Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/89

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга С.Уянга,  

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгч **************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************, **************нарт холбогдох эрүүгийн 2138000000066 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч **************нь ХМЛ Лоунжид 2021 оны 01 дүгээр сарын 14-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж гараад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Титаник дэлгүүрийн хажууд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хоорондоо ноцолдож, цохилцон нэгнээ чирсний улмаас харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч **************нь ХМЛ Лоунжид 2021 оны 01 дүгээр сарын 14-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж гараад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Титаник дэлгүүрийн хажууд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хоорондоо ноцолдож, цохилцон нэгнээ чирсний улмаас харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000066  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч **************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө 01 цагийн орчим би ХМЛ лоунжаас гарч явж байхад Анужин ирнэ хүргээд өгье хамт явъя гэхэд би татгалзаж явахгүй гэснээр маргаан эхэлсэн...Б.Аунужингийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч **************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...**************бид хоёр согтууруулах ундаа хэрэглэж, **************эгчийг хүргэж өгөхөөр ресторанаас гарсан. Тэгээд хүргэж өгөхдөө замдаа бие биеийнхээ биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч **************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Анужин намайг үсдэж гудамжны хавчигт цементэн зам дээр чирсэн, зүүн өвдөг шалбарч, гарын сарвуунууд шалбарсан, өмсөж байсан куртик өмд бүгд урагдсан байсан. Мөн баруун нүдэн тус газар цохиж хөхрүүлж, зүүн талын духанд хавдартай хөндүүр үүсэж үүдэн хоёр шүд хөдөлсөн, баруун зүүн мөр зулгарч хөхөрсөн байсан. Үснээс зулгаахад гурав дөрвөн туг орчим үс унж толгой энэ тэндээ хөхөрч хавдсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 6-7-р хуудас),

Хохирогч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:...**************эгчийг хүргэж өгөхөөр ресторанаас гарсан. Тэгээд хүргэж өгөх замдаа архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн учраас бие биеийнхээ биед гэмтэл учруулсан...Хоорондоо ноцолдоод, чирч байсныг бол санаж байгаа юм...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 10-р хуудас),

Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 14-ны шөнийн 01 цаг 37 минутаас 44 минутын хооронд миний өөрийн утас руу Анужин залгаад охиноо ирж ав гэсэн. Би гэрээсээ гараад титаникийн хажуугийн хавчигт очиход **************газар хэвтчихсэн. Анужин утсаараа над руу залгаад зогсож байсан. Тэр хоёрын хажууд нэг залуу байсан. Тэр нь паб ажиллуулдаг залуу байсан гэсэн. Тэгээд манай охин Анужин энэ залуутай нийлээд намайг зодчихлоо ш дээ гэж хэлэхээр нь тэр хоёрыг яагаад хүүхэд зодож байгаа юм бэ гэж хэлсэн. Анужин аавыгаа утсаараа дуудахад удалгүй машинтай ирсэн. Аав нь ирээд **************руу чи манай охиныг уруу татаж далай хүртэл авч явдаг уруу татагч, чи миний охины исгүүрийг ашигладаг шүү гэж хэлсэн. Духны зүүн талд овойж цус гоожсон. Хурууны ар хэсэг шалбарч цус гарсан. Үс нь сэгсийсэн. Баруун талын нүд улайж, доод зовхи нь хөхөрч хавдсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-12-р хуудас),

Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид хэд явсаар байгаад титаник, цэцэрлэг хоёрын хоорондын харанхуй хавчигт тэр хоёр үлдсэн. Анужин таныг гэрт чинь хүргээд өгье гэхээр нөгөө эмэгтэй үгэнд нь орохгүй ганцаараа явна гэсэн байдалтай л үлдсэн юм. Машинд ороод утсаа оролдоод 10-15 минут орчим болсны дараа Анужин, Хасаа ахаа гараад ирээ гээд нэлээн чанга дуугаар орилсон. Тэгээд машинаас гараад очиход Анужин, нөгөө хүүхний дээр нь гарчихсан нөгөө хүүхэн нь үснээс нь зулгаагаад урдаас нь эсэргүүцэх боломжгүй болчихсон байхаар нь гарыг нь салгасан. Тэр хүүхний гар нь Анужингийн үстэй ороолдчихсон байсан...Хавчигт харанхуй байсан учраас цохиж зодсон зүйл бол хараагүй. Намайг машинд байсан хугацаанд юу болсныг бол мэдэхгүй байна. Очиход бол Анужин дээр нь нөгөө эмэгтэй нь үснээс нь зулгаасан байдалтай доор нь байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-17-р хуудас),

Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд гэрээсээ өөрийнхөө машинтай очиход **************ээжтэйгээ, манай охин гурвуулаа байсан. Буянжаргалыг ээж нь авч явах гэхэд ээжийнхээ үгэнд орохгүй байсан. Охин намайг явъя гэхэд **************машины жолооч талын хаалгаар ирж суух гээд явуулахгүй гээд хаалга хаалгахгүй байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 54 дугаартай:

  1. **************ын биед дух, баруун шуу, баруун сарвуу, зүүн шуу, зүүн сарвуу, зүүн өвдгөнд зулгаралт, дух, баруун дээд, доод зовхи, дээд уруул, баруун чихний хөхлөг сэртэн, зүүн мөр, баруун зүүн өвдгөнд цус хуралт, дээд урууланд няцарсан шарх, дээд үүдэн зүүн 1-р шүд хөдөлгөөнтэй бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
  3. Б.Буянжаргалын биед цус хуралт болон зулгаралт нь нийт хэмжээгээрээ, шарх болон шүдний хөдөлгөөн нь тус тус гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
  5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 5 хувь тогтонги алдагдана гэх дүгнэлт (хх-ийн 23-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаартай:

          1. **************биед тархи доргилт, баруун зүүн сарвуунд зулгаралт, зүүн шуу, баруун бугалга, баруун гуя, баруун өвдөг, зүүн гуя, зүүн доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.

          3. **************биед үүссэн зулгаралт, цус хуралт нь нийт хэмжээгээрээ, тархи доргилт нь тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

          5. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн  28-р хуудас),

 Шүүгдэгч **************нар нь сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 78-р хуудас),

 Шүүгдэгч **************ын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 64, 72-р хуудас)

Шүүгдэгч **************хувийн байдлыг тогтоосон оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 61-62, 73-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2138000000066 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **************нь ХМЛ Лоунжид 2021 оны 01 дүгээр сарын 14-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж гараад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Титаник дэлгүүрийн хажууд хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хоорондоо ноцолдож, цохилцон нэгнээ чирсний улмаас харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч **************нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хохирогч **************(хх-ийн 6-7-р хуудас), **************(хх-ийн 10-р хуудас), гэрч **************(хх-ийн 11-12-р хуудас), гэрч **************(хх-ийн 16-17-р хуудас), гэрч **************(хх-ийн 19-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 54 дугаартай дүгнэлт (хх-ийн  23-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаартай дүгнэлт (хх-ийн  28-р хуудас),

Шүүгдэгч **************нар нь сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 78-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч **************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч **************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч **************нар нь харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хоорондоо эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт (хх-ийн 87-р хуудас)-аар 3000 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч тус бүрээс 1,500 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч **************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч **************нар нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 72-73-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч **************нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч **************нар нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан тэдгээрт торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2138000000066 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч **************, **************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************, **************нарыг тус бүр 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч **************нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

       4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************нараас тус бүр 1,500 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5. Эрүүгийн 2138000000066 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.ХҮРЭЛБААТАР