Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/40

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх,

Шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн А овогтой Г-т холбогдох 2028003210012 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 03 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

  Биеийн байцаалт: 

  Монгол Улсын иргэн ..........................................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч А.Г нь 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Могул ложистик” ХХК-ийн эзэмшлийн 44-21 УБЛ улсын дугаартай “Норд бенз” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 13.2а дахь заалтуудыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Өсөх зоос” ХХК-ийн уурхайгаас зүүн урд зүгт 11 дэх километрт сайжруулсан шороон зам дээр Э.Га-ийн жолоодож явсан “Бай шүн да” ХХК-ийн эзэмшлийн 06-32 УНЗ улсын дугаартай “Хово” загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган Э.Га-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.Г-ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Х.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаач миний 3 дахь хүү байгаа юм. 2000 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн. 20 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй. Баянхонгор аймгийн Баянлиг сумын бүрэн дунд сургуулийг 2018 онд төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшээд 2019 оноос эхлэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байх “Бай шүн да” ХХК-д жолоочоор ажилд орж нүүрс тээврийн автомашин барьдаг байсан. Эхнэр, хүүхэд байхгүй. Эцэг, эхийн хамт амьдардаг байсан. Би нөхөр О.Э, хүү Э.Га нарын хамтаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомтын хажууд “Поошиг” гэх газарт 2016 онд ирсэн бөгөөд би өөрөө хувиараа хоол хийж жолооч нарт зардаг. Нөхөр, хүү хоёр нүүрсний тэрэг барьж амьдарч байсан бөгөөд манайх “Поошиг” гэх газарт өөрийн гэртээ амьдардаг. Манай хүү Э.Га хорио цээрийн дэглэмээс шалтгаалаад сар гаруй хугацаанд гэртээ ирэлгүй машиндаа амьдарч байсан. Би өдөр болгон хоол хүргэж өгдөг байсан. 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн үед нүүрс тээврийн 41 дэх километрт оочирт зогсож байхад нь хоол хүргэж өгсөн. Түүнээс хойш уулзаагүй. 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр найз охин Золоотойгоо 11 цаг өнгөрч байхад “Өсөх зоос” ХХК-ийн уурхайгаас нүүрс ачуулаад гарсан гэж хэлсэн гэж надад хэлсэн. Надтай яриагүй. 12 цаг өнгөрч байхад энэ асуудал болсон гэж нөхрөөсөө сонсоод 13 цагт хэргийн газар дээр ирсэн. Хэргийн газар дээр ирэхэд манай хүүгийн жолоодож явсан машины эсрэг урсгалд машин ороод мөргөсөн байсан. Түүнээс хойш би шоконд ороод юу болоод байгааг ойлгоогүй. Манай хүү “Бай шун да” гэх хятад компанид жолооч хийдэг байсан. Манай хүү 06-32 УНЗ улсын дугаартай 99-67 АЧ чиргүүлтэй “Хово” загварын машиныг жолоодож явсан. Манай хүү энэ тэргийг бариад бараг жил явж байгаа юм... Маш их гомдолтой байна. Миний хүү ганц ч дүрэм зөрчөөгүй байхад хэргээс ирж алсан байна гэж ойлгож байна. Хамгийн эхний ээлжид талийгаачийн оршуулгын зардал болон буяны үйл ажиллагааны зардал, мөн ирж очих зардал гэх мэт бүх зардлуудыг нэхэмжилнэ... Одоогийн байдлаар талийгаачийн буяны ажилд 13,218,600 төгрөгийн төлбөрийн баримтыг гарган өгч байна. Энэ мөнгийг нэхэмжилж байна. Цаашдаа нөхөн төлбөр болон бусад хохирлыг буруутай этгээдээр бүрэн төлүүлж гаргуулмаар байна. Хүү маань дөнгөж 20-хон настай байсан, ихийг бүтээж хөдөлмөрлөх насандаа ослоос болж нас барсан. Хүү маань ачаатай машинаар өөрийнхөө урсгал замд явж байсан. Тэр машины жолооч урсгал сөрж хүүг маань мөргөж амь насыг хохироосон... Хүү маань их төлөв даруухан зантай, архи, тамхи хэрэглэдэггүй хүүхэд байсан... Г гэдэг хүн миний ХААН банкны 5229089564 тоот данс руу нийт 6,000,000 төгрөг шилжүүлсэн.” /хавтаст хэргийн 27-29, 31, 32 дугаар хуудас/

 Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаач Э овогтой Га нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр захирлын Т-20\08 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд мэргэшсэн жолооны үнэмлэх байхгүй байсан тул 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Т-20\10 тоот захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгосон. 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Даший Дэлэг” ХХК-ийн авто сургуульд бүртгүүлэн суралцаж байсан бөгөөд хорио цээрийн онцгой дэглэмээс шалтгаалан шалгалтаа өгч чадахгүй байсан. Манай компани талийгаачийг “B”, “С” ангилалттай болон мэргэшсэн жолоочоор суралцаж байгаа шалтгааныг үндэслэн ажилд авсан юм. Тухайн үед талийгаачийг эцэг нь Э хүүгээ ажилд оруулах талаар манай компанид хүсэлт гаргасан тул Га-ийг нүүрс тээврийн жолоочоор 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Т-20\21 тоот тушаалаар дадлагажих ажилтнаар 2 сарын хугацаатай зөвшөөрөн ажилд авсан болно. Талийгаач 06-32 УНЗ улсын дугаартай “Хово” загварын автомашиныг жолоодож байсан. Тухайн ослоос болж машины бичиг баримт нь олдохгүй устаж үгүй болсон байх. Машины кабин нь бүхэлдээ чихэгдэж, цөмрөөд их хэмжээний хохирол эвдрэл учирсан ба талийгаачийг машины кабинаас гаргахад кабины төмрийг тасдагчаар тасдаж 4 цаг гаруй хугацааны дараа талийгаачийг машинаас гаргаж авсан. Осол болохоос өмнө тухайн автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Гаднах эд анги бүрэн бүтэн байсан ба машины гэрэл дохио болон тоормосны эд ангиуд нь бүрэн хэвийн ажиллагаатай байсан. Машин бүрэн 100 хувийн даатгалтай байсан. Манай компанийн зүгээс талийгаачийн ар гэрийн /эцэг, эх/ хүмүүст нийт 11,257,890 төгрөгийг бэлнээр өгсөн. Манай компанийн зүгээс автомашины хохирлын төлбөр мөнгөтэй холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. ” /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...А.Г нь 2020 оны 10 дугаар сарын 02-нд манай компанийн нүүрс тээврийн жолоочоор ажилд орсон. Манай компанийн 44-21 УБЛ улсын дугаартай “Норд бенз” загварын /Гаалийн MZL-018/ дугаартай нүүрс тээврийн машиныг барьж байсан. Машины гаднах эд анги бүрэн бүтэн байсан ба машины гэрэл дохио болон тоормосны эд ангиуд нь бүрэн хэвийн ажиллагаатай байсан. Осолд орсон тээврийн хэрэгсэл 100 хувийн Хятад улсын даатгалтай. Манай компанийн зүгээс өөрийн автомашины хохирлын төлбөр мөнгөтэй холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Машины хохирлыг манай компани өөрөө хариуцна. Г-той хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. А.Гийн жолооны үнэмлэхийг сайн шалгаж аваагүй ажилд оруулсан байсан.” /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Н.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай “Могул ложистик” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй нийт нүүрс тээврийн “Норд бенз” загварын 50 автомашин байдаг. Үүний 8 тээврийн хэрэгслийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Содбилэг гэх хүн манай компаниас 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс одоо хүртэл түрээсэлж байгаа. А.Г-ийн жолоодож явсан 44-21 УБЛ улсын дугаартай “Норд бенз” загварын автомашин нь Со гэх Өвөр монгол хүний манай компаниас түрээсэлж авсан машин байсан. Тийм болохоор манай компани А.Г-той хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Содбилэг манай компанийн нэр дээр хилээр нүүрс тээвэр хийдэг бөгөөд өөрийн түрээсэлж авсан тээврийн хэрэгсэлдээ жолооч авах, солих, засвар үйлчилгээ бүгдийг нь өөрөө хариуцаж явуулдаг. Манай компанийн нэр дээр байгаа тээврийн хэрэгслүүд болохоор жолооч нарт нь би Wechat болон гар утсаар ярьж аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг байсан. Тухайн осол болох үед миний нөгөө ээлжийн хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын ажилтай Ганболд гэх залуу ажиллаж байсан. А.Г нь нүүрс тээврийн жолоочоор ажилд ороод 1 сар гаруй болсон. Энэ хугацаанд би ээлжийн амралттай Улаанбаатар хотод байсан ба А.Гийг өөрийн түрээсэлж байгаа машиндаа жолоочоор Со нь авсан байсан. Содбилэг нь тухайн үедээ бичиг баримтыг нь шалгасан эсэхийг нь мэдэхгүй байна. Уг осолд орсон 44-21 УПЛ дугаартай “Норд бенз” загварын автомашин нь “Могул ложистик” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа.” /хавтаст хэргийн 114 дүгээр хуудас/

Гэрч С.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Могул ложистик” ХХК-ийн жолооч Г зам тээврийн осол гаргасан талаар цагдаагийн байгууллагаас надад мэдэгдсэн. Би тухайн мэдээг сонсоод кемпээс харуулын дарга ХАБ-н ажилтан Д, эмч нарын хамт тухайн осол болсон газар очсон. Тухайн осол болсон газар очиход хоёр машин мөргөлдсөн байдалтай байсан учраас цагдаа нар очсон байсан. Уг хэргийн газарт очиход хоёр машин мөргөлдсөн нэг жолооч нас барсан байдалтай байсан. Тухайн үед цагдаа нар ирээд бид нарыг ойртуулаагүй. Би Гийн талаар сайн мэдэхгүй. Би уг ажилд ороод 2 сар гаруй болж байгаа учраас жолооч нараа сайн мэдэхгүй зүс танина. Г гэдэг жолоочийн талаар нэр ус, “Могул ложистик” ХХК-ийн гаалийн МЗЛ-18 дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож тээвэрт явдаг гэдэг талаар мэднэ. Өөр зүйл мэдэхгүй. Г нь “Могул ложистик” ХХК-ийн эзэмшлийн 44-21 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргаж, уг ослын улмаас мөргөлдсөн тээврийн хэрэгслийн жолооч нь нас барсан байсан. Уг нас барсан жолооч нь “Бай шүн да ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Жолооч ослын улмаас газар дээрээ нас барсан байсан. Тухайн нас барсан жолоочийг сайн мэдэхгүй. Г нь “Могул ложистик” ХХК-д 2020 оны 10 дугаар сараас эхэлж ажилд орсон. Уг ажлыг хүлээж аваад 2 сар гаруй болж байгаа. 44-21 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцаж нүүрс тээвэрт явдаг байсан. Осол болоход Г архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Гийг ажил үүрэгт гарах үед нь Ковид-19 цар тахлын үетэй холбоотойгоор цахим хэрэгслээр хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгааг цахим орчноор дамжуулж өгдөг. Уг тээврийн хэрэгсэл нь 2020 онд орж ирсэн учраас хөдөлмөр аюулгүй байдлыг хангасан шинэ автомашин юм. Би хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг өдөр тутам жолооч нарын дотоод Wechat групп болон цаасаар өгч гарын үсэг зуруулдаг. Тухайн үед ковид-19 өвчний онцгой нөхцөл байдлын улмаас шалтгаалан жолооч нартай харьцахаас зайлсхийж групп чатаар зааварчилгааг өгч байсан. ...Би бодохдоо Гийг гүйцэж түрүүлэх хөдөлгөөнийг буруу хийснээс болж осол гарсан байж магадгүй гэж бодсон. Осол болсон газраас ард нь байх километрийг заасан тэмдэг байсан. Уурхайн сайжруулсан шороон зам нь шулуун зам байдаг. Хоосон талдаа 40 км цагаас илүү хурдтай явахыг хориглосон байдаг.” /хавтаст хэргийн 44-45,  59-60 дугаар хуудас/

Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 12 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн үед Гурвантэс сумын нутаг болох Шивээхүрэн боомтын 25-н хаалтан дээрээс Г, З нартай хамт хойшоо нэг цуваанд ороод явсан юм. Тэгэхэд би Г, З нараас түрүүлээд өмнө нь явж байсан. Бид нар явсаар байгаад өдөр 11 цагийн үед байх “Өсөх зоос” уурхай руу орсон. Би түрүүлээд сайжруулсан шороон замаар явж байгаад уурхайн пүүн дээр очиход цайны цаг болчихсон байсан. Манай компанийн нэг жолооч над руу залгаад “та Г-той утсаар нэг яриадхаач, цаадах чинь би хүн алчихлаа гээд уйлаад байна.” гэж хэлэхээр нь би Г-той холбогдоод “юу болсон талаар асуухад” Г “ахаа би хүн алчихлаа шүү дээ” гээд утсаа салгачихсан. Г-ийг замын осол гаргасан талаар мэдсэн. Шороон зам дээр өмнөх машинаа гүйцэж түрүүлэх гээд явж байгаад өөдөөс ирж байгаа машинтай мөргөлдөж осол гаргаж, тэр мөргөсөн машины жолооч нь нас барчихсан байсан... Миний ард Г ойрхон явж байгаагүй. Миний ард явж байгаа нь харагдахгүй байсан. Намайг явж байхад ачаатай 2 автомашин зөрсөн. Би өмнөх машинаа гүйцэж түрүүлээд цаашаа явсан. Миний өмнө талд цагаан өнгийн толгойтой “Норд бенз” загварын автомашин явж байсан. Би улсын дугаар болон гаалийн дугаарыг нь анзаарч хараагүй. Тэр машиныг би гүйцэж түрүүлээд цаашаа явсан... Уурхайн бүс рүү ороод 40 км цагийн хурдтай явдаг. Уурхайн зам руу орохоор шороо тоос ихтэй байдаг болохоор бид нар шороо тоосыг намдах хүртэл нь аажуухан явдаг. Гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдэг байдаггүй. Гэхдээ уурхайн бүс рүү орсон үед гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийхийг зөвшөөрдөггүй. Тухайн осол болсон зам дээр 40 км цагаа илүү хурдтай явж болохгүй гэсэн замын тэмдэг байдаг. Хурдны заалтын анхааруулга тэмдэг байдаг. Гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдэг заалт байдаггүй. Осол болсон өдөр Г архи уугаагүй эрүүл явж байсан. Тэр зам нь шулуун замд байдаг. Замын ямар нэгэн огцом эргэлт байхгүй шулуун зам байдаг. Миний өмнө талд явж байсан машин харагдаж байсан. Тоосжилт нь гайгүй байсан. Тэр машин их зөөлхөн явж байсан болохоор би гүйцэж түрүүлсэн... А.Г нь ажилдаа их үнэнч, шударга ханддаг, хамт олондоо нэр хүнд сайтай хүн байгаа юм.” /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/

Гэрч Б.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 12 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн үед Гурвантэс сумын нутаг болох Шивээхүрэн боомтын 25-н хаалтан дээрээс Гтой хамт хойшоо явсан. Тэгэхэд Г 44-21 УБЛ улсын, гаалийн 018 дугаартай цагаан өнгийн “Норд бенз” загварын автомашиныг жолоодож явсан. Г нь миний өмнө талд явж байсан. Нүүрс тээврийн замын оочир их байсан болохоор бид хоёр явсаар өдөр 11 цагийн үед “Өсөх зоос” уурхай руу орсон. Би бичиг өгдөг пост руу ороод цаашаа сайжруулсан замаар яваад нарийн харын хөндлөн замыг даваад очтол хоёр автомашин хоорондоо мөргөлдсөн байхаар нь би ард очоод зогссон чинь Г өөдөөс гүйж ирээд “би мөргөлдчихлөө” гэж хэлэхээр нь би машинаасаа буугаад Гийн машин дээр очиход машин нь нүүрс ачсан машинтай мөргөлдсөн байсан. Тэгтэл Г мөргөлдсөн машины кабин руу ороод жолоочийг нь хайсан. Би тэр үед хоёр мөргөлдсөн машины гадаа нь зогсож байхад Г машины кабинаас нь бууж ирээд “машины жолооч нь байхгүй, харагдахгүй байна” гэж хэлэхээр нь бид хоёр мөргөлдсөн машины нөгөө талаар нь очоод харсан чинь хоёр машины яг завсраар нь жолоочийн толгой нь харагдаж байхаар нь би Г-т “наад жолооч чинь нас барчихсан байна, яаралтай цагдаа дууд” гэж хэлсэн. Г цагдаа руу ярьж болсон зүйлийг хэлээд цагдаа дуудсан. Би Г-ийг жаахан тайвшруулж байгаад ослын хоёр тэмдэг осол болсон газарт нь тавьж өгөөд би цаашаа уурхай руу нүүрсээ ачуулахаар явсан. Тэгэхэд осол болсон газрын хажуугаар машинууд зөндөө явж байсан. Би осол болохыг хараагүй. Г нь надаас түрүүлээд 1 км орчим зайтай явчихсан байсан. Гийн барьж явсан машин нь өөдөөс ачаатай ирж байгаа машины урсгал руу орчихсон байсан. Г-ийн унаж явсан машин нь тэр ачаатай машины кабин хэсгийг нь машиныхаа чиргүүлийн зөв талын урд талын булангаараа мөргөсөн байсан. Тэр ачаатай машины кабиныг нь бүхэлдээ хамаад хойш нь чиргүүлтэй нь наасан байсан. Машины кабинтай хамт хойшоо нь хамчихсан байсан. Жолооч нь кабиндаа хавчуулагдаж нас барсан байсан. Талийгаач жолоочийн зөвхөн нүүр нь хэсэг нь харагдаж байсан. Бие нь харагдахгүй байсан. Г бид хоёр талийгаачийг машинаас нь гаргах гэж үзсэн гаргах ямар ч боломж байгаагүй. Машиныхаа кабиндаа хавчуулагдсан байсан. Тэр машин Уурхайгаас ачилт хийгээд хил рүү явж байсан. Тэр машин нүүрс ачсан байсан. Харин Г уурхай руу ачилт хийх гэж явж байсан... Уурхайн зам руу орохоор шороо тоос ихтэй байдаг болохоор бид нар шороо тоосыг намдах хүртэл нь аажуухан явдаг. Г-ийг хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Би бодохдоо Г-ийг эсрэг урсгал руу орсноос болж осол гарсан байх гэж бодож байна. Өөдөөсөө ирж байгаа машиныг чиргүүлээр мөргөсөн байсан. Тухайн зам дээр хурд сааруулах тэмдэг байгаа, хурдны заалтын анхааруулга тэмдэг байдаг. Уурхайн сайжруулсан зам нь хоёр эгнээ урсгалтай байдаг болохоор гүйцэж түрүүлэх боломжгүй байдаг. А.Г архи уугаагүй эрүүл байсан. Машины кабины урд шил нь хагарсан, кабины зөв талын хаалга бүхэлдээ дотогшоо цөмөрсөн, дугуй нь хагарсан, аккумляторын суурь хугарч, аккумлятор нь хагарсан. Хоёр талын тэнхлэг нь мурийсан байсан.Тэр мөргүүлсэн машины кабин нь бүхэлдээ эвдэрсэн, кабин нь хойшоо болоод чиргүүлтэйгээ наалдсан байсан. А.Г нь үнэнч шударга, эвтэй найрсаг, хамт олондоо нэр хүнд сайтай хүн байгаа юм. Бид хоёр найзлаад 2 жил болж байна. Архи дарс уудаггүй. Ажилдаа их нямбай ханддаг, их цэвэрч хүн байгаа юм.” /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Өсөх зоос” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтэн нь байгаа юм. Би 5 дахь жилдээ ажиллаж байна. Энэ ослын талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед би амарч байсан. Замын осол нь уурхайгаас нүүрс тээврийн замын 11 дэх км дээр болсон байсан. Энэ осол болсон сайжруулсан шороон замыг манай компани хариуцдаг юм. Уг замыг дэвсэлт хийж сайжруулалт хийж, хоёр талаар нь хамгаалалтын хөмсөг хийж, замын тэмдэг тэмдэглэгээг байршуулсан зам байгаа юм. Замын усалгааг тогтмол хийдэг. Өвлийн улирал болсон учраас усалгааг өглөө орой хийж байгаа. Замын хувьд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, шулуун зам байгаа юм. Уулзвар гарч, эргэлт, эгнээ тусгаарласан хөмсөг дээр тэмдэглэгээнүүд байгаа. Хурдны хязгаарын тэмдэг байгаа. Харин гүйцэж түрүүлэхийг хязгаарласан тэмдэг байхгүй. Бид нар нүүрс тээврийн менежер нарт өдөр тутамд аюулгүй ажиллагааны зааварчилгаагаа нүүрс тээврийн жолооч нартаа өгөх, мөн уурхайн бүс рүү орсон үед нь хурдны хязгаарыг барьж явах, гүйцэж түрүүлэх, уурхайн дүрэм журмыг баримталж ажиллахыг байнга хэлж сануулдаг. ... Осол болсон газар нь Уурхайгаас 11 км зайтай байсан. Осол болсон зам дээр ямар нэгэн огцом эргэлт байхгүй, сайжруулсан шулуун зам байсан. Замын тоосжилт нь гайгүй, арчилгаа тогтмол хийдэг учраас тоосжилт нь гайгүй байдаг. Уурхайн бүсийн зам руу орсон үед 40 км цагаас илүүгүй хурдтай явах тал дээр харуул хамгаалалтын ажилтан болон ачилтын хэсгийн хүмүүс жолооч нарт байнга хэлж сануулдаг.” /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн ослын өдрийг сайн санахгүй байна. Шөнийн ээлжид гараад явж байхад манай ахлах инженер Д над руу залгаад уурхайн зам дээр осол гарсан байна хоёулаа хамт яваад ирье гэж хэлсэн. Бид хоёр хамт осол болсон газарт шөнийн 20 цагийн үед очиход тэнд цагдаа нар хэргийн газрыг хамгаалалтад авчихсан байсан. Бид хоёр дотогшоо ороогүй алсаас харж байхад хоёр шаланз загварын автомашин мөргөлдсөн байдалтай байсан ба нэг машин нь ачаагүй, нөгөө машин нь нүүрс ачсан байсан. Ачаагүй машин нь чиргүүлээрээ тэр ачаатай машины толгойг мөргөсөн байдалтай байсан. Манай компанийн зүгээс осол болсон машиныг салгаж өгсөн. Замын осол нь орон нутгийн замаас салаад Уурхайн нүүрс тээврийн зам руу орсон зам дээр осол болсон байсан. Болсон осол нь тэр ачаатай машины явах зорчих хэсэг дээр болсон байсан. Өөрөөр хэлбэл тэр ачаагүй машин нь урсгал сөрж явсан байдалтай байсан ба ачаатай машины кабиныг чиргүүлийн урд хэсгээрээ мөргөсөн байсан. Тэр осол газраас урд талд нь 700-800 метрийн зайд хурдны хязгаарын тэмдэг байгаа. Осол болсон зам дээр ямар нэгэн огцом эргэлт байхгүй, сайжруулсан шулуун зам байсан. Тоосжилт их байдаг тул өглөө, орой бүр замыг байнга усалдаг. Уурхайн бүсийн зам руу орсон үед 40 км цагаас илүүгүй хурдтай явах ёстой. Замын нийт өргөн нь багцаагаар 10 орчим метр байгаа байх. Тэр хоосон шаланз загварын автомашин урсгал сөрж яваад өөдөөс ирж байгаа машинаа хараад хажуу тийшээ дарсан. Тэгээд амжаагүй чиргүүл нь очиж тэр ачаатай машины кабины зүүн урд хэсгээс нь очиж мөргөсөн байсан. Машины кабин нь нэлээн хойшоо болсон байсан. Шөнө байсан болохоор машинуудын эвдрэлийг сайн хараагүй.” /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/

Гэрч Л.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн үед байх Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Өсөх зоос” ХХК-ийн уурхай руу орох гэж Уурхайн сайжруулсан замаар орж нарийн харыг даваад цаашаа сайжруулсан замаар явж байхад миний хажуугаар “Монзул” ХХК-ийн тэмдэгтэй цагаан өнгийн толгойтой “Норд” загварын автомашин намайг гүйцэт түрүүлсэн. Би гүйцэт түрүүлсэн машины араас явж байгаад Уурхайн ам руу орж ачилтаа хийлгүүлчхээд буцаад пүүн дээрээ ирээд зогсоход машин гаргахгүй зогсоосон байхаар нь би машинаас буугаад пүүний лац хийдэг хүнээс “яагаад ажиллахгүй байгаа юм бэ” гэхэд уурхайн сайжруулсан зам дээр сая осол гарчихсан тэгээд машинуудыг явуулахгүй байгаа юм гэж хэлсэн. Намайг бараг 1 цаг гарантай зогсоож байгаад явуулсан. Цаашаа цуваандаа ороод явж байхад Уурхайн сайжруулсан замын баруун гар талд осол гарчихсан, хоёр автомашин хоорондоо мөргөлдчихсөн байдалтай байсан... Намайг явж “Монзул” ХХК-ийн /Гаалийн 019 дугаартай байсан байх/ тэмдэгтэй цагаан өнгийн толгойтой “Норд” загварын автомашин гүйцэж түрүүлсэн. Өөр машин гүйцэж түрүүлээгүй. Ачаатай хоёр машин хоорондоо нэлээн их зайтай явж байсан. Би тэр хоёр автомашинтай зөрж явсан. Миний ард өөр машин байгаагүй. Нэг л автомашин намайг гүйцэж түрүүлсэн. Би тухайн үед 40 км цагийн хурдтай явж байсан... Тоос ихтэй байсан болохоор би замынхаа баруун гар тал руугаа шахаад явж байсан. Би осол болохыг хараагүй... Хоёр ачааны машин өөд өөдөөсөө мөргөлдчихсөн байсан ба ачаатай машиныг хоосон ачаагүй машин нь очоод өөдөөс мөргөсөн байдалтай байсан... Би бодохдоо тэр ачаагүй хоосон машины буруу л байх гэж бодсон. Яагаад гэвэл өөрийнхөө урсгалаараа явж байсан ачаатай машины урдаас орсон байсан. Тэр ачаатай машины кабин нь хойшоо нэлээн их чихэгдсэн байсан. Тэр ачаагүй хоосон машин нь гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийснээс болж осол гарсан байсан. Осол болсон газраас 50 гаруй метрийн зайд байх Уурхай руу явах замд 40 км цагийн хурдтай явна гэсэн замын тэмдэг байгаа. Уурхайн зам нь угаасаа хоёр эгнээ урсгалтай замтай учир гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийхийг хориглосон байдаг. Тэр зам нь шулуун зам байдаг. Зам нь жаахан өгсүүр л байдаг. Зам нь бага зэргийн тоосонцортой байдаг. Уурхайн бүс рүү ороод 40 км цагаас илүү хурдтай явахыг хориглосон байдаг.” /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/

Шүүгдэгч А.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 40 минут орчимд Гурвантэс сумын Шивээхүрэн боомтоос “Өсөх зоос” уурхай орохоор шороон замаар явж байтал миний урд явж байсан машин явж ядаад байхаар нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед тоосон дотроос нүүрс ачсан “Хово” загварын тээврийн хэрэгсэл гарч ирээд урд урдаасаа мөргөлдөх нөхцөл байдал үүссэн учраас би баруун гар тал руу дарахад 2 машины хамар зөрж нөгөө машины хамар хэсгээрээ миний машины чиргүүлийн урд тал руу мөргөж зогссон. Би машинаасаа бууж баруун талаар тойроод очиход нөгөө машины хамар хэсэг маш их эвдрэлтэй чихэгдэж орсон жолооч нь харагдахгүй байсан бөгөөд жолооч байх ёстой гээд жолоочийг хайхад олдохгүй байсан. Тухайн үед миний ард явж байсан “Могул Ложистик” ХХК-д хамт ажилладаг жолооч З ирж бид хоёр хамт хайсан боловч ололгүй хэсэг хугацаа өнгөрсөн. Хамт ажилладаг З буруу газар хайгаад байх шиг байна гэж хэлээд машины кабины чихэгдэж орсон хэсэгт үзэхэд нас барсан байдалтай байсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тухайн үед 40-45 км цагийн хурдтай явж байсан. Тухайн үед 3 машин засмал замаас гараад 200 метр орчим газар цуваад явж байхад миний урд явсан машин нөгөө урд явсан машиныг гүйцэж түрүүлэхээр нь урд машин байхгүй байгаа юм байна гэж бодоод араас нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед тоосон дотроос машин гарч ирээд мөргөлдсөн. Миний урд явсан машины урд талын машин удаан яваад байсан. Би 2 машины толгойг хооронд нь зөрүүлчихвэл мөргөлдөхгүй байна гэж бодоод баруун дарж тоормос гишгэсэн. Осол замын тоосжилт үзэгдэх орчин муутайгаас болсон. Би жолооны үнэмлэхээ Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомт дээр хураалгасан. Би жолоодох эрхийн үнэмлэхээ шалгалт өгөөд авах хугацаа нь болсон байсан. Цар тахлаас хамаарч шалгалт өгч чадаагүй. Мөнгө олох боломж гарсан учраас машин барьсан. Би талийгаачийн талаас оршуулгын зардал гэж нэхэмжилсэн 13,218,000 төгрөгийн 6,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо тухайн мөнгө өгсөн баримтыг гаргаж өгөх боломжгүй байгаа тул шүүх хурал дээр аваад очъё. Ийм зүйл болсонд маш их харамсаж байна. Нэхэмжилж буй мөнгийг төлж барагдуулна.” /хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас/  

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 126 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Талийгаач Э.Га-ийн цогцост зулай яс, гавлын суурийн дунд хонхорт хугарал, зүүн талын 1, 2, 3, 4-р хавирга, өвчүү яс, сээрний 2-р нугалмын хугарал, бүсэлхийн 5-р нугалмын хугарал, L5 түвшинд нугасны бүрэн тасрал, 2 уушигны няцрал, бяцрал, урагдал, гол судасны тасрал, улаан хоолойн урагдал, тасрал зүрхний баруун ховдол, тосгуурын ханын урагдал, элэгний эдийн бяцрал, урагдал, дэлүүний урагдал, зүүн атгаал, шуу, баруун зүүн, дунд чөмөг далд хугарал, баруун хөлийн 1-р хурууны 1-р үеийн хугарал, мултрал гэмтэл тогтоогдлоо. Талийгаач Э.Га-ийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Э.Га нь хавсарсан олон хүнд гэмтлийн улмаас нас баржээ.” /хавтаст хэргийн 80-82 дугаар хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 100 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайланд: “эвдэрсэн эд анги, зардлын нэр: агаар шүүгч, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 150,000 төгрөг /солих/, цээж утас, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 450,000 төгрөг /солих/, хөдөлгүүр /дизель/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 10,000,000 төгрөг /солих/, толь 2 ширхэг, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 140,000 төгрөг /солих/, рулийн аппарат, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 650,000 төгрөг /солих/, кабин /хайрцаган/ эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 10,000,000 төгрөг /солих/, урд буфер эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 150,000 төгрөг /солих/, урд гэрэл 2 ширхэг, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 240,000 төгрөг /солих/, урд крыло 2 ширхэг, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 140,000 төгрөг /солих/, урд гишгүүр 2 ширхэг, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 100,000 төгрөг /солих/, радиатор /ком/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 650,000 төгрөг /солих/, радиатор /трубин/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 450,000 төгрөг /солих/, хурдны хайрцаг /механик/ эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 6,800,000 төгрөг /солих/, рам, эвдрэлийн зэрэг дунд, үнэлгээ 650,000 төгрөг /засах/, будах зардал 650,000 төгрөг /ажлын хөлс/ зэрэг шууд зардлын дүн 31,220,000 төгрөг, эвдэрсэн эд анги, зардлын нэр 600 грамм будаг, туслах материал, лак, өнгө гаргах, үнэлгээ 90,000 төгрөг, эд анги солих, үнэлгээ 750,000 төгрөг /ажлын хөлс/ шууд бус зардлын дүн 840,000 төгрөг, нийт дүн 32,060,000 төгрөг” /хавтаст хэргийн 84-88 дугаар хуудас/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 232 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайланд: эвдэрсэн эд ангиуд: урд салхины шил эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 350,000 төгрөг /солих/, зүүн урд крыло эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 70,000 төгрөг /солих/, зүүн урд шанаа эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 30,000 төгрөг /солих/, дугуй 1 ширхэг эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 400,000 төгрөг /солих элэгдэл тооцов/, капут эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 380,000 төгрөг /солих/, зүүн толь эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 100,000 төгрөг /солих/, салон, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 100,000 төгрөг /солих/, нарны хаалт эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 180,000 төгрөг /солих/, зүүн урд багана эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 140,000 төгрөг /засах/, зүүн урд хаалга эвдрэлийн зэрэг дунд, үнэлгээ 50,000 төгрөг /засах/, зүүн кабины хажуу эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 190,000 төгрөг /засах/, зүүн хойд багана, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 180,000 төгрөг /засах/, аккумляторын хайрцаг эвдрэлийн зэрэг дунд, үнэлгээ 30,000 төгрөг /засах/, буфер урд эвдрэлийн зэрэг дунд, үнэлгээ 45,000 төгрөг /засах/, капутны доод хөмсөг, эвдрэлийн зэрэг дунд, үнэлгээ 40,000 төгрөг /засах/, будах зардал үнэлгээ 320,000 төгрөг /ажлын хөлс/, эвдэрсэн эд анги солих, үнэлгээ 120,000 төгрөг /ажлын хөлс/ шууд зардлын үнэ 2,730,000 төгрөг, 500 грамм будаг, туслах материал, лак зэрэг өнгө гаргах, үнэлгээ 75,000 төгрөг, тэнхлэг шалгуулах /ажлын хөлс/, Шууд бус зардлын дүн 75,000 төгрөг, нийт дүн: 2,805,000 төгрөг” /хавтаст хэргийн 90-92 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 109 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн “Э.Га 20 настай/эр 05/XII Гурвантэс” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй.” /хавтаст хэргийн 97-99 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Арвижих говь авто сургуулийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр шинжээчийн дүгнэлтэд:

“Хариулт-а. 44-21 УБЛ улсын дугаартай “Норд бенз” загварын автомашин жолоодож явсан А овогтой Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 (Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино), 13.2.а (Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахаар байвал гүйцэж түрүүлэхийг хориглоно), мөн дүрмийн 3.7.а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох/ -ыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

Хариулт-б. 44-21 УБЛ улсын дугаартай “Норд бенз” загварын тээврийн хэрэгсэл осолд орох үедээ ямар хэмжээний хурдтай явсан бэ? гэдгийг ослын хэргийн газрын үзлэг схем зураг зэргээс үзэхэд дугуйн мөр /тормозны зам/ 30 метрийн урттай гарсан байна.

Хариулт-г. 06-32 УНЗ улсын дугаартай “Норд бенз” загварын автомашиныг жолоодож явсан талийгаач Э овогтой Га нь замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Хариулт-д. Уг осол гарахад нөлөөлсөн шууд шалтгаан нь гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэсэн гэх үндэслэлтэй байна.

Хариулт-е. Уг зам тээврийн осол нь 44-21 УБЛ улсын дугаартай “Норд бенз” загварын автомашин жолоодож явсан А овогтой Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2.а (Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахаар байвал гүйцэж түрүүлэхийг хориглоно) заалтыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариулт-ё. Уг зам тээврийн осол гарахад замын зохион байгуулалт, нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна. (Гэрчүүдийн мэдүүлгээс харахад уг зам нь огцом эргэлт, тойруу, өгсүүр, уруу байхгүй зам байна). /хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас/                                 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 09-25 дугаар хуудас/

Цогцосны гадна үзлэг болон өмсөж явсан хувцас эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 61-77 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 153 дугаар хуудас/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 156 дугаар хуудас/

Шүүгдэгч А.Г-ийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 242 дугаар хуудас/

Эвлэрлийн гэрээ /хавтаст хэргийн 243 дугаар хуудас/

Дансны хуулга /хавтаст хэргийн 245-248 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч А.Г-оос өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Г-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч А.Г нь 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Могул ложистик” ХХК-ийн эзэмшлийн 44-21 УБЛ улсын дугаартай “Норд бенз” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 13.2а дахь заалтуудыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Өсөх зоос” ХХК-ийн уурхайгаас зүүн урд зүгт 11 дэх километрт сайжруулсан шороон зам дээр Э.Га-ийн жолоодож явсан “Бай шүн да” ХХК-ийн эзэмшлийн 06-32 УНЗ улсын дугаартай “Хово” загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган Э.Га-ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч Х.А-ын “...2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр найз охин Золоотойгоо 11 цаг өнгөрч байхад “Өсөх зоос” ХХК-ийн уурхайгаас нүүрс ачуулаад гарсан гэж хэлсэн гэж надад хэлсэн. Надтай яриагүй. 12 цаг өнгөрч байхад энэ асуудал болсон гэж нөхрөөсөө сонсоод 13 цагт хэргийн газар дээр ирсэн. Хэргийн газар дээр ирэхэд манай хүүгийн жолоодож явсан машины эсрэг урсгалд машин ороод мөргөсөн байсан. Түүнээс хойш би шоконд ороод юу болоод байгааг ойлгоогүй. Манай хүү “Бай шүн да” гэх хятад компанийн жолооч хийдэг байсан. Манай хүү 06-32 УНЗ улсын дугаартай 99-67 АЧ чиргүүлтэй “Хово” загварын машиныг жолоодож явсан. Манай хүү энэ тэргийг бариад бараг жил явж байгаа юм...” /хавтаст хэргийн 27-29, 31, 32 дугаар хуудас/,

 иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А-ийн “...Талийгаач Э овогтой Га нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр захирлын Т-20\08 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд мэргэшсэн жолооны үнэмлэх байхгүй байсан тул 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Т-20\10 тоот захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгосон. 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Даший Дэлэг” ХХК-ийн авто сургуульд бүртгүүлэн суралцаж байсан бөгөөд хорио цээрийн онцгой дэглэмээс шалтгаалан шалгалтаа өгч чадахгүй байсан. Манай компани талийгаачийг “B”, “С” ангилалттай болон мэргэшсэн жолоочоор суралцаж байгаа шалтгааныг үндэслэн ажилд авсан юм. Тухайн үед талийгаачийг эцэг нь Э хүүгээ ажилд оруулах талаар манай компанид хүсэлт гаргасан тул Га-ийг нүүрс тээврийн жолоочоор 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Т-20\21 тоот тушаалаар дадлагажих ажилтнаар 2 сарын хугацаатай зөвшөөрөн ажилд авсан болно. Талийгаач 06-32 УНЗ улсын дугаартай “Хово” загварын автомашиныг жолоодож байсан. Тухайн ослоос болж машины бичиг баримт нь олдохгүй устаж үгүй болсон байх. Машины кабин нь бүхэлдээ чихэгдэж, цөмрөөд их хэмжээний хохирол эвдрэл учирсан ба талийгаачийг машины кабинаас гаргахад кабины төмрийг тасдагчаар тасдаж 4 цаг гаруй хугацааны дараа талийгаачийг машинаас гаргаж авсан. Тухайн автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Гаднах эд анги бүрэн бүтэн байсан ба машины гэрэл дохио болон тоормосны эд ангиуд нь бүрэн хэвийн ажиллагаатай байсан. Машин бүрэн 100 даатгалтай байсан. Манай компанийн зүгээс талийгаачийн ар гэрийн /эцэг, эх/ хүмүүст нийт 11,257,890 төгрөгийг бэлнээр өгсөн. Манай компанийн зүгээс автомашины хохирлын төлбөр мөнгөтэй холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. ” /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Т-ын “...А.Г нь 2020 оны 10 дугаар сарын 02-нд манай компанийн нүүрс тээврийн жолоочоор ажилд орсон. Манай компанийн 44-21 УБЛ улсын дугаартай “Норд бенз” загварын /Гаалийн MZL-018/ дугаартай нүүрс тээврийн машин барьж байсан. Машины гаднах эд анги бүрэн бүтэн байсан ба машины гэрэл дохио болон тоормосны эд ангиуд нь бүрэн хэвийн ажиллагаатай байсан. Осолд орсон тээврийн хэрэгсэл 100 хувийн Хятад улсын даатгалтай. Манай компанийн зүгээс өөрийн автомашины хохирлын төлбөр мөнгөтэй холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Машины хохирлыг манай компани өөрөө хариуцна. Г-той хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. А.Г-ийн жолооны үнэмлэхийг сайн шалгаж аваагүй ажилд оруулсан байсан.” /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/,

 иргэний хариуцагчийн төлөөлөгч Н.Т-ын “...Манай “Могул ложистик” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй нийт нүүрс тээврийн “Норд бенз” загварын 50 автомашин байдаг. Үүний 8 тээврийн хэрэгслийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Содбилэг гэх хүн манай компаниас 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс одоо хүртэл түрээсэлж байгаа. А.Г-ийн жолоодож явсан 44-21 УБЛ улсын дугаартай “Норд бенз” загварын автомашин нь Содбилэг гэх Өвөр монгол хүний манай компаниас түрээсэлж авсан машин байсан. Тийм болохоор манай компани А.Г-той хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Содбилэг манай компанийн нэр дээр хилээр нүүрс тээвэр хийдэг бөгөөд өөрийн түрээсэлж авсан тээврийн хэрэгсэлдээ жолооч авах, солих, засвар үйлчилгээ бүгдийг нь өөрөө хариуцаж явуулдаг. Манай компанийн нэр дээр байгаа тээврийн хэрэгслүүд болохоор жолооч нарт нь би Wechat болон гар утсаар ярьж аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг байсан. Тухайн осол болох үед миний нөгөө ээлжийн хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын ажилтай Г гэх залуу ажиллаж байсан. А.Г нь нүүрс тээврийн жолоочоор ажилд ороод 1 сар гаруй болсон. Энэ хугацаанд би ээлжийн амралттай Улаанбаатар хотод байсан ба А.Гийг өөрийн түрээсэлж байгаа машиндаа жолоочоор Содбилэг нь авсан байсан. Содбилэг нь тухайн үедээ бичиг баримтыг нь шалгасан эсэхийг нь мэдэхгүй байна. Уг осолд орсон 44-21 УПЛ дугаартай “Норд бенз” загварын автомашин нь “Могул ложистик” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа.” /хавтаст хэргийн 114 дүгээр хуудас/,

 гэрч С.Г-ын “...2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Могул ложистик” ХХК-ийн жолооч Г зам тээврийн осол гаргасан талаар цагдаагийн байгууллагаас надад мэдэгдсэн. Би тухайн мэдээг сонсоод кемпээс харуулын дарга ХАБ-н ажилтан Дамдин, эмч нарын хамт тухайн осол болсон газар очсон. Тухайн осол болсон газар очиход хоёр машин мөргөлдсөн байдалтай байсан учраас цагдаа нар очсон байсан. Уг хэргийн газарт очиход хоёр машин мөргөлдсөн нэг жолооч нас барсан байдалтай байсан. Г нь “Могул ложистик” ХХК-ийн эзэмшлийн 44-21 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргаж, уг ослын улмаас мөргөлдсөн тээврийн хэрэгслийн жолооч нь нас барсан байсан. Осол болоход Г архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Гийг ажил үүрэгт гарах үед нь Ковид-19 цар талын үетэй холбоотойгоор цахим хэрэгслээр хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгааг цахим орчноор дамжуулж өгдөг. Уг тээврийн хэрэгсэл нь 2020 онд орж ирсэн учраас хөдөлмөр аюулгүй байдлыг хангасан шинэ автомашин юм... Би бодохдоо Гийг гүйцэж түрүүлэх хөдөлгөөнийг буруу хийснээс болж осол гарсан байж магадгүй гэж бодсон. Осол болсон газраас ард нь байх километрийг заасан тэмдэг байсан. Уурхайн сайжруулсан шороон зам нь шулуун зам байдаг. Хоосон талдаа 40 км цагаас илүү хурдтай явахыг хориглосон байдаг.” /хавтаст хэргийн 44-45,  59-60 дугаар хуудас/,

гэрч С.Б-ы “...Манай компанийн нэг жолооч над руу залгаад “та Г-той утсаар нэг яриадхаач, цаадах чинь би хүн алчихлаа гээд уйлаад байна.” гэж хэлэхээр нь би Г-той холбогдоод “юу болсон талаар асуухад” Г “ахаа би хүн алчихлаа шүү дээ” гээд утсаа салгачихсан. Гийг замын осол гаргасан талаар мэдсэн. Шороон зам дээр өмнөх машинаа гүйцэж түрүүлэх гээд явж байгаад өөдөөс ирж байгаа машинтай мөргөлдөж осол гаргаж, тэр мөргөсөн машины жолооч нь нас барчихсан байсан... Миний ард Г ойрхон явж байгаагүй. Миний ард явж байгаа нь харагдахгүй байсан. Намайг явж байхад ачаатай 2 автомашин зөрсөн. Би өмнөх машинаа гүйцэж түрүүлээд цаашаа явсан. ...Уурхайн бүс рүү ороод 40 км цагийн хурдтай явдаг. Уурхайн зам руу орохоор шороо тоос ихтэй байдаг болохоор бид нар шороо тоосыг намдах хүртэл нь аажуухан явдаг. Гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдэг байдаггүй. Гэхдээ уурхайн бүс рүү орсон үед гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийхийг зөвшөөрдөггүй. Тухайн осол болсон зам дээр 40 км цагаа илүү хурдтай явж болохгүй гэсэн замын тэмдэг байдаг. Хурдны заалтын анхааруулга тэмдэг байдаг. Гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдэг заалт байдаггүй.” /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/,

гэрч Б.З-ын “...2020 оны 12 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн үед Гурвантэс сумын нутаг болох Шивээхүрэн боомтын 25-н хаалтан дээрээс Г-той хамт хойшоо явсан. Тэгэхэд Г 44-21 УБЛ улсын, гаалийн 018 дугаартай цагаан өнгийн “Норд бенз” загварын автомашиныг жолоодож явсан. Г нь миний өмнө талд явж байсан. Нүүрс тээврийн замын оочир их байсан болохоор бид хоёр явсаар өдөр 11 цагийн үед “Өсөх зоос” уурхай руу орсон. Би бичиг өгдөг пост руу ороод цаашаа сайжруулсан замаар яваад нарийн харын хөндлөн замыг даваад очтол хоёр автомашин хоорондоо мөргөлдсөн байхаар нь би ард очоод зогссон чинь Г өөдөөс гүйж ирээд “би мөргөлдчихлөө” гэж хэлэхээр нь би машинаасаа буугаад Гийн машин дээр очиход машин нь нүүрс ачсан машинтай мөргөлдсөн байсан. Тэгтэл Г мөргөлдсөн машины кабин руу ороод жолоочийг нь хайсан. Би тэр үед хоёр мөргөлдсөн машины гадаа нь зогсож байхад Г машины кабинаас нь бууж ирээд “машины жолооч нь байхгүй, харагдахгүй байна” гэж хэлэхээр нь бид хоёр мөргөлдсөн машины нөгөө талаар нь очоод харсан чинь хоёр машины яг завсраар нь жолоочийн толгой нь харагдаж байхаар нь би Г-т “наад жолооч чинь нас барчихсан байна, яаралтай цагдаа дууд” гэж хэлсэн. Г цагдаа руу ярьж болсон зүйлийг хэлээд цагдаа дуудсан. Би Гийг жаахан тайвшруулж байгаад ослын хоёр тэмдэг осол болсон газарт нь тавьж өгөөд би цаашаа уурхай руу нүүрсээ ачуулахаар явсан.” /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,

гэрч Б.Э-ын “...Би Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Өсөх зоос” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтэн нь байгаа юм. Би 5 дахь жилдээ ажиллаж байна. Энэ ослын талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед би амарч байсан. Замын осол нь уурхайгаас нүүрс тээврийн замын 11 дэх км дээр болсон байсан. Энэ осол болсон сайжруулсан шороон замыг манай компани хариуцдаг юм. Уг замыг дэвсэлт хийж сайжруулалт хийж, хоёр талаар нь хамгаалалтын хөмсөг хийж, замын тэмдэг тэмдэглэгээг байршуулсан зам байгаа юм. Замын усалгааг тогтмол хийдэг. Өвлийн улирал болсон учраас усалгааг өглөө орой хийж байгаа. Замын хувьд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, шулуун зам байгаа юм. Уулзвар гарч, эргэлт, эгнээ тусгаарласан хөмсөг дээр тэмдэглэгээнүүд байгаа. Хурдны хязгаарын тэмдэг байгаа. Харин гүйцэж түрүүлэхийг хязгаарласан тэмдэг байхгүй. Бид нар нүүрс тээврийн менежер нарт өдөр тутамд аюулгүй ажиллагааны зааварчилгаагаа нүүрс тээврийн жолооч нартаа өгөх, мөн уурхайн бүс рүү орсон үед нь хурдны хязгаарыг барьж явах, гүйцэж түрүүлэх, уурхайн дүрэм журмыг баримталж ажиллахыг байнга хэлж сануулдаг...” /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,

гэрч Б.Б-ын “...Би тухайн ослын өдрийг сайн санахгүй байна. Шөнийн ээлжид гараад явж байхад манай ахлах инженер Д над руу залгаад уурхайн зам дээр осол гарсан байна хоёулаа хамт яваад ирье гэж хэлсэн. Бид хоёр хамт осол болсон газарт шөнийн 20 цагийн үед очиход тэнд цагдаа нар хэргийн газрыг хамгаалалтад авчихсан байсан. Бид хоёр дотогшоо ороогүй алсаас харж байхад хоёр шаланз загварын автомашин мөргөлдсөн байдалтай байсан ба нэг машин нь ачаагүй, нөгөө машин нь нүүрс ачсан байсан. Ачаагүй машин нь чиргүүлээрээ тэр ачаатай машины толгойг мөргөсөн байдалтай байсан. Манай компанийн зүгээс осол болсон машиныг салгаж өгсөн. Болсон осол нь тэр ачаатай машины явах зорчих хэсэг дээр болсон байсан. Өөрөөр хэлбэл тэр ачаагүй машин нь урсгал сөрж явсан байдалтай байсан ба ачаатай машины кабиныг чиргүүлийн урд хэсгээрээ мөргөсөн байсан. Тэр осол газраас урд талд нь 700-800 метрийн зайд хурдны хязгаарын тэмдэг байгаа. Осол болсон зам дээр ямар нэгэн огцом эргэлт байхгүй, сайжруулсан шулуун зам байсан. Тоосжилт их байдаг тул өглөө, орой бүр замыг байнга усалдаг. Уурхайн бүсийн зам руу орсон үед 40 км цагаас илүүгүй хурдтай явах ёстой...” /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,

гэрч Л.Н-ийн “...Би 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн үед байх Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Өсөх зоос” ХХК-ийн уурхай руу орох гэж Уурхайн сайжруулсан замаар орж нарийн харыг даваад цаашаа сайжруулсан замаар явж байхад миний хажуугаар “Монзул” ХХК-ийн тэмдэгтэй цагаан өнгийн толгойтой “Норд” загварын автомашин намайг гүйцэт түрүүлсэн. Би гүйцэт түрүүлсэн машины араас явж байгаад Уурхайн ам руу орж ачилтаа хийлгүүлчхээд буцаад пүүн дээрээ ирээд зогсоход машин гаргахгүй зогсоосон байхаар нь би машинаас буугаад пүүний лац хийдэг хүнээс “яагаад ажиллахгүй байгаа юм бэ” гэхэд уурхайн сайжруулсан зам дээр сая осол гарчихсан тэгээд машинуудыг явуулахгүй байгаа юм гэж хэлсэн. Би тэр хоёр автомашинтай зөрж явсан. Миний ард өөр машин байгаагүй. Нэг л автомашин намайг гүйцэж түрүүлсэн. Би тухайн үед 40 км цагийн хурдтай явж байсан... Тоос ихтэй байсан болохоор би замынхаа баруун гар тал руугаа шахаад явж байсан. Би осол болохыг хараагүй... Хоёр ачааны машин өөд өөдөөсөө мөргөлдчихсөн байсан ба ачаатай машиныг хоосон ачаагүй машин нь очоод өөдөөс мөргөсөн байдалтай байсан... Би бодохдоо тэр ачаагүй хоосон машины буруу л байх гэж бодсон. Яагаад гэвэл өөрийнхөө урсгалаараа явж байсан ачаатай машины урдаас орсон байсан. Тэр ачаатай машины кабин нь хойшоо нэлээн их чихэгдсэн байсан. Зам нь бага зэргийн тоосонцортой байдаг. Уурхайн бүс рүү ороод 40 км цагаас илүү хурдтай явахыг хориглосон байдаг.” /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 126 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 80-82 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 109 дүгээр шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 100 дүгээр автомашин техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 232 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас/, Өмнөговь аймгийн Арвижих говь авто сургуулийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 09-25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд зааснаар хүн бүр амьд явах эрхтэй ба Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглохоор хуульчилсан бөгөөд энэхүү хүний амьд явах эрхэд халдсаны улмаас хүний амь насыг хохироосон тохиолдолд гэм буруугийн санаатай эсхүл болгоомжгүй хэлбэрээс үл шалтгаалан Эрүүгийн хуульд заасан тохирох зүйл, хэсгээр зүйлчилж гэмт хэрэгт тооцохоор байна.

Өмнөговь аймгийн Арвижих говь авто сургуулийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...44-21 УБЛ улсын дугаартай “Норд бенз” загварын автомашин жолоодож явсан А.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2.а “Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад учруулахаар байвал гүйцэж түрүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч А.Г-ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заажээ.

Энэхүү зам тээврийн ослын улмаас хохирогч Э.Га-ийн амь нас хохирсон болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 126 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч А.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул энэ талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.   

Шүүгдэгч А.Г нь “Могул ложистик” ХХК-ийн эзэмшлийн 44-21 УБЛ улсын дугаартай “Норд бенз” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж Э.Га-ийн амь насыг хохироосон байх тул иргэний хариуцагчаар “Могул ложистик” ХХК-ийг татсан нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Гийн гэм буруутай үйлдлийн улмаас Э.Га-ийн амь нас хохирсон бөгөөд “Могул ложистик” ХХК-ийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А-т 13,210,000 төгрөг төлсөн, мөн 2021  оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А, шүүгдэгч А.Г нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд заасан төлбөрөөс шүүгдэгч А.Г нь 13,210,000 төгрөгийг бэлнээр, 10,000,000 төгрөгийн үнэ бүхий 45-86 УАЕ улсын дугаартай “Приус-20” загварын тээврийн хэрэгслийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шилжүүлсэн ба үлдэгдэл 11,790,000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний дотор төлөхийг харилцан тохиролцсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс цаашид “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч “Могул ложистик” ХХК-ийн эзэмшлийн 44-21 УБЛ улсын дугаартай “Норд бенз” загварын автомашинд 2,805,000 төгрөгийн хохирол, мөн талийгаач Э.Га-ийн жолоодож явсан “Бай шүн да” ХХК-ийн эзэмшлийн 06-32 УНЗ улсын дугаартай “Хово” загварын автомашинд 32,060,000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч “Могул ложистик” ХХК болон иргэний нэхэмжлэгч “Бай шүн да” ХХК-ийн төлөөлөгчөөр оролцсон А.А, Н.Т нарын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Г нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.   

Шүүх шүүгдэгч А.Г-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч тэнссэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь тэнсэгдсэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Хэдийгээр шүүгдэгч А.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй боловч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгохоор заасан тул түүнийг жолооч гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, “Могул ложистик” ХХК-ийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ат 13,210,000 төгрөг төлсөн, мөн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А, шүүгдэгч А.Г нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд заасан төлбөрөөс шүүгдэгч А.Г нь 13,210,000 төгрөгийг бэлнээр төлж, 10,000,000 төгрөгийн үнэ бүхий 45-86 УАЕ улсын дугаартай “Приус-20” загварын тээврийн хэрэгслийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шилжүүлсэн ба үлдэгдэл 11,790,000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний дотор төлөхийг харилцан тохиролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн А овогтой Г-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.Г нь тэнссэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь тэнсэгдсэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.     

5. Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, “Могул ложистик” ХХК-ийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ат 13,210,000 төгрөг төлсөн, 2021  оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А, шүүгдэгч А.Г нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд заасан төлбөрөөс шүүгдэгч А.Г нь 13,210,000 төгрөгийг бэлнээр төлж, 10,000,000 төгрөгийн үнэ бүхий 45-86 УАЕ улсын дугаартай “Приус-20” загварын тээврийн хэрэгслийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шилжүүлсэн ба үлдэгдэл 11,790,000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний дотор төлөхийг харилцан тохиролцсон болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ