Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/214

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч Х.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Х.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905041350131 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х.Б /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Тыг “миний найзын ээжийнх нь бие гэнэт муудаад хагалгаанд орох төлбөр хэрэгтэй болчихлоо, биеийн байдал маш хүнд байна, эхний ээлжинд хүнээ аваръя дараа нь таны мөнгийг тун удахгүй өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж түүнээс 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “манай найзын ээж эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа, яаралтай төлбөртэй хагалгаанд орох шаардлага гарсан, та 10.000.000 төгрөг өгөөч” хэмээн хохирогч Ц.Тыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж түүнээс 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Ц.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр манай хадам эгчийн дүү болох Б нь миний ажилладаг Барс худалдааны төв дээр ирж уулзаад мөнгөний тусламж хүссэн. Тухайн үед Б нь “манай найзын ээж нь эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд яаралтай төлбөртэй хагалгаанд орох шаардлага гарсан, Танд мөнгөний боломж байна уу, надад 10.000.000 төгрөг өгөөч” гэж хэлсэн. Тэгээд шууд Бын ээжтэй холбогдож асуухад “би сайн мэдэхгүй байна, Бтай ярьчихаад хэлье” гэж хэлээд таг болсон. Ингээд 2 цагийн дараа Б над руу залгаад би банкин дээр ирсэн байна, та нөгөө 10.000.000 төгрөгөө Цог гээд 2015120491 гэдэг дансаар шилжүүлээд өг гэж хэлсэн. Тэгээд үнэхээр хүний амь настай холбоотой асуудал яригдаж байгаа юм байна гэж бодоод тухайн данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл удалгүй Цэвэлнямаа над руу холбогдоод Б утсаа авахгүй байна, холбогдож чадсангүй гэж хэлэхээр нь би Б гуйсаар байгаад надаас 10.000.000 төгрөг авсан шүү гэж хэлсэн. Б нь мөнгө авснаас хойш огт утсаа авахгүй байсан ба ээжтэй нь ярихаар “би тэр мөнгөний асуудлыг ёстой мэдэхгүй, чамайг мөнгө өгснөөс хойш гэртээ ирэхээ больсон” гэж хэлсэн. ...Цог гэх хүний Голомт банкны 2015120491 тоот дансанд 2 сая төгрөгөөр 5 удаа хувааж шилжүүлсэн. Би мөнгийг шилжүүлэхдээ Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс худалдааны төвд байх хувийн лангуун дээрээ байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 27, 65-66  дугаар хуудас/,

 

Гэрч М.Цогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед Бын найз Оюунбатын ээжийн бие муудсан байсан бөгөөд би Оюунбатыг зүс танина. Тэгээд Оюунбатын ээжийн эмчилгээний зардалд мөнгө босгохоор болсон ба шууд бэлэн мөнгөтэй хүн байгаагүй учир Бын таньдаг эгчээс мөнгө зээлж аваад тэрийгээ бид гурав хувааж төлөхөөр болсон. Ингээд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б миний дансыг ашиглан эгчээсээ 2 сая төгрөгөөр 5 удаагийн гүйлгээ хийгдэж 10 сая төгрөг миний данс руу шилжсэн. Би Быг энэ мөнгөө Оюунбатын ээжийн эмчилгээний зардалд зарцуулсан гэж бодож байгаа. Би өөрт ногдох хувиа эргүүлж өгөх гэсэн боловч Б “тэгж байгаад авна” гэж хэлээд таг болсон бөгөөд өөрөө зохицуулна гээд байсан. Надад ерөөсөө өрөнд орсон, хүн мөнгө нэхээд байна гэж хэлээгүй. ...Б шууд чиний дансаар авчихъя гэж хэлсэн бөгөөд би тухайн үед Хятад руу нэг сарын хугацаатай явах байсан учраас надад карт ашиглах шаардлага байхгүй гэж үзээд Бт картаа үлдээсэн. ...Би Оюунбат гэгчтэй урьд өмнө уулзаж, танилцаж байгаагүй. Б надтай уулзахдаа Оюунбат гэх хүний талаар ярьж ээжийнх нь бие муу байгаа, эмчилгээний зардал мөнгө хэрэгтэй байна гэж хэлж байсан. Түүнээс Оюунбат албан ёсоор надтай уулзаж эмчилгээний зардал мөнгөний талаар ярьсан зүйл байхгүй. Би Баас миний дансаар дамжуулж авсан мөнгөө юунд зарцуулсан талаар асуухад тодорхой зүйл хэлэлгүй, би буруу зүйлд зарцуулаагүй гэсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 32,35 дугаар хуудас/,

 

Гэрч С.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийн хүү Оюунбатын найз нөхдийн талаар мэдэхгүй, манай хүү өөрийн найз гэж ямар нэгэн хүн танилцуулж байгаагүй. Б, Цог гэх хүмүүсийг танихгүй. Миний хүү тийм нэртэй найз нөхдийнхөө талаар надад ярьж байгаагүй. ...2019 онд эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлж, хагалгаанд орсон асуудал байхгүй. Би амьдралдаа хүнээс мөнгө зээлж үзээгүй. Миний хүү ч найз нөхдөөсөө мөнгө зээлсэн асуудал байхгүй гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 39 дүгээр хуудас/,

 

Гэрч О.Оюунбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 онд ээж маань эмнэлгийн байгууллагад хэвтэж, хагалгаа хийлгэж байсан асуудал байхгүй. ...Миний ээжид тийм зүйл тохиолдож байгаагүй учир би Баас тийм зүйл ярьж мөнгө гуйж байсан удаа огт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 42 дугаар хуудас/,

 

Хохирогч Ц.Тын Хаан банкны 5029402577 тоот дансны дэлгэрэнгүй хуулга  /хэргийн 22 дугаар хуудас/,

 

Гэрч М.Цогийн Голомт банкны 2015120491 тоот дансны дэлгэрэнгүй хуулга  /хэргийн 117 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Х.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр электрон тамхины бизнесээ өргөжүүлэх зорилгоор Т эгч дээр очоод “манай найзын ээжийн бие муу байгаа, эмчилгээний зардлын мөнгө хэрэгтэй учир 10.000.000 төгрөг зээлээч, би таны ажилд тус болоод таны олгосон цалингаар өрөө төлье” гээд найз Оюунбатын ээжийн бие муу байгаа мэт худал ярьж, Т эгчийг зөвшөөрүүлэн 10.000.000 төгрөг авсан. Тухайн мөнгийг найз Цогийн Голомт банкны дансыг ашиглан аваад гадаадаас электрон тамхи захиалж аваад интернет зараар зарж борлуулсан ба зарсан мөнгөө хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан. Би Т эгчээс 10.000.000 төгрөг зээлж авсныхаа дараа 10 хоног ажиллаад, Т эгчийн зан аашийг тэвчилгүй ажлаас нь гарсан. ...Надад банкны карт, бичиг баримт байхгүй байсан учраас Цогийн картыг ашигласан. ...Энэ асуудалд Цог, Оюунбат нар нь ямар нэгэн холбоо огт байхгүй бөгөөд тэднийг ийм асуудалд хутгасандаа маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 61 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 70 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 71 дүгээр хуудас/,  эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 72 дугаар хуудас/, шүүгдэгчийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 78-86 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 173 дугаар хуудас/, хохирогч Ц.Тын “...Б надад өгөх ёстой 10.000.000 төгрөгөө бэлнээр төлж барагдуулсан тул одоо надад гомдол, санал байхгүй, төлбөрийн ямар нэг маргаангүй болсон” гэх бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 175 дугаар хуудас/.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 

 

        Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Х.Б нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “манай найзын ээж эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа, яаралтай төлбөртэй хагалгаанд орох шаардлага гарсан, та 10.000.000 төгрөг өгөөч” хэмээн хохирогч Ц.Тыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж түүнээс 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Тын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч М.Цогийн голомт банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэх зэрэг аргаар үйлдэгддэг бөгөөд  гэмт этгээд эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

           “Хуурч авах” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авах үйлдлийг хэлнэ. 

            Энэхүү гэмт хэрэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчаас эд зүйлс, өмч хөрөнгийг хуурамч ойлголт төрүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн, захиран зарцуулах бодит бололцоог бүрдүүлснээр төгсгөл болдог. 

 

      Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Х.Б нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

 

  Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Х.Б нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Тиймээс шүүгдэгч Х.Быг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт хуульчилсан. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Тд 10.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Ц.Тын “...Б надад өгөх ёстой 10.000.000 төгрөгөө бэлнээр төлж барагдуулсан тул одоо надад гомдол, санал байхгүй, төлбөрийн ямар нэг маргаангүй болсон” гэх бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 175  дугаар хуудас/ байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Х.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 58 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх санал нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Улсын яллагчаас шүүгдэгч Х.Бт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Х.Б нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

 

         Шүүгдэгч Х.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Х.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.Бт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

  1. Бусад асуудлаар:

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х.Быг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО