| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2021/0034/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/37 |
| Огноо | 2021-03-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/37
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч Ш.Н, түүний өмгөөлөгч И.Олонмөнх,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ш-ийн Н-т холбогдох 2128000010020 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....................................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ш.Н нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, Бүсийн Оношилгоо, Эмчилгээний төвийн хашаан дотор байрлах “Говийн мэлмий” нүдний эмнэлэгт иргэн Б.Э-ийн эзэмшлийн “Huawei honor-20” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 710,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ш.Н-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ш.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ байж байхад Манлай сумаас нүдэндээ юм оруулчихсан хүн нүдээ үзүүлэх гэсэн юм гээд над руу залгахаар нь би 15 цагийн үед гэрээсээ гарч очсон. Манай гэр ажлын залгаа байшин байгаа юм. Ажил руу орох гээд үүдэн дээр нь очиход Манлай сумаас ирсэн хоёр хүн нэг танихгүй залуу нийт гурван хүн хүлээж байгаад миний араас ажил руу орсон. Би үзлэгийн өрөө рүүгээ ороод өөрийн гар утсаа ширээн дээрээ тавиад эхний хүний нүдийг үзлэгийн өрөөнд үзээд байж байхад нэг эмэгтэй үзлэг хийж байгаа юу гэж асуухаар нь хүн үзэж байна цаанаа хүлээж бай гэж хэлээд цааш дурангийн өрөөнд нөгөө хүнийг нарийвчилж үзэхээр ороод 10 минут орчим болоод гараад ирсэн. Нэг залуу нь яваад өгсөн байсан. Мөн үзүүлнэ гээд байсан эмэгтэй хүн явчихсан байсан. Би ажлаасаа гараад гэр рүү ороод гар утсаа үзсэн чинь миний гар утас байхгүй байсан. Гар утас руугаа эхнэрийн гар утсаар залгаж үзэхэд холбогдохгүй байсан. Ажил дотор ороод үзэхэд миний гар утас байхгүй байсан болохоор цагдаад өргөдөл гаргаж өгсөн.Тухайн гар утсыг 2019 оны 07 дугаар сард Улаанбаатар хотоос манай хүргэн 700,000 төгрөгөөр, 2 сим карт ордог “Huawei honor-20” загварын гар утсыг шинээр нь худалдан аваад надад авчирч өгсөн. Хар өнгөтэй, мэдрэгчтэй, хар өнгийн гэртэй гар утас байсан. Тухайн гар утсаа 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үзлэгийн өрөөний ширээн дээр тавиад дурангийн өрөөнд хүн үзчихээд гараад ирэх хооронд хулгайд алдагдсан байх гэж бодож байна... Хулгайд алдсан гар утсаа олж авсан тул санал гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 20-21, 25 дугаар хуудас/
Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нүдээ үзүүлэх гэж Өмнөговь аймаг Даланзадгад сумын нүдний эмнэлэгт 16 цагийн үед А-ийн хамт очсон. Эмнэлэг рүү ороод Э эмчид үзүүлсэн. Эхлээд би нүдээ үзүүлэх гээд Э эмч рүү орсон. Нүдээ үзүүлчхээд гарч ирээд гутлаа өмсөөд гадна талын коридорт хүлээгээд суусан. Намайг коридорт хүлээгээд сууж байхад нүдний шилний лангуун дээр 20 гаруй насны, масктай, эмэгтэй хүн эргэлдээд байж байсан. Би тэр хүнийг сайн ажиглаж хараагүй. Намайг Э эмчид үзүүлж байхад хаалгаар нэг эмэгтэй хүн үзэж байгаа юу? гэж Э эмчээс асуусан. Тэгэхэд Э эмч та энэ хоёр хөгшний дараа үзүүлээрэй гэж хэлж байсан. Тэр эмэгтэй л нүдний шилний лангуун дээгүүр эргэлдээд байж байсан. Намайг эмнэлэгт хүлээгээд сууж байхад 10 минут орчим болсон уу үгүй юу, за явъя гэж хэлж байгаа бололтой гараад явсан.” /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нүдээ үзүүлэх гэж Өмнөговь аймаг Даланзадгад сумын нүдний эмнэлэгт 16 цагийн үед Нын хамт очсон. Эмнэлэг рүү ороод Э эмчид үзүүлсэн. Эхлээд Н нүдээ үзүүлэх гээд Э эмч рүү орсон. Би коридорт нь хүлээгээд суусан. Намайг хүлээгээд сууж байхад 20 орчим насны эмэгтэй хүн орж ирсэн. Нүдний шилний лангуун дээгүүр л эргэлдээд байсан. Н нүдээ үзүүлээд гарч ирсний дараа би үзүүлсэн.” /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай найз Ш.Н манай гэрт ирээд 1 сар гаруй болсон. Цэнхэр өнгийн “Huawei honor” гэсэн бичигтэй гар утас 2020 оны 12 дугаар сарын эхээр хүнээс эгчээрээ худалдаж авхуулсан гэж хэлж авчраад миний 902309.. дугаартай сим картыг утсандаа хийж ашиглаж байсан... 2020 оны 11 дүгээр сарын 26-наас 28-ны өдрийн хооронд Н өглөө босоод 09 цагийн үед манай эмээ Цогтцэций сумаас ирж байгаа, би эмээгийнхээ нүдийг үзүүлнэ гээд гэрээс гараад явсан. Орой 19 цагийн үед манайд ирэхдээ “Honor-20” загварын гар утастай ирэхээр нь би хаанаас гар утас авсан юм гэж асуусан чинь манай эгч гар утсаа зарсан гэж баахан загнаж байгаад авч өгсөн гэж хэлэхээр нь би гар утасны дэлгүүр онгойхгүй байгаа гэсэн чинь эгээ надад зар тавьж байгаад таньдаг хүнээсээ 350,000 төгрөгөөр гар утас авч өгсөн гэж хэлсэн. Миний симийг Н гар утсандаа хийж facebook messenger татсан. Дараа нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Цогтцэций сум руу явлаа гээд явсан.” /хавтаст хэргийн 31-32, 34-35 дугаар хуудас/
Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Н манай дүүгийн хүүхэд. Н Цогтцэцийд эх, дүү хоёртойгоо амьдардаг. Н намайг өдөр 15 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрт ирчихсэн хэвтэж байсан. Би яаж яваа юм гэж Ноос асуухад аймагт ажилтай явж байна гэж хэлсэн... Н хүнд их тусалдаг, тусархуу зантай хүүхэд.” /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Н-той 2020 оны 07 дугаар сард танилцаж байсан. Н манай найз Г-тэй үерхээд би Н-той найзууд болсон. Н Цогтцэцийд амьдардаг гэж хэлсэн. Цогтцэцийд хаана байдгийг нь би мэдэхгүй. Н 2020 оны 10 дугаар сард манай гэрт ирж амьдарсан. Манай найз Г цэрэгт явсан чинь Н манай гэрт амьдрах болсон. Н “Samsung Note-5” загварын гар утас барьдаг байсан. Гар утсаа зараад манайд гурил, будаа, мах авсан. 2020 оны 11 дүгээр сарын 28-ны үеэр гар утастай болсон. Н хэлэхдээ аймагт байдаг эгч нь 350,000 төгрөгөөр гар утас авч өглөө гэж хэлж байсан... Н нь гэнэтийн ууртай, хүнтэй харьцахдаа харьцаж чадахгүй гэнэт уурлаад байдаг зантай.” /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/
Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Н миний төрсөн охин байгаа юм... 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Даланзадгад сумын 3 дугаар сургуульд элсэн орж 2016 онд бие нь өвдөж завсардаад хичээлээс гарсан. Манай охин бөөрний дутагдалд ороод гэрээс огт гардаггүй хүүхэд байсан. Манай охин ер нь их тусархаг хүүхэд байсан. Өнгөрсөн жил 2020 оноос эхлээд зан нь их хувирч эхэлсэн. Мөн ааш муутай болсон. Найз нөхөдтэй болоод тэд нар нь аашийг нь эвдээд байх шиг болсон. Би найз нөхдийг нь харж байгаагүй, утсаар яриад гараад явдаг болсон.” /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/
Шүүгдэгч Ш.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад суманд найз залуу А цэрэгт явлаа гэхээр нь гаргаж өгөх гэж ирсэн. Найз залуугаа цэрэгт явсны дараа найз А-ын гэрт амьдарсан. 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би А-ын гэрээс гараад худалдааны төв рүү явсан. Дэлгүүр явж байгаад миний нүдэнд шороо орчихоор нь худалдааны төвийн урд талын Очир дэлгүүрийн гаднаас Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хажууд байдаг нүдний эмнэлэг рүү алхаж явсан. Намайг нүдний эмнэлэгт очиход 3, 4 хүн гадна талд нь хүлээж байсан. Би нүдний эмнэлгийн эмчтэй уулзаж хүн үзэж байна уу гэсэн чинь хүнтэй байна дарааллаараа ороод ир гэж хэлсэн. Би үүднээс улавч өмсөөд буцаад эмчээс юм асуух гээд өрөөнд нь орсон чинь хүн байхгүй, өрөөнд нь гар утас доошоо хараад унасан байсан санагдаж байна. Би тэр гар утсыг шалнаас аваад куртикнийхээ халаасанд хийгээд эмнэлгээс гараад явсан. Явж байх замдаа нэг эрэгтэй хүнтэй 25 дугаар цэцэрлэгийн хажууд таараад та гар утасны код тайлж чадах уу гэсэн чинь ах нь гар утас сайн мэдэхгүй гэхээр нь би кодоо мартаад ийм болгосон гэж хэлсэн чинь за ах нь үзье гэж хэлээд оролдоод 2-3 удаа 30 секунд хүлээсэн. Дараа нь ахын дүү чи 6 ширхэг 0 хийсэн байна гэж хэлэхээр нь баярлалаа гэж хэлээд А-ын гэрт очсон. А намайг гар утастай болсныг мэдээд хаанаас гар утас авсан юм гэж асуухаар нь манай эгч надад авч өгсөн гэж хэлсэн. ...Би гар утсыг нь буцааж өгсөн. Гар утасны дэлгэцийг би унагаагаад хагалсан байсан учир үнэлгээгээр гарсан 150,000 төгрөгийг бүрэн төлж хохирлыг барагдуулсан. Гэм буруугаа ойлгож байна, дахиж хулгай хийхгүй.” /хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас/
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 824 дугаартай үнэлгээгээр: Гар утас /Huawei honor-20/ 1 ширхэг, нийт дүн 560,000 төгрөг.” гэжээ. /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-821/004 дугаартай үнэлгээгээр: “Huawai honor-20” загварын гар утасны дэлгэц нийт үнэ 150,000 төгрөг.” /хавтаст хэргийн 52-55 дугаар хуудас/
“Скайтел” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 21/653 дугаартай албан бичигт: “863024046133795 амей код 2020.12.06-2021.01.21-ний өдрүүдэд 90230923 дугаар бүртгэгдсэн байна. Дугаарын эзэмшигч Б.Уламбаяр /КБ68050806/ Өмнөговь аймаг Баян-Овоо сум” /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дугаар хуудас/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-12 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 78 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 70-75 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ш.Н-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ш.Н нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, Бүсийн Оношилгоо, Эмчилгээний төвийн хашаан дотор байрлах “Говийн мэлмий” нүдний эмнэлэгт иргэн Б.Э-ийн эзэмшлийн “Huawei honor-20” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэж бусдад 710,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Б.Э, гэрч Д.Н, Б.А, Б.А нарын мэдүүлэг, “Скайтел” ХХК-ийн албан бичиг, “Хас Үнэлгээ” ХХК-ийн 824 дугаартай үнэлгээ, “Ашид билгүүн” ХХК-ийн 821/04 дугаартай дүгнэлт, Ш.Н-ын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-т учирсан 710,000 төгрөгийн хохирол төлөгдсөн. Үүнээс 510,000 төгрөг нь “Huawei honor-20” загварын гар утасны үнэ, 150,000 төгрөг нь “Huawei honor-20” загварын гар утасны дэлгэцийн үнэ бөгөөд хохирол төлбөр мөрдөн байцаалтын шатанд бүрэн төлөгдсөн. Хохирогч Б.Э “Huawei honor-20” загварын гар утсыг биет байдлаар буцаан авсан. Шүүгдэгч Ш.Н нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгч Ш.Н-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх дүгнэлтдээ: Тухайн үед болсон асуудлыг шүүгдэгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хэргээ шударгаар хүлээн мэдүүлж яллагдагчаар татах тогтоолтой танилцаж гэмт буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг тайлбараа өгсөн байдаг. Хохирогчид учирсан хохирлоо сайн дураараа бүрэн төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Ш.Н нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, дахиж гэмт хэрэг үйлдэхгүй, гэмшиж байгаа талаар тайлбар гаргав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ш.Н-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Ш.Н нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, Бүсийн Оношилгоо, Эмчилгээний төвийн хашаан дотор байрлах “Говийн мэлмий” нүдний эмнэлэгт иргэн Б.Э-ийн эзэмшлийн “Huawei honor-20” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 710,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Б.Э-ийн “...Би үзлэгийн өрөө рүүгээ ороод өөрийн гар утсаа ширээн дээрээ тавиад эхний хүний нүдийг үзлэгийн өрөөнд үзээд байж байхад нэг эмэгтэй үзлэг хийж байгаа юу гэж асуухаар нь хүн үзэж байна цаанаа хүлээж бай гэж хэлээд цааш дурангийн өрөөнд нөгөө хүнийг нарийвчилж үзэхээр ороод 10 минут орчим болоод гараад ирсэн. Нэг залуу нь яваад өгсөн байсан. Мөн үзүүлнэ гээд байсан эмэгтэй хүн явчихсан байсан. Би ажлаасаа гараад гэр рүү ороод гар утсаа үзсэн чинь миний гар утас байхгүй байсан. Гар утас руугаа эхнэрийн гар утсаар залгаж үзэхэд холбогдохгүй байсан. Ажил дотор ороод үзэхэд миний гар утас байхгүй байсан болохоор цагдаад өргөдөл гаргаж өгсөн.” /хавтаст хэргийн 20-21, 25 дугаар хуудас/,
гэрч Д.Н-ын “...Би 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нүдээ үзүүлэх гэж Өмнөговь аймаг Даланзадгад сумын нүдний эмнэлэгт 16 цагийн үед Адъяагийн хамт очсон. Эмнэлэг рүү ороод Э эмчид үзүүлсэн. Эхлээд би нүдээ үзүүлэх гээд Э эмч рүү орсон. Нүдээ үзүүлчхээд гарч ирээд гутлаа өмсөөд гадна талын коридорт хүлээгээд суусан. Намайг коридорт хүлээгээд сууж байхад нүдний шилний лангуун дээр 20 гаруй насны, масктай, эмэгтэй хүн эргэлдээд байж байсан. Би тэр хүнийг сайн ажиглаж хараагүй. Намайг Э эмчид үзүүлж байхад хаалгаар нэг эмэгтэй хүн үзэж байгаа юу? гэж Э эмчээс асуусан. Тэгэхэд Э эмч та энэ хоёр хөгшний дараа үзүүлээрэй гэж хэлж байсан. Тэр эмэгтэй л нүдний шилний лангуун дээгүүр эргэлдээд байж байсан. Намайг эмнэлэгт хүлээгээд сууж байхад 10 минут орчим болсон уу үгүй юу, за явъя гэж хэлж байгаа бололтой гараад явсан.” /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
гэрч Б.А-ийн “...Би 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нүдээ үзүүлэх гэж Өмнөговь аймаг Даланзадгад сумын нүдний эмнэлэгт 16 цагийн үед Н-ын хамт очсон. Эмнэлэг рүү ороод Э эмчид үзүүлсэн. Эхлээд Н нүдээ үзүүлэх гээд Э эмч рүү орсон. Би коридорт нь хүлээгээд суусан. Намайг хүлээгээд сууж байхад 20 орчим насны эмэгтэй хүн орж ирсэн. Нүдний шилний лангуун дээгүүр л эргэлдээд байсан. Н нүдээ үзүүлээд гарч ирсний дараа би үзүүлсэн.” /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,
гэрч Б.А-ын “...Манай найз Ш.Н манай гэрт ирээд 1 сар гаруй болсон. Цэнхэр өнгийн “Huawei honor” гэсэн бичигтэй гар утас 2020 оны 12 дугаар сарын эхээр хүнээс эгчээрээ худалдаж авхуулсан гэж хэлж авчраад миний 902309.. дугаартай сим картыг утсандаа хийж ашиглаж байсан... 2020 оны 11 дүгээр сарын 26-наас 28-ны өдрийн хооронд Н өглөө босоод 09 цагийн үед манай эмээ Цогтцэций сумаас ирж байгаа, би эмээгийнхээ нүдийг үзүүлнэ гээд гэрээс гараад явсан. Орой 19 цагийн үед манайд ирэхдээ “Honor-20” загварын гар утастай ирэхээр нь би хаанаас гар утас авсан юм гэж асуусан чинь манай эгч гар утсаа зарсан гэж баахан загнаж байгаад авч өгсөн гэж хэлэхээр нь би гар утасны дэлгүүр онгойхгүй байгаа гэсэн чинь эгээ надад зар тавьж байгаад таньдаг хүнээсээ 350,000 төгрөгөөр гар утас авч өгсөн гэж хэлсэн.” /хавтаст хэргийн 31-32, 34-35 дугаар хуудас/,
гэрч Б.А-ын “...Н “Samsung Note-5” загварын гар утас барьдаг байсан. Гар утсаа зараад манайд гурил, будаа, мах авсан. 2020 оны 11 дүгээр сарын 28-ны үеэр гар утастай болсон. Н хэлэхдээ аймагт байдаг эгч нь 350,000 төгрөгөөр гар утас авч өглөө гэж хэлж байсан...” /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд, шүүгдэгчийн мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 824 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-821/004 дугаартай дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Скайтел” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 21/653 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.
Ийнхүү шүүгдэгч Ш.Н нь дээрх бусдын өмчид халдсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.
“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Ш.Н нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, Бүсийн Оношилгоо, Эмчилгээний төвийн хашаан дотор байрлах “Говийн мэлмий” нүдний эмнэлэгт иргэн Б.Э-ийн эзэмшлийн “Huawei honor-20” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 710,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Ш.Н-ын буруутай үйлдлийн улмаас Б.Эт 710,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 824 дугаартай үнэлгээ, “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-821/004 дугаартай дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Эт 560,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Huawei honor-20” загварын гар утсыг биет байдлаар буцаан өгч, уг гар утасны дэлгэцийн үнэ болох 150,000 төгрөгийг бэлнээр төлсөн нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгч Ш.Н-ыг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа ухамсарласан, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг байдлыг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө, орлого байхгүй. Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрэн тогтоогдож байгаа. Шүүгдэгч 18 нас хүрээд 2, 3 хонож байх хугацаандаа энэ гэмт хэрэгт холбогдсон байгаа. Өсвөр насны хүүхэд энэ гэмт хэрэгт холбогдсон. Ар гэр ахуй амьдралын хувьд эх, дүүгийн хамт амьдардаг. Өрх толгойлсон эхтэйгээ хамт амьдралаа авч явж байгаа залуу хүүхэд байна. Амьдралын зайлшгүй шаардлагаас болж Цогтцэций суманд түр ажилд орсон байдаг. Ажиллаж байх явцад охиндоо анхаарал сулруулснаас болж ийм хэрэгт холбогдсон гэдгийг ойлгож байгаа. Ш.Н-ын хувьд хулгай хийх ямар их хор уршигтай талаар ойлгож мэдсэн байгаа. Энэ байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулахад хөнгөрүүлэн үзэх хууль зүйн үндэслэлүүд байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан 21 насанд хүрээгүй хүнийг өсвөр насны ангилалд хамааруулж үзэхээр заасан байдаг. Ийм учраас ял хариуцлагыг оногдуулахдаа насны байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрөө нөхөн төлж хор уршгийг арилгасан зэрэг нөхцөл байдлууд байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болохоор заасан. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Ш.Н нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх тайлбар гаргав.
Шүүгдэгч Ш.Н нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр зохицуулжээ.
Шүүгдэгч Ш.Н-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Иймд шүүгдэгч Ш.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, дөнгөж 18 насанд хүрсэн үед гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ш.Н нь тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Ш.Н-ыг өсвөр насны хүнд тооцуулж, албадлагын арга хэмжээ авхуулах тухай дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болохоор заажээ.
Гэхдээ энэ нь бие махбодийн болон сэтгэцийн хөгжлийн хувьд үеийнхээ хүмүүсээс илтэд хоцрогдолтой, тэдгээрээс доогуур түвшинд болох нь сэтгэцийн болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар тогтоогдсон онцгой тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан 18 насанд хүрсэн боловч 21 насанд хүрээгүй этгээдэд энэ хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ш.Н-ыг өсвөр насны хүнд тооцох дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Ш.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ш-ийн Н-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ш.Н нь тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Ш.Н нь хохирогч Б.Эт 560,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Huаwei honor-20” загварын гар утсыг биет байдлаар буцаан өгч, уг гар утасны дэлгэцийн үнэ 150,000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Ш.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ