Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 221/МА/2022/0671

 

 

 

 

 

 

 

 

                 Э.Ө-ын нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Н.Н

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Э.Ө

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөл

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 51 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, Э.Ө-ыг аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаалын төрийн албаны тусгай шалгалтад бүртгэхийг даалгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 18 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, өмгөөлөгч Н.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 120/2022/0003/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Э.Ө-аас Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 51 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, Э.Ө-ыг аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаалын төрийн албаны тусгай шалгалтад бүртгэхийг даалгуулах”-аар маргасан байна.

2.Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: 

“Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 17 дугаар зүйлийн 17.7, Төрийн албаны тухай хуулийн /2017 оны/ 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.1.2, 33 дугаар зүйлийн 33.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Ө-ын “Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 51 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, Э.Ө-ын аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаалын төрийн албаны тусгай шалгалтад бүртгэхийг даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Нэхэмжлэгч Э.Ө нь нөөцөд бүртгэлтэй эсэх талаар бус Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас нөхнө”, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 2.2-т “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог шатлан дэвшүүлэх журмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас нөхнө” гэж тус тус заасны дагуу тухайн байгууллагад ажиллаж буй албан хаагч гэдгийг мэдсээр байж салбар зөвлөлөөс тусгай шалгалтад бүртгэхээс татгалзаж буй нь үндэслэлгүй гэж маргадаг.

Э.Ө-ыг анх 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Өмчийн газрын Худалдан авах ажиллагааны газрын даргын албан тушаалд сул орон тоо нөхөгдөх хүртэл хугацаанд томилсон бөгөөд Худалдан авах ажиллагааны газрын даргын албан тушаалыг тухайн үед Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт зааснаар шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс нөхөх боломж байгаагүй, мөн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар сонгон шалгаруулалт явуулах боломжгүй байсан тул түүнийг тус албан тушаалд томилсон бөгөөд Б/02 дугаар тушаалын үндэслэлд энэ талаар дурдсан байдаг.

Мөн 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Төрийн албаны тухай хууль хэрэгжсэнээс хойш манай аймагт удирдах албан тушаалтны тусгай шалгалт зарлагдаагүй, харин 2021 оны 10 дугаар сард анх удаа зохион байгуулагдахаар зарлагдсан болохыг дурдах нь зүйтэй.

Гэвч шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй атлаа Э.Ө-ыг төрийн албан хаагч биш хэмээн дүгнэн шалгалтад оролцох эрхгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Э.Ө-ыг Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг” гэж тодорхойлсноор төрийн албан хаагч гэж үздэг тул Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т зааснаар тусгай шалгалтад оролцох эрхтэй болно.

Мөн Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын 5.3-т зааснаар “Энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаж, 5.1-д заасан холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэн (цаашид “оролцогч” гэх)-ийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ” гэж зааснаас үзэхэд салбар зөвлөл зөвхөн журмын 4.1, 5.1-д заасан болзлыг хангаагүй, бүрдүүлбэр дутуу тохиолдлоос өөр үндэслэлээр шалгалтад бүртгэхээс татгалзах шийдвэр гаргах боломжгүй байгаа талаар маргадаг боловч шүүх энэ талаар дүгнээгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.  

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй  орхиж шийдвэрлэв. 

1.Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Б/02 дугаар тушаалаар нэхэмжлэгч Э.Ө-ыг аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 70 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгүүдийг зөрчин томилсон, хууль зөрчин томилсон шийдвэрийг хүчингүй болгоогүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгохыг мэдэгдсэн байна. 

Улмаар Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 327 дугаар тогтоолоор дээрх 70 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаагүй гэх үндэслэлээр Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2021 оны Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус газрын Худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаалын сул орон тоог нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж, нөхөхийг эрх бүхий албан тушаалтан, байгууллагад даалгаж шийдвэрлэсний дагуу хариуцагчаас уг албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарлаж, нэхэмжлэгч Э.Ө нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цахимаар бүртгүүлжээ. 

2.Өмнөговь аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 51 дүгээр албан бичгээр “Төрийн албаны тухай хуулийн 27.1.1, 37.1.4, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэшлийн шаардлагын 2 дахь хэсгийг хангахгүй байх тул төрийн албаны тусгай шалгалтад оролцох боломжгүй” гэх мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч дээрх мэдэгдлийн үндэслэлээ “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтыг зөрчиж томилогдсон, төрийн албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлгүй тул төрийн албаны ерөнхий шалгалт өгч, одоогийн шалгалтад бүртгүүлэх боломжтой” гэж тайлбарласан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг төрийн албаны нөөцөд бүртгэлгүй, Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаалд хууль зөрчин томилогдсон болохыг Төрийн албаны зөвлөл тогтоосон, холбогдох журмын шаардлагыг хангахгүй байх тул маргаж буй албан бичгийг хүчингүй болгож, Э.Ө-ыг төрийн албаны тусгай шалгалтад бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй талаар зөв дүгнэжээ. 

Төрийн албаны тухай хуулийн /2017 оны/ 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.1.2-т зааснаар томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс, гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох төрийн бусад байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас уг сул орон тоог нөхөхөөр хуульчилсан байна.

Нэхэмжлэгчийн хувьд түүнийг томилсон тушаалыг хүчингүй болгосноор тухайн албан байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч гэж үзэх боломжгүй, 2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр тус аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн зохион байгуулагчийн албан тушаалтаас чөлөөлөгдсөн, түүнээс хойш төрийн улс төрийн албан тушаалд, хувийн хэвшилд ажиллаж байсан тул төрийн албаны нөөцөд байгаа гэж үзэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч биш, үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөн сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн нөөцөд бүртгэлгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...хууль хэрэгжиж эхэлснээс хойш удирдах албан тушаалтны тусгай шалгалт зарлагдаагүй, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар төрийн албан хаагч тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т зааснаар тусгай шалгалтад оролцох эрхтэй” гэж дурдсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш удирдах албан тушаалтны тусгай шалгалтыг зарлаагүй нь төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг өгч нөөцөд бүртгэгдээгүй нэхэмжлэгчийг хууль зөрчиж тусгай шалгалтад бүртгүүлэхийг хариуцагчид даалгах үндэслэл болохгүй юм. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.    

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                     Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН