| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2021/0194/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/190 |
| Огноо | 2021-03-19 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/190
2021 03 19 2021/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;
улсын яллагч: Г.Түвшинбаяр,
шүүгдэгч: Ч.Т /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Т-т холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ч.Т
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Ч.Т нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 01 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд “SarnaitsetsegYlguun” гэх фейсбүүк хаягаар буюу мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор өөрийн дансыг байршуулан хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршин тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулан иргэдээс 1.987.900 төгрөгийн бооцоо цуглуулж, 1.790.000 төгрөгийн буцаан өгч 197.900 төгрөгийн ашиг олсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Т мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Дашням /хх-ийн 11-12/, Ч.Тын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 13-16, 37-48/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-21/, Ч.Тын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 24, 32-35/, Ч.Тын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31/, эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49-57/, эд зүйл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол /хх-ийн 58-59/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Т нь 2021 оны 01 дүгээр сарын 17-22-ны өдөр хүртэлх хугацаанд мэдээллийн технологи буюу “Sarnaitsetseg Ylguun” гэх фейсбүүк хаяг ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршин тоглодог мөрийтэй “покер” тоглоом зохион байгуулж өөрийн дансаар 197.900 төгрөгийн ашиг олсон үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
гэрч Ц.Дашнямын /хх-ийн 11-12/: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр олон нийтийн сүлжээ буюу фейсбүүк лайваар явж байсан “покер буюу цахим тоглоом” тоглосон. Ингэхдээ данс руу 10.000 төгрөг шилжүүлж тоглосон. Би тухайн тоглоом зохион байгуулсан хүнийг танихгүй. Тухайн өдөр фейсбүүкээ үзэж байхад лайв яваад байхаар нь нэг удаа тоглосон...” гэх мэдүүлгээр,
Ч.Тын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 31/: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд “Sarnaitsetseg Ylguun” гэх фейсбүүк хаяг нээж цахимаар онлайн покер тоглуулдаг байсан. ...Би хүмүүсээс 10.000 төгрөг авч тоглуулдаг байсан. Тоглолт тус бүрээс 10.000 төгрөгийн ашиг гардаг байсан. Покер тоглуулж 1.987.900 төгрөгийн бооцоо цуглуулж 1.790.000 төгрөгийг буцаан өгч 197.900 төгрөгийн ашиг олсон. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг болон дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-21/, Ч.Тын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 13-16, 37-48/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь мэдээллийн технологи буюу фейсбүүк хаягаар хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан болохыг шүүгдэгч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, мөн шүүгдэгч нь 197.900 төгрөгийн ашиг олсон болох нь шүүгдэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Ч.Т нь хуулиар хориглосон мөрийтэй тоглоом зохион байгуулж, 197.900 төгрөгийн ашиг олсон гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Т нь бусдад төлөх төлбөргүй болно.
Харин түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 197.900 төгрөгийг хувьд ногдох хөрөнгө, орлогоос нь албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Ч.Тыг “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ч.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ч.Т нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тын гэмт хэрэг үйлдэж олсон 197.900 төгрөгийн орлогыг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ