Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/41

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ  даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч Ш.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ш-гийн Б-т холбогдох 2128000270019 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ... оны ...  дугаар сарын ...-ний өдөр .... аймгийн .... суманд төрсөн, эрэгтэй, ..... настай, .... боловсролтой, ..... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ..... хамтаар ..... аймаг, ..... сум, ..... баг, ....тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Д овогт Ш-гийн Б-, регистрийн дугаар ....;

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Ш.Б- нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр баг, Дундсайханы 06-54 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Ц.Н-г зодож, биед баруун бугалга, зүүн шуу, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.Б- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн гэв.

Хохирогч Ц.Н-гийн мэдүүлэгт: Манай нөхөр Ш.Б- хот хооронд ачаа тээвэрлэх ажил хийдэг юм. 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 23 цаг өнгөрч байхад хотоос ирсэн бөгөөд гэртээ ирж хоноод маргааш өглөө нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө хүмүүсийн ачаа тарааж өгнө гээд гэрээс гараад явсан. Удалгүй машинаа ачаа буулгадаг газар орхиод ирлээ гэж гэрт ирээд өөрийнхөө жижиг тэргийг унаад гэрээс гараад явсан. Өдөр 15 цагийн үед согтуу хүрээд ирсэн. Намайг том машин дээр хүргээд өг гэхээр нь үгүй гэж хэлчихээд байж байсан чинь манай найз Намуунаа залгаад хоёулаа гадуур гараад цахилгаан бараа үзье гэж хэлэхээр нь тэгье гэсэн чинь Б- хажуугаас сонсчихоод чи муу хаашаа тэнэх гээд байгаа юм бэ гэж уурлаад гэрийн баруун хойно байх ширээн дээр байсан түмпэнтэй цуйванг аваад над руу шидсэн тэр түмпэн намайг оноогүй. Би уурлаад чи одоо яагаад байгаа юм бэ зүгээр байгаач гэсэн чинь босч ирээд зүгээр байхгүй байгаа хүнийг чи яадаг юм бэ гээд миний хэвтэж байсан орны хажууд хүрээд ирэхээр нь би нүүрээ дарсан чинь миний толгой, гар руу юмаар болон гараараа цохиод байсан. Тэгж байхад манай том охин Хүслэн ирээд аавыгаа хориод надаас холдуулахаар нь би босоод найз Намуунаа руу залгаад ирж байна уу гэсэн чинь гадаа ирж байна гэхээр нь гэрээс гарах гэхэд Б- чамайг гэрээс гарвал ална шүү гээд байсан. Би чамд зодуулаад байж чадахгүй гэж хэлээд охин хорьж байх хооронд гараад явсан юм. Намуунаа бид хоёр гадуур явж байгаад би Тогосоо гэдэг найзындаа очиж байж байгаад том охин Хүслэн рүү залгаад аав чинь байгаа юм уу гэсэн чинь аав гараад явсан гэсэн бөгөөд хэсэг хугацааны дараа залгахад аав сая гэрт орж ирлээ гэж хэлсэн. Би тэндээ хэсэг байж байгаад 17 цаг өнгөрч байхад хашаандаа ирж байж байгаад охин руугаа залгаад аав чинь унтсан уу гэсэн чинь унтаагүй байна таныг гэртээ орж ирвэл унтана гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь намайг хараад унтчих юм болов уу гээд гэрт орсон чинь гэрт нөхөр 4 хүүхдийн хамтаар байж байсан. Би үүдний амбаарт ороод зогсож байсан /үүдний амбаараа гэртэйгээ холбож гэр болгон тохижуулсан/ намайг хараад босоод ирсэн. Тэгээд хөргөгч онгойлгоод пивор савтай варени аваад над руу шидсэн тэр нь миний баруун мөрөнд оносон түүний дараагаар мөн над руу юм авч шидэх гэхэд нь манай охин ирээд болиулсан. Тэгсэн намайг гичий, янхан, пизда гэх мэтээр доромжлоод байсан. Би тэгээд гэрт ороод сууж байсан чинь 5-ын канистртай ус аваад шидсэн тэр нь миний зүүн хавирганы хэсэгт оносон. Тэр үед Б- намайг хэл амаар доромжлоод харааж зүхээд л байсан. Мөн гарт нь юм тааралдвал над руу авч шидэх гээд байсан бөгөөд манай том охин аавыгаа дагаад болиулаад байсан юм. Тэр үед миний дотор бачуураад толгой эргээд унах гэж байгаа юм шиг мэдрэмж төрөөд байсан болохоор охиндоо хэлсэн чинь манай охин түргэн тусламж дуудах уу гэхээр нь би яах юм бэ жаахан хэвтчихье гайгүй болчих байх гэж хэлээд үүдний амбаарын орон дээр очоод хэвтэж байхдаа гомдоод, уйлмаар санагдаад ээж рүүгээ залгаад Б- агсан тавиад байна. Миний толгой тархи өвдөөд бачуураад байна гэж хэлсэн чинь түргэн дуудаач гэж хэлсэн. Тэгсэн цаанаас нь манай ах юу болоод байгаа юм бэ гэж ээжээс асуугаад байгаа бололтой байсан. Б- агсан тавиад цохиж нүдээд байна гэж хэлсэн чинь цагдаад дуудлага өгсөн юм уу гэхээр нь үгүй гэсэн чинь цагдаад дуудлага өгнө гэж ах хэлэхээр нь битгий цагдаа дуудаарай гэж хэлчихээд би утсаа тасалсан. Тэгсэн чинь удахгүй нэг танихгүй дугаараас дуудлага ороод ирэхээр нь авсан чинь цагдаагаас ярьж байна хотоос дуудлага өгсөн та гэрийн хаягаа хэлнэ үү гэхээр нь би яах юм бэ одоо зүгээр болсон байна гээд утсаа тасалсан. Тэгсэн нөгөө дугаараас залгаад л байсан би утсаа авахгүй байгаад байсан. Тэгээд 22 цагийн үед Б- гайгүй болчихсон унтах гэж байхад нөгөө цагдаагийн дугаараас дахин дахин дуудлага ирээд байхаар нь би утсаа авсан чинь та хаягаа зааж өг бид очиж шалгана гэхээр нь хаягаа заагаад өгсөн чинь 2 цагдаа ирээд Улаанбаатар хотоос дуудлага өгсөн байна таныг эрүүлжүүлнэ гээд Б-ыг аваад явсан ийм зүйл болсон юм. Санал хүсэлт гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-15-16/,

Гэрч Ц.Б-ийн мэдүүлэгт: Миний бие Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 15 дугаар гудамж 18 тоотод ээж болон гэр бүлийнхний хамт амьдардаг бөгөөд манай төрсөн дүү болох Цэцэн-Очирын Н- нь Өмнөговь аймгийн төвд нь нөхөр Б-, хүүхдүүдийн хамт амьдардаг. 2021 оны 01 дүгээр сард намайг гэртээ байх үед ээж маань дүү Н-тай утсаар ярьж байхад нь хажууд нь очиж хальт сонстол уйлж яриад байх шиг байхаар нь ээжээс "Н- юу гэж байна" гэж асуухад ээж "Нөхөр агсан тавиад байна” гэж байна гэхээр нь би шууд Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт "Манай дүү Н-гийн нөхөр Өмнөговь аймаг дахь гэртээ агсан тавиад байна" гэсэн дуудлага өгсөн гэжээ. /хх-23/,  

2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 103 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Н-гийн биед баруун бугалга, зүүн шуу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ц.Н-гийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ц.Н-гийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-25-26/,

Аюулын зэргийн “Дунд” гэх үнэлгээ /хх-8-9/,

Өмнөговь аймаг Даланзадгад сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-37/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-38/,

Арван жилийн дунд сургуулийн архивын лавлагаа /хх-39/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тухай хуудас /хх-40/,

Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-42-46/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ш.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ш.Б-ын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.Б-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Ш.Б-ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүд хамтран амьдрагч этгээд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульд тодорхойлсон.

Шүүгдэгч Ш.Б- нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр баг, Дундсайханы 06-54 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Ц.Н-гийн толгой, гар руу нь цохиж, савтай варени, канистртай ус зэргийг шидэж зодон, биед нь баруун бугалга, зүүн шуу, баруун гуянд цус хуралт гэмтэл учруулсан нь хохирогч Ц.Н-гийн мэдүүлэг /хх-15-16/, гэрч Ц.Б-ийн мэдүүлэг /хх-20-21, 23/, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 103 дугаартай шинжээчийн “Ц.Н-гийн биед баруун бугалга, зүүн шуу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ц.Н-гийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ц.Н-гийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-25-26/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Тус гэмт хэргийн улмаас  хохирогч Ц.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 103 дугаартай шинжээчийн: “...Ц.Н-гийн биед баруун бугалга, зүүн шуу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ц.Н-гийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ц.Н-гийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хх-25-26/ дүгнэлтээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн 4 хэлбэртэй байхаар хуульд заасан ба шүүгдэгч Ш.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ том машин дээр хүргээд өг...чи муу хаашаа тэнэх гээд байгаа юм бэ гэж уурлан эхнэр  Ц.Н-гийн бие махбодид нь халдан зодсоныг бие махбодийн  хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг хамтран амьдрагч” гэж тодорхойлсон.

Хохирогч Ц.Н- нь шүүгдэгч Ш.Б-тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь гэрч Ц.Б-ийн “...Манай дүү Н- нөхөртэйгөө нэг гэр бүл болоод 10 гаруй жилийн хугацаа өнгөрч байгаа...” гэх  мэдүүлэг /хх-23/, шүүгдэгч Ш.Б-ын “...2010 онд Ц.Н-тай гэр бүл болж өнөөг хүртэл амьдарч байна...” гэх мэдүүлэг /хх-33-34/-ээр тогтоогдож байх тул  хамтран амьдрагч гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Ш.Б- нь хохирогч Ц.Н-гийн бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ш.Б- нь .... болох нь Өмнөговь аймаг Даланзадгад сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-37/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-38/, Арван жилийн дунд сургуулийн архивын лавлагаа /хх-39/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тухай хуудас /хх-40/, Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-42-46/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Б- нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь хохирогч Ц.Н-гийн “2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 23 цаг өнгөрч байхад хотоос ирсэн бөгөөд гэртээ ирж хоноод маргааш өглөө нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө хүмүүсийн ачаа тарааж өгнө гээд гэрээс гараад явсан. Удалгүй машинаа ачаа буулгадаг газар орхиод ирлээ гэж гэрт ирээд өөрийнхөө жижиг тэргийг унаад гэрээс гараад явсан. Өдөр 15 цагийн үед согтуу хүрээд ирсэн гэх мэдүүлэг /хх-15-16/, гэрч Ц.Б-ийн “ 2021 оны 01 дүгээр сард намайг гэртээ байх үед ээж маань дүү Н-тай утсаар ярьж байхад нь хажууд нь очиж хальт сонстол уйлж яриад байх шиг байхаар нь ээжээс “Н- юу гэж байна” гэж асуухад ээж “Нөхөр нь агсам тавиад байна” гэж байна гэхээр нь би шууд Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт “Манай дүү Н-гийн нөхөр Өмнөговь аймаг дахь гэртээ агсан тавиад байна” гэсэн дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-23/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ш.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Ш.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-т 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “Шүүгдэгч Ш.Б- нь ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, бага насны хүүхдүүдтэй, эхнэр нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, амьжиргаагаа тээвэр хийж залгуулдаг, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж өгнө үү? гэсэн саналыг гаргаж байна гэжээ.

Шүүгдэгч Ш.Б- шүүх хуралдаанд “Ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Ачаанд яваагүй удсан ар гэрийн байдал хүнд байгаа. Мөнгөн торгууль оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүх шүүгдэгч Ш.Б-ын үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хувийн байдал, хохирогч Ц.Н-гийн гомдол саналгүй гэх хүсэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.Б- 600  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэв.

Хохирогч Ц.Н-гийн: “нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-16/-ээр, мөн тус шүүхэд ирүүлсэн “... Ш.Б-т гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид одоо эвлэрч нэг гэртээ амьдарч байгаа тул шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх хүсэлтийг тус тус харгалзан  шүүгдэгч Ш.Б-ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.Б- цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Ш-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ш.Б- цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ш.Б-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б- оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

7. Хохирогч Ц.Н- шүүгдэгч Ш.Б-аас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ш.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ