Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 216

 

 

 

 

 


2017 оны 04 сарын 07 өдөр           Дугаар 156/ШШ2017/00216                            Хэнтий аймаг

 


Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс:156/2017/00097/И

     Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
           Нэхэмжлэгч: “Монголиавон Энержи” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
           Хариуцагч: “Эн-Би-Жи” ХХК-д холбогдох 
            “нийлүүлсэн шингэрүүлсэн шатдаг хийн үнэ 122 443 500 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
              Шүүх хуралдаанд: хариуцагч Эн Би Жи ХХК-ийн захирал Ж.Энхбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг  нар оролцов.
Нэхэмжлэгч  “Монголиавон Энержи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болд нь хариуцагч талтай эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ. 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийг нь байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

    Нэхэмжлэгч  “Монголиавон Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ким Ян Так  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 
    “Монголиавон Энержи” ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн шингэрүүлсэн шатдаг хий худалдах, худалдан авах гэрээний дагуу барааг хугацаанд нь ачуулаад холбогдох бичиг баримтаар “Эн-Би-Жи” ХХК-д хүлээлгэн өгч байсан. 
    “Эн-Би-Жи” ХХК барааг хүлээн авч борлуулсан боловч үнийг төлөлгүй саатуулж манай бизнесийн ажиллагаанд хохирол учруулсаар байна.
    Иймд манай компаниас зээлээр авч борлуулсан барааны үнийг гэрээ зөрчсөнд ногдох анзын хамт нийт 122 443 500 төгрөгийг “Эн-Би-Жи” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Хариуцагч “Эн-Би-Жи” ХХК-ийн захирал Ж.Энхбилэг нь шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ:
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эн-Би-Жи “ ХХК-ийн захирал Ж.Энхбилэг миний бие 2015 онд “М1 энержи “ ХХК -ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Гонгор овогтой Лхагванямтай 2015 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр өөрийн эзэмшлийн “Range гоvөг” маркийн машиныг 55 тонн шингэрүүлсэн шатдаг хий /газ/-аар бодож авахаар тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг хийсэн.
    Дээрх гэрээний дагуу шингэрүүлсэн шатдаг хийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл авсан.
    Гэтэл “Монголиавон Энержи” ХХК нь “Эн-Би-Жи” ХХК-наас 122.443.500 төгрөгийг нэхэмжилж тус аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Манай компани нь “Монголиавон Энержи” ХХК-тай ямар нэгэн худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй болно  гэжээ. /хх-ийн 37-38х/
Хариуцагч “Эн-Би-Жи” ХХК-ийн захирал Ж.Энхбилэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эн Би Жи” ХХК-нь “Монголиавон Энержи” ХХК-д 75 629 000 төгрөгийн өглөгтэй гарсныг харилцан батлав. Дээрх 75 629 000 төгрөгийн өглөгийн      58 500 000 төгрөгийг иргэн Г.Лхагваням, үлдэгдэл 17 129 000 төгрөгийг “Эн Би Жи” ХХК-нь “Монголиавон Энержи” ХХК-д төлж барагдуулах нь үнэн болно. Нэхэмжлэгч нь алданги тооцсон 40 814 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болно. Хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан хувь хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид төлнө гэж бид харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулсан гэв. 


Шүүх зохигчдын тайлбар болон тэдний хооронд бичгээр байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               

ҮНДЭСЛЭХ НЬ:

           Нэхэмжлэгч “Монголиавон Энержи” ХХК нь хариуцагч “Эн-Би-Жи” ХХК-д холбогдуулан гэрээний дагуу нийлүүлсэн шингэрүүлсэн шатдаг хийн үнэ 81 629 000 төгрөг, болон гэрээний үүргээ биелүүлээгүйн торгууль болох 40 814 500 төгрөг, нийт 122 443 500 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.        

Нэхэмжлэгч “Монголиавон Энержи” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 122 443 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 40 814 500 төгрөгөөс татгалзаж, 2015.04.01-ний өдрөөс 2017.04.05-ны өдрийг хүртэлх хугацаанд “Эн-Би-Жи”-д нийлүүлсэн шингэрүүлсэн шатдаг хийн үнэ өртгийг 75 629 000 төгрөг гэж 2 талын тооцоогоор хянан баталгаажуулжээ. 

Уг 75 629 000 төгрөгийн өглөгийн 58 500 000 төгрөгийг иргэн Г.Лхагваням, үлдэгдэл 17 129 000 төгрөгийг хариуцагч “Эн Би Жи” ХХК-нь “Монголиавон Энержи” ХХК-д төлж барагдуулахаар, хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан хувь хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тус тус харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Иймд зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэгэнт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасан эрхзүйн үр дагавар гарах болохыг зохигчдод албан ёсоор сануулж, захирамжинд энэ талаар тусдаа заалт оруулан дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанаас зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагч 2 талд тэнцүү хуваан хариуцуулах нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон         
                                                                                                                                                                                               
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Монголиавон Энержи” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Эн-Би-Жи” ХХК-аас “нийлүүлсэн шингэрүүлсэн шатдаг хийн үнэ 122 443 500 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч “Монголиавон Энержи” ХХК болон хариуцагч “Эн-Би-Жи” ХХК-ийн захирал Ж.Энхбилэг нарын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хоорондын тооцоогоор ажил гүйцэтгэх баримтаар тулгасан “Монголиавон Энержи” ХХК-наас      “Эн-Би-Жи” ХХК-д нийлүүлсэн барааны үлдэгдлийг 75 629 000 төгрөгөөр тооцож, уг өглөгийн 58 500 000 төгрөгийг Монгол улсын иргэн Г.Лхагваням, үлдэгдэл 17 129 000 /арван долоон сая нэг зуун хорин есөн мянга/ төгрөгийг “Эн-Би-Жи” ХХК-нь төлж барагдуулахаар, нэхэмжлэгч “Монголиавон Энержи” ХХК-нь нэхэмжлэлийн шаардлагын 40 814 500 төгрөгөөс татгалзаж, зохигчид нь Эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан эвлэрэн хэлэлцсэн байх тул зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч “Монголиавон Энержи” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 770 167 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эн-Би-Жи” ХХК-наас нөхөн төлүүлэх шүүхийн зардалд 385 083 /гурван зуун наян таван мянга наян гурав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Монголиавон Энержи” ХХК-д олгосугай. 
4. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн энэ захирамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР