Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/220

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Г.Намжил,

хохирогч А.М,

шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Н-ын Г-д холбогдох эрүүгийн  2105000640115 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, мэргэжилгүй, хувиараа наймаа хийдэг гэх, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамт ********* дүүргийн **********тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ч овогт Н-ын Г /РД: *************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 10 дугаар хорооллын 8 дугаар байрны 1 тоотод хохирогч А.М-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь халдаж, нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж “баруун ухархайн ясны дотор, доод, ханын хугарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт ” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.М мэдүүлэхдээ: “...Миний бие энэ гэмт хэргийн улмаас хагалгаанд орсон, мөн эмчилгээ хийлгэсэн зардал болох нийт 1.088.722 төгрөгийг Н.Г-оос нэхэмжилж байна. Түүнд ямар нэгэн гомдол саналгүй байхгүй...” гэв. 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч А.М-гын:

“...2020 оны 12 дугаар сарын 23-ны орой Г, /хоч нэр нь Абел/ А, Э, З, А бид 6 А-ийнд 2 литрийн 6 сав пиво ууцгаасан. Би фейсбүүкээр нэг найзтайгаа утсаар ярьж байтал Г “ чи хэнтэй яриад байгаа юм бэ, гэхээр нь би чамайг бол нэг л цохино шүү” гээд ...бид 2 маргаж байтал З Г-ыг өмөөрөөд над руу үг хэлээр дайраад эхэлсэн. З миний нүүр лүү цохих гээд байхаар нь би бултаад цохиулаагүй, З бид 2 барилцаж аваад газар унаад би Згийн дээр гараад 2 гарыг нь дараад сууж байтал Г миний хойноос толгой руу цохиод намайг ухаан алдуулсан. ...хэсэг хугацааны дараа сэртэл миний нүд юм харж чадахгүй болчихсон хавдаад цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 9-14/,

Гэрч Л.З-гийн:

“... 2020 оны 12 дугаар сарын 23-ны орой А-ийнд А, Э, Г, М, А бид 6 пиво ууцгаасан. Тэгээд юм яриад сууцгааж байтал М фейсбүүкээр нэг найзтайгаа утсаар ярьж байсан гэтэл Г “чи хэнтэй яриад байгаа юм бэ”, гэтэл “манай 1 жилийн атаман байна" гээд тэр хоёр маргаад эхлэхээр нь би гарах гэтэл маргалдахаа больсон, дахиад маргаад байхаар нь Мөнхтулгыг боль гэтэл болихгүй уурлаад Г-той хэрэлдээд байсан. Тэгээд би Гыг өмөөрөхөд М руу уурлаад бид хоёр барьцалдаж аваад халтираад газарт унасан. Тэгтэл хажуугаас Г ирээд Мөнхтулгын нүүр рүү гараараа 1 удаа цохисон. М босоод гараад явсан нүд нь хавдчихсан цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 17-19/,

Гэрч Д.А-ын:

“...2020 оны 12 дугаар сарын 23-ны орой М, З, А, Э, А бид 6 оройн 22 цагийн үед Баянгол дүүргийн 10-р хороолол, 8-р байр 1 тоотод А-д очоод 2 литртэй 5,6 сав пиво уусан. Тэгээд М нэг хүнтэй утсаар ярьж байтал А “наад пизда чинь хэн юм, наадхыг чинь би нэг л шаана шүү” гэтэл М “манай найз чамайг бас нэг л шаана шүү” гээд тэр хоёр маргалдаж эхэлсэн. ...З буйдан дээр сууж байгаад уурлаад А-ийг алгадаад Мөнхтулгыг алгадсан. ...З М 2 заамдалцаж аваад газар асгарсан пивон дээр халтираад унасан, ...Би З-г татаж аваад шууд гарчихсан. ...А бид 3 гадаа байхад А З гээд орилохоор нь “яасан зүгээр үү” гэтэл “ би ганц л тохойлдсон чинь уначихлаа танай найз чинь арчаагүй юм гээд байсан. ...буцаад гэр лүү ортол Мөнхтулгын нэг нүд нь хавдаад цус гарчихсан битүү цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх 23-24/,

Гэрч Л.Эгийн:

“...2020 оны 12 дугаар сарын 23-ны орой А, М, З, А, Г бид нар А-ийнд очсон. Тэгээд 2 сав, 2 литрийн пиво ууцгаасан. М фейсбүүкээр утсаар ярьж байтал Г чи ямар амьтантай яриад байгаа юм бэ гээд маргалдаж эхэлсэн. Тэгтэл З Г-ыг өмөөрөөд М-ыг 2-3 удаа алгадсан. ...М, З 2 газарт уначихсан ноцолдож байтал Г хажуугаас нь М-ын толгой хэсэг рүү нь цохиод толгой нүднээс нь цус гараад эхэлсэн. Би очиж салгатал З, Г нар харилаа гээд шууд гараад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх 27-28/,

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №311 дугаартай шинжээчийн:

 “...А.М-ын биед баруун ухархайн ясны дотор, доод, ханын хугарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салст, өвчүүнд цус хуралт тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 33-34/,

Шинжээч эмч О.Н-ийн:

“...Дагзны зөөлөн эдийн няцрал, өвчүүний цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусад учирсан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Дагзны гэмтэл нь хүч үйлчлэх, цохих, цохигдох, савж унах аль алинд нь үүсэж болно...” гэсэн мэдүүлэг /хх 38-39/,

Шүүгдэгч Н.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би З-той уулзаад бид хоёр Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол 8-р байрны 1 тоотод очсон. Тэгээд байж байтал А, Э, М, А нар ирсэн. Тэгээд яриад сууж байтал М нэг хүнтэй фейсбүүкээр утсаар яриад байж байхаар нь би “чи хэнтэй яриад байгаа юм бэ” гэтэл “чамайг бол ганц л цохино, атаман байгаа юм” гээд намайг хэл үгээр доромжлоод байсан юм, тэгээд бид хоёр маргалдсан. Тэгтэл З хажуугаас маргалдахаа больцгоо гээд М-ыг барьж аваад тэр хоёр бие бие рүүгээ дайраад ноцолдож газарт унаад З-гийн дээр М гарчихсан байсан. Тэгэхээр нь би хажуугаас нь М-ыг З-гоос холдуулах гээд түлхсэн. Гэтэл өөдөөс хэл үгээр доромжлоод байхаар нь би нүд рүү нь нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд М орны хажуу руу налаад уначихсан...” гэсэн мэдүүлэг /хх 48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Г-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Н.Г нь хохирогч А.М-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Г-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Н.Г нь: согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 10 дугаар хорооллын 8 дугаар байрны 1 тоотод хохирогч А.М-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь халдаж, нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж “баруун ухархайн ясны дотор, доод, ханын хугарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч А.М-гын “...Г миний хойноос толгой руу цохиод намайг ухаан алдуулсан. ...хэсэг хугацааны дараа сэртэл миний нүд юм харж чадахгүй болчихсон хавдаад цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Л.З-гийн “...Тэгтэл хажуугаас Г ирээд М-ын нүүр рүү гараараа 1 удаа цохисон. М босоод гараад явсан нүд нь хавдчихсан цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Д.А-ын “...би ганц л тохойлдсон чинь уначихлаа танай найз чинь арчаагүй юм гээд байсан. ...буцаад гэр лүү ортол М-ын нэг нүд нь хавдаад цус гарчихсан битүү цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Л.Э-гийн “...Г хажуугаас нь М-ын толгой хэсэг рүү нь цохиод толгой нүднээс нь цус гараад эхэлсэн...” гэсэн мэдүүлэг,

- Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №311 дугаартай шинжээчийн “...А.М-ын биед баруун ухархайн ясны дотор, доод, ханын хугарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салст, өвчүүнд цус хуралт тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

- Шинжээч эмч О.Н-ийн “...Дагзны зөөлөн эдийн няцрал, өвчүүний цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусад учирсан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Дагзны гэмтэл нь хүч үйлчлэх, цохих, цохигдох, савж унах аль алинд нь үүсэж болно...” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл ба, шүүгдэгч Н.Г нь хохирогч А.М-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч А.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зардал болон бусад хохирол төлбөрт 1.088.722 төгрөг нэхэмжилсэн байх тул шүүгдэгч Н.Г-оос дээрх хохирлыг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Н.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Н.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүгдэгч Н.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2105000640115 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Н-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ыг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-оос 1.088.722 төгрөгийг гаргуулж хохирогч А.Мд олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Н.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл  гаргавал шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ