| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2021/0040/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/42 |
| Огноо | 2021-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/42
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.О, З.М,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овгийн Ө-ын О, Б овгийн З-ийн М нарт холбогдох 2128000180022 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ................................
Монгол Улсын иргэн .................................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ө.О нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг ...................тоотод орших А.Ч-ы гэрт З.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний биед уруулд зулгаралт, зүүн шуу, ууц, зүүн шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч З.М нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг ...................тоотод орших А.Ч-ы гэрт Ө.О-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний биед тархины доргилт, духны зулгаралт, зүүн хацар шанааны цус хуралт, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ө.О, З.М нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч З.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хохирогчоор мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч З.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хохирогчоор мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч З.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө 10 цагийн үед манай усны тэргийг гуйгаад хажуу хашааны нэг хүүхэн ороод ирчихсэн цай уугаад сууж байсан чинь гаднаас О хашхираад ороод ирэхээр нь эх Ч гадаа хажуу хашаанд ажил явдал болж байна намуухан бай гэсэн чинь хамаагүй гээд хашхираад байхаар нь эх Ч гэрийн үүдний амбаар руу аваад гарсан. Амбаар дотор О манай эх Ч руу чанга дуугаар хашхичиж яриад байхаар нь би араас нь үүдний амбаар руу гараад очсон чинь О намайг хэл амаар доромжлоод өөдөөс сарвалзаад байхаар нь би өөдөөс нь дайраад үүдний амбаарын булан руу шахаж газар унагасан. Тухайн үед амбаарын дамнуургууд нураад О бид хоёрын дээрээс уначихсан. Би О-гийн дээрээс дараад босгоогүй. Тэгсэн чинь О гараараа миний нүүр рүү самардаад миний хацарнаас цус гаргачихаар нь цусаа гараараа арчаад О-гийн нүүрэнд наагаад хар хэл ам хүргэхгүй гэж бодсон. Бас би О-гийн нүүр рүү гараараа 2 удаа алгадсан. О дуугүй болохгүй байсан чинь манай эх Ч дуугүй бай гээд О-гийн амыг дарж байсан санагдаж байна. Гэрт ороод эв зүйгээ олъё гэж эх хэлээд гэр рүү бид 3 орсон чинь О гэрт ороод шанагатай ус над руу цацчихаар нь би О дээр очоод ахиад зуухны хажууд дарж унагасан чинь өөдөөс хэрүүл хийгээд байсан. О гадаа машинд хүүхэд байгаа би явлаа гэхээр нь гараа авсан чинь О босоод гараад явсан... Намайг О хөлөөрөө өшиглөөд байсан. Тэр үед миний хөл гэмтсэн байх гэж бодож байна... Би У-тай ойр байж үзээгүй. С намайг гэрт нь очиход агаа гээд дагаад салдаггүй бүр хамт хөдөө уул хаданд хамт явдаг хүүхэд. Би надаас айдаг гэж мэдэхгүй юм байна. Би Ү дүүгийн ганц хүүхэд гээд их сайн байдаг.” /хавтаст хэргийн 35-36, 39 дүгээр хуудас/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө 11 цагийн үед би Бүсийн оношилгоо, эмчилгээний төв рүү шинжилгээ өгөх гэж очсон чинь нэг эмч шинжилгээ авч дууссан маргааш өглөө нөхөртэйгөө хамт ир гэхээр нь би учраа тайлбарлаад одоо өгөх гэсэн юм гэж хэлсэн чинь одоо шинжилгээ аваад дууссан маргааш нөхөртэйгөө ир гэж хэлсэн. Би нөхөр Ү руу шинжилгээ өгье гэж хэлэх гээд гар утас руу нь залгасан чинь Ү-ын гар утас холбогдохгүй байсан. Хадам эх Ч-ы гэрт очиж Ү-тай уулзъя гээд очсон чинь Ү гэрт нь байгаагүй. Хадам эх Ч-ы гэрт очиход манай хадам эх Ч, хадам ах М бас нэг танихгүй эмэгтэй 3 гэртээ байсан. Би гэрт нь ороод хадам эх Ч-аас Ү хаана байна гэж асуусан чинь хадам эх Ч намайг үгийн зөрүүгүй үүдний пин рүүгээ чирээд гаргасан. Би үүдний пинд ороод танай хүү Ү гар утсаа авахгүй байна эмнэлэгт хамт очиж шинжилгээ өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн чинь манай хүү Ү эмнэлэгт очихгүй гэж хэлэхээр нь бага зэрэг чанга дуугаар та эх нь юм бол хүүдээ хэлээч гэсэн чинь М гэрээс гарч ирэх гэж байгаа харагдсан. Би гэрийн үүдийг гаднаас нь түлхсэн чинь М чи миний эх рүү хашхирч загнадаг хэн бэ гээд гарч ирээд цээж рүү дараад үүдний пингийн буланд дарж унагаад миний нүүр рүү М гараараа нэлээн хэдэн удаа алгадсан, бас миний үснээс М үсдээд байсан. Намайг пингийн шалан дээр уначихсан байхад хадам эх Ч чимээгүй бай гэж хэлээд миний амыг дарчихсан чинь би тухайн үед масктай байсан, амьсгалж чадахгүй байхаар нь хадам эх Ч-ы гар руу гараараа цохисон, аль гар руу нь цохисноо мэдэхгүй байна. Намайг М нүүр рүү алгадаад байхаар нь би зөрүүлээд М-ын нүүрийг нь самардсан. Бас миний толгой руу М мөргөхөөр нь би зөрүүлээд нуруу, ууцыг нь самардсан. Дараа нь хадам эх Ч миний амыг дахиад гараараа дараад байхаар нь хазна шүү гэж хэлсэн чинь гараа авсан. Нэг хүн миний хоолойг боохоор нь би гарыг нь хазсан. Пин дотор харанхуй байсан болохоор би хэн миний хоолойг боосон талаар мэдэхгүй байна. Би хүүхэд дээрээ очъё гэж хэлсэн чинь намайг үүдний пингийн шалан дээрээс босгосон. М гэр рүүгээ ороод явсан, би хадам эхтэй ярилцаж байсан чинь М гарч ирэх гээд байхаар нь би гэрийнх нь үүдийг хаасан. Хадам эхийн гэрт цүнхээ мартсан гэж бодоод гэрт нь орсон чинь цүнх гэрт нь байгаагүй. Гэрт нь ороод би Мад та нар эцгийгээ уурлуулж өөрийнхөө амийг автал нь уурлуулж байж амийг нь хорлуулаа биз дээ гэж хэлээд муухай п... юм аа гэж хэлсэн чинь М чи муу юу гээд байгаа г... вэ гэж хэлээд надтай ахиад маргалдаж зодолдсон. Намайг гэртээ зуухныхаа хажууд М унагаад ална гээд байхаар нь би ал ал гэж хэлээд хэвтсэн. Хадам эх намайг газар хэвтэж байхад миний хоолойг боох гээд гараараа дарахаар нь боогоод алчих гэсэн чинь боохоо больсон. Би М-ын нүүр рүү түлхтэл миний баруун гарын долоовор дунд хуруу 2 ам руу нь орсон чинь М хазчихсан. ...М манай хүү С болон охин У-д муухай зан ааш гаргаж гар хүрч байгаагүй. Тухайн үед би сэтгэл хөдлөл болон хүү Сайнхүүгийн хэлсэн М ах надад муухай зан гаргадаг гэж хэлж байсныг өргөдөл дээрээ оруулж бичсэн... гомдолгүй.” /хавтаст хэргийн 44-45, 48 дугаар хуудас/
Гэрч А.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн үед Ч эгчийн гэрт усны тэргийг нь авах гээд очсон чинь Ч эгч хүү М-ын хамт гэртээ байсан. Надад цай аягалж өгөөд цай уугаад сууж байсан чинь гэрт нь нэг эмэгтэй хүн орж ирээд Ч эгчтэй юм ярьж байгаад Ч эгчтэй хамт үүдний пин рүү гараад гэрийн үүдээ Ч эгч хаачихсан. Би гэрт нь зурагт үзээд цай уугаад сууж байсан. Тухайн үед Ч эгч тэр эмэгтэй хүнтэй юу ярьсан талаар мэдэхгүй байна. Гэрт орж ирээд Ч эгч тэр эмэгтэй 2 бараг 2-3 минут юм ярьсан байх. Тэгээд гараад үүдний пинд ярилцаж байгаа бололтой байсан. Тэгсэн чинь араас нь М удалгүй гарч явсан. М гарахдаа гэрийн үүдээ хаагаад гарсан. Би цайгаа ууж дуусаад гарах гэсэн чинь үүдний пинд хүмүүс байсан болохоор гарч чадахгүй гэрт нь ганцаараа сууж байсан чинь 10 минутын дараа Ч эгч М хоёр гэртээ орж ирэхээр нь би Ч эгчид явлаа гэж хэлээд гэрийнх нь хажууд байсан усны тэргийг аваад гэр рүүгээ явсан... М ах үүдний пингээс эхтэйгээ орж ирэхдээ хацар дээр нь шалбарсан юм шиг бага зэргийн цус болсон байсан.” /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/
Шүүгдэгч Ө.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би өмнө нь хохирогчийн мэдүүлэгтээ бүгдийг хэлсэн одоо нэмж ярих зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/
Шүүгдэгч З.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би өмнө нь хохирогчийн мэдүүлэгтээ бүгдийг хэлсэн одоо нэмж ярих зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/
Шинжээч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Шүүх эмнэлгийн дүгнэлтээр З.М-ын биед уруул зулгаралт, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тухайн гэмтлүүд хүний хүчин зүйлээс болж үүсэх үү, дамнуурга мод нурж унаснаас болж үүсэх үү гэдгийг тогтоох боломжгүй. Тухайн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой... Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Ө.О-гийн биед тархины доргилт, духны зулгаралт, зүүн хацар шанааны цус хуралт, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тухайн гэмтлүүд хүний хүчин зүйлээс болж үүсэх үү, дамнуурга мод нурж унаснаас болж үүсэх үү гэдгийг тогтоох боломжгүй. Тухайн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.” /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Ө.О-гийн биед тархины доргилт, духны зулгаралт, зүүн хацар шанааны цус хуралт, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 57 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...З.М-ын биед уруулд зулгаралт, зүүн шуу, ууц, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. З.М-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/
Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 09 дүгээр хуудас/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 89, 90 дүгээр хуудас/
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 76-77, 80-81 дүгээр хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч З.М, Ө.О нараас өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагч нарт танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд З.М, Ө.О нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ө.О нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг ...................тоотод орших А.Ч-ы гэрт З.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний уруулд зулгаралт, зүүн шуу, ууц, зүүн шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч З.М-ын “...Амбаар дотор О манай эх Ч руу чанга дуугаар хашхичиж яриад байхаар нь би араас нь үүдний амбаар руу гараад очсон чинь О намайг хэл амаар доромжлоод өөдөөс сарвалзаад байхаар нь би өөдөөс нь дайраад үүдний амбаарын булан руу шахаж газар унагасан. Тухайн үед амбаарын дамнуургууд нураад О бид хоёрын дээрээс уначихсан. Би О-гийн дээрээс дараад босгоогүй. Тэгсэн чинь О гараараа миний нүүр рүү самардаад миний хацарнаас цус гаргачихаар нь цусаа гараараа арчаад О-гийн нүүрэнд наагаад хар хэл ам хүргэхгүй гэж бодсон...” /хавтаст хэргийн 35-36, 39 дүгээр хуудас/,
гэрч А.О-ын “...Би 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн үед Ч эгчийн гэрт усны тэргийг нь авах гээд очсон чинь Ч эгч хүү М-ын хамт гэртээ байсан. Надад цай аягалж өгөөд цай уугаад сууж байсан чинь гэрт нь нэг эмэгтэй хүн орж ирээд Ч эгчтэй юм ярьж байгаад Ч эгчтэй хамт үүдний пин рүү гараад гэрийн үүдээ Ч эгч хаачихсан. ... Тэгсэн чинь араас нь М удалгүй гарч явсан. М гарахдаа гэрийн үүдээ хаагаад гарсан. ... М ах үүдний пингээс эхтэйгээ орж ирэхдээ хацар дээр нь шалбарсан юм шиг бага зэргийн цус болсон байсан.” /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,
шинжээч Б.Б-ийн: Шүүх эмнэлгийн дүгнэлтээр З.М-ын биед уруул зулгаралт, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тухайн гэмтлүүд хүний хүчин зүйлээс болж үүсэх үү, дамнуурга мод нурж унаснаас болж үүсэх үү гэдгийг тогтоох боломжгүй. Тухайн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой...” /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 57 дугаартай шинжээчийн З.М-ын биед уруулд зулгаралт, зүүн шуу, ууц, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч З.М нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг ...................тоотод орших А.Ч-ы гэрт Ө.О-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний биед тархины доргилт, духны зулгаралт, зүүн хацар шанааны цус хуралт, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ө.О-гийн “...Хадам эх Ч-ы гэрт очиж Ү-тай уулзъя гээд очсон чинь Ү гэрт нь байгаагүй. Хадам эх Ч-ы гэрт очиход манай хадам эх Ч, хадам ах М бас нэг танихгүй эмэгтэй 3 гэртээ байсан. Би гэрт нь ороод хадам эх Ч-аас Ү хаана байна гэж асуусан чинь хадам эх Ч намайг үгийн зөрүүгүй үүдний пин рүүгээ чирээд гаргасан. Би үүдний пинд ороод танай хүү Ү гар утсаа авахгүй байна эмнэлэгт хамт очиж шинжилгээ өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн чинь манай хүү Ү эмнэлэгт очихгүй гэж хэлэхээр нь бага зэрэг чанга дуугаар та эх нь юм бол хүүдээ хэлээч гэсэн чинь М гэрээс гарч ирэх гэж байгаа харагдсан. Би гэрийн үүдийг гаднаас нь түлхсэн чинь М чи миний эх рүү хашхирч загнадаг хэн бэ гээд гарч ирээд цээж рүү дараад үүдний пингийн буланд дарж унагаад миний нүүр рүү М гараараа нэлээн хэдэн удаа алгадсан, бас миний үснээс М үсдээд байсан. ... Би хүүхэд дээрээ очъё гэж хэлсэн чинь намайг үүдний пингийн шалан дээрээс босгосон. М гэр рүүгээ орсон. Хадам эхийн гэрт цүнхээ мартсан гэж бодоод гэрт нь орсон чинь цүнх гэрт нь байгаагүй. Гэрт нь ороод би Мад та нар эцгийгээ уурлуулж өөрийнхөө амийг автал нь уурлуулж байж амийг нь хорлуулаа биз дээ гэж хэлээд муухай п... юм аа гэж хэлсэн чинь М чи муу юу гээд байгаа г... вэ гэж хэлээд надтай ахиад маргалдаж зодолдсон. Намайг гэртээ зуухныхаа хажууд М унагаад ална гээд байхаар нь би ал ал гэж хэлээд хэвтсэн. Би М-ын нүүр рүү түлхтэл миний баруун гарын долоовор дунд хуруу 2 ам руу нь орсон чинь М хазчихсан.” /хавтаст хэргийн 44-45, 48 дугаар хуудас/,
гэрч А.Отгонжаргалын “...Би 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн үед Ч эгчийн гэрт усны тэргийг нь авах гээд очсон чинь Ч эгч хүү М-ын хамт гэртээ байсан. Надад цай аягалж өгөөд цай уугаад сууж байсан чинь гэрт нь нэг эмэгтэй хүн орж ирээд Ч эгчтэй юм ярьж байгаад Ч эгчтэй хамт үүдний пин рүү гараад гэрийн үүдээ Ч эгч хаачихсан. Би гэрт нь зурагт үзээд цай уугаад сууж байсан. Тухайн үед Ч эгч тэр эмэгтэй хүнтэй юу ярьсан талаар мэдэхгүй байна. Гэрт орж ирээд Ч эгч тэр эмэгтэй 2 бараг 2-3 минут юм ярьсан байх. Тэгээд гараад үүдний пинд ярилцаж байгаа бололтой байсан. Тэгсэн чинь араас нь М удалгүй гарч явсан. М гарахдаа гэрийн үүдээ хаагаад гарсан. Би цайгаа ууж дуусаад гарах гэсэн чинь үүдний пинд хүмүүс байсан болохоор гарч чадахгүй гэрт нь ганцаараа сууж байсан чинь 10 минутын дараа Ч эгч М хоёр гэртээ орж ирэхээр нь би Ч эгчид явлаа гэж хэлээд гэрийнх нь хажууд байсан усны тэргийг аваад гэр рүүгээ явсан.” /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,
шинжээч Б.Б-ийн “...Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Ө.О-гийн биед тархины доргилт, духны зулгаралт, зүүн хацар шанааны цус хуралт, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тухайн гэмтлүүд хүний хүчин зүйлээс болж үүсэх үү, дамнуурга мод нурж унаснаас болж үүсэх үү гэдгийг тогтоох боломжгүй. Тухайн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.” /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 55 дугаартай шинжээчийн Ө.О-гийн биед тархины доргилт, духны зулгаралт, зүүн хацар шанааны цус хуралт, эрүүний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Ө.О, З.М нар хоорондоо таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ө.О, З.М нар нь бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.О, З.М нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ө.О, З.М нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул тэдний хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.О, З.М нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчоор тогтоогдсоны дараа мэдүүлэг өгөхдөө гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Ө.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, З.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч тус бүрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О, З.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.О, З.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.О, З.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овгийн Ө-ын О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б овгийн З-ийн М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, З.М-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ө.О, З.М нар нь шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О, З.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ө.О, З.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.О, З.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ