Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/193

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч Г.Билгүүжин,

хохирогч Д.Э, З.Ч,

шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Л.Баттогтох

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Х.Гд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805052671616 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******, урьд

  • Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 567  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн

127.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж байсан, Х.Г /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.Г нь 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 5, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч Д.Эт “байр худалдана” гэж хуурч 4 удаагийн үйлдлээр буюу 2.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5058213234 тоот данс руу шилжүүлэн авч, бэлнээр 7.300.000 төгрөгийг авч нийт 9.800.000 төгрөгийг залилсан,

  • 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны

өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч З.Чаас “Эс Ти Жи Эс” ХХК-ийн “Хишиг” нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас автомашин чөлөөлж, мөнгийг нь өсгөж өгнө гэж хуурч нийт 10.326.006 төгрөгийг залилсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 20.126.006 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г мэдүүлэхдээ: “З.Ч гэх хүнтэй Тамир гэх нэртэй амралтын газар танилцсан. Ч эгчийн яриад байгаа Приус-20 маркийн автомашиныг би аваагүй. Би Чаас 5 сая төгрөгийг ч аваагүй учир нь нөхөртэйгөө надаар доллар солиулаад ажлын хөлс гэж 200.000 төгрөгийг өгсөн. Тэр мөнгийг би аваагүй бөгөөд Чын нөхөр нь надаар доллар солиулаад 5 сая төгрөгийг ломбардад оруулж өгсөн. Тухайн үед ломбардын хүн 5 сая төгрөг олоод өгвөл 300.000 төгрөг өгье гэхээр нь Ч эгч рүү ярьсан. Би 5 сая төгрөг болон Приус 20 машин барьцаалах асуудалд оролцоогүй. Сүүлийн 1900 долларыг би авсан нь үнэн тэр мөнгийг аваад Соната-7 маркийн автомашин авсан. Гэхдээ би энэ асуудлыг иргэний маргааны журмаар шийдвэрлэх  байх гэж бодож байна.

Д.Эийн тухайд би Отгонбаатар гэх хүнтэй хамтарч ажилладаг байхад та 38 сая төгрөгийн өр барагдуулаад 10 сая төгрөгөөр энэ байрыг авчих гэж хэлсэн. Тухайн байрыг Энхцэцэгт зарсан нь үнэн гэхдээ Отгонбаатарт мөнгийг нь өгсөн. Би Энхцэцэгээс авсан мөнгөө машинаа ломбардад тавиад 2.700.000 төгрөгийг өгсөн” гэв.

 

Хохирогч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 5 дугаар сарын эхээр миний машин гардаггүй өдөр байсан. Машинаа үлдээчхээд алхаад явж байтал Г машинтай ирээд такси авах уу гэсэн тэгэхээр нь авахгүй гэхэд суучих хүргээд өгье гэсэн. Тэгээд суугаад явж байхад Г нь өөрийгөө ерөнхийлөгчийн зөвлөх, өмгөөлөгч гэж танилцуулсан. Тэгээд би авто ломбард ажиллуулдаг юм ажлын хөлсөнд авсан 46 мкв байр байгаа юм хямдхан өгнө. Тэгэхээр нь би манай нөхөр Солонгост ажилладаг юм хямдхан байр байгаа бол болж байна гэсэн. Тэгээд байрныхаа гэрчилгээг шилжүүлж өгнө гэж яриад мөнгөө тасалж авсан. Хамгийн сүүлд яриад байрны ордер чинь гарсан байна гэхээр нь Дарханд байдаг эгч рүүгээ яриад эгч хүнээс мөнгө зээлээд надад мөнгө олж өгсөн. Тэгээд би Гд мөнгөө өгөөд Гантулгын захирлын ажил дээр нь очиход захиралтайгаа муудалцчихлаа маргаашаас гэрчилгээг нь аваад өгье гэсэн. Тэрнээс хойш байж ба маргааш нөгөөдөр гэж явснаас хойш 7 сар өнгөрсөн. Тэр үед 9 сар гэхэд байранд чинь оруулна гэсэн. Тэр хооронд нөхөртэйгөө муудалцаад нөгөө эгчийнхээ мөнгийг арай гэж барагдуулаад тэгээд сүүлдээ цагдаад хандсан гэв. Миний өр төлбөрийг хурдан барагдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

Хохирогч З.Ч мэдүүлэхдээ: “Би Г гэх хүнтэй 2017 оны 8 дугаар сарын үед Амралтад явж байгаад танилцсан. Тухайн үед би Солонгос руу явж эмчилгээ хийлгэдэг мөнгө төгрөг их хэрэг болдог талаараа Гд ярьсан. Тэгтэл Г нь танд тус болъё та надтай холбогдоорой мөнгийг чинь өсгөөд өгье гэж хэлсэн. Тухайн үед би Гд итгэсэн учир нь би ийм худал хуурмаг зүйлийг харж байгаагүй, боловсролын байгууллагад олон жил багш хийсэн. Тэгээд тэр явдлаас хойш амралтаас ирээд   8 дугаар сарын 20-ны үед Г нь над руу залгаад та яасан бэ гээд байхаар нь нөхөртөө ийм хүн байна мөнгийг чинь өсгөөд өгье тус болъё гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд нөхөртэйгөө ярилцаад эмчилгээнд хэрэглэх гэж байгаа мөнгөө жоохон ч гэсэн өсгөе гэж бодоод 8 дугаар сарын 26-ны өдөр Хишиг гэх нэртэй ломбардад очсон. Тэгэхэд Г нь та надад 5 сая төгрөг өгчих би таны мөнгийг 5.5 сая төгрөг болгоод өгье гэхээр нь 2100 долларыг солиулаад 5 сая төгрөгийг Гд өгсөн. Тухайн үед ломбардад өгөөгүй Гд өгсөн. Тухайн үед мөнгө өгч авалцаж байгаа юм чинь нотариатаар орох уу гэхэд надад хуульч хүн асуудалгүй гэж хэлж байгаад мөнгө аваад надад барьцаанд нь Приүс  20 маркийн машин өгсөн. Тэгээд 28-ны өдөр дахиж дуудаад та надад дахиж 5 сая төгрөг өгчих та Приүсээ буцааж аваад Ниссан патрол маркийн машин барьцаанд нь өгсөн. Би таны мөнгийг 2-3 хоногийн дараа өгчихнө нотариатаар орох шаардлагагүй гэж хэлсэн. Хэд хоногийн дараа ирээд нөгөө барьцаанд тавьсан машины дотроос юм авъя гэж хэлээд ирж машины дотроос 2 номер аваад надад таны мөнгийг өсгөж өгсөн гээд 200.000 төгрөг аваад явсан. Тэрний дараа надаас 1900 доллар аваад юу хийсэн талаар нь асуухад Соната 7 маркийн машин авсан гэж ломбардын хүн хэлсэн. Надаас Г нь нийт 10.328.400 төгрөгийг бэлнээр авсан. Миний өр төлбөрийг барагдуулж өгнө үү гэж хүсэж байна гэв. Тэгээд сүүлд Гтай ярилцаад бид хоёр тэр Ниссан патрол машиныг нь надад шилжүүлээд 3 сая төгрөгийг нэмж өгөхөөр тохиролцсон боловч одоо худлаа яриад яваад байгаа юм” гэв.

 

  1. Шүүгдэгч Х.Г нь 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хохирогч Д.Эт “байр худалдана” гэж хуурч, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 4 удаагийн үйлдлээр буюу нийт 9.800.000 төгрөгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

         Хохирогч Д.Эийн “Хаан банк” ХХК-ийн 5026453615 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 11-18 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны 5 дугаар сард өөрийн гэрээсээ хүү Билгүүнийг Баянбүрдийн тэнд байдаг 4 дүгээр сургууль руу хүргэж өгөх гээд явж байсан чинь замын хажууд саарал өнгийн Сонота 7 маркийн машин уначихсан нэг махлаг ах намайг чи хаашаа явах гэж байгаа юм бэ хүүхэдтэй юм бол би хүргээд өгье гэхээр нь би за за гээд суугаад хүүгээ хүргэж өгсөн юм. Ингээд намайг буцаад гараад ирсэн чинь нөгөө машинтай ах байж байсан ба чи хаачих гэж байгаа юм бэ гэхээр нь би 3,4 дүгээр хороолол орно гэж хэлсэн чинь би угаасаа тийшээ явж байгаа юм гээд замдаа би Ерөнхийлөгчийн зөвлөх Х.Г гэдэг хүн байна би нэг хэрэг өмгөөлөөд их мөнгө авсан юм гэсэн. Тэгэхээр нь би та өмгөөлөгч юм уу гэсэн чинь тийм гэсэн. Тэгээд надад би хүнд ажил хийж өгөөд хөлсөнд нь байр авсан байгаа юм. Би өөрөө Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах Кюкшү таурын 5 давхарт ажлын байрандаа суудаг юм гэж хэлсэн. Мөн намайг танайх Баянхошуунд байдаг юм уу гэхээр нь би тийм гэсэн. Тэгээд би буухдаа Г гэдэг хүний утасны дугаарыг авсан. Тэр хүн бас миний утасны дугаарыг авсан. Мөн Г гэдэг хүн зарах гэж байгаа байраа 21 дүгээр хорооллын Орчлон хорооллын 41 дүгээр байрны 6 давхарт 41.3 мкв байр байгаа гэж 22.000.000 төгрөгийн үнэтэй байр байгаа юм гэсэн. Тэгээд би тэр хүнд итгээд маргааш нь Г гэдэг хүнтэй 1000 нэрийн барааны дэлгүүрийн орчимд уулзсан чинь тэр хүн надад би ер нь байраа 10.000.000 төгрөгөөр чамд зарна би хүнд тусална гэж хэлээд тэр байрыг манай авто ломбард ажиллуулдаг захирал Отгонбаатарын Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кюкшү таурын 5 давхарт байрлах авто ломбарданд хураагдсан, би түүнийг нь авахаар болсон гэж хэлсэн. Тэгээд манай захирал Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөхийн газарт таньдаг хүнтэй учраас чи надад мөнгөө шилжүүлээд өгвөл захирал чиний нэр дээр яаралтай шилжүүлээд өгнө гэж хэлсэн. Түүний маргааш нь намайг мөнгөө шилжүүл гээд байхаар нь би 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 300.000 төгрөгийг 1000 нэрийн барааны дэлгүүрийн баруун талын АТМ-ээс, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Хаан банкны 5058213234 дугаарын данс руу 2.500.000 төгрөгийг Өргөө кино театрын урд талын Хаан банкнаас, хэд хоногийн дараа 3,4 дүгээр хорооллын эцсийн Оргил төвийн АТМ-ээс 2.000.000 төгрөгийг авч өгсөн. Мөн түүний дараа 2018 оны 5 дугаар сарын сүүл орчмоор байж байхад Г байрны ордер гарчихлаа одоо 5.000.000 төгрөгөө бэлдээд хүрээд ир гэж хэлсэн. Тухайн үедээ би хэлэхэд өөрийн нагац Байгалжаргал руу яриад байраа тавиад мөнгө аваад өг би байранд орох гэсэн юм гэж хэлээд байрыг нь Банк бус санхүүгийн байгууллагад түр хугацаанд 4.000.000 төгрөг аваад 1.000.000 төгрөгийг нь өөрийн найз Амаржаргалаас зээлж аваад тухайн өдрөө шууд Гтай очиж уулзаад 5.000.000 төгрөгөө бэлнээр өгсөн. Тэр үед Г хүлээж байгаад 5 минутын дараа гаднаас ороод ирээрэй, би захиралтайгаа уулзаад тохиролцоод байж байя гэж хэлээд орсон. Тэгээд би Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кюкшү цамхгийн 5 давхарт 501 тоотод араас нь ороход захирал гэх хүнтэйгээ Г хүлээж байгаад 5 минутын дараа гаднаас ороод ирээрэй, би захиралтайгаа уулзаад тохиролцоод байж байя гэж хэлээд орсон. Тэгээд би Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кюкшү цамхгийн 5 давхарт 501 тоотод араас нь ороход захирал гэх хүнтэйгээ Г хэрэлдээд гарч ирээд намайг цаанаа байж бай гэж хэлээд маргааш ирээд авчих энэ эхнэртэйгээ гэр бүлийн маргаантай байна гэж хэлээд би тухайн үедээ авч чадаагүй буцсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн1 дүгээр хавтас 32-33 дугаар хуудас, 59-60 дугаар хуудас/,

 

Д.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...Энэ байрыг зарах талаар нэг ч юм яриагүй, энэ байр тэр зээл авсан хүмүүсийн нэр дээр байдаг учраас зарах ямар нэгэн боломж байхгүй, харин байгууллагаас байраа барьцаалан зээл авсан юм. ...Манайх зөвхөн машин л авдаг байж байгаад нэг хүний байрыг авсан чинь нөгөө байр нь өөр хүнийх болж таараад мөнгө авч чадахгүй байгаа юм. Тэгээд би Гантулгыг 22.000.000 төгрөгийг нь төлүүлээд зөрүү мөнгийг нь авахгүй юу даа гэж хэлсэн. Анх би Сонгинохайрхан дүүргийн шүүхэд энэ  асуудлаар нэхэмжлэл гаргасан байсан. Тухайн үед нэхэмжлэл гаргахад хүүтэйгээ нийлээд 36.000.000 төгрөг болсон юм. Тэгээд би Гд хэлэхдээ чи энэ байрны үндсэн 22.000.000 төгрөгийг олоод өгвөл зөрүү мөнгийг нь чи ав гэж хэлсэн байсан. ... Тухайн үед би Гд чи энэ асуудлаа өөрөө зохицуулаарай, энэ асуудалд чинь би ямар ч хамаагүй шүү гэж хэлсэн. Тухайн үед Г нь Энхцэцэгтэй гаднаас орж ирсэн нь үнэн. ...Гэхдээ би Гд хэлэхдээ гэрээний дагуу мөнгө өгөөд байраа ав л даа гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 34-35 дугаар хуудас/,

 

Гэрч А.Бадамгаравын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Ричард ХХК-д байраа барьцаанд тавьсан. Гэхдээ тус байрыг миний дотно харилцаатай хүн Алтанхуяг гэх эмэгтэй надаас тусламж хүсээд байрыг чинь түр хугацаанд барьцаанд тавиад буцаагаад аваад өгчихнө гэж хэлэхээр нь би тухайн үед Орхон аймагт ажиллаж байсан бөгөөд Эрдэнэт хотоос ирээд байраа барьцаанд тавих 22 сая төгрөгийн гэрээнд гарын үсэг зурчхаад буцаад яваад өгсөн юм. Тэгээд түүнээс хойш Алтанхуяг эгч алга болчихлоо гэж Отгонбаатар над руу утсаар яриад холбогдоод эхлэхээр нь очиход миний байрыг өөрийнхөө эзэмшил болгож авахаар шүүх дээр нэхэмжлэл гаргаад явж байсан юм. Тухайн үедээ би шүүхээр явж байгаад Отгонбаатарт 8 сая төгрөг төлөөд байраа буцааж авсан юм. ...Одоо тус байр миний нэр дээр байдаг. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 63-64 дүгээр хуудас/

 

Гэрч П.Биндэръяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 5 дугаар сард Г ах гаднаас орж ирээд Амараа гэх залууд мөнгөө өгсөн юм. Тэгтэл тэр хүн тоолж үзчихээд дутуу байна гэхээр нь би аваад мөнгө тоологч дээр тоолоход 4.900.000 төгрөг болж байсан бөгөөд түүнийг би буцаагаад Амараа гэх хүнд өгсөн. ...Шар үстэй эмэгтэй хүн 2018 оны 7 дугаар сарын дундуур наадмын дараа орж ирээд Г болон манай захирал нарыг асууж байсан бөгөөд тэр үед нь Г гэх хүн манайд ажилладаггүй талаар хэлээд тэр хүн харин манай захиралтай уулзахаар хэд хэдэн удаа ирсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 65-66 дугаар хуудас/,

 

  1. 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны

өдрийн хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч З.Чаас “Эс Ти Жи Эс” ХХК-ийн “Хишиг” нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас автомашин чөлөөлж, мөнгийг нь өсгөж өгнө гэж хуурч нийт 4 удаагийн үйлдлээр 10.326.006 төгрөгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч З.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 8 дугаар сарын үеэр Их тамирын амралтын газарт Х.Г надад “би 9 ломбардны дунд ажилладаг, эрх зүйч мэргэжилтэй, ломбардны эрсдэл хариуцдаг” гэж өөрийгөө танилцуулсан. Би тухайн үед “эгч нь Солонгос улс руу эмчилгээнд явдаг юм” гэхэд Х.Г нь надад “би танд мөнгийг чинь өсгөөд өгье, би өөрөө бас дундаас нь ашгаа авна. Ломбардад эд зүйлээ тавьсан хүмүүс зээлээ төлж чадахгүй тохиолдолд сунгуулдаг юм. Тухайн үед зээлийг нь чөлөөлж өгөөд тэр хүнээс мөнгө авч болдог юм. Таны мөнгийг өсгөөд өгье “ гэж хэлсэн. Би энэ саналыг сонсоод нөхөр Энхбатад энэ тухай хэлсэн. Тэр үеэс хойш хэд хоногийн дараа Г над руу дахин дахин залгаад “та 25-ын урд ломбардад хүрээд ир, би танд боломж гаргаж өгөх гэж байхад чинь утсаа яагаад авахгүй байгаа юм бэ” гэж уурлангуй ярьсан. Хоёр хоногийн дараа буюу 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хишиг ломбард дээр намайг Г надад “та надад 5 сая төгрөг өгчих, би 5.5 сая төгрөг болгож өгнө” гэж хэлэхэд нь би түүнд “би чамд мөнгө өгөөд нотариатаар орно биз дээ” гэхэд тэгнэ гэж хэлсэн. Би тухайн үед бэлэн 5 сая төгрөг Хишиг ломбард дотор Гд өгсөн. Мөн нэмж 200.000 төгрөг түүнд өгсөн. Г тухайн үедээ “та 5 сая төгрөгийн барьцаанд Тоёота приус-20 машиныг авч бай” гээд ломбардад байсан Тоёота приус-20 машиныг бид хоёрт өгсөн. Нөхөр Энхбат бид хоёр машинаа аваад явсан. 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Г тухайн үед “5,5 сая төгрөг чөлөөлчихлөө, манай захирал яриад 10 сая төгрөг 7 хоногийн хугацаатай хэрэгтэй боллоо, 5,5 сая дээрээ нэмээд 10 сая төгрөг болгоод надад өгчих” гэж хэлсэн. Тэгээд надад бэлэн явж байсан 1.900 ам долларыг өгсөн. Тэгээд Г нь “приус машинаа авна” гэж хэлээд авчихсан. Оронд нь Г бид хоёрт Ниссан патрол нэртэй жийп автомашин өгсөн. Өөрөөр хэлбэл 10 сая төгрөгийн барьцаанд бид хоёрт өгсөн. 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Г утасдаад “ногоон Ниссан патрол машиныхаа түлхүүрийг аваад  гараад ир, дотроос нь юм авах гэсэн юм” гэхээр нь түлхүүрээ аваад гартал машин дотроос хоёр ширхэг номер байсныг авчхаад “энэ хоёр машиныг зээлээс чөлөөлөх гэж байгаа юм, 500.000 төгрөг хэрэг болчихлоо, маргааш өгчихнө” гэж хэлсэн. Тэгээд 500.000 төгрөг аваад явсан. Түүнээс хойш утас нь холбогдохгүй болсон. Нийт 10.328.400 төгрөгийн хохирол учирсан. ...1.900 доллар нь тухайн үеийн ханшаар 4.628.400 төгрөг болсон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 123-124 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 8 дугаар сарын үеэр эхнэр Ч Их тэнгэрийн амралтын газар 2 хоног амарч ирээд надад “би амралтын газар Г гэдэг хүнтэй танилцсан, надад мөнгө өсгөж өгөх боломж байна гэж хэллээ. Ломбарднаас зээл чөлөөлж ашиг олж өгнө гэж хэллээ гэж надад анх хэлсэн. Түүнээс хойш 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр эхнэр Ч руу Г залгаад “Хишиг ломбарданд уулзъя, ашигтай боломж олдсон” гэж хэлсэн. 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр эхнэр Ч бид хоёр Х.Гтай уулзахад “та надад 5 сая төгрөг өгчих, би 5,5 сая төгрөг болгож өгье” гэж хэлээд эхнэр Чаас Хишиг ломбард дотор байх үедээ 5 сая төгрөг бэлэн аваад ломбардны хүүхэнд май гээд өгсөн. Тэгээд Х.Г нь барьцаанд нь үүнийг авч бай гээд Тоёота приус 20 машиныг өгч явуулсан. 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Х.Г дахин утсаар ярьж Хишиг ломбардад дуудсан. Эхнэр бид 2 очиход 5,5 сая төгрөгийг чинь чөлөөлсөн, ашиг гэж 200.000 төгрөг өг гэхлээр нь түүнд өгсөн. Тэгээд Х.Г нь манай захиралд 10 сая төгрөг хэрэг болчхоод байгаа юм, та хоёрт 5,5 сая төгрөг дээрээ нэмээд мөнгө зээлээч гэхээр нь эхнэр өөрт байсан 1.900 ам долларыг Х.Гд бэлнээр өгсөн. Х.Г нь өгсөн приус 20 маркийн машинаа буцааж аваад оронд нь 10 сая төгрөгт барьцаа болгож Ниссан патрол маркийн машин өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 127 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Саруулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 8 дугаар сарын үеэр Г гэдэг хүн манай ломбард дээр ирээд Тоёота приус-20 машин танай ломбардад тавиад 5 сая төгрөг авах гэсэн юм аа гэж хэлээд гуйгаад байсан. Би тухайн үед манайх машин авдаггүй гэж хэлж байсан. Г нь гуйгаад болохгүй болохоор нь түүний авч ирсэн Тоёота приус-20 маркийн саарал өнгийн суудлын автомашиныг барьцаалан 5 сая төгрөг Гд гаргаж өгсөн. 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Г нь Ч гэдэг настай эгчийг дагуулан ирж Г нь Чаас 5 сая төгрөг аваад надад өгсөн. Би тэр мөнгийг нь аваад Тоёота приус-20 маркийн машиныг Гд өгсөн. Г уг машиныг Ч гэдэг хүнд өгөөд явуулсан. Дахин хэд хоногийн дараа Г нь Ч гэдэг хүнтэй хамт манай ломбардад ирээд хоорондоо уулзаж байгаад яваад өгчихсөн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 136 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад нотлох баримтууд:

 

Хавтаст хэргээс автомашины гэрчилгээ /хэргийн 1 дүгээр хавтас 96 дугаар хуудас/, Х.Гын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 128,151 дүгээр хуудас/,  хэрэг бүртгэлтийн хэргийг хаах прокурорын тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 167 дугаар хуудас/, прокурорын шийдвэрийг хүчингүй болгосон прокурорын тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 171 дүгээр хуудас/, яллагдагч Х.Гын мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 180 дугаар хуудас/, байрны гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 222  дугаар хуудас/, Х.Гын хувь нийлүүлсэн гэрээ /хэргийн 1 дүгээр хавтас 238 дугаар хуудас/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 

 

   Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Х.Г нь 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хохирогч Д.Эт “байр худалдана” гэж хуурч, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нийт 4 удаагийн үйлдлээр буюу 2.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5058213234 тоот данс руу шилжүүлэн авсан, бэлнээр 7.300.000 төгрөг, нийт 9.800.000 төгрөгийг авсан,

    Мөн 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч З.Чаас “Эс Ти Жи Эс” ХХК-ийн “Хишиг” нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас автомашин чөлөөлж, мөнгийг нь өсгөж өгнө гэж хуурч 4 удаагийн үйлдлээр нийт 10.326.006 төгрөгийг авсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 20.126.006 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Эийн хаан банкны дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг, залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил сайн харилцааг ашиглах, худал амлах, хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх гэх зэрэг аргаар үйлдэгддэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

      Тодруулбал хохирогч З.Чын “...Х.Г надад би 9 ломбардны дунд ажилладаг, эрх зүйч мэргэжилтэй, ломбардны эрсдэл хариуцдаг... би танд мөнгийг чинь өсгөөд өгье гэж хэлсэн“, хохирогч Д.Эийн “...Би Ерөнхийлөгчийн зөвлөх Х Г гэдэг хүн байна, би нэг хэрэг өмгөөлөөд их мөнгө авсан юм гэсэн. Тэгэхээр нь би та өмгөөлөгч юм уу гэсэн чинь тийм гэсэн. Тэгээд надад би хүнд ажил хийж өгөөд хөлсөнд нь байр авсан байгаа юм...Би ер нь байраа 10.000.000 төгрөгөөр чамд зарна ...” гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Х.Г нь 9 ломбардны дунд ломбардны эрсдэл хариуцсан ажил хийдэг, эрх зүйч мэргэжилтэй, ерөнхийлөгчийн зөвлөхөөр болон өмгөөлөгчөөр ажилладаг, зарна гэх орон сууцны жинхэнэ өмчлөгч мөн болох нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Г нь хохирогч нарт худал хэлж, хуурамч мэдээллээр төөрөгдүүлж хохирогч нарын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэж үзэхээр байна.

 

           “Хуурч авах” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авах үйлдлийг хэлнэ. 

           Энэхүү гэмт хэрэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчаас эд зүйлс, өмч хөрөнгийг хуурамч ойлголт төрүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн, захиран зарцуулах бодит бололцоог бүрдүүлснээр төгсгөл болдог. 

 

      Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Х.Г нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

 

     Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч Х.Гын хохирогч З.Чд хохирол учруулсан гэх үйлдэл нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн залилах гэмт хэргийн шинжгүй буюу иргэний эрх зүйн зээлийн харилцаа байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

 

     Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.Гын гэмт хэрэг үйлдсэн сүүлийн үйлдэл нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

    Түүнчлэн бусдын эд хөрөнгийг зээл нэрээр халхавчлан залилан мэхэлж авах нь уг зээлийг буцааж төлөх бодит баталгаагүй, тухайлбал барьцааны хөрөнгөгүй, хөрөнгө нь байлаа ч гэсэн эрхийн зөрчилтэй, тухайн эд хөрөнгийг барьцаалах бүрэн эрхгүй этгээд барьцаалсан байдаг зэргээр иргэний эрх зүйн зээлийн гэрээнээс ялгагдана. Өөрөөр хэлбэл гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд барьцааны эд хөрөнгө нь үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг анхнаасаа хангах боломжгүй байсан ба энэ байдлыг үүрэг гүйцэтгэгч мэдэж, санаатайгаар нуун далдалсан бол залилах гэмт хэрэг гэж үзнэ. Хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаанаас үзэхэд хохирогч З.Чд барьцаа болгож үлдээсэн гэх “Nissan Patrol” маркийн автотээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Х.Гын өмчлөлийн бус Б.Баасандорж гэх иргэний өмчлөлд байдаг болох нь тогтоогдож байна.

 

    Иймд шүүгдэгч Х.Гыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч З.Чд 10.326.006 төгрөгийн хохирол, хохирогч Д.Эт 9.800.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд хохирогч Д.Э нь “...2.700.000 төгрөг авсан. Үлдэгдэл 7.100.000 төгрөгөө нэхэмжилж байна” / 2 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/ гэжээ. Иймд хохирогч Д.Эт 2.700.000 төгрөгийн хохирол төлөгдсөн гэж үзэх бөгөөд шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргасныг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар хүлээн авч, шүүх хуралдааныг ажлын 5 өдөр завсарлуулсан боловч шүүгдэгч нь хохирогч нарт хохирлыг нөхөн төлөөгүй.  

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Гас нийт 17.426.006 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Эт 7.100.000 төгрөг, хохирогч З.Чд 10.326.006 төгрөг тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

           

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Х.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.

 

Өмгөөлөгч Л.Баттогтох “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндсэн нөхцөлийг шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж хуульчилсан.

Шүүгдэгч Х.Гын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй буюу шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруу дээрээ маргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан хэдий ч хохирол, төлбөрийг нөхөн төлөөгүй.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан “хохирол нөхөн төлөхөө илэрхийлэх” тухай ойлголт нь шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан уг илэрхийлэл нь баримтаар нотлогдсон тохиолдолд хохирол нөхөн төлөгдөх бодит боломжтой байна гэж шүүх үзэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, хохирол, төлбөрийг нөхөн төлөөгүй, гэм буруу дээрээ маргасан зэрэг нөхцөл байдлууд байх тул шүүх шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Х.Гын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” болон 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Гантулгыг “Хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

 

  1. Бусад асуудлаар:

 

Тогтоол хүчин төгөлдөр болтол болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Гантулгын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 4 /дөрөв/ хоног, мөн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 6 хоног, нийт 10 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

           Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Гыг үргэлжилсэн үйлдлээр “Хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Гыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 4 /дөрөв/ хоног, цагдан хоригдсон 6 хоног, нийт 10 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

  1. Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 

        6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Х.Гас нийт 17.426.006 төгрөг гаргуулж, хохирогч Д.Эт 7.100.000 төгрөг, хохирогч З.Чд 10.326.006 төгрөгийг тус тус олгосугай.

 

        7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

        9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО