээд мөнгөө төлдгөөрөө төлье” гэж хэлж байсан.

Өнөөдөр Д.Бтай “гэрээгээ дүгнээд, цуцалъя” гэдэг шийдэлд хүрээд мөнгөө шилжүүлэх гэсэн боловч Хаан банкин дээр сүлжээ тасарчихлаа. Миний хувьд 17.0 сая төгрөгийг шилжүүлсэн байгаа. Прокурорт хэлэхэд манай 250.0 сая төгрөгийн хохирлоос 10.0 сая төгрөг төлсөн талаарх хохирлыг ерөөсөө хасахгүй яваад байна. Үүн дээр анхаараарай. Тиймээс учруулсан хохирлын хувьд 240.0 сая төгрөг болсон байгаа. Мөн хүү алдангийн талаар ярьсан бөгөөд үүнийг иргэний журмаар шийдвэрлэж болно гэж өмнөх шүүх хурал дээр хэлж байсан. Манайх 240.0 сая төгрөгийн хохирлыг барагдуулна. “Э к” ХХК-ийн төлөөлөгч Ө.Б- нь тас хөндлөн хуурамч мэдүүлэг өгсөн байсан. Энэ талаар хаана, хэрхэн гомдол гаргадаг юм, өмгөөлөгчтэйгөө ярилцаж зөвлөлдөнө.

19 тоот албан бичиг нь миний гарын үсэггүй албан бичиг байгаа. Миний гарын үсгийг Ө.Б-тай холбоотой өмгөөлөгч Ц.Гүенбатын туслах хийж өгсөн. Манай компанийн тамга санаандгүй түүний гарт явж байгаад хийгээд өгчихсөн байсан. Хохирлын хувьд Д.Баас гадна би ч гэсэн “Э к” ХХК-аас болж хохирсон байгаа. Хавтаст хэрэгт тухайн мессежийг нь хавсаргуулж өгсөн.

Д.Баас авсан мөнгөний захиран зарцуулалтад хэдэн төгрөг нь манай компанийн үйл ажиллагааны захиран зарцуулалтад орсон, хэдэн төгрөгийг П.С хувьдаа зарцуулсан талаар мэдэхгүй байна,  энэ талаар шалгуулмаар байна. Өмнөх шүүх хурлаас шүүгч өөрийн итгэл үнэмшлээр энэ бичиг баримт дутуу байна гээд хэргийг прокурорт буцаасан боловч миний өмгөөлөгч ямар ашиг сонирхолтой юм бүү мэд, гомдол гаргасан. Одоо ямар шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй байгааг мэдэхгүй байна.

Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж надад ч гэсэн чирэгдэл учруулсан. Хэрэг прокурорт буцвал “эдгээрийг шалгуулъя” гэсэн боловч хууль зүйн зөвлөгөө өгч байгаа хүн иймэрхүү байдлаар хандсан. “Шударга байя” гэвэл прокурорт хэргийг буцаагаад дахин шалгуулж, бичиг баримтаа нэмж авчирч өгье. Тэр хооронд хохирогч Д.Бын хохирлыг барагдуулъя. Энэ хэрэгт “Э к” ХХК-г татан оруулж гэрээнээс болж хохирсон хохирлоо барагдуулах талаар шалгуулах хүсэлттэй байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Д.Баас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“... “Э к” ХХК-тай шүүгдэгч Ж.Б нь 2017 онд “Арматур нийлүүлэх гэрээ” байгуулсан байдаг. “Э к” ХХК-ийн зүгээс удаа дараа шаардлага тавьж байсан ч гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул тухайн гэрээнд зааснаар өгсөн байрыг өөрсдийнхөө өмчлөлд шилжүүлэн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан гэж хэлдэг. Энэ тухай гэрчилгээ нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Ж.Бийн тухайд тухайн орон сууц баригдахаас өмнө гэрээ хийсэн байдаг ба хэрвээ Ж.Б үүргээ гүйцэтгэсэн бол мэдээж энэ байр нь баригдаад дууссан байх ёстой. Үнэхээр гүйцэтгэж байсан ч юм уу мэдэхгүй,  тодорхой хэмжээгээр гүйцэтгэсэн бол “Э м” ХХК-ийн нэр дээр орон сууцны гэрчилгээ нь гарсан байх ёстой.

Гэрээнд заасан байрыг “Э к” ХХК нь 2018 оны 02 дугаар сард өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авсан. Тэгэхээр тухайн байр нь баригдаад ашиглалтад орсон байж таарч байна. Үүнээс хойш буюу 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Ж.Б надтай гэрээ байгуулж, надад тухайн байрыг худалдсан. Одоо бол бусдын өмчийг захиран зарцуулсан болж таарч байна. “Э к” ХХК-ийн өмнөөс байр хүлээлгэж өгсөн гэж худал хэлж байна.

П.С, Ж.Б нар өөрсдөө намайг дуудсан. Машин тэрэг ярьж байна. Таг харанхуй байж байгаад машин авахгүй нь ойлгомжтой. Эхлээд мэдээж бартерийн зүйл оруулах гэж байгаа бол тухайн эд зүйлийн чанар, үзэмж, зах зээлийн үнэлгээг мэдэж байж энэ машиныг авна гэж хэлнэ. Машины гэрчилгээг үзэж харилцан тохиролцсоны үндсэн дээр авсан. Ж.Б өөрөө “тантай байгуулсан гэрээний дагуу энэ данс руу мөнгөө хий” гэж хэлэхээр нь мөнгөө хийсэн. “П.Сгийн данс руу мөнгөө хий” гэж хэлсэн. Энэ мөнгө хаашаа орж, хэрхэн захиран зарцуулсан нь хэрэгт онцын ач холбогдолгүй гэж үзэж байна. П.С, та хоёр надад байраа хүлээлгэж өгөхдөө зэс аягатай хүлээлгэж өгсөн. Тэр зэс аягыг бэлгэшээж байлгаж л байгаа. Тухайн үед надаас ямар ч хамаагүй аргаар мөнгө салгаж авна гэж бодож байсан байна. Гэрээний үүргээ биелүүлж дуусгаагүй, үүргийн гүйцэтгэл дуусаагүй байсан байна.

Тэгээд цаашлаад манай тог цахилгааныг тасалсан. 2018 оны 10 дугаар сараас хойш асар их дарамт шахалтад байсаар байна. Би 2018 оны 10 дугаар сард ийм асуудал болоход Ж.Бид мэдэгдсэн. Надтай viber-аар харилцсан мессежнүүд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Одоо ийм асуудал яриад зогсож байгааг ойлгохгүй байна. Тухайн үед буруугаа ойлгоод “ямар ч байсан чамайг хохироохгүй, тайван байж бай” гэсэн бүх баримт нь байгаа.

2018 онд манай эхнэр бие давхар байсан, би маш их зовлонгоо тоочиж гуйсан. Тэгээд 2019 онд манай эхнэр төрөөд нялх биетэй байхад нь гэрийн тог цахилгаан таслаад явчихдаг, хөхөнд нь сүү байхгүй болохоор хүүхдээ угжих болдог, газан плитка дээр угжны сүүгээ халаасан зургаа хүртэл Ж.Бид явуулж байсан. “Намайг битгий ингэж байлгаач” гэж гуйж байсан. Ж.Б тэгэхэд “битгий санаа зов, “Э к”-тай учраа олоод шийдээд өгнө” гэдэг. Өнөөдрийг хүртэл миний сэтгэл санаа, мөн дээр нь гэр бүл, үр хүүхдэд хүртэл ямар их сэтгэлийн дарамт ирээд байж байна.

Хөхөө өвлийн хүйтэнд нялх нойтон хүүхэдтэй байхад ирээд хаалга үүд нүддэг, шөнийн 01 цагт хүртэл “байрны төлбөрөө төл, эсвэл гар” гэдэг. Асар их дарамтад байдаг. Би П.С та хоёрт итгэсэн, “бушуухан мөнгийг нь гаргаад өгье” гэхээр нь бас итгэсэн. Дараа нь надад бичиг хийж өгөөд намайг хуурсан, дахиад бичиг хийж өгөөд мөн л хуурсан. Тэгэхэд нь би “юу болоод байгаа юм бэ” гэхэд Ж.Б надад “чаддаг юм бол шүүх, цагдаагаараа яваарай” гэж хэлэхээр нь гомдлоо гаргасан. Би асар их гомдолтой, хохиролтой байна.

250.0 сая төгрөгийн хохирлын баримтыг хэрэгт гаргаж өгсөн байгаа. Үндсэн хохирлоос гадна “Э к” ХХК-д шахуулж машин тэргээ барьцаанд тавьсан. Түүний хүүг хэдэн сараар төлж байна. Ж.Б асуудлаа шийдээд өгсөн бол би ийм байдалд орохгүй байсан. Дахиад нэг машинаа барьцаалан зээлдүүлэх газар тавьсан. 2 машинаа барьцаалан зээлдүүлэх газар тавиад, нэгийг нь мөнгөө төлж чадаагүй болохоор алдсан.

“Адилхан залуу хүн байна, та хүүхэдтэй биз дээ” гэж гуйхад “ойлгож байна” гэдэг. Өөрөөр арга хэмжээ авдаггүй, өнөөдрийг хүртэл бодитойгоор амьдрал дээр хохироод яваад байна. Хэрэг дээд шатны шүүхүүдээр ороод ирсэн ч өнөөдрийг хүртэл хохирол төлбөрийг барагдуулах тал дээр ямар ч санал санаачилга гаргаагүй, шүүх хуралдааны урд өдөр яриад баахан машины зураг явуулсан. Би эдгээр машинуудыг үзэж хараагүй учир мэдэхгүй, янз бүрийн үнэ хэлдэг ч би ченж биш учир үнэ ханшийг нь мэдэхгүй.

Янз бүрийн ойлгогдохгүй зүйлийг шүүхийн танхимд ярьж байна. “Э к” бол маш том компани байсан. Нягтлан бодогч болоод санхүүгийн олон хүн ажилладаг юм байна лээ. Тэр хүмүүс нь тэнэг биш байлгүй, бүх зүйл нь санхүүгийн баримттай байх. Хэн нь хэний ах дүүс байх нь надад ямар хамаа байх вэ, гэхдээ энэ хүмүүс санхүүгийн баримтыг гаргаж өгөөд “та дахиж Ж.Бид төлбөр хийж болохгүй шүү, энэ орон сууц бол манай өмч, манай өмчийг танд зарсан байна” гэж хэлээд өөрсдийнхөө өмч гэх улсын бүртгэлийн гэрчилгээг надад харуулсан. Одоо болтол Ж.Б тэд нарт өртэй гэж хэлдэг.

Надаас мөнгө авсан чинь үнэн биз дээ. Өчнөөн хохироочихоод “машин чинь ийм байсан” гэж яриад байж байдаг. Намайг тартагт нь тултал явуулж байна. Давж заалдах шатны шүүх дээр ярилаа, Дээд шүүх дээр очлоо, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нь хүртэл гомдол гаргалаа. “Энэ хүн чинь хохирч байна” гэж бодохгүй байна. Ж.Б “наадах чинь иргэний хэрэг, иргэний журмаар шийдүүлэх ёстой” гэж яриад байгааг ойлгохгүй байна.

Би Ж.Бийг “их зальхай зальжин хүн байна” гэж харж байна. Би машин тэрэг барьцаалан зээлдүүлэх газар тавьсан хохирол, үндсэн хохирол, мөн “Э к” ХХК надад байраа зарах болж байна. Энэ дунд дахиад хохирч байна. Би гомдолтой байна. Миний хохирол гомдлыг яаж барагдуулах юм бүү мэд. Өдөр бүр дарамтад орж байна. Би биш гэр бүлээрээ хохироод эхнэр, хүүхэд маань хаалга үүд нүдэхээр айж байна. Энэ хэргээс болж маш их хохирол хүлээсэн. Өмнөх шүүх хуралдааны үед хохирлын баримтуудыг өмгөөлөгч нараас шүүхэд өгсөн байгаа. Анх 515.0 сая төгрөгөөр 148 тоотыг худалдан авахаар Ж.Бтой тохирч байсан боловч одоо “Э к” компани нь өөрийн худалдан борлуулж байгаа үнээр байрыг надад 548.5 сая төгрөгөөр зарна гэснээс байрны үнийн зөрүү 33.5 сая  төгрөгөөр хохирч байна. Мөн “Э к” ХХК-д байрны үнэд нийт 340.0 сая төгрөгийг төлөх гэж машин тэргээ барьцаанд тавьж зээл аван хүү төлсөөр хохирол нэмэгдэж байна. Ж.Б нь хэлсэндээ байгаад намайг хохиролгүй болгосон бол би хохирсон дээрээ нэмж хохирохгүй байсан.

Надад учирсан үндсэн хохирол 250.0 сая төгрөгөөс 17.0 сая төгрөг төлөгдсөн. Одоо үлдэх хохирлын 233.0 сая төгрөг дээр байрны үнийн зөрүү 33.500.000 төгрөг, мөн эд хөрөнгөө барьцаалж зээл аван зээлийн хүү төлж хохирсон 24.900.000 төгрөг, нийт 58.400.000 төгрөгийг хохирол учруулсан хор уршигт тооцон нэхэмжилж байна. Ж.Боос учирсан хохирол 281.400.000 төгрөгийг гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү. Улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг дэмжиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 2546 0147 дугаартай хэргээс:

 

1. Д.Б болон Ж.Б нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 02 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээний эрхийг шилжүүлэх” гэрээ, 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 15-000675 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ий хуулбар баримтууд, “Автомашин худалдах худалдан авах гэрээ” болон Д.Баас төлбөр гүйцэтгэсэн талаарх мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбарууд /хэргийн 1-р хавтас 09-10х, 11-13х, 16-17х, 19х/,

 

2. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ баримт /хэргийн 1-р хавтас 22х/,

 

3. “Э м” ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа, үүсгэн байгуулагчийн мэдээлэл, гэрээ, дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ,  /хэргийн 1-р хавтас 13-15х, 187-249х/,

 

4. “Э м” ХХК болон “Э к” ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 05/2017052301 дугаартай “Арматур худалдах, худалдан авах гэрээ” /хэргийн 1-р хавтас 32-36х/,

 

5. “Э м” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Э к” ХХК-д гаргасан 19 дугаартай хүсэлт бүхий албан тоот, тооцоо нийлсэн акт /хэргийн 1-р хавтас 96-97х/,

 

6. “Э к” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Тодорхойлолт хүргүүлэх” тухай 05/2020-020 дугаар албан бичиг /хэргийн 1-р хавтас 98х/,

 

7. П.Сгийн ХААН банк депозит дансны хуулга баримт /хэргийн 1-р хавтас 53х/,

 

8. Хохирогч Д.Баас хэрэгт гаргасан Ж.Б, П.С нартай харилцсан мессеж зураг бүхий баримтууд /хэргийн 55-94х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б-ын хохирогчоор өгсөн:

“...Би 2018 оны 6 дугаар сард Хххх тоот 206 мкв орон сууцыг “Э м” ХХК-ийн захирал Ж.Боос 515.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож “Орон сууц захиалан бариулах” гэрээг эрх шилжүүлэх гэрээгээр над руу өгч, гэрээ хийсэн.

Орон сууцыг авахдаа 2014 оны Лексус-570 маркийн автомашиныг 150.000.000 төгрөгөөр тооцож 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өгсөн. Үүний дараа 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 50.000.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 50.000.000 төгрөг тус тус Ж.Бид дансаар шилжүүлсэн. Тэгээд үлдэгдэл 265.000.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сард багтааж төлөхөөр тохиролцсон.

Ингээд үүнийхээ дагуу явж байтал 2018 оны 11 дүгээр сараас манай байрны тог цахилгааныг “Э к” ХХК-аас хязгаарлаад эхэлсэн ба юу болсон талаар нь тодруулахад “148 тоот орон сууц нь манай өмч, танайх байрнаас гарах ёстой, “Э м” ХХК нь “арматур нийлүүлнэ” гэж тус байрыг авсан боловч өнөөдрийг хүртэл арматур нийлүүлээгүй, тус байрны төлбөр тооцоог хийгээгүй, манай компанид 1.2 тэрбум төгрөгийн өртэй, тэгээд тэр өрнөөсөө уг байрыг хасуулж тооцуулна гээд наад байрыг чинь авахгүй гэдгээ албан бичгээр өгсөн” гээд надад албан бичгийг өгсөн. “Э к” ХХК нь уг байр манай байр өмч, “Э м” ХХК руу өмчлөн эрх шилжээгүй гэж хэлсэн.

Тэгээд би болсон учир байдлаа хэлэхэд “та хохирсон байна, цаашид төлбөр тооцоог “Э м” ХХК-д хийж болохгүй” гэж хэлээд намайг байрнаас гарахыг шаардсан. Би хөхөө өвлийн хүйтэнд гарах боломжгүй байгаагаа хэлэхэд “Э к”-аас “танайх манай байранд байна гэвэл дахиад манайхаас худалдаж авахаас өөр арга байхгүй” гэж хэлсэн. Тэгээд би тус байрыг авахаар болж “Э к” компанид одоогоор 330.0 сая төгрөгийн төлбөр тооцоо хийчихсэн байгаа, би уг орон сууцыг 548.0 сая төгрөгөөр авахаар болсон.

Намайг “Э м” компанийн захирал Ж.Б гэгч залилсан. Ж.Б нь “Э к” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн өртэй гэж байсан. Тэгээд тус компанитай харилцаатай ажилладаг энэ байдлаа мэдсээр байж намайг хуурч мэхлэн өмнөх гэрээгээ ашиглан гэрээгээр халхавчилж, тус орон сууцыг өр төлбөртөө өгсөн байж надад худалдаж 250.0 сая төгрөгийн хохирол учруулсан. Намайг төөрөгдүүлж өөрсдийн бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулсан. Уг 148 тоот орон сууцыг 2018 оны 10 дугаар сард “Э м” компани нь “Э к” компанид буцааж өгсөн байдлаа надад огт мэдэгдээгүй. Мөн тус 148 тоот орон сууцны гэрчилгээ нь “Э к” ХХК-ийн нэр дээр 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гарсан байсан бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ хийсэн байсан. Уг гэрээгээр 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр надтай эрх шилжүүлэх гэрээ хийсэн.

Машиныг Гурвалжин гүүрний “Хөсөг трейд” төв дээр 2018 оны 6 дугаар сарын 06-ны шилжүүлэн өгсөн. 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр би Хан-Уул дүүрэг Наадам төвийн Хаан банк дахь 5058299096 тоот эхнэрийнхээ данснаас 50.0 сая төгрөгийг П.Сгийн 5003765165 тоот дансанд шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хороо Наадам төвийн Хаан банк дахь П.Сгийн 5003765165 тоот дансанд бэлнээр 50.0 сая төгрөг төлж, баримтыг нь авсан байгаа. Тэгээд одоо Ж.Боос “мөнгөө авъя” гэхэд “шүүх, цагдаагаараа яв” гээд байгаа юм.

2016 онд би “Маршал Кинг тауэр хотхонд бартерын байр хямд зарна” гэх зарын дагуу Ж.Бтой анх холбогдож танилцаж, байр үзэж байсан. Тэгээд 2018 онд дахин зарын дагуу Ж.Бтой холбогдсон. Түнээс биш найз нөхөд, хамаатан садны холбоо байхгүй. П.С нь энэ асуудлыг сайн мэдэж байгаа. Ж.Бтой хамт явж байсан ба би түүний данс руу мөнгийг нь шилжүүлж байсан. Тухайн үед П.Сг “манай компанийн санхүү хариуцсан хүн” гэж Ж.Б танилцуулж байсан. Би мөнгө шилжүүлэхдээ “яагаад П.Сгийн дансанд шилжүүлж байгаа юм” гэж асуухад “компанийн данс руу мөнгө орохоор татвар, тайлангаас авахуулаад асуудал үүсээд байдаг, ер нь манай энэ П.Сгийн дансаар төлбөр тооцоо хийгддэг” гэж ярьж байсан. Ж.Б нь анхнаасаа бүх нөхцөл байдлыг мэдсээр байж хуурч мэхлэн миний мөнгийг авч залилсан байна.

...Би одоо “Э к” ХХК-д 340.000.000 төгрөг өгсөн байгаа. Үлдэгдэл мөнгөө Ж.Боос аваад “Э к” ХХК-д өгөх шаардлагатай байна. Ж.Б нь “Э к”-тай хийсэн хуучин, хүчингүй болсон гэрээгээ үзүүлж, намайг залилж надаас бэлнээр 100.000.000 төгрөг, 150.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашин авч, нийт 250.000.000 төгрөгийн хохирол учруулсанд гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 103-106х/,  

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Сгийн гэрчээр өгсөн:

“...Би Ж.Бийг 2014 оноос таньдаг болсон бөгөөд түүний “Э м” ХХК-д 25 хувийн хувьцаа эзэмшдэг байсан. Хамаатан садны холбоо байхгүй, үндсэндээ хамтарч бизнес эрхэлж байсан. Харин одоо хувьцаа эзэмшихээ больж, тус компанид хамааралгүй болсон. Харин Д.Быг 2018 онд таньдаг болсон бөгөөд Д.Б нь “Э м” ХХК-аас 206 мкв орон сууцыг тухайн үед худалдан авах гэрээ байгуулж авсан. “Э м” ХХК нь “Э к” ХХК-д арматур нийлүүлэх гэрээтэй бөгөөд үүнийхээ оронд орон сууц авсан байсныгаа Д.Б гэх хүнд худалдаж гэрээ хийсэн.

Тэгтэл “Э м” ХХК болон “Э к” ХХК-ийн хооронд үл ойлголцох байдал үүсэж, Д.Бт худалдсан орон сууцыг “Э к” ХХК нь буцааж аваад, өөрийн нэр дээр гэрчилгээгээ гаргачихсан байсан. Тэгээд Д.Быг “орон сууцнаас гар” гээд байгаа юм. Харин Д.Б нь “Э м”аас орон сууц авахдаа мөнгөө бүрэн төлөөгүй ба 250.0 орчим сая төгрөг өгсөн. Үүний 150.0 сая төгрөгт нь автомашин бодож өгсөн. Тэгээд одоо наймаа буцаад Д.Б өгсөн 250.0 сая төгрөгөө буцааж авъя гээд байгаа юм.

“Э м” ХХК “Э к”-тай хэзээ гэрээ байгуулсныг нарийн сайн мэдэхгүй байна, 2016, 2017 онуудад байгуулсан байх, гэрээ нь Ж.Бид байгаа. Орон сууцны гэрчилгээ хэзээ гарсныг мэдэхгүй байна. Би “Э м” компанид 2017 оны эхээр албан ёсоор ажиллахаа больсон. Гэхдээ дуусгаагүй зарим ажил байсан болохоор үйл ажиллагаанд нь ерөнхийдөө оролцож байсан, яг одоо юу болоод байгааг сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 109х/,

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.Б-ын гэрчээр өгсөн:

“...Би 2007 оноос “Э к” ХХК-д авлага барагдуулах албаны даргаар ажиллаж байна. Манай “Э к” ХХК-тай “Э м” ХХК нь 2017 онд “Бартерын гэрээ” хийж, манайд арматур нийлүүлэхээр болж, оронд нь орон сууц авсан юм.

Хан-Уул дүүргийн Маршал таун хотхоны 124-148 тоот орон сууц нь манай “Э к” ХХК-ийн өмч бөгөөд тус орон сууцанд Д.Б гэх хүн амьдарч байгаа. “Э м” ХХК-ийн захирал Ж.Б нь дээрх орон сууцыг 2017 онд бартерын гэрээгээр авсан бөгөөд арматур нийлүүлэх гэрээг хугацаандаа нийлүүлээгүй шалтгаанаар 124-148 тоот орон сууцыг манай компанид буцаан 2018 оны 10 сарын 29-ний өдрийн 19 дугаартай албан бичгээр байрны үнийн дүнгээр нийт тооцооноос хасаж өгөх хүсэлт гаргасны дагуу уг орон сууц буцаад  манай эзэмшлийнх болсон.

Тэгээд уг бичгийг хүлээж аваад байраа очиж үзэхэд дотор нь хүн амьдарч байсан. Манай компанийн зүгээс уг байранд оршин сууж байсан Д.Бт 3 удаа “орон сууцыг чөлөөлж өгнө үү” гэсэн албан бичиг өгсөн. Мөн “Э м” ХХК-ийн хуулийн зөвлөх гэсэн хүн рүү ...дугаарын утсаар ярьж “энэ дотор хүн байна шүү, манайх байраа буцааж авмаар байна” гэхэд “Ж.Б захиралтай яриад эргээд хариу өгье” гээд яриагүй.

2019 оны 4 дүгээр сарын үед Ж.Б компани дээр ирж уулзаад “танайд арматур нийлүүлж эхэлье” гээд үлдэгдэл төлбөрөө төлөх талаар ярьсан. Тэр үед нь би Ж.Бид “нөгөө 124-148 тоот байрны асуудлыг шийд, бид ус тогийг нь тасалж байгаа” гэхэд “би хуулийн зөвлөхтэй яриад шийдчихнэ” гэж хэлсэн. Ж.Б нь Маршал таун хотхоны 124-148 тоот орон сууцыг өөрөө хүсэлт гаргаж албан бичгээр өгсөн. Үүний дагуу орон сууцыг буцаан авч үндсэн тооцооноос хасалт хийсэн. Тус орон сууцыг 2018 оны 6 дугаар сард бусдад зарсан байсныг манай компани мэдээгүй. Байраа буцааж авсны дараа л мэдсэн. Байрыг анх Ж.Бид өгөхдөө түлхүүртэй нь хүлээлгэж өгдөг юм.

...2017 онд манай компани Ж.Бтой гэрээ хийж арматур авахаар болсон бөгөөд тус арматураа нийлүүлээгүй удсан учраас дээрх орон сууцны гэрчилгээг манай компани өөрийн нэр дээр гаргуулсан. Тус орон сууц нь манай компанийн нэр дээр байгаа бөгөөд тухайн үед гэрээнийхээ дагуу бараа материалаа нийлүүлж, тооцоо дууссан тохиолдолд орон сууцны гэрчилгээг “Э м”” ХХК-д шилжүүлэн өгөх боломжтой. Манай компанийн хувьд орон сууцыг буцаан авахдаа бусдад худалдсан эсэх асуудлыг шалгах шаардлагагүй. Захиалгаар бариулах гэрээг захиалж гэрээ хийсэн хүн нь бусдад шилжүүлэх боломжтой, ингэж шилжүүлэх тохиолдолд манай компанид заавал хүсэлт, өргөдөл гаргаж байж гэрээ шинэчилнэ. Дээрх тохиолдолд бусдад худалдаалсан талаар мэдэгдсэн, хүсэлт гаргасан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 113-116х/,

 

12. “Э к” ХХК-ийн 8888хх63 дугаарын утаснаас шүүгдэгчид явуулсан гэх мессежний хуулбар, “Э к” болон “Э м” компаниудын хооронд хийгдсэн худалдан авалтын төлбөрийн баримтууд  /хэргийн 2-р хавтас 33х, 38-175х/,

 

13. Хохирогч Д.Баас хохирол нэхэмжлэхтэй холбоотой гаргасан баримтууд /хэргийн 2-р хавтас 202-2012х/, 

 

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Бийн яллагдагчаар өгсөн:

“...Би байгуулсан гэрээний дагуу явж байгаа. Д.Бтай хийсэн гэрээний хувьд Д.Б нь гэрээ байгуулсан эхний өдрөөс гэрээний үүргээ биелүүлэхгүй одоог хүрч байна. 2014 онд үйлдвэрлэгдсэн 570 загварын автомашиныг өөрөө өгнө гэж надтай холбогдож байсан. Надад “Э к” ХХК-д өр байхгүй бөгөөд гэрээний үүрэг бол байгаа. Надад өр төлбөр байхгүй болохоор 148 тоот орон сууцыг буцааж өгөөгүй, “Э к”-д өгсөн албан бичиг бол гэрээний нийт үнийн дүнгийн хаана явж байгаа талаар тулгаж хоёр талд тооцоо нийлж тайландаа тусгаж явж байгаа тооцоо нийлэх үеийн албан бичиг. Тооцоон дээр Д.Бын байрны тооцоог бүрэн дуусгаагүй учир би “Э к”-д бусад байрнуудын тооцоог нийлж, 148 тоот байрыг үлдээж бусад байр дээр тооцоо нийлүүлэх, тулгаж байгаа утгатай албан бичиг бичсэн. Хэрвээ байрыг “Э к”-д буцааж өгөхөөр бол албан бичгээр биш, гэрээнд өөрчлөлт бичгээр хавсаргах журамтай.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 126-127х/ болон түүний хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 11х, 2-р хавтас 11х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 128х/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 2-р хавтас 12х/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг асууж мэдүүлэг авахад болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Бийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Д.Бтай “Орон сууц захиалан бариулах гэрээний эрхийг шилжүүлэх гэрээ” байгуулсан, уг гэрээний 1.1-д зааснаар эрх шилжүүлэгч буюу “Э м” ХХК, түүнийг төлөөлж тус компанийн захирал ажилтай Ж.Б нь “Э к” ХХК-тай байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Орон сууц захиалагчтай хийх №15-000675 тоот гэрээгээр Хххх тоот хаягт байрлах 206 мкв талбай бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эрх шилжүүлэн авагч буюу Д.Бт шилжүүлэх, Д.Б нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг тус тус хүлээсэн, талууд гэрээний төлбөр буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоохдоо орон сууцны нэг мкв талбайг 2.5 сая төгрөг, нийт 515.0 сая төгрөг гэж тогтоон, гэрээ байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Д.Б нь бэлнээр 100.0 сая төгрөг, мөн 150.0 сая төгрөгт 2014 оны Lexus-570 маркийн автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх, үлдэх төлбөр болох 265.0 сая төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дотор бүрэн төлөх, мөн гэрээний 1.3-т заасан төлбөрийг П.Сгийн Хаан, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк дахь нэрлэсэн дансанд шилжүүлэх үүрэг хүлээж харилцан тохиролцжээ.

 

Дээрх байгуулсан гэрээний дагуу Д.Б нь Хххх тоот орон сууцны төлбөрт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 50.0 сая төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 50.0 сая төгрөг, Lexus-570 маркийн автомашиныг 150.0 сая төгрөгт тооцон, нийт 250.0 сая төгрөг орон сууцны төлбөрт тооцон төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

 

Түүнчлэн уг гэрээг байгуулахдаа хохирогч Д.Б нь шүүгдэгч Ж.Бийн гүйцэтгэх удирдлагаар нь ажилладаг “Э м” ХХК-ийн “Э к” ХХК-тай байгуулсан “Арматур худалдах худалдан авах” 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №05/2017052301 дугаартай гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №2018/05171 дугаартай гэрээнд тус тус зааснаар “Э к” ХХК-д бэлтгэн нийлүүлсэн арматур төмрийн төлбөрт тооцон “Э к” ХХК-тай бартераар /арилжаа/ авах тохиролцоотойгоор байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах” 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 15-000675 дугаартай гэрээг үндэслэж, дээрх “Орон сууц захиалан бариулах гэрээний эрхийг шилжүүлэх” гэрээг байгуулан төлбөрийн үүрэг гүйцэтгэсэн баримттай байна.

 

Талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээний эрхийг шилжүүлэх” гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 11-р хороо, Стадион оргил Их монгол улс гудамж, Маршал Кинг тауэр хотхоны 124 дүгээр байрны 148 тоот хаягт байрлалтай, 206 мкв талбайтай таван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206056031 дугаарт “Э к” ХХК бүртгэгдэж, гэрчилгээ олгосон болох нь хэргийн 1-р хавтас 22 дугаар талд авагдсан 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 000648951 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч Ж.Б нь хохирогч Д.Бтай 2018 оны 6 дугаар  сарын 06-ны өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээний эрхийг шилжүүлэх” гэрээ байгуулж, орон сууцны төлбөрөөс 2018 оны 6 сарын 29-ний өдөр 50.0 сая төгрөг, 2018 оны 7 сарын 06-ны өдөр 50.0 сая төгрөг, Lexus-570 маркийн автомашиныг 150.0 сая төгрөгт тооцон шилжүүлэн авсны дараа 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19 дугаартай албан бичгээр дээрх худалдахаар тохиролцсон 124-148 тоот орон сууцыг “Э м” ХХК болон “Э к” ХХК нарын хоорондын тооцоонд /05/2017052301 тоот гэрээнээс үүссэн төлбөр тооцоо/ шилжүүлж, суутган тооцуулах утга бүхий хүсэлт гаргаснаар “Э к” ХХК нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлөх шаардлага гаргаснаар хохирогч Д.Б нь маргаан бүхий орон сууцыг “Э к” ХХК-аас худалдан авахаар орон сууцны үнэд 340.0 сая төгрөгийн урьдчилгаа төлбөр хийсэн зэрэг нөхцөл байдал хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай. /ЭХЕА-ийн 2.1 дүгээр зүйл/

 

“Залилах” гэм хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж тодорхойлсон ба уг гэмт хэргийг бусдад ноцтой, эсхүл их хэмжээний  хохирол учруулж үйлдсэнийг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор хуульчилсан.

 

Хэргийн нөхцөлд “Э м” ХХК-ийн захирал шүүгдэгч Ж.Б нь “... “Э м” ХХК болон “Э к” ХХК нарын хооронд байгуулсан “Арматур худалдах худалдан авах” 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №05/2017052301 дугаартай гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №2018/05171 дугаартай гэрээ, Орон сууц захиалагчтай хийх №15-000675 тоот гэрээнд тус тус заасан нөхцөлөөр “Э к” ХХК-д бэлтгэн нийлүүлсэн барилгын арматур төмрийн үнэд тооцон бартераар авч байгаа итгэл үнэмшлийг төрүүлэн, өөрөө захиран зарцуулах эрхгүй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206056031 дугаарт 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Э к” ХХК-ийн хууль ёсны өмчлөлд бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн /хэргийн 1-р хавтас 22х/ 000648951 тоот гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Стадион оргил Их монгол улс гудамж, Маршал Кинг тауэр хотхоны 124 дүгээр байрны 148 тоот хаягт байрлах, 206 мкв талбай бүхий таван өрөө орон сууцыг худалдан борлуулах зорилгоор хохирогч Д.Бтай “Орон сууц захиалан бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ”-г 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулж, орон сууцны төлбөрөөс 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 50.0 сая төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 50.0 сая төгрөг, Lexus-570 маркийн автомашиныг 150.0 сая төгрөгт тооцон шилжүүлэн авсан атлаа 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19 дугаартай албан бичгээр /хэргийн 1-р хавтас 96-97х/ дээрх худалдахаар тохиролцсон К124-148 тоот орон сууцыг “Э м” ХХК болон “Э к” ХХК-ийн хооронд байгуулсан №05/2017052301, №2018/05171 тоот гэрээнээс үүссэн төлбөр тооцооноос хасаж суутган тооцуулах хүсэлт гаргасан, улмаар “Э к” ХХК нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус  эзэмшлээс чөлөөлөх шаардлага гаргаж байсан үйл баримт баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь “хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

Энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

- Д.Б болон Ж.Б нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 02 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээний эрхийг шилжүүлэх” гэрээ, 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 15-000675 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ий хуулбар баримтууд, “Автомашин худалдах худалдан авах гэрээ” болон Д.Баас төлбөр гүйцэтгэсэн талаарх мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбарууд /хэргийн 1-р хавтас 09-10х, 11-13х, 16-17х, 19х/,

- Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ баримт /хэргийн 1-р хавтас 22х/,

- “Э м” ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа, үүсгэн байгуулагчийн мэдээлэл, гэрээ, дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 1-р хавтас 13-15х, 187-249х/,

- “Э м” ХХК болон “Э к” ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 05/2017052301 дугаартай “Арматур худалдах, худалдан авах гэрээ” /хэргийн 1-р хавтас 32-36х/,

- “Э м” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Э к” ХХК-д гаргасан 19 дугаартай хүсэлт бүхий албан тоот, тооцоо нийлсэн акт /хэргийн 1-р хавтас 96-97х/,

- “Э к” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Тодорхойлолт хүргүүлэх” тухай 05/2020-020 дугаар албан бичиг /хэргийн 1-р хавтас 98х/,

- П.Сгийн ХААН банк депозит дансны хуулга баримт /хэргийн 1-р хавтас 53х/,

- Хохирогч Д.Баас хэрэгт гаргасан Ж.Б, П.С нартай харилцсан мессеж зураг бүхий баримтууд /хэргийн 55-94х/,

- хохирогч Д.Бын: “...Би 2018 оны 6 дугаар сард Хххх тоот 206 мкв орон сууцыг “Э м” ХХК-ийн захирал Ж.Боос 515.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож “Орон сууц захиалан бариулах” гэрээг эрх шилжүүлэх гэрээгээр над руу өгч, гэрээ хийсэн.

Орон сууцыг авахдаа 2014 оны Лексус-570 маркийн автомашиныг 150.0 сая төгрөгөөр тооцож 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өгсөн. Үүний дараа 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 50.0 сая төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 50.0 сая төгрөг тус тус Ж.Бид дансаар шилжүүлсэн. Тэгээд үлдэгдэл 265.0 сая төгрөгийг 2018 оны 12 дугаар сард багтааж төлөхөөр тохиролцсон.

...2018 оны 11 дүгээр сараас манай байрны тог цахилгааныг “Э к” ХХК-аас хязгаарлаад эхэлсэн ба юу болсон талаар нь тодруулахад “148 тоот орон сууц нь манай өмч, танайх байрнаас гарах ёстой, “Э м” ХХК нь “арматур нийлүүлнэ” гэж тус байрыг авсан боловч өнөөдрийг хүртэл арматур нийлүүлээгүй, тус байрны төлбөр тооцоог хийгээгүй, манай компанид 1.2 тэрбум төгрөгийн өртэй, тэгээд тэр өрнөөсөө уг байрыг хасуулж тооцуулна гээд наад байрыг чинь авахгүй гэдгээ албан бичгээр өгсөн” гээд надад албан бичгийг өгсөн. “Э к” ХХК нь уг байр манай байр өмч, “Э м” ХХК руу өмчлөх эрх шилжээгүй гэж хэлсэн. Тэгээд би болсон учир байдлаа хэлэхэд “та хохирсон байна, цаашид төлбөр тооцоог “Э м” ХХК-д хийж болохгүй” гэж хэлээд намайг байрнаас гарахыг шаардсан. Би хөхөө өвлийн хүйтэнд гарах боломжгүй байгаагаа хэлэхэд “Э к”-аас “танайх манай байранд байна гэвэл дахиад манайхаас худалдаж авахаас өөр арга байхгүй” гэж хэлсэн. Тэгээд би тус байрыг авахаар болж “Э к” компанид одоогоор 330.0 сая төгрөгийн төлбөр тооцоо хийчихсэн байгаа, би уг орон сууцыг 548.0 сая төгрөгөөр авахаар болсон.

...Уг 148 тоот орон сууцыг 2018 оны 10 дугаар сард “Э м” компани нь “Э к” компанид буцааж өгсөн байдлаа надад огт мэдэгдээгүй. Мөн тус 148 тоот орон сууцны гэрчилгээ нь “Э к” ХХК-ийн нэр дээр 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гарсан байсан бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Орон сууц захиалан бариулах” гэрээ хийсэн байсан. Уг гэрээгээр 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр надтай эрх шилжүүлэх гэрээ хийсэн.

...Би одоо “Э к” ХХК-д 340.0 сая төгрөг өгсөн байгаа. Үлдэгдэл мөнгөө Ж.Боос аваад “Э к” ХХК-д өгөх шаардлагатай байна. Ж.Б нь “Э к”-тай хийсэн хуучин, хүчингүй болсон гэрээгээ үзүүлж, намайг залилж надаас бэлгээр 100.0 сая төгрөг, 150.0 сая төгрөгийн үнэ бүхий автомашин авч, нийт 250.0 сая төгрөгийн хохирол учруулсанд гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 103-106х/,

Мөн хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би гомдолтой байна. Миний хохирол гомдлыг яаж барагдуулах юм бүү мэд. Өдөр бүр дарамтад орж байна. Би биш гэр бүлээрээ хохироод эхнэр, хүүхэд маань хаалга үүд нүдэхээр айж байна. Энэ хэргээс болж маш их хохирол хүлээсэн. Өмнөх шүүх хуралдааны үед хохирлын баримтуудыг өмгөөлөгч нараас шүүхэд өгсөн байгаа. Анх 515.0 сая төгрөгөөр 148 тоотыг худалдан авахаар Ж.Бтой тохирч байсан боловч одоо “Э к” компани нь өөрийн худалдан борлуулж байгаа үнээр байрыг надад 548.5 сая төгрөгөөр зарна гэснээс байрны үнийн зөрүү 33.5 сая төгрөгөөр хохирч байна. Мөн “Э к” ХХК-д байрны үнэд нийт 340.0 сая төгрөгийг төлөх гэж машин тэргээ барьцаанд тавьж зээл аван, хүү төлсөөр хохирол нэмэгдэж байна. Ж.Б нь хэлсэндээ байгаад намайг хохиролгүй болгосон бол би хохирсон дээрээ нэмж хохирохгүй байсан.

Надад учирсан үндсэн хохирол 250.0 сая төгрөгөөс 17.0 сая төгрөг төлөгдсөн. Одоо үлдэх хохирлын 233.0 сая төгрөг, үүн дээр байрны үнийн зөрүү 33.500.000 төгрөг, мөн эд хөрөнгөө барьцаалж зээл аван зээлийн хүү төлж хохирсон 24.900.000 төгрөг, нийт 58.400.000 төгрөгийг хохирол учруулсан хор уршигт тооцон нэхэмжилж байна. Ж.Боос учирсан хохирол 281.400.000 төгрөгийг гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

- гэрч П.Сгийн өгсөн: “...Би Ж.Бийг 2014 оноос таньдаг болсон бөгөөд түүний “Э м” ХХК-д 25 хувийн хувьцаа эзэмшдэг байсан. Хамаатан садны холбоо байхгүй, үндсэндээ хамтарч бизнес эрхэлж байсан. Харин одоо хувьцаа эзэмшихээ больж, тус компанид хамааралгүй болсон. Харин Д.Быг 2018 онд таньдаг болсон бөгөөд Д.Б нь “Э м” ХХК-аас 206 мкв орон сууцыг тухайн үед худалдан авах гэрээ байгуулж авсан. “Э м” ХХК нь “Э к” ХХК-д арматур нийлүүлэх гэрээтэй бөгөөд үүнийхээ оронд орон сууц авсан байсныгаа Д.Б гэх хүнд худалдаж гэрээ хийсэн.

Тэгтэл “Э м” ХХК болон “Э к” ХХК-ийн хооронд үл ойлголцох байдал үүсэж, Д.Бт худалдсан орон сууцыг “Э к” ХХК нь буцааж аваад, өөрийн нэр дээр гэрчилгээгээ гаргачихсан байсан. Тэгээд Д.Быг “орон сууцнаас гар” гээд байгаа юм. Харин Д.Б нь “Э м”-аас орон сууц авахдаа мөнгөө бүрэн төлөөгүй ба 250.0 орчим сая төгрөг өгсөн. Үүний 150.0 сая төгрөгт нь автомашин бодож өгсөн. Тэгээд одоо наймаа буцаад Д.Б өгсөн 250.0 сая төгрөгөө буцааж авъя гээд байгаа юм.

“Э м” ХХК “Э к”-тай хэзээ гэрээ байгуулсныг нарийн сайн мэдэхгүй байна, 2016, 2017 онуудад байгуулсан байх, гэрээ нь Ж.Бид байгаа. Орон сууцны гэрчилгээ хэзээ гарсныг мэдэхгүй байна. Би “Э м” компанид 2017 оны эхээр албан ёсоор ажиллахаа больсон. Гэхдээ дуусгаагүй зарим ажил байсан болохоор үйл ажиллагаанд нь ерөнхийдөө оролцож байсан, яг одоо юу болоод байгааг сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 109х/,

- гэрч Ө.Б-ын өгсөн: “...Би 2007 оноос “Э к” ХХК-д авлага барагдуулах албаны даргаар ажиллаж байна. Манай “Э к” ХХК-тай “Э м” ХХК нь 2017 онд “Бартерын гэрээ” хийж, манайд арматур нийлүүлэхээр болж, оронд нь орон сууц авсан юм. Хан-Уул дүүргийн Маршал таун хотхоны 124-148 тоот орон сууц нь манай “Э к” ХХК-ийн өмч бөгөөд тус орон сууцанд Д.Б гэх хүн амьдарч байгаа. “Э м” ХХК-ийн захирал Ж.Б нь дээрх орон сууцыг 2017 онд бартерын гэрээгээр авсан бөгөөд арматур нийлүүлэх гэрээг хугацаандаа нийлүүлээгүй шалтгаанаар 124-148 тоот орон сууцыг манай компанид буцаан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19 дугаартай албан албан бичгээр байрны үнийн дүнгээр нийт тооцооноос хасаж өгөх хүсэлт гаргасны дагуу уг орон сууц буцаад манай эзэмшлийнх болсон.

Тэгээд уг бичгийг хүлээж аваад байраа очиж үзэхэд дотор нь хүн амьдарч байсан. Манай компанийн зүгээс уг байранд оршин сууж байсан Д.Бт 3 удаа “орон сууцыг чөлөөлж өгнө үү” гэсэн албан бичиг өгсөн. Мөн “Э м” ХХК-ийн хуулийн зөвлөх гэсэн хүн рүү ...дугаарын утсаар ярьж “энэ дотор хүн байна шүү, манайх байраа буцааж авмаар байна” гэхэд “Ж.Б захиралтай яриад эргээд хариу өгье” гээд яриагүй.

...Ж.Б нь Маршал таун хотхоны 124-148 тоот орон сууцыг өөрөө хүсэлт гаргаж албан бичгээр өгсөн. Үүний дагуу орон сууцыг буцаан авч үндсэн тооцооноос хасалт хийсэн. Тус орон сууцыг 2018 оны 6 дугаар сард бусдад зарсан байсныг манай компани мэдээгүй. Байраа буцааж авсны дараа л мэдсэн. Байрыг анх Ж.Бид өгөхдөө түлхүүртэй нь хүлээлгэж өгдөг юм. ...Тус орон сууц нь манай компанийн нэр дээр байгаа бөгөөд тухайн үед гэрээнийхээ дагуу бараа материалаа нийлүүлж, тооцоо дууссан тохиолдолд орон сууцны гэрчилгээг “Э м” ХХК-д шилжүүлэн өгөх боломжтой. ...Захиалгаар бариулах гэрээг захиалж гэрээ хийсэн хүн нь бусдад шилжүүлэх боломжтой, ингэж шилжүүлэх тохиолдолд манай компанид заавал хүсэлт, өргөдөл гаргаж байж гэрээ шинэчилнэ. Дээрх тохиолдолд бусдад худалдаалсан талаар мэдэгдсэн, хүсэлт гаргасан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 113-116х/,

- хохирогч Д.Баас хохирол нэхэмжлэхтэй холбоотой гаргасан баримтууд /хэргийн 2-р хавтас 202-2012х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “..тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг их хэмжээний хохирол” гэж тодорхойлж тогтоосон ба энэ хуульд заасан “нэг нэгж” нь “нэг мянган” төгрөгтэй тэнцүү байна” хэмээн мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааж хуульчилсан тул шүүгдэгч Ж.Бийн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсны  улмаас хохирогч иргэнд учруулсан 250.000.000 /хоёр зуун тавин сая/ төгрөгийн хохирол нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “их хэмжээний хохирол”-д тооцогдох юм.  

 

Прокуророос шүүгдэгч Ж.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Ж.Бийг “...хуурч, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч, их хэмжээний буюу 250.000.000 /хоёр зуун тавин сая/ төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалт дахь “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэг заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Б нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5.0 сая төгрөг, мөн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 5.0 сая төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 17.0 сая төгрөг, нийт 27.0 сая төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн байна. Иймд хохирлоос үлдэх 223.0 сая төгрөгийг шүүгдэгч Ж.Боос гаргуулж, хохирогчид олгох үндэслэлтэй гэж дүгнэсэн.  

 

Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хэргийн хохирогч Д.Баас нэхэмжилсэн 58.400.000 төгрөгөөс шүүх хэрэгт баримтаар тогтоогдсон буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хооронд “Шарнууд зоос” ХХК-аас авсан зээлийн хүүгийн төлбөрт 6 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 7.380.000 төгрөгийг хангаж шийдвэрлэн, байрны үнийн зөрүү болоод хор уршигтай холбоотой үлдэх шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасан журмын дагуу “хохирлыг нөхөн төлөх талаарх” шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Ж.Б нь гэмт хэргийн хохирол, хор уршгийн төлбөрт нийт 257.000.000 /хоёр зуун тавин долоон сая/ төгрөгийг нөхөн төлж барагдуулсан /хэргийн 3-р хавтас 55-58х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ баримттай байна.  

 

Иймд шүүгдэгч Ж.Бийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж үзнэ. 

 

Шүүгдэгч Ж.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 128х/ баримтаар тогтоогдсон бөгөөд энэхүү нөхцөл байдал нь шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших” эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, шүүгдэгчийг нийгмээс тусгаарлаж, эрх чөлөөг нь хязгаарлахгүйгээр түүний хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ж.Бид 20.000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                      

 

                                                               ТОГТООХ нь:

 

1. Г овогт Ж-гийн Б-ийг “хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч бусдад 250.000.000 /хоёр зуун тавин сая/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Ж.Бийг 20.000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Ж.Боос 230.380.000 /хоёр зуун гучин сая гурван зуун наян мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Д.Бт олгохоор шийдвэрлэсэн ба шүүх хуралдаан завсарласан хугацаанд Ж.Б нь 257.000.000 /хоёр зуун тавин долоон сая/ төгрөгийг хохирогчид нөхөн төлснийг тэмдэглэсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Б нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой үлдэх шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Энэ хэрэгт Ж.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ж.Бид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.БАЗАРХАНД