| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00508/И |
| Дугаар | 214 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 214
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00508/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Халуун усны 00 тоотод оршин суух Юрагийн Тодганд (РД: СЭ-81030219) холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах, “Ихэр-Наран” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
"шатахууны төлбөр 4 357 500 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Ихэр-Наран” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ю.Тодган нь 2015 оны 10 дугаар сард 2 905 000 төгрөгийн шатахуун, тос тосолгооны материал худалдан авсан юм. Тэрээр гэрээнд заагдсан үүргээ биелүүлэхгүй 210 хоног болж байна.
Иймд хэлцлийн дагуу шатахууны үндсэн төлбөр 2 905 000 төгрөг, алданги 1 452 500 төгрөг, нийт 4 357 500 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.(хх-ийн 1 тал)
Хариуцагч Ю.Тодган нь шүүхэд гаргасан тайлбартаа: Би “Ихэр-Наран” ХХК-ийн шүүхэд гаргасан шатахууны үнэ 4 357 500 төгрөгийг нэхэмжлэлтэй танилцаж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 оны 4 дүгээр сарын 6-ны дотор бүрэн төлж барагдуулна.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, шинээр гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 22 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Ихэр-Наран” ХХК нь хариуцагч Ю.Тодганаас “шатахууны үнэ 4 357 500 төгрөгийг гаргуулах” -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ю.Тодган нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч “Ихэр-Наран” ХХК-ийн нэхэмжилсэн шатахууны үнэ 4 357 500 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Ю.Тодганд холбогдох, “Ихэр-Наран” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “шатахууны үнэ 4 357 500 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “Ихэр-Наран” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 84 670 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 42 335 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 42 335 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч компанид, хариуцагч Ю.Тодганаас 42 335 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ихэр-Наран” ХХК-д тус тус олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ю.Тодган нь 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ