Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/184

 

 

 

 

 

 

 

 

     2021       03          17                                      2021/ШЦТ/184

 

    

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

улсын яллагч: Ц.Амгаланбаатар;

хохирогч: Ж.Цолмон;

шүүгдэгч: Б.О, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-т холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1965 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, 6 хүүхдийн хамт хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б.О

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.О нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутагт “энэ газар эзэнгүй газар байгаа юмаа, надад ерөнхийлөгчийн гарын үсэгтэй долоон айлын газар байгаа, тэрний нэг нь энэ газар байгаа юм, гэрчилгээ нь долоо хоногийн дараа гараад ирнэ, тэгэхээр нь чиний нэр дээр шилжүүлж өгнө” гэж худал хэлэн хуурч, Ж.Цолмонгоос 2.600.000 төгрөг авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Цолмон мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сард манай нөхрийн найз “газар зарах гэж байна” гэж хэлэхээр нь Б.Отэй уулзаж байсан. Б.О эгчээс “бичиг баримт нь бүрэн юм уу?” гэж асуухад “урьдчилгаа мөнгө аваад бичиг баримт гарж ирэхээр нэр дээр чинь шилжүүлж өгнө” гэж хэлсэн. Мөн Б.О нь “Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй 7 газар байгаа, манай хүүхдүүд доод талд нь амьдардаг, тог цахилгаанаа татаж болно” гэдэг зүйлийг хэлж байсан. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2.600.000 төгрөг шилжүүлсэн. Урьдчилгаа мөнгө шилжүүлээд дараа нь залгаад асуухад удаа дараа худлаа хэлдэг байсан. Би гомдол гаргаснаас хойш 2 жил болж байна. Хохирол төлбөрөө шүүгдэгчээс хурдхан гаргуулж авах хүсэлтэй байна...“ гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Б.Оийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5-9/, хохирогч Ж.Цолмон /хх-ийн 19-21, 22-24, 25-27/, гэрч Ш.Баярмагнай /хх-ийн 32-33/, гэрч Э.Бурмаа /хх-ийн 34-35/ нарын мэдүүлэг, иргэн Э.Бурмаа, Б.Анударь нарын газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, газрын гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 38-44/, Ж.Цолмонгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 45/, Б.Оийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 48-49, 64/, Б.Батбаатарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 55-56/, Газар зохион байгуулалтын албаны албан тоот /хх-ийн 61/ зэрэг  болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.О нь  2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Цолмонд “газар зарна, надад Ерөнхийлөгчийн гарын үсгээр баталгаажиж эрх олгогдсон долоон айлын газар байна, үүний нэгийг чамд зарна, газар эзэмших гэрчилгээ нь долоо хоногийн дараа гарахаар нэр дээр чинь шилжүүлж өгнө” хэмээн ямар нэгэн баталгаагүй амлалт өгч, итгүүлэн үнэмшүүлж, хуурч мэхлэх байдлаар  түүнээс 2.600.000 төгрөгийг нь шилжүүлэн авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

хохирогч Ж.Цолмонгийн /хх-ийн 19-21/: “...2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Шарга морьтын зуслан дээр Б.О гэх хүнтэй уулзаад газар авахаар болсон. Би тэр хүнээс 2 айлын газар 5.000.000 төгрөгөөр авахаар болж урьдчилгаа мөнгө 2.600.000 төгрөгийг Б.О эгчийн хүргэн Батбаатарын данс руу шилжүүлж өгсөн. ... газрын бичиг баримт 7 хоногийн дараа гарна гэсэн. Тэгээд 2019 оны 09 дүгээр сараас Б.О эгч миний утасны дугаарыг хаагаад холбогдож болохгүй байсан. 2 cap орчим болоод Б.О эгчийн гэрт нь очсон ...боловч гэрээс нь хүүхэд гарч ирээд “эмээ байхгүй” гэж хэлсэн. ...Б.О эгчид “газар авахаа болилоо газрын бичиг баримт бүтэхгүй юм байна мөнгөө авъя” гэж хэлэхэд “удахгүй өгье” гэж хэлсэн. ...Б.О эгчид маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлгээр,

гэрч Э.Бурмаагийн /хх-ийн 34-35/: “...миний утас руу эмэгтэй хүн залгаад “энэ газрыг хүнээс худалдаж авахаар урьдчилгаа мөнгө өгчихсөн юм, таны гэрчилгээг үзмээр байна” гээд ярихаар нь бид хоёр уулзахаар болсон. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зуслангийн газар нөгөө эмэгтэйтэй уулзаад өөрийн газрын гэрчилгээг үзүүлэхэд тэр эмэгтэй “энд байдаг манаач эгчээс энэ газрыг авна гээд мөнгөө өгчихсөн, манаач эгч миний газар гэсэн” гэж хэлэхээр нь бид хоёр тэр манаач гээд байгаа хүн дээр нь очоод ...“энэ чинь гэрчилгээтэй газар” гээд гэрчилгээг үзүүлэхэд “миний авах гэж байгаа газрыг яахаараа та нар гэрчилгээ гаргуулдаг юм, ямар дарга цэргээр гаргуулсан” гээд орилоод дайраад байсан. Би “та газар дээрээс амбаараа аваарай” гэж хэлчхээд яваад өгсөн...” гэх мэдүүлгээр,

Б.Оийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 8-9/: “...Ж.Цолмонг авчирч уулзуулсан. Тэр хүн “танд газар байгаа гэсэн үзье” гэхээр нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд манай гэрийн хажууд байрлах Сувраганы зүүн талд байдаг эзэнгүй газрыг үзүүлсэн. Бид хоёр тохироод надад 2.600.00 төгрөг өгсөн. Би уг мөнгийг хүргэн Батбаатарын дансаар авсан. Би авсан мөнгө хэрэгцээндээ зарцуулаад дууссан...” гэх мэдүүлэг болон Ж.Цолмонгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 45/, Б.Батбаатарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 55-56/ зэрэг  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч нь шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Б.Оийн үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлдэг бөгөөд хохирогчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар  хохирогчид учирсан хохирлын хэмжээ тогтоогдсон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Б.О нь Ж.Цолмонгийн эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

Иргэнд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх эсэх нь төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой, гадны нөлөөгүйгээр шийдвэрлэх асуудал бөгөөд Б.Оээс үл хамаарахаар байтал тэрээр өөрт нь эзэмших, өмчлөх эрх олгогдсон газар байгаа мэтээр “Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй 7 газар байгаа, гэрчилгээ нь гарахаар нэр дээр чинь шилжүүлж өгнө” гэж өөрт байхгүй эрх хэмжээнд иргэнд амлалт өгч, өөрөөс нь үл хамаарах, биелэгдэх боломж багатай асуудлын үр дүнгийн талаар зохиомол амлалт өгч, мэдсээр байж бусдыг төөрөгдүүлэн эд хөрөнгийг нь бодитой бус үйл ажиллагааны төлбөрт авч байгаа нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байгаа болно.

Ийнхүү шүүгдэгч Б.Оийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэм буруу нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах хууль зүйн үндэстэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.О нь шүүх хуралдааныг тодорхой хугацаанд завсарлуулсны эцэст хохирогч Ж.Цолмонд учирсан 2.600.000 төгрөгийн хохирлоос 2.300.000 төгрөгийг нөхөн төлсөн ба үлдэгдэл 300.000 төгрөгийн хохирлыг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хохирогчид нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй.   

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Б.О нь шунахайн сэдэлтээр, хуурч, мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өмчлөгчид эд материалын бодитой хохирол, хор уршиг учруулахыг урьдаас мэдэж, ийм хохирол, хор уршиг учруулахыг хүссэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй, хохирогчид учирсан хохирлоос тодорхой хэмжээг нөхөн төлсөн, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирлыг нөхөн төлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж түүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх байдлаар цээрлүүлэх боломжтой гэж шүүх үзэв.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний доторх хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.От тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу хохирогчид нөхөн төлөх 300.000 төгрөгийн хохирлыг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т заасан тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг буюу хувиараа худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж байна.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хорих  ялыг  оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу хохирогчид нөхөн төлөх хохирлын 300.000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т заасан  тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг буюу хувиараа худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус  хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.О нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оээс 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Цолмонд олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.МӨНХ-ЭРДЭНЭ