| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2021/0030/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/38 |
| Огноо | 2021-03-11 |
| Зүйл хэсэг | 20.15.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/38
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Насанд хүрээгүй хохирогч Б.Н,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Нармандах,
Шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овгийн Ж-ийн Э-д холбогдох 2028002700006 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ..................................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ж.Э нь 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 8 цагийн орчимд Өмнөговь аймаг, Хүрмэн сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Тулга гэх газарт нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 15 настай Б.Н хазуулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан буюу орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ж.Э-г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Намайг 2020 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед хүүхдүүд холоос ирж хоносон байсан учраас хүүхдүүдийнхээ хоолыг хийх гэж борц нүдээд сууж байхад гадаа нохой нэг удаа архирах шиг чимээ гарахаар нь би манай хоёр нохой хоорондоо муудаж байгаа байх гэж бодоод борцоо нүдээд сууж байтал гаднаас У орж ирээд С-г нохой хазчихлаа гэж хэлсэн. Юу болов гээд гараад очиход Н-ын зүүн гарын тохойны дээд хэсгээс нь нохой зуучихсан газар унагаачихсан байж байсан. Шороогоор нохойгоо цацаж салгачихаад хүүхдээ өргөөд босгож байтал сандарсандаа би нохойгоо хол явсан эсэхийг хараагүй байсан чинь манай нохой эргэж ирээд баруун талын шанаанаас нь дахиад зуучихаад тавихгүй байхаар нь би эргээд харсан чинь манай бэр Б миний ард шилбүүр бариад зогсож байхаар нь би шилбүүрээр нь нохойныхоо толгойн хэсэг рүү нэг удаа цохитол цаашаа яваад өгсөн. Н-ыг аваад гэр рүү ороод цамцыг нь тайлаад гарынх нь шархыг харахад их том хэмжээтэй газар язраад цагаан өнгийн буржгар зүйл гарчихсан байсан. Баруун шанааны хэсгийн шархыг үзэхэд эгэм болон шанааны хэсэгт нь 2 соёо гүнзгий орсны нүх гарчихсан байсан. Би эгэм болон шанааны хэсэгт нь байх шарханд маарал тавьж боогоод харин гарын шарханд нь маарал тавьчих юм бол наалдчих байх гэж бодоод өөрийнхөө угаасан майкыг ураад дээр нь тавьж байгаад гадуур нь маарлаар ороогоод өвчин намдаах эм уулгачихаад байж байтал манай нөхөр От ирсэн. Тэгээд хүүгийн машинаар Н, хүү Э бид гурав Хүрмэн сумын эмнэлэг рүү явж байх замдаа Н-ын эх О рүү залгатал утас нь холбогдохгүй байхаар нь саахалт айлынх нь хүн болох Эр гэдэг хүн рүү залгаад болсон зүйлийн талаар хэл өгүүлсэн. Замаараа гэрээр нь орж солих хувцсыг нь аваад эмнэлэг дээр ирэхэд эх О сумын эмнэлэг дээр ирчихсэн байсан. Бид эмнэлэг рүү оруултал тухайн өдөр амралтын өдөр байсан учраас эмч байхгүй С гэдэг сувилагч байхаар нь би үзүүлтэл эмчийг хурдан аваад ир гэхээр нь би эмчийн гэр рүү явж байтал өөдөөс гараад ирэхээр нь эмч И-г аваад эмнэлэг дээр авч очсон. Эмч үзээд дусал хийгээд цагдаа төлөөлөгчийг дуудаад төлөөлөгчийг ирэхээр боодлыг нь салгаад үзэж оёдол тавих шаардлагатай оёдол тавиад аймаг орж галзуугийн вакцин хийлгэнэ гэсэн чинь эх нь би та нараар оёдол тавиулахгүй гэж дургүйцээд И эмчийн хамт Н-ыг аваад аймгийн эмнэлэг рүү өөрийнхөө автомашинаар явсан. Би хүүтэйгээ араас нь дагаад аймгийн эмнэлэгт ирсэн чинь хүзүүний шарханд нь оёдол тавих шаардлагагүй гаранд нь оёдол тавиад дуусчихсан амьтны шүд бохир учраас буглах аюултай, тиймээс антибиотик хэрэглэнэ, хэвтэх шаардлагатай гээд эмчийн үзлэгийн бүртгэл нээж байтал О-ийн ах Ба, Н-ын эмээ болох М нар аймагт эмчлүүлэхгүй гээд уурлаж намайг их загнасан. Улаанбаатар хот руу явна гэтэл эмч нар ар гэрийн хүсэлтээр гэмтлийн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас хийж өгөөд гэмтлийн эмнэлэг рүү хувийн автомашинаараа явсан. Маргааш өглөө нь О рүү за яасан юу болж байна гээд хэл авах гээд залгасан чинь шөнө Улаанбаатар хотод ирж хоносон одоо дүүгийнхээ гэрт байна хүүхэд шөнө их уйлж хоносон, одоо “Сонгдо” гэдэг эмнэлэг рүү явах гэж байна гэж хэлсэн. Би тухайн өдрийнхөө үдээс хойш нь залгатал “Сонгдо” эмнэлэг хүлээж авсангүй гэмтлийн эмнэлэгт ирээд хэвтчихсэн байна, шөнө би сахиж хононо гэж хэлсэн. Өдөр утас нь холбогдохгүй байсан. Орой нь залгахад би хөдөө гэртээ ирсэн байна гэж хэлсэн. Хүүхдээ дүүгийнхээ эхнэр болох Долгорсүрэнд даалгаж орхиод ирлээ гэж хэлсэн гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Н шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр миний дүү Н нь авга эгч Ж.Э-гийн нохойд хазуулж хүнд гэмтэл авсан. 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр эх дүүг минь Улаанбаатар хот авч явж гэмтлийн эмнэлэгт очиж хэвтэн эмчлүүлсэн. 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр А миний бие нөхөр, охины хамт араас нь очиж байх газаргүй тул дүүгээ эмнэлгээс гартал буудалд байрлан асарч, эргэж тойрч байсан. Өмнөговь аймгийн эмнэлэгт дүү минь анхан шатны тусламж болох оёдол тавиулсан боловч очих замдаа идээлсэн. Биеийн байдал маш хүнд артерийн судастай маш ойрхон амь насанд нь аюултай шарх хэмээн эмч нар хэлж байсан. Түүнчлэн эрүүл хэсгээс нь арьс авч гарыг нь нөхсөн. Эмнэлэгт дүү минь 7 хоног ямар ч мэдээ алдуулалт хийлгэлгүйгээр үхсэн махаа хайчлуулж байсан. 2020 оны 08 дугаар сарын сүүлээр би дүүгээ эмнэлгээс гаргаж аймагт ирсэн. Миний дүүгийн хувьд өсвөр насны хүүхэд ид цэцэг шиг насандаа эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хүнд хохирсон. Бид гомдолтой байна. Өдөр бүр өвчин намдаах эм ууж, шөнө бүр уйлах дүүгээ эрүүл болгож Ж.Э-гаас эмчилгээний зардал, гарсан урсгал зардлаа нэхэмжилж байна. Үүнийг гаргаж өгвөл Ж.Э-д ямар ял шийтгэл оногдуулах нь бидэнд хамаагүй. Нийт 19,984,793 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр О ах манайд ирээд манай малд танай нэг ишиг байсан, маргааш ирээд авчих гэхээр нь 2020 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 08 цаг өнгөрч байхад би эгч У-ын хамт мотоциклоор О ах, Э эгч хоёрынд очсон. Э эгчийн гэр манай гэрээс баруун тийшээ 10-аад километрт байдаг. Би эгчтэйгээ сундлаад мотоциклтой Э эгчийн байшингийн зүүн урд талд байх малын хорооны хажууд мотоциклоо тавиад эгчтэйгээ хамт Э эгчийн байшин руу орох гэсэн чинь байшингийн үүдэнд нохой нь хэвтэж байсан. Бид хоёр байшин руу нь орж чадахгүй нохойноос нь айгаад нэг минут гаруй хүлээж байсан чинь нохой нь хуцаад бид хоёр руу хуцаад архираад байсан. Бид хоёр руу нохой нь хүрээд ирэхээр нь бид хоёр хөлөө арагш нь тавиад араараа нэг алхсан чинь нохой нь над руу үсэрсэн. Би нүүрээ зүүн гараараа хамгаалсан чинь нохой нь миний зүүн гарын тохойны хажуу талаас хазчихсан. Намайг хазсан чигээрээ зуугаад гэрийн тийшээ чирээд яваад байсан. Тэгсэн чинь Э эгч гэрээсээ гарч ирээд нохой руугаа хайрга цацаад байсан чинь намайг тавихгүй байсан. Олон удаа хайрга, чулуу шидсэний дараа миний гарыг нохой нь тавьсан. Э эгч нохойгоо хориод байсан байх. Би тэр үед босох гээд өндийж байсан чинь нохой нь дахиж ирээд миний хүзүүний баруун тал, нүүрний баруун доод хэсэгт хазчихсан. Миний хүзүүнээс хазчихаад нэг удаа сэгсрээд тавихгүй байсан чинь Э эгчийн бэр нь Б эгч ирээд нохойг модоор цохиод тавиулсан. Би байшин руу нь гүйгээд орсон. Байшинд ороод сандал дээр нь сууж байсан чинь миний бүх бие чичрээд байсан. Э эгч орж ирээд намайг цамцаа тайлчих гарыг нь харъя гэхээр нь би цамцаа тайлж гараа харуулсан чинь байшинд байсан хүмүүс аймар болсон байна гэж хэлсэн. Цамцаа буцааж өмсөх гэсэн чинь Э эгч угаагаад өгье гэж хэлсэн. У, Э эгч хоёр энэ тасарсан мах байх гэсэн зүйл ярьж байсан. Миний цамцыг Э эгч угаачхаад дараа нь миний гарыг даавуугаар боосон. Хүзүүнээс цус гараад байхаар нь цусыг нь тогтоох гэж нэг юм наасан. Би юу наасныг нь мэдээгүй. Намайг толгой өвдөөд байна гэсэн чинь Э эгч надад толгойны эм гэж нэг эм өгсөн. Ямар эм өгснийг нь санахгүй байна. У эх рүү залгая гэсэн чинь Э эгч эх рүүгээ залгаж яах юм бид нар одоо Н-ыг Хүрмэн сум руу хүргэж өгнө гэж хэлээд эх рүү залгуулаагүй. Э эгчийнд ороод 30-40 минут болсны дараа бид нар сум явах гээд гарсан чинь Э эгч У-ыг мотоциклоо унаад гэр рүүгээ яв мал чинь хэцүүдлээ гэж хэлсэн. Уг нь У надтай хамт явах гэж байсан. У мотоциклоо унаад бид нарын араас гэртээ ирсэн. Бид нар машинтай У-ын өмнө яваад манай гэрт ирээд миний хувцсыг аваад сум явсан. Хүрмэн сум руу явж байх замд Э манай эх рүү залгасан чинь эхийн утас нь холбогдохгүй байна гээд хажуу айлын хүн рүү залгаад О-ийн гэрийнхэнтэй холбуулаад өгөөч гэсэн чинь манай хойд эцэг Ууганбаярыг хамт байна гэж хэлсэн. Хойд эцэгтэй яриад намайг нохойд хазуулсан эмнэлэг дээр хурдан хүрээд ир гэж хэлсэн. Бид нар эмнэлэгт ирсэн чинь эх эмнэлэг дээр ирчихсэн байсан. Хүрмэн сумын эмнэлэгт боолтоо солиулаад аймаг руу гарсан. Аймаг гарах гэж байхад Э эгч манай машинаар явах уу гэсэн чинь эх би охиноо өөрийнхөө машинаар авч явна гээд эх, Э эгч хоёр маргалдсан. Бид нар эхийн машинаар аймаг явахаар болсон чинь Э эгч машинд чинь бензин хийж өгье гэсэн чинь манай машин дүүрэн бензинтэй байсан. Бензин хийлгээгүй аймагт ирсэн. Бид нар аймагт ирээд оёдол тавиулсан чинь мэдээ алдуулагч нь гарчихсан өвдөөд байхаар нь өвдөөд байна гэж эмчид хэлсэн чинь эмч нь одоо дууслаа түр хүлээ гэж хэлээд оёод байсан. Оёдол тавиулж дуусаад хот явах гэсэн чинь Э эгч аймагт ирчихсэн хот явж яах юм аймагтаа эмнэлэгт хэвтээд эмчлүүлчих зардал их гарна гээд байсан. Бид нар заавал хот явна бие нь хүнд байна гэж хэлээд Альфард хөлслөөд хот явсан. Хотод очоод Гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хагалгаанд орсон.” /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай 15 настай дүү Н нь 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймаг Хүрмэн сумын Тулга баг Цээл гэх газар манай хойд эцгийн төрсөн эгч болох Э-гийн нохойд хазуулаад гар, хүзүү, шилэн хүзүүндээ хазуулаад мах болон өөх нь ил гараад ирчихсэн бие нь тааруухан байсан. Харин бид нар өөрсдөөсөө мөнгө гаргаж цаг алдалгүй эмчилгээ хийлгэсний хүрээнд одоо биеийн байдал нь хамаагүй дээрдсэн байгаа учраас би энэ хэрэгт дүүгийнхээ хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. Одоо манай дүүгийн гар нь өвдөөд шөнө унтаж чадахгүй байгаа. Учир нь хагалгаанд орж эрүүл хэсгээс нь арьс авч гаранд нь нөхөж хийсэн. Арьс таталдаад одоо бол хэцүүхэн байгаад байхаар нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үзүүлсэн чинь яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай, хэрвээ эмчилгээгээ хийлгэхгүй удвал гараа тайруулах эсвэл татанга гартай болох эрсдэлтэй гэж хэлсэн. Өмнө нь эмчилгээ болон замын зардлаа баримтаар нь цуглуулсан байгаа, тэрийгээ өмгөөлөгчөөр дамжуулан өгнө. Ойролцоогоор 5 сая гаран төгрөг болсон. Одоо косметик оёдол, физик эмчилгээ, сорви арилгах тос гэх зэрэг эмчилгээнд нийт 14 сая 200 мянган төгрөг болж байгаа. Э Улаанбаатар хот руу явах үед 500,000 төгрөг, Улаанбаатар хотод очсон байхад нь 300,000 төгрөг өгсөн. Өөр ямар нэгэн мөнгө болон үнэ бүхий зүйл өгөөгүй. Гомдолтой байна, одоогийн байдлаар 14 сая, 200 мянган төгрөг нэхэмжилж байна... Манай дүү эмчилгээний төлбөр болон хагалгаа, шатахуун болон бусад зардалд 5,000,000 төгрөг зарцуулсан. Э-гаас эмчилгээний зардалд 800,000 төгрөг бид нарт гаргаж өгсөн. Тиймээс 5,000,000 төгрөгийн зөрүү болох 4,200,000 төгрөг нэхэмжилнэ. Одоо манай дүү Н хагалгаанд орж клиник нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул 15,000,000 төгрөг нэхэмжилнэ. Нийт 19,200,000 төгрөг Э-гаас нэхэмжилнэ.” /хавтаст хэргийн 10-11, 16 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Урьд орой нь Н дүүтэйгээ хоёулаа гэртээ байж байхад От ах манайд ирээд мал нийлсэн байна манай малд танайхаас шүдлэн ямаа байна, хэзээ очиж авах юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би өглөө эрт очиж авъя гэж хэлсэн. Маргааш өглөө нь 7 цаг өнгөрөөгөөд дүү Н-той От ахынд очих гээд би мотоцикл унаад дүүгээ сундлаад явсан. 08 цагийн үед тэднийд очиход гэрийнх нь тэнд ойрхон очих гэхлээр газар нь эвгүй элс, бууц ихтэй болохоор хорооных нь тэнд хатуу газар унаагаа тавиад дүүгийн хамт алхаад гэрийнх нь үүдэнд очиход хаалганы хажууд хэвтэж байсан нохой гэнэт манай дүү рүү дайраад зүүн гараас нь хазсан. Би гэр рүү нь гүйж ороод эзэн Э эгчид хэлээд хамт гарч ирсэн. Эзэн нь нохойгоо хориод хөөхөд дүүгийн хүзүүний баруун талаас хазсан. Тэгэхэд нэг эгч гараад ирчихсэн нэг мод шиг юмаар цохиод нохойгоо салгасан. Бүгдээрээ гэр рүү нь ороод Э эгч Н-ын цамцыг тайлаад шархыг нь даавуугаар боогоод байж байхад От ах орж ирсэн. Удалгүй хүүхэд нь Э ах орж ирсэн. Дүүгийн боолтыг хийж дуусаад Э эгч, Э ах хоёр хувцсаа сольчихоод манай дүүг аваад машинаар сумын төв рүү явсан... Тэднийд 2 нохой байдгийг нь мэднэ. Тухайн үед хоёулаа байсан. Нэг нохой нь дүү рүү дайрсан. Уяагүй хоёулаа сул гэрийнхээ үүдэнд хэвтэж байсан.” /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/
Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 06 дугаар сарын 20-ны орой Замын-Үүдээс хөдөө гэртээ ирсэн. 21-ний өглөө 08 цаг өнгөрөөж босоод ор дэрээ хурааж байхад цонх онгорхой гадаа нохой хар хүр гээд тэгэх шиг болсон. Тэгсэн эх нөгөө өрөөнд байж байгаад хүн ирчихсэн юм уу гээд хашхираад гарахаар нь араас нь юу болов гээд гараад үүдэнд байсан шилбүүр аваад араас нь очиход нэг охин наана нь зогсож байсан. Цаана нь эх нэг эмэгтэй хүүхдийг газраас босгох гэхэд нохой тэр хүүхдийн цамцны малгайнаас зуучихсан татаж байсан. Би барьж байсан шилбүүрээ далайгаад эхэд өгсөн. Тэр үед нохой салаад явсан. Эх бид хоёр тэнд зогсож байсан охинтой нийлээд хэвтэж байсан охиныг гэрт оруулж гадуурх цамцыг нь тайлаад эх шархтай газруудаар нь даавуу тавиад боож байхад адуунд явсан эцэг ирсэн. Удалгүй чөдөртэй моринд явсан манай нөхөр Э ирсэн. Манай нөхөр, эх хоёр тэр хүүхдийг аваад сумын төв явсан... Манайх хоёр нохойтой. Тухайн үед нэг хар нохойн алга байсан. Би жилд амралтаараа нэг удаа хөдөө гэртээ ирдэг. Ерөөсөө хүн рүү нохой давхиж байгааг нь мэддэггүй, уяагүй л байдаг. Тухайн үед уяагүй байсан... Нэг хүүхэд дээшээ хараад хэвтэж байсан. Эх хажуугаас нь босгох гэхэд нохой цамцны малгайнаас нь зулгааж байсныг шилбүүрээр эх зодоод салгасан. Намайг гарч ирэхээс өмнө гарыг нь хазсан байсан. Эх шороогоор цацаж салгачхаад тэр хүүхдийг босгох гээд байж байсан гэж хэлсэн. /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/
Гэрч Г.И мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 06 дугаар сарын 21-нд Эрүүл мэндийн төвд ойрын дуудлагын жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхад сувилагч С утсаар яриад нохойд хазуулсан хүүхэд эмнэлэгт ирлээ гэж хэлсэн. Би эмнэлгийн хүлээн авах дээр очиход О эгч хүүхэдтэйгээ уйлаад сууж байсан. Хүүхдийг нь харахад баруун чихний ар болон эгэмний дээд хэсэгтээ бинтээр дарж боосон байдалтай мөн зүүн гарын бугалга хэсгийг цагаан даавуугаар боосон боолтны гадна хэсэгт цус нэвтэрсэн байдалтай байсан. Сувилагч С амин үзүүлэлтээ үзээд яаралтай тусламжийн хуудас бөглөөд сууж байсан. Би өвчин намдаах цус тогтоох эмчилгээг сувилагчдаа хэлж хийлгэсэн. Цус тогтоох эмчилгээ хийж дуусаад зүүн гарын шархны боолтыг авч цэвэрлэн ариун боолт хийгээд жижиг шарханд нь оёдол тавих гэхэд эх нь оёдол тавиулахгүй аймаг руу яаралтай хурдан авч явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би зарим хэсэгт нь оёдол тавих шаардлагатай замдаа цус алдах эрсдэл гарахад хэн хариуцах юм гэхэд эх нь болох О эгч та нар хүүхэд чинь ийм болсон бол ингэхгүй аймаг авч явна биз дээ гээд ажилбарын өрөө рүү орж ирээд оёдол хийлгэхгүй аймаг руу шууд авч явна гээд уурлаад байсан. Өвчтөний цус тогтсон байсан учир бүх шарханд нь ариун боолт хийгээд өөрсдийнх нь унаагаар би хамт аймаг руу явж Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хүлээн авах тасагт хүлээлгэн өгсөн. Өвдөлт намдаах, цус тогтоох үрэвслийн эсрэг эмчилгээг хийсэн. Шархыг цэвэрлэж ариун боолт хийсэн. Аймаг руу явахад өвчин нь намдчихсан цус нь тогтсон байсан. Зүүн гарын бугалгын гадна дээд хэсгийн өөхөн эд өмөрч урагдсан, баруун чих, эгэмний дээд хэсэгт болон хүзүү хэсэгт урагдсан шархтай байсан. Өөр шарх байгаагүй. Шарх боосон хэсэгт боодол нь цус нэвтэрсэн байсан. Цус тогтоох эмчилгээ хийсэн. Хүүхэд анх ирэхдээ биеийн байдал нь ухаан санаа саруул, орчиндоо харьцаа сайтай, айж сандарсан, уйлагнасан зовуурьтай биеийн байдал нь хүндэвтэр ирсэн. /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/
Гэрч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 06 дугаар сарын 21-нд өглөө 09 цагт Эрүүл мэндийн төвд жижүүр хүлээж авчихаад байж байхад нэг эмэгтэй хүн орж ирээд нохойд хүн хазуулчихлаа гэж хэлсэн. Би хаана байгаа юм гэсэн чинь гадаа машинд байгаа гэж хэлэхээр нь оруулаад ир гэж хэлсэн. Удалгүй баруун талын хүзүүн дээр нь болон зүүн гарын бугалга хэсгийг нь цагаан даавуугаар боосон боодол нь цус нэвтэрсэн байдалтай эмэгтэй хүүхдийг оруулж ирсэн. Би хүлээн авах өрөөнд оруулан амин үзүүлэлт буюу даралт, зүрхний цохилт зэргийг үзэж тухайн өдрийн дуудлагын эмч Г.И-г дуудсан. Яаралтай тусламжийн хуудас бөглөхөд Б овогтой Н гэх 14 настай хүүхэд байсан. Эмч орж ирээд өвчин намдаах, цус тогтоох эмчилгээ хийчихээд шархны боолтыг нь авч оёдол тавих гэсэн боловч өвчтөний эх нь болох хүн энд хүүхдэдээ эмчилгээ хийлгэхгүй оёдол хийлгэхгүй гэж уурлаад хүүхдээ аймгийн эмнэлэг рүү авч явж эмчилгээ хийлгэнэ гэж хэлсэн. Эмч энд оёдол хийнэ замдаа цус алдуул яах юм гэсэн чинь эх нь аймаг авч явна гэж хэлсэн. Эмч Г.И шархыг нь цэвэрлээд боолтыг нь сольж боогоод эхтэй нь хамт аймаг руу авч явсан. Зүүн гарын бугалга буюу тохойных нь дээд гадна хэсгийн өөхөн эд өмөрч урагдсан, баруун чих эгэмний дээд хэсэгт болон хүзүү хэсэгт урагдсан шархтай байсан. Өөр шарх байгаагүй. Шарх боосон хэсэгт боодол нь цус нэвтэрсэн байсан. Тэгээд цус тогтоох эмчилгээ хийсэн. Хүүхэд анх ирэхдээ айж сандарсан, уйлагнасан шархнаас нь цус гарсан биеийн байдал нь хүндэвтэр ирсэн. Эмчилгээ хийж байхад Б.Н нь манай мал саахалт айлын малтай өчигдөр орой нийлсэн байхаар нь малаа ялгах гээд өглөө эрт саахалт айлдаа очоод гэрт нь орох гээд явж байхад гэрийн хажууд хэвтэж байсан нохой нь гэнэт над руу дайраад намайг хазсан гэж ярьж байсан. /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/
Шүүгдэгч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг 2020 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед Өмнөговь аймгийн Хүрмэн сум Тулга баг Эхэн цээл гэх газар гэртээ бэр Б-тэй хамт байж байтал гадаа нохой архирах шиг чимээ гарахаар нь би манай хоёр нохой хоорондоо муудаж байгаа байх гэж бодоод нэг их тоогоогүй борцоо нүдээд сууж байтал У гэдэг манай төрсөн дүүгийн хүүхэд С-г нохой хазчихлаа гээд орилоод ороод ирэхээр нь юу болов гээд зөрөөд гэрээс гараад гүйгээд очтол манай сааран өнгийн кавказ нохой манай төрсөн дүүгийн охин болох Н-ын зүүн гарын тохойны дээд хэсгээс нь зуучихсан газар унагаачихсан харин Н таг дугуй болчихсон газар хэвтэж байсан. Би сандраад нохойгоо шороогоор цацаж хөөгөөд Н-ыг газраас өргөж босгох гээд бариад авсан чинь манай саарал өнгийн кавказ нохой баруун талын шанаанаас нь зуучхаад тавихгүй байхаар нь цохих юм хайгаад эргээд харсан чинь манай бэр Б миний ард шилбүүр бариад зогсож байхаар нь би шууд шилбүүрээр нь нохойныхоо толгойн хэсэг рүү нэг удаа цохитол цаашаа яваад өгсөн. Нохойг цааш нь сайн хөөчхөөд Н-ыг аваад гэр рүү ороод цамцыг нь тайлаад гарынх нь шархыг харахад их том хэмжээтэй газар язраад цагаан өнгийн буржгар зүйл гарчихсан байсан. Баруун шанааны хэсгийн шархыг үзэхэд эгэм болон шанааны хэсэгт нь 2 гүнзгийн соёо орсны нүх гарчихсан байсан. Би эгэм болон шанааны хэсэгт нь байх шарханд маарал тавьж боогоод харин гарын шарханд нь маарал тавьчих юм бол наалдчих байх гэж бодоод өөрийнхөө угаасан майкыг ураад дээр тавьж байгаад гадуур нь маарлаар ороогоод өвчин намдаах эм уулгачхаад байж байтал манай нөхөр От гэрт ороод ирэхээр нь нохой хүүхэд хазчихлаа гэж хэлтэл хүү урдаас ирж байна би яваад хүүг хурдхан шиг аваад ирье гээд нэг дорхноо буцаж ирээд хүүгийн машинаар Н, хүү Э бид гурав Хүрмэн сумын эмнэлэг рүү явж байх замдаа Н-ын эх О рүү залгатал утас нь холбогдохгүй байхаар нь саахалт айлынх нь хүн болох Эр гэдэг хүн рүү залгаад болсон зүйлийн талаар хэл өгүүлсэн. Эмнэлэг дээр ирэхэд О сумын эмнэлэг дээр ирчихсэн байсан. Бид эмнэлэг рүү оруултал тухайн өдөр амралтын өдөр байсан учраас эмч байхгүй С гэдэг сувилагч байхаар нь би үзүүлтэл эмчийг хурдан аваад ир гэхээр нь би эмчийн гэр рүү явж байтал өөдөөс гараад ирэхээр нь эмч Иг аваад эмнэлэг дээр аваачсан. Эмч үзээд дусал хийгээд цагдаа төлөөлөгчийг дуудаад төлөөлөгчийг ирэхээр боодлыг нь салгаад үзэж оёдол тавих шаардлагатай оёдол тавиад аймаг орж галзуугийн вакцин хийлгэнэ гэсэн чинь эх нь би та нараар оёдол тавиулахгүй гэж дургүйцээд И эмчийн хамт Н-ыг аваад аймгийн эмнэлэг рүү өөрийнхөө автомашинаар явсан. Би хүүтэйгээ араас нь дагаад аймгийн эмнэлэгт ирсэн чинь хүзүүний шарханд нь оёдол тавих шаардлагагүй гаранд нь оёдол тавиад дуусчихсан амьтны шүд бохир учраас буглах аюултай, тиймээс антибиотик хэрэглэнэ, хэвтэх шаардлагатай гээд эмчийн үзлэгийн бүртгэл нээж байтал О-ийн ах Ба, Н-ын эмээ болох М нар аймагт эмчлүүлэхгүй гээд уурлаад Улаанбаатар хот руу явна гэтэл эмч нар ар гэрийн хүсэлтээр гэмтлийн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас хийж өгөөд гэмтлийн эмнэлэг рүү хувийн автомашинаараа явсан. Маргааш өглөө нь О рүү залгаад за яасан ю у болж байна гээд хэл авах гээд залгасан чинь шөнө Улаанбаатар хотод ирж хоносон одоо дүүгийнхээ гэрт байна хүүхэд шөнө их уйлж хоносон, одоо “Сонгдо” гэдэг эмнэлэг рүү явах гэж байна гэж хэлсэн. Би тухайн өдрийнхөө үдээс хойш нь залгатал “Сонгдо” хүлээж авсангүй гэмтлийн эмнэлэгт ирээд хэвтчихсэн байна, шөнө сахиж хононо гэж хэлсэн... Би Улаанбаатар хот явахад нь эмчилгээний зардалдаа хэрэглээрэй гээд 500,000 төгрөг өгсөн. Дараа нь хотод очсоных нь дараа дахиад 200,000 төгрөг явуулсан. Сүүлд буюу 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр Н над руу 30,000 төгрөгийн үнэтэй сорвины тос дуусчихсан гэхээр нь би 100,000 төгрөг дансаар явуулж байсан. Тэрнээс өөр мөнгө өгөөгүй, эмчилгээний зардал мөнгө гарвал би төлнө гэж хэлж байсан. Н-ын төрсөн эгч нь болох А надад С-д мөнгө өгмөөр байна 15,000,000 төгрөгөөр тохирмоор байна гэхээр нь ямар эмчилгээ хийлгэх гэж байгаа юм юунд хэрэглэх гэж байгаа юм гэсэн чинь өмнөх эмчилгээнд нь 3,700,000 төгрөг, одоо 5,000,000 төгрөгийн клиник эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэнэ гэхээр нь би мөнгөний боломжгүй байсан учраас уг мөнгийг нь гаргаж өгч чадаагүй. Би Улаанбаатар хотод байдаг хүү, бэр хоёр руугаа яриад Н-ыг очоод үзүүлээд яваад өгөөч гэсэн чинь манай бэр за гээд Улаанбаатар хотод Ану булган гэдэг эмнэлэгт үзүүлээд явж байна гэж надад хэлсэн учраас бэрээ тэр эмнэлэг рүү явуулсан чинь тэр эмнэлэгт очиж үзүүлээгүй байсан. О нь фотокис гэдэг эмчилгээ хийлгэх шаардлагатай тэрийгээ бид нар хавар хийлгэнэ, тэрнээс наана одоо 5,000,000 төгрөг өг гэж нэхээд байгаа. Харин эмээ болох М нь 3,000,000 төгрөг өг гээд бас нэхээд байгаа. Одоо надаас олон янзын мөнгө нэхээд байгаа болохоор алийг нь өгөх нь зөв алийг нь өгөх нь буруу эсэх талаар мэдэхгүй байна. Тиймээс яг эмчилгээ хийлгэснийх нь баримттай зардлыг нь л төлчихмөөр байна. Манай нохойд хүүхэд хазуулаад ийм болчихсон байгаад нь би их харамсаж байна.” /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 7354 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Н-ын биед баруун хацар, хүзүү, зүүн бугалга шуунд шарх, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1306 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд: “Б.Н-ын биед баруун хацар, хүзүүний баруун хэсэг, нуруу, зүүн бугалга, тохой, шууны хазагдсан шарх гэмтлүүд учирч, улмаар зүүн тохойн хэсгийн үхжил, арьс зөөлөн эдийн дутагдал үүссэн нь тогтоогдож байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал амьтанд хазуулснаас үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан байх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Учирсан дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. ШШҮХ-ийн 2020.07.02-ны өдрийн 7354 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. /хавтаст хэргийн 35-38 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаартай нэмэлт бүхэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд: “1. Б.Н-ын биед учирсан баруун хацар, хүзүүний баруун хэсэг, нуруу, зүүн бугалга, шууны хазагдсан шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан байх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн тохойн хазагдсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан байх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 2. Шинжээч ШШҮХ-ийн 2020.07.02-ны өдрийн 7354 дугаартай дүгнэлтийг гаргах үед Б.Н-ын зүүн тохойн хазагдсан шархны улмаас эрүүл мэнд сарних, эмчлэгдэх, эдгэрэх хугацааг урьдчилан тооцох боломжгүй байсан байх тул бид дүгнэлт гаргахдаа 2020.07.02-ны өдрийн 7354 дугаартай дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй байсан гэж дүгнэсэн болно. 3. Хүрмэн сумын эмч нь шарханд боолт хийж БОЭТ-д хүргэсэн, Өмнөговь аймгийн БОЭТ-ийн яаралтай тусламжийн хуудсанд 2020.06.21-ний 13 цаг 20 минутад өвчтөний шархыг угааж, шарханд анхдагч цэгцлэлт буюу оёдол тавьсан гэсэн байх тул Хүрмэн сумын болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч, ажилтнууд Б.Н-д эмнэлгийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн байна. 4. Б.Н-д эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг хугацаа алдалгүй үзүүлсэн байх тул шархны эдгэрэлт болон гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Амьтанд хазуулах үед амьтны ам, шүлснээс шарх халдварлагдаж бохирлогдсон байдаг тул зүүн тохойн хэсгийн арьсны үхжил, зөөлөн эдийн дутагдал нь анхан шатны тусламж үзүүлэхтэй шалтгаант холбоогүй болно. 5. ГССҮТ-д хийгдсэн мэс ажилбарыг аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд болон сумын эмнэлэгт хийх боломжгүй. 6. Шинжээчид бид дүгнэлтдээ зүүн тохойн хэсгийн үхжил, арьс зөөлөн эдийн дутагдал үүссэн гэсэн бөгөөд энэ арьс зөөлөн эдийн дутагдал нь амьтанд хазуулахад анх үүсдэг бөгөөд энэ шарханд оёдол тавьсан ч шарх халдварлагдсан байдагтай холбоотойгоор идээлж бохирлогдох, үхжил үүсэх магадлал их байдаг. Мэс заслын тэмдэглэлд зүүн тохойн арьсны үхжил, зөөлөн эдийн дутагдал нь хэдий хэмжээний талбайг хамарсныг тодорхой бичээгүй байна. Арьс, зөөлөн эдийн дутагдал бүхий шарх халдварлагдсан тохиолдолд үхжил үүсэхгүйгээр эдгэрэх боломж муутай. Эдгэрэлт удааширсан нь шарх халдварлагдсанаас үүдэлтэй болно. /хавтаст хэргийн 105-110 дугаар хуудас/
2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 01-02 дугаар хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хавтаст хэргийн 03 дугаар хуудас/
2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 04 дүгээр хуудас/
2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 216а дугаартай хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 05 дугаар хуудас/
2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 216 дугаартай хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 06 дугаар хуудас /
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 08 дугаар хуудас/
2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 09 дүгээр хуудас/
2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/
2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 144 дүгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/
2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04 дүгээр прокурорын гаргасан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/
Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/
Өвчний түүх /хавтаст хэргийн 56-72 дугаар хуудас/
Амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хавтаст хэргийн 133-141 дүгээр хуудас/
Шүүгдэгч Ж.Э 800,000 төгрөг төлсөн талаарх баримтууд /хавтаст хэргийн 160-161 дүгээр хуудас/
Утасны мессеж /хавтаст хэргийн 162-164 дүгээр хуудас/
Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 172-188 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 78-92 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ж.Эд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ж.Э нь 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 8 цагийн орчимд Өмнөговь аймаг, Хүрмэн сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Тулга гэх газарт нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 15 настай Б.Н нь хазуулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан буюу орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийг нотлох баримтууд насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч А-ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг, 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл байгаа. Уг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд хөнгөн гэмтэл учирсан гэж тухайн гомдол мэдээллийг хаасны дагуу зөрчлийн хэргээр арга хэмжээ аваагүй гэдэг үндэслэлээр зөрчлийн хэргээр шалгаж шийдвэрлүүлэхээр явуулан дахин дүгнэлт гаргуулсны үндсэн дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж ажиллагаа явуулсан материалуудаас насанд хүрээгүй гэрч У, гэрч Б, эрүүгийн хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1306, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй нэмэлтээр гаргасан дүгнэлт, яллагдагч Ж.Эгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн материалд гэрчээр өгсөн мэдүүлэг болон эрүүгийн хэрэгт яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Н-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Хүндэвтэр хохирол учирсны улмаас насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөрт 19,984,793 төгрөг нэхэмжилсэн байдаг. Дээрх нэхэмжилсэн үнийн дүнгээс Улаанбаатар хотод эмчилгээнд зарцуулсан гэх 5,000,000 орчим төгрөгийн эмчилгээний хохирол төлбөр байдаг. Энэ 5,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирол төлбөрт 800,000 төгрөг төлсөн байдаг. Цаашид гарах эмчилгээний зардал буюу нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх зардлыг нэхэмжлэх эрхийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Эмчилгээний төлбөр болон хагалгаа, шатахуун бусад зардалд 5,000,000 төгрөг зарцуулсан гэсэн мэдүүлэг байдаг. Энэ мэдүүлгийг үндэслэн 5,000,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй юм гэж үзэж байна. Хэрэгт авагдсан зарим шатахууны баримтууд хэрэгт хамааралгүй байгаа учраас гаргуулах үндэслэлгүй гэж байна. Хавтаст хэргийн 177 дугаар хуудасны 24 дэх баримт, хавтаст хэргийн 178 дугаар хуудасны 14, 15, 16, 17 дахь баримтууд, хавтаст хэргийн 179 дүгээр хуудасны 19, 20 дугаар баримт, хавтаст хэргийн 180 дугаар хуудасны 12, 13 дугаар баримтууд, хавтаст хэргийн 182, 183 дугаар хуудсанд авагдсан шатахууны баримтууд нь хохирол төлбөрт хамааралгүй баримтууд байна гэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Н.Нармандах дүгнэлтдээ: 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Б.Н нь Ж.Эгийн нохойд хазуулж биедээ хүндэвтэр гэмтэл авсан. Уг хэрэг гарснаас хойш Б.Н Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн. Мөн хагалгаанд орсон байгаа. Улаанбаатар хотод байсан хугацаа нь 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хугацаанд Улаанбаатар хотод байсан. Дээрх хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмчийн хяналтад байсан. Эдгээрийг нотолсон баримтууд нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан Б.Н-ын өвчний түүх хэрэгт авагдсан байгаа. Мөн эмнэлгээс гарах үеийнх нь баримтууд байгаа. Б.Н нь хэрэг гарснаас хойш ковид өвчний улмаас Ерөнхий боловсролын сургууль хичээллээгүй энэ хугацаанд хичээлдээ яваагүй. Сэтгэл зүйн хувьд ч их тогтворгүй байдалтай байсан. Гэмтсэн гэмтлийнхээ улмаас Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн От-жав гэх эмчид үзүүлж байсан талаараа сая хэллээ. Сэтгэцийн хувьд эмчид үзүүлж зөвлөгөө авч байсан зүйл байдаг. Гэхдээ өнөөдрийн шүүх хуралдаан дээр тэр талаараа ярьсангүй. Орчиндоо аюултай амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан Э-гийн буруутай үйл ажиллагааны улмаас Б.Н-ын биед гэмтэл учирсан гэж үзэж нийт 19,984,793 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс зочид буудлын зардал 2,745,000 төгрөг нэхэмжилсэн. Энэ нь гэмт хэргийн улмаас үүссэн хохирол гэж үзэж байгаа. Учир нь Б.Н-ын хууль ёсны төлөөлөгч А нь дүүгээ Улаанбаатар хот руу авч явж эмчлүүлэх бүхий л хугацаанд хамт байсан. Бага насны хүүхэдтэй учраас Хандгайтад зочид буудлын өрөө түрээсэлж байж байсан. Эмнэлгээс гарсан хугацаанд Б.Н нь эгч дээрээ очсон байгаа. Шатахууны мөнгө нэхэмжилсэн байгаа. Энэ нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ирж мэдүүлэг өгөхдөө хичээл эхлэхгүй байсан учраас хөдөө гэртээ оччихсон байсан. Бусдаар хөдөө байдаг эх дээрээ оччихоод буцаж ирсэн зүйл байхгүй. 20,000 төгрөг, 21,000 төгрөг гэсэн шатахууны баримтууд нь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд үзлэг хийлгэхдээ зарцуулсан бензиний баримт гэж тайлбарласан. 650,000 төгрөгийг Альфард машинд өгсөн зардал байгаа. Өмнөговь аймгаас Улаанбаатар, Улаанбаатараас Өмнөговь аймаг чиглэлд дандаа хүн тээвэрт Альфард тээврийн үйлчилгээ үзүүлдэг. “Говь гурван сайхан” гэх хүн тээврийн компанийн Альфард машиныг хөлсөлсөн 650,000 төгрөгийн зардал багтсан байгаа. 15,650,000 төгрөгийг хиймэл эрхтэн хийлгэх зардал гэж тооцсон. Иргэний хуулийн 505 дугаар зүйлд хиймэл эрхтэн хийлгэх зардлыг гэм буруутай этгээд хохирогчид урьдчилан төлөхөөр заасан байдаг. Яагаад хиймэл эрхтэн гээд байна вэ гэхээр арьс хүний гол эрхтэн. Б.Н-ын нэг хэсэг мах нь тасарч унасан байгаа. Үүнийг арилгуулах, арьсан дээр тогтсон тод үлдсэн сорвийг арилгахад зарцуулагдах мөнгө юм. Б.Н нь арьсаа солиулж, сорвио арилгуулахаар өөр ямар ч хагалгаа хийлгэхийг үгүйсгэхгүй. Дотор гэмтсэн мах, эд эрхтэнд ямар ч эмчилгээ хийлгээгүй. Зөвхөн гадна арьсанд эмчилгээ хийлгээгүй. Тиймээс цаашид гарах эмчилгээний зардлыг Э-гаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү? шүүгдэгч Д.Э-г гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд ингэхдээ Монгол Улсын Үндсэн хууль энэ хууль болон бусад хуулийг чанд сахиж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах ёстой. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ба энэхүү нэг хавтаст бүхий эрүүгийн хэргийн хүрээнд авагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу авагдсан баримтууд биш юм. Харин хууль зөрчиж авагдсан баримтад тулгуурлаж миний үйлчлэгч Ж.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэргийн 30 дугаар тал хүртэл гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авснаас эхлээд гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгах, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, хугацаа сунгах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох, мэдүүлэг авах, гэрч нараас мэдүүлэг авах, шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэг нийт 8 төрлийн ажиллагаа хийгдсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосноор мөрдөгчөөс хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай санал гаргасны дагуу прокурор 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 144 дүгээр тогтоол гаргасан. Дээд шатны албан тушаалтан тухайн доод шатны прокурорынхоо гаргасан шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох эрх нь нээлттэй байдаг. Прокурорын тухай хуулийн 6, 10 дугаар зүйлүүдэд заасны дагуу дээд шатны прокуророос 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр прокурорын гаргасан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай 04 дүгээр тогтоол гаргаж, уг тогтоолдоо Зөрчлийн тухай хуулиар Ж.Эд арга хэмжээ аваагүй, энэ талаар дурдаагүй гэж заасан байна. Өнөөдрийн байдлаар энэхүү хоёр тогтоолыг хүчингүй болгосон дээд шатны прокурорын шийдвэр гараагүй тул хүчин төгөлдөр байхад дахиад хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ өдрөөс эхлээд хавтаст хэргийн 48 дугаар хуудаснаас цааш авагдсан нотлох баримтууд бүгд хуулийн дагуу авагдаагүй хүний эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар авагдсан. Тогтоолууд хүчинтэй байхад эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд яваад байгаа нь хүний эрхийг зөрчсөн асуудал байна. Прокурорын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт дээд шатны прокурор нь прокурорын тогтоолыг хууль бус, үндэслэлгүй гэж үзвэл өөрчлөх хүчингүй болгох эрхтэй бөгөөд энэхүү эрхийнхээ хүрээнд дээд шатны прокурор доод шатны прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулсан байдаг. Мөн Прокурорын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан прокурорын шийдвэрийг албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй. Хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд байгаа Ганбаяр прокурор Зөрчлийн тухай хуулиар энэ хүнд арга хэмжээ ав гэсэн Нансалмаа прокурорын даалгаврыг биелүүлэх ёстой. Хэрэг бүртгэлийн хэрэг нээх үндэслэл байхгүй байна гэдэг зүйлийг Ганбаяр зөрчөөд хийгээд байна гэдэг санаа нь тодорхой агуулагдаж байгааг эрхэм шүүгч та тунгаан бодож үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн хуулийн заалт байгаа. Зөрчлийн арга хэмжээ авах гэсэн прокурорын тогтоол хүчинтэй байхад шүүхээс гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шаардлага байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай нийгэмд аюултай үйлдсэн байна гэж дүгнэвэл дээрх нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн зарчим алдагдана. Хэргийн хүрээнд авагдсан хохирогч талаас 19,984,000 хохирлыг нэхэмжилж байгаа. 2020 оны 01 сарын 13-ны өдрөөс 2021 оны 02 сар хүртэлх шууд болон шууд бус зардлын баримтыг бүрдүүлж өгсөн байна. Шууд зардалд 331,783 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу тухайн эмийг эмчийн заавар, зөвлөмжийн дагуу жороор эмийг хэрэглэнэ гэж заасан байдаг. 331,783 төгрөгийн баримтын хугацааны хувьд 2020 оны 07 сард 50,700 төгрөгийн баримт, 2020 оны 08 сард 82,125 төгрөг, 2020 оны 09 сард 73,188 төгрөгийн баримт, 2020 оны 10 сард 22,450 төгрөгийн баримт, 2020 оны 11 сард 61,400 төгрөгийн баримт, 2020 оны 12 сард 4,000 төгрөгийн баримт, 2021 оны 01 сард 19,500 төгрөг, 2021 оны 02 сард 18,400 төгрөгийн баримт гаргаж өгсөн байдаг. Эдгээр баримтуудыг үзэхэд хүлээн зөвшөөрөхгүй баримтууд байна. Нярай хүүхдийн эм, өтгөн хаталтын эм, витамин, памперсны үнэ, хүүхдийн угж байгаа юм. Ж.Эгийн зүгээс 800,000 төгрөгийг төлсөн. Нийт шууд зардалд 331,763 төгрөг гарсан байна. 468,237 төгрөгийг илүү өгсөн байдлаар харагдаж байна. Тиймээс бусдад төлөх төлбөргүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Хавтаст хэргийн 14 дүгээр хуудас насанд хүрээгүй хохирогчийг тогтоосон байсан. Н өнөөдөр хэдэн настай вэ? гэхэд Н-ыг насанд хүрээгүй гэх баримт байхгүй. Н-ын насыг тогтоогоогүй. Насанд хүрээгүй хүүхдийг тогтоох ажиллагаа хууль ёсны дагуу авагдаагүй. Бусад байдлаар нотлогдсон баримт мөн хэргийн хүрээнд байхгүй. Насанд хүрээгүй хохирогчийг тогтоох ажиллагаа хууль бус болсон учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоод байгаа мөрдөгчийн тогтоол, мөрдөн шалгах ажиллагааны дагуу мэдүүлэг аваад байгаа ажиллагаа хууль ёсны дагуу авагдсан баримт гэдэгтэй санал нийлэхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Ж.Э нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж буйгаа илэрхийлсэн тайлбар гаргав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Э-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Ж.Э нь орчиндоо аюул учруулж болох нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас буюу 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 8 цагийн орчимд Өмнөговь аймаг, Хүрмэн сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Тулга гэх газарт түүний тэжээвэр нохой уяагүй сул байснаас 15 настай Б.Н-ыг хазаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч Б.Н-ын: “...2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр О ах манайд ирээд манай малд танай нэг ишиг байсан, маргааш ирээд авчих гэхээр нь 2020 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 08 цаг өнгөрч байхад би эгч У-ын хамт мотоциклоор О ах, Э эгч хоёрынд очсон. Э эгчийн гэр манай гэрээс баруун тийшээ 10-аад километрт байдаг. Би эгчтэйгээ сундлаад мотоциклтой Э эгчийн байшингийн зүүн урд талд байх малын хорооны хажууд мотоциклоо тавиад эгчтэйгээ хамт Э эгчийн байшин руу орох гэсэн чинь байшингийн үүдэнд нохой нь хэвтэж байсан. Бид хоёр байшин руу нь орж чадахгүй нохойноос нь айгаад нэг минут гаруй хүлээж байсан чинь нохой нь хуцаад бид хоёр руу хуцаад архираад байсан. Бид хоёр руу нохой нь хүрээд ирэхээр нь бид хоёр хөлөө арагш нь тавиад араараа нэг алхсан чинь нохой нь над руу үсэрсэн. Би нүүрээ зүүн гараараа хамгаалсан чинь нохой нь миний зүүн гарын тохойны хажуу талаас хазчихсан. Намайг хазсан чигээрээ зуугаад гэрийн тийшээ чирээд яваад байсан. Тэгсэн чинь Э эгч гэрээсээ гарч ирээд нохой руугаа хайрга цацаад байсан чинь намайг тавихгүй байсан. Олон удаа хайрга, чулуу шидсэний дараа миний гарыг нохой нь тавьсан. Э эгч нохойгоо хориод байсан байх. Би тэр үед босох гээд өндийж байсан чинь нохой нь дахиж ирээд миний хүзүүний баруун тал, нүүрний баруун доод хэсэгт хазчихсан. Миний хүзүүнээс хазчихаад нэг удаа сэгсрээд тавихгүй байсан чинь Э эгчийн бэр нь Б эгч ирээд нохойг модоор цохиод тавиулсан...” /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.А-ийн “...Манай 15 настай дүү Н нь 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймаг Хүрмэн сумын Тулга баг Цээл гэх газар манай хойд эцгийн төрсөн эгч болох Эгийн нохойд хазуулаад гар, хүзүү, шилэн хүзүүндээ хазуулаад мах болон өөх нь ил гараад ирчихсэн бие нь тааруухан байсан. ...Эмчилгээ болон замын зардал ойролцоогоор 5 сая гаран төгрөг болсон. Одоо косметик оёдол, физик эмчилгээ, сорви арилгах тос гэх зэрэг эмчилгээнд нийт 14,200,000 төгрөг болж байгаа...” /хавтаст хэргийн 10-11, 16 дугаар хуудас/,
насанд хүрээгүй гэрч Б.У-ын “...Урьд орой нь Н дүүтэйгээ хоёулаа гэртээ байж байхад От ах манайд ирээд мал нийлсэн байна манай малд танайхаас шүдлэн ямаа байна, хэзээ очиж авах юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би өглөө эрт очиж авъя гэж хэлсэн. Маргааш өглөө нь 7 цаг өнгөрөөгөөд дүү Н-той О ахынд очих гээд би мотоцикл унаад дүүгээ сундлаад явсан. 08 цагийн үед тэднийд очиход гэрийнх нь тэнд ойрхон очих гэхлээр газар нь эвгүй элс, бууц ихтэй болохоор хорооных нь тэнд хатуу газар унаагаа тавиад дүүгийн хамт алхаад гэрийнх нь үүдэнд очиход хаалганы хажууд хэвтэж байсан нохой гэнэт манай дүү рүү дайраад зүүн гараас нь хазсан. Би гэр рүү нь гүйж ороод эзэн Э эгчид хэлээд хамт гарч ирсэн. Эзэн нь нохойгоо хориод хөөхөд дүүгийн хүзүүний баруун талаас хазсан. Тэгэхэд нэг эгч гараад ирчихсэн нэг мод шиг юмаар цохиод нохойгоо салгасан... Тэднийд 2 нохой байдгийг нь мэднэ. Тухайн үед хоёулаа байсан. Нэг нохой нь дүү рүү дайрсан. Уяагүй хоёулаа сул гэрийнхээ үүдэнд хэвтэж байсан.” /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,
гэрч С.Б-ийн “...2020 оны 06 дугаар сарын 20-ны орой Замын-Үүдээс хөдөө гэртээ ирсэн. 21-ний өглөө 08 цаг өнгөрөөж босоод ор дэрээ хурааж байхад цонх онгорхой гадаа нохой хар хүр гээд тэгэх шиг болсон. Тэгсэн эх нөгөө өрөөнд байж байгаад хүн ирчихсэн юм уу гээд хашхираад гарахаар нь араас нь юу болов гээд гараад үүдэнд байсан шилбүүр аваад араас нь очиход нэг охин наана нь зогсож байсан. Цаана нь эх нэг эмэгтэй хүүхдийг газраас босгох гэхэд нохой тэр хүүхдийн цамцны малгайнаас зуучихсан татаж байсан. Би барьж байсан шилбүүрээ далайгаад эхэд өгсөн. Тэр үед нохой салаад явсан. ...Манайх хоёр нохойтой. Тухайн үед нэг хар нохойн алга байсан. Ерөөсөө хүн рүү нохой давхиж байгааг нь мэддэггүй, уяагүй л байдаг. Тухайн үед уяагүй байсан.” /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
гэрч Г.И-ын “...Би 2020 оны 06 дугаар сарын 21-нд Эрүүл мэндийн төвд ойрын дуудлагын жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхад сувилагч С утсаар яриад нохойд хазуулсан хүүхэд эмнэлэгт ирлээ гэж хэлсэн. Би эмнэлгийн хүлээн авах дээр очиход О эгч хүүхэдтэйгээ уйлаад сууж байсан. Хүүхдийг нь харахад баруун чихний ар болон эгэмний дээд хэсэгтээ бинтээр дарж боосон байдалтай мөн зүүн гарын бугалга хэсгийг цагаан даавуугаар боосон боолтны гадна хэсэгт цус нэвтэрсэн байдалтай байсан. Сувилагч С амин үзүүлэлтээ үзээд яаралтай тусламжийн хуудас бөглөөд сууж байсан. Би өвчин намдаах цус тогтоох эмчилгээг сувилагчдаа хэлж хийлгэсэн. Цус тогтоох эмчилгээ хийж дуусаад зүүн гарын шархны боолтыг авч цэвэрлэн ариун боолт хийгээд жижиг шарханд нь оёдол тавих гэхэд эх нь оёдол тавиулахгүй аймаг руу яаралтай хурдан авч явлаа гэж хэлсэн. ...Өвчтөний цус тогтсон байсан учир бүх шарханд нь ариун боолт хийгээд өөрсдийнх нь унаагаар би хамт аймаг руу явж Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах тасагт хүлээлгэн өгсөн. Өвдөлт намдаах, цус тогтоох үрэвслийн эсрэг эмчилгээг хийсэн. Шархыг цэвэрлэж ариун боолт хийсэн. Зүүн гарын бугалгын гадна дээд хэсгийн өөхөн эд өмөрч урагдсан, баруун чих, эгэмний дээд хэсэгт болон хүзүү хэсэгт урагдсан шархтай байсан...” /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,
гэрч Ц.С-ын “...Би 2020 оны 06 дугаар сарын 21-нд өглөө 09 цагт Эрүүл мэндийн төвд жижүүр хүлээж авчихаад байж байхад нэг эмэгтэй хүн орж ирээд нохойд хүн хазуулчихлаа гэж хэлсэн. Би хаана байгаа юм гэсэн чинь гадаа машинд байгаа гэж хэлэхээр нь оруулаад ир гэж хэлсэн. Удалгүй баруун талын хүзүүн дээр нь болон зүүн гарын бугалга хэсгийг нь цагаан даавуугаар боосон боодол нь цус нэвтэрсэн байдалтай эмэгтэй хүүхдийг оруулж ирсэн. Би хүлээн авах өрөөнд оруулан амин үзүүлэлт буюу даралт, зүрхний цохилт зэргийг үзэж тухайн өдрийн дуудлагын эмч Г.Иг дуудсан. Яаралтай тусламжийн хуудас бөглөхөд Б овогтой Н гэх 14 настай хүүхэд байсан. Эмч орж ирээд өвчин намдаах, цус тогтоох эмчилгээ хийчихээд шархны боолтыг нь авч оёдол тавих гэсэн боловч өвчтөний эх нь болох хүн энд хүүхдэдээ эмчилгээ хийлгэхгүй оёдол хийлгэхгүй гэж уурлаад хүүхдээ аймгийн эмнэлэг рүү авч явж эмчилгээ хийлгэнэ гэж хэлсэн. Эмч Г.И шархыг нь цэвэрлээд боолтыг нь сольж боогоод эхтэй нь хамт аймаг руу авч явсан. Зүүн гарын бугалга буюу тохойных нь дээд гадна хэсгийн өөхөн эд өмөрч урагдсан, баруун чих эгэмний дээд хэсэгт болон хүзүү хэсэгт урагдсан шархтай байсан. Эмчилгээ хийж байхад Б.Н нь манай мал саахалт айлын малтай өчигдөр орой нийлсэн байхаар нь малаа ялгах гээд өглөө эрт саахалт айлдаа очоод гэрт нь орох гээд явж байхад гэрийн хажууд хэвтэж байсан нохой нь гэнэт над руу дайраад намайг хазсан гэж ярьж байсан. /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 7354 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1306 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 105/, яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 52, 53/, өвчний түүх /хавтаст хэргийн 56-62, 65-72/, мэс заслын тэмдэглэл /хавтаст хэргийн 63/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хяналтын прокурор Ц.Ариунжаргалын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай болон Ерөнхий прокурорын орлогч Т.Нансалмаагийн прокурорын гаргасан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай тогтоолууд хүчинтэй хэвээр байхад эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, насанд хүрээгүй хохирогчийн насыг тогтоогоогүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоож, мэдүүлэг аваад буй эдгээр ажиллагаа нь хууль ёсны дагуу явагдаагүй, Ж.Эг гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэл байхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 7354 дугаартай шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Б.Н-ын биед баруун хацар, хүзүү, зүүн бугалга шуунд шарх, нуруунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосноор прокурорын зүгээс уг шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй байна гэх үндэслэлээр 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ж.Эд холбогдох гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 144 дүгээр тогтоол гаргасан байх ба, энэхүү тогтоолыг дээд шатны прокурор 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хянаад, Ж.Э-д Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ аваагүй, прокурорын тогтоолд энэ талаар дурдаагүй гэж дүгнэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсний дараагаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед дээрх шинжээчийн дүгнэлтийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эс зөвшөөрч хүсэлт гаргасны дагуу прокурор 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17 дугаартай “дахин шинжилгээ хийлгэх тухай” тогтоол үйлджээ. /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/
Ийнхүү дээрх прокурорын тогтоолын дагуу томилогдсон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчид 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1306 дугаартай дахин дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Б.Н-ын биед баруун хацар, хүзүүний баруун хэсэг, нуруу, зүүн бугалга, тохой, шууны хазагдсан шарх, зүүн тохойн хэсгийн үхжил, арьс зөөлөн эдийн дутагдал үүссэнийг тогтоож, улмаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулсан боловч уг дүгнэлт бүрэн биш хийгдсэн гэх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч нэмэлт дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргаснаар прокурор 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаартай “Нэмэлт шинжилгээ хийлгэх тухай” тогтоол /хавтаст хэргийн 102 дугаар хуудас/ үйлдсэн байх ба, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчид 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 22 дугаартай нэмэлт дүгнэлт гаргахдаа өмнөх хоёр дүгнэлтийг үгүйсгээгүй, насанд хүрээгүй Б.Н-ын биед учирсан баруун хацар, хүзүүний баруун хэсэг, нуруу, зүүн бугалга, шууны хазагдсан шарх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн тохойны хазагдсан шархны эдгэрэлтийн байдлыг үндэслэн гэмтлийн хүндэвтэр зэрэгт тус тус хамааруулсан дүгнэлт гарснаар прокурор эдгээр хоёр удаагийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2028002700006 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол үйлдсэн байна. /хавтаст хэргийн 01 дүгээр хуудас/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, яллагдагч, шүүгдэгч нас барсан, тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа, тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон зэрэг 5 үндэслэл тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй талаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ж.Э-д холбогдох хэрэгт эдгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэлүүд тогтоогдоогүй тул энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Хэдийгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол хэрэгт авагдсан боловч дахин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа уг тогтоолыг дээд шатны прокурор хүчингүй болгох шаардлагагүй. Учир нь энэхүү тогтоолоор шүүгдэгчийн үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгоогүй бөгөөд хэрэв хэргийг хэрэгсэхгүй болгосон бол уг тогтоолыг дээд шатны прокурор хүчингүй болгож шийдвэрлэсний дараа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар байна.
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолд дээд шатны прокурор Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах тухай заалт нэмж оруулсан хэдий ч Ж.Эд уг хуулиар шийтгэл, албадлагын арга хэмжээ оногдуулаагүй тул “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэх шударга ёсны зарчмыг зөрчсөн гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй болно.
Мөн хавтаст хэрэгт насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон нотлох баримт авагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагааны үед насанд хүрээгүй Б.Н-ыг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авахдаа 2005 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, гэмт хэрэг гарах үед 15 настай, КЛ05271509 регистрийн дугаартай болохыг тайлбарласнаас гадна хэрэгт авагдсан түүний хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгүүд, Яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх, мэс заслын тэмдэглэл /хавтаст хэргийн 52, 56, 63, 65/ зэрэг нотлох баримтуудад бичигдсэн биеийн байцаалт зөрүүгүй, насны байдлын талаар ямар нэгэн эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хохирогчийн насыг хүндрүүлэх шинж болгон заагаагүй тул энэхүү асуудлыг шалгаж тогтоохоор хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй гэж үзэв.
Орчиндоо аюул учруулж болох амьтан гэдэгт гэрийн тэжээвэр нохойг хамааруулан ойлгох бөгөөд амьтанд зохих хамгаалалт хэрэглэх гэдэгт тор, хүзүүвч, уяа, хашаа, хороо, хошуувч зэрэг эд зүйлийг хэрэглэхийг ойлгох ба тус гэмт хэргийн халдлагын зүйл нь хүний эрүүл мэнд, амь нас байдаг. Өөрөөр хэлбэл орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас амьтан бусдын амь бие, эрүүл мэндэд хор хүргэсэн бодит хохирол учрахыг ойлгох юм.
Хэргийн үйл баримтаас үзвэл 2020 оны 06 дугаар сарын 20-ны орой шүүгдэгчийн гэр бүлийн хүн болох Л.Отын зүгээс мал нийлсэн байна, хэзээ очиж авах вэ гэсний дагуу насанд хүрээгүй хохирогч Б.Н, түүний эгч насанд хүрээгүй Б.У нар өглөө нь эрт очиж авахаа мэдэгдэж, улмаар өглөө нь шүүгдэгч Ж.Э-гийнд ирэхэд тэжээж байсан гэрийн тэжээвэр амьтан болох нохойндоо уяа болон хошуувч зэрэг зохих хамгаалалтыг хэрэглээгүй хайхрамжгүй үйл ажиллагааны улмаас сул байсан нохой нь насанд хүрээгүй хохирогч Б.Н руу дайрч баруун хацар, хүзүүний баруун хэсэг, нуруу, зүүн бугалга, тохой, шууг хазаж хүндэвтэр гэмтэл учирсан нөхцөл байдал хангалттай тогтоогджээ.
Иймд энэ хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Э-г орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Н-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт 19,984,793 төгрөгийг шүүгдэгч Ж.Э-гаас нэхэмжилсэн ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд 19,738,713 төгрөгийн тооцоо гарч байх тул нотлох баримтгүй илүү нэхэмжилсэн 246,080 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Насанд хүрээгүй хохирогч Б.Н-д гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийн сорвийг арилгахад шаардлагатай эмчилгээний төлбөр хэмээн “Сорбусмед” эмнэлгийн 15,650,000 төгрөгийн баримтыг /хавтаст хэргийн 172 дугаар хуудас/ гаргаж өгсөн боловч уг эмчилгээний үнийн жагсаалтыг хэрхэн гаргасан нь тодорхойгүй, насанд хүрээгүй хохирогчид үзлэг, шинжилгээ, оношилгоо хийсэн, зөвлөгөө өгч сорви арилгах мэс ажилбар хийх шаардлагатай болохыг нотолсон баримт, эмчийн үзлэгийн тэмдэглэл болон бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул цаашид гарах эмчилгээний төлбөрийг урьдчилан гаргуулах боломжгүй гэж үзлээ.
Мөн насанд хүрээгүй хохирогч Б.Н 2020 оны 06 дугаар сарын 22-ноос 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, хагалгаанд орсон, эмчийн хяналтад байсан энэхүү хугацаанд хууль ёсны төлөөлөгч Б.А-тай хамт өдрийн 45,000 төгрөгийн үнэтэй “Гоомаргад” ХХК-ийн эзэмшлийн “Оргилуун” дэн буудалд байрласан хэмээн нийт 2,745,000 төгрөг /хавтаст хэргийн 173-174 дүгээр хуудас/ нэхэмжлэхдээ “Гоомаргад” ХХК-ийн албан бичгийг шүүхэд гаргаж өгсөн ба уг албан бичгийг үндэслэн дээрх төлбөрийг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
“Сорбусмед” эмнэлгийн болон “Гоомаргад” ХХК-ийн гаргаж өгсөн баримтууд нь хэлбэрийн хувьд нотлох баримтын шаардлагыг хангасан байх боловч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгахад дээрх баримтуудыг давхар нотолсон бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нийт 18,395,000 /15,650,000+2,745,000/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжилж болохыг дурдаж, уг эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Нийт хохирол болох 19,738,713 төгрөгөөс хэлэлцэхгүй орхисон 18,395,000 төгрөгийг хасаж, эмчилгээ хийлгэх, цагдаагийн байгууллагад ирж мэдүүлэг өгөх, аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмчийн үзлэгт орох, аймгаас хот руу хотоос аймаг руу унаа хөлслөх зэрэгт зарцуулсан эмчилгээний болон унаа, шатахууны төлбөр болох 1,343,713 төгрөгийн /хавтаст хэргийн 175-185 дугаар хуудас/ нэхэмжлэлийг хангаж, уг төлбөрөөс шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид өгсөн 800,000 төгрөгийг хасаж, 543,713 төгрөгийг шүүгдэгч Ж.Э-гаас гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Б.А нарт олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ж.Эгийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна гэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Н.Нармандах дүгнэлтдээ: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирол төлбөр төлж барагдуулбал ямар ял шийтгэл авах нь хамаагүй гэдгээ хэлсэн. Заавал ял авах нь бид нарын сонирхол биш гэдгээ шүүх хуралдааны явцад илэрхийлсэн. Хуульд заасан 3 төрлийн ялаас аль нэгийг нь сонгох санал оруулахгүй. Харин түүний хувийн байдлыг нь харгалзаж шүүх ял шийтгэлийг оногдуулж өгөөч гэсэн саналтай байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийгөө илэрхийлж байгаа хувийн байдлыг нь харгалзаж үзээсэй гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа зэргийг шүүх шийдвэрээ гаргахдаа анхаарч үзэхийг хүсэж байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч болгоомжгүй гэмт хэрэгт анх удаагаа холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Ж.Э нь хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн тайлбар гаргав.
Шүүгдэгч Ж.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ж.Э-г орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан түүнд 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Э нь шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгөхийг хүссэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ... биелүүлэхээр заасан хугацааг богиносгож тогтоох замаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлгүй юм.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид 800,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овгийн Ж-ийн Э-г орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эд 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ж.Э нь шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Э-гаас 543,713 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Б.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Б.А нарт олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Б.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Б.А нарын гаргасан нэхэмжлэлээс 246,080 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлээс 18,395,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн насанд хүрээгүй хохирогч Б.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Б.А нар нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид 800,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ