Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0342/З/Т |
Дугаар | 703 |
Огноо | 2018-10-30 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 703
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир, нэхэмжлэгч “Г.Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, түүний өмгөөлөгч Ц.Жт, нэхэмжлэгч “СБ” ХХК, “Ү” ХХК, “Е” ХХК, “Э.Г.Б” ХХК, “Ю” ХХК, “Б.Б” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ф, нэхэмжлэгч “Б-А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ь, нэхэмжлэгч “ЭДМ” ХХК, “О” ХХК, “Р” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бб, нэр бүхий 11 компанийн өмгөөлөгч Б.Ц, Н., хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын төсөл боловсруулах, дүн шинжилгээ хийх асуудал хариуцсан мэргэжилтэн С.Э, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналт, нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн Ж.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Байгаль орчны газрын Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн хэлтсийн дарга. Э.Т нарыг оролцуулан,
Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 601 дүгээр захирамжийн “Г.Ш” ХХК /РД:*******/, “СБ” ХХК /РД:*******/, “Ю” ХХК /РД:*******/, “Б-А” ХХК /РД:*******/, “О” ХХК /РД:*******/, “ЭДМ” ХХК /РД:*******/ “Ү” ХХК /РД:*******/ “Е” ХХК /РД*******/, “Э.Г.Б” ХХК /РД:/, “Б.З” ХХК /РД:/, “Б.Б” ХХК /РД:*******/-иудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэр бүхий 11 компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, захирал Ч.В, Э.Н, Ч.Бб Б.Ш, Д.Ф нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“Хууль болон тэдгээрт нийцүүлж гаргасан дүрэм, журмуудад үндэслэн, нэхэмжлэгч нэр бүхий компаниуд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус авч эзэмшин, үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.
Гэтэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Бб 2017 оны 08 сарын 21-ний өдөр “Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон энэ захирамжийн 1 дүгээр хавсралтад заасан 63 аж ахуйн нэгж байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсугай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй энэ захирамжийн 2 дугаар хавсралтад заасан 33 аж ахуйн нэгж байгууллагын газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосугай" гэсэн заалт бүхий 601 тоот захирамж гаргаж нийт нэхэмжлэгч нэр бүхий компаниудын “ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл”-ийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож компаниудын субьектив эрхэнд халдсан, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасан байна.
Дээрх 601 тоот захиргааны актыг гаргасан процессын хувьд, Нийслэлийн Засаг дарга, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргах ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгоно”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан “энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ" гэж заасан заалтууд, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-27.7-д заасан “сонсох ажиллагаа явуулах” талаарх заалтууд, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан “Аймаг, Нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг хуулийн 37.1.1-37.1.4-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд үүнд тусгай зөвшөөрөл цуцлах болсон үндэслэлийг заана" гэсэн заалтуудыг огт хэрэгжүүлээгүй, хууль ёсны эрх, ашиг нь хөндөгдсөн этгээдүүдийн санал, дүгнэлтийг аваагүй, сонсгох ажиллагааг явуулалгүй дээрх 601 тоот захирамжийг шууд гаргасан нь хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгай зөвшөөрлөө аваад үйл ажиллагаагаа явуулж байсан манай компаниудын хууль ёсны эрх, ашгийг ноцтой зөрчсөн бусармаг үйлдэл болохоос гадна уг захиргааны актыг хууль ёсны дагуу гаргаагүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Түүнчлэн, захиргааны акт гаргаснаас хойш Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1: "захиргааны актыг гаргасан захиргааны байгууллага захиргааны акт хаяглагдсан этгээд болон эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ", мөн хуулийн 43.4-т “захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно" гэж хуульчилсаар байхад Нийслэлийн Засаг дарга, нэр бүхий нэхэмжлэгч компаниудын нэгэнд ч хуульд заасан журмын дагуу огт мэдэгдээгүйг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримтлаагүй хууль бус үйл ажиллагаа гэж үзнэ. Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа нь ийнхүү хуулийн заалт, зарчмуудыг ноцтой зөрчсөн тул Нийслэлийн Засаг даргын 601 тоот захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 46.1-д заасан “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдснээр хүчин төгөлдөр болно” гэсэн заалтыг мөн Нийслэлийн Засаг дарга өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй, бидэнд захирамжийг хуульд заасан журмын дагуу огт мэдэгдээгүй тул захирамжийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэр бүхий компаниуд өнөөдрийг хүртэл энэ захирамжийг албан ёсоор гардаж аваагүй, бидэнд мэдэгдээгүй байгаа болно.
Нийслэлийн Засаг даргын 601 тоот захирамжийг дараах үндэслэлээр агуулга, хэлбэрийн хувьд илэрхий алдаатай гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байхаас гадна, бичгээр гаргасан захиргааны акт нь мөн хуулийн 40.1, 40.2-т заасан шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 601 тоот захирамж нь "захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах", "захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах" гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5-т заасан үндсэн шаардлагуудыг хангаагүй байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд “тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь хамгаалалтын бүсэд орсон бол цуцална" гэж хуульчилсан байхад Нийслэлийн Засаг даргын 601 тоот захирамжийн 1 дэх заалтаар “Байгаль орчноо нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон" гэх хуульд заагаагүй үндэслэлээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нь цуцалж олон аж ахуйн нэгж, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж хохироолоо.
Эдгээр үндэслэлийг аж ахуйн нэгж тус бүрээр хэзээ, хэн, хэрхэн нотолж тогтоосон нь ойлгомжгүй байна. Тусгай зөвшөөрөл бүхий компаниудын үйл ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх, төлбөр төлөх, байгаль орчны нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлсэн эсэх, хуульд заасан хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлж явуулж буй эсэх, тусгай зөвшөөрөл бүхий талбай нь ундны усны хамгаалалтын бүсэд орсон талбайтай хир хэмжээтэй давхцаж байгаа талаар тус бүрд нь шалгаж тогтоож, дүгнэлт гаргалгүйгээр, зааглаж эрэмбэлэлгүйгээр тусгай зөвшөөрлийг шууд цуцалсныг захиргааны үйл ажиллагааны “хуульд үндэслэх” зарчимд нийцээгүй гэж үзэж байна.
Мөн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай “ хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 -д заасанчлан тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдож тогтоогдсон тохиолдолд энэ талаарх нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргаж” уг дүгнэлт, санал, үндэслэлийг захирамжид тодорхой тусгаж үндэслэсэн байх ёстой ба ийм дүгнэлт, саналыг дээрх байгууллагууд огт гаргаагүй, захирамжид ч тусгаагүй байна.
Захирамжийн 2 дахь хэсэгт заасан “түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй” гэх үндэслэлээр газрын хэвлий ашиглах эрхийг нь дуусгавар болгосон “Ю" ХХК, “Ө.Х” ХХК, “Си Би Эс Эн" ХХК-иудын хувьд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн тусгай зөвшөөрлийг холбогдох захиргааны байгууллагаас хуульд заасан журмын дагуу авч үйл ажиллагаагаа явуулж эхэлж байх үед буюу 2009 онд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хууль гарч үйл ажиллагаагаа явуулж чадаагүй 2 жил орчим хугацаанд зогсонги байдалд орсон. Хуулийн зохицуулалт өөрчлөгдөж үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажил хийх, холбогдох байгууллагуудад хүсэлт гаргаж бичиг баримтад гарын үсэг зуруулах зэрэг ажлууд Төрийн байгууллагын үйл ажиллагаанаас хамааран хүлээгдэж байх хугацаанд ямар нэгэн шалгалт, тодруулга, үндэслэлийг тодруулалгүйгээр газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна.
Ийнхүү дээрх үндэслэлүүдээр, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" 601 дүгээр захирамжийн нэхэмжлэгч компаниудад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Г.Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
“Г.Ш” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөө эзэмшин, үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар ирсэн. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 601 дүгээр захирамжаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Нэхэмжлэгчийн зүгээс уг захирамжийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд дараах үндэслэлээр тайлбарлаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу хариуцагчийн зүгээс сонсох ажиллагаа явуулаагүй мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 37.1.1-37.1.4-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасан байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 601 дүгээр захирамжийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дах хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоол зэргийг тус тус үндэслэсэн байна.
Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрлийн ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон захирамжийн нэгдүгээр хавсралтад заасан 62 аж ахуй нэгж байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсан тус хавсралтын 5 дахь хэсэгт “Г.Ш” ХХК тусгасан байна. “Г.Ш” ХХК нь 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, 41,88 га талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулсаар ирсэн. 2014-2015 онуудад олборлолтын үйл ажиллагаа явуулж, эвдрэл үүссэн талбайд нөхөн сэргээлт хийж, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Нийслэлийн Байгаль орчны газраас 83.3 хувьтай дүгнэсэн акт байна. Үүнээс хойш нэхэмжлэгч санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан үйл ажиллагаа явуулаагүй болохоо холбогдох байгууллагуудад мэдэгдсэн байна. Үйл ажиллагаа явуулаагүйн улмаас нөхөн сэргээлт хийгээгүй гэж дүгнэх нь үндэслэлгүй байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй “Г.Ш” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий 41.88 га талбайн 39.63 га буюу 94.6 хувийн давхцалтай гэж дүгнэсэн байна. Тухайн тусгай зөвшөөрлийг 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2040 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл эзэмших эрхтэй. Анх тусгай зөвшөөрлийг эзэмшихэд 2016 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоол гараагүй байсан. Тухайн тогтоол гарсан цагаасаа хойш эрх зүйн харилцааг зохицуулна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах ба усны эх үүсвэрийн хамгаалалтын бүстэй давхацсан газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан эсэх асуудлаар тусгай зөвшөөрлийг цуцлах талаар хуульд тусгайлан зохицуулаагүй байхад гагцхүү хуульд заасан үндэслэлээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцална гэж үзэж байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А230/127 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг баримталсан байна. Тус журмыг 2.9 дэх хэсэгт энгийн хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагааг хориглоно гээд тодорхой үйл ажиллагаануудыг заасан байна. Энэ үйл ажиллагаанд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай огт тусгагдаагүй бөгөөд журмын 2.10 дахь хэсэгт усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд ашигт малтмал ашиглах, хайх харилцааг Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д заасны дагуу зохилцуулна гэжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно гэж заасан байдаг.
Улаанбаатар хотын ундны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай тогтоол нь газрыг улсын тусгай хэрэгцээнд авч буй хэлбэр гэж ойлгож байна. Энэ тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмал эзэмших тусгай зөвшөөрлийг цуцлах бус тухайн талбайг нөхөн олговортойгоор солих, талбайг шилжүүлэх арга хэмжээ авахаар тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй урьдчилан тохиролцох ёстой боловч тийм арга хэмжээ аваагүй байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-37.4-д заасан заалтыг огт баримтлаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн учраас энэ акт бүхэлдээ хууль бус байна гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 601 дүгээр захирамжийн “Г.Ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч “СБ” ХХК, “Ү” ХХК, “Е” ХХК, “Бө” ХХК, “Б.Б” ХХК, “Ю” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ф шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
“СБ” ХХК социализмын үед Улаанбаатар хотыг элс, хайргаар хангах зорилгоор Засгийн газрын тогтоолоор байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Төмөр зам, өндөр хүчдэл бүхий ордыг хувьчилж авсан байдаг. Тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахдаа хоёр зүйлийг үндэслэсэн бөгөөд үүнд байгаль орчноо нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэж байна. Хайргыг аваад хиймэл нуур байгуулахаар ТЭЗҮ-д тусгасан. Үүний дагуу үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Тус ордын нөөцийг 10 метрийн гүн хүртэл ашиглахаар мөн ТЭЗҮ-д бодогдсон байна. Уг хэмжээнд хүртэл ашиглаж байж нөхөн сэргээлт хийх боломжтой. Энэ тухай хайгуулын нөөцийг хүлээж авсан Улсын комиссын хурлын тэмдэглэлд тусгасан байна. Мөн уг ордыг иж бүрэн хаягдалгүй ашиглана гэж тодорхойлсон. Нөхөн сэргээлтийн анхны ажиллагаанууд хийгдсэн байх шаардлагатай.
Тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсан дараагийн үндэслэл нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжуудыг үндэслэсэн байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хавсралт нэгдүгээр хэсэгт “Ундны усны эх үүсвэрийн энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай” гэжээ. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А230/127 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 3.18-д Ундны усны хамгаалалтын бүсийн хориглолтын бүсийг 50 метр, хязгаарлалтын бүсийг 200 метрээс илүүгүй байхаар тогтоосон байна. Үүнээс харахад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын 1-4 дүгээр хавсралтаар тогтоосон байна. Нийслэлийн Засаг даргын захирамж уг тушаалтай зөрчилдөж байна. “СБ” ХХК-ийн эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь хориглолтын болон хязгаарлалтын тусгай хамгаалалтын бүсэд хамаарахгүй болох нь баримтаас харагдаж байна. Иймд бидний эрх ашгийг зөрчсөн хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
“Ха” ХХК нь ашиглалт хийн, олборлолтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Бусад компанийн адилаар урьдчилан анхааруулалгүйгээр тусгай зөвшөөрлийг нь цуцалсан байна. Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэдэг байгаль орчны байцаагчийн албан шаардлагын биелэлтийг үндэслэсэн гэж ойлгосон. Гэвч уг албан шаардлагын дагуу байгаль орчны улсын байцаагч шалгалт хийхдээ зохих зөрчлийн тухай тэмдэглэл үйлдээгүй, гарын үсэг зуруулсан зүйлгүй, хариуцсан хүмүүсийг байлцуулалгүйгээр шалгалт хийн, албан шаардлагаа хувилж тараасан зэрэг алдаа дутагдал гаргасан байна. Өмнө хэлсэн, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон бусад баримт бичгийг баталж өгдөггүй байсан. Яагаад баталж өгөхгүй байгаа талаар лавлахад Мэргэжлийн хяналтын газраас баталж болохгүй гэсэн чиглэл ирсэн гэж тайлбарладаг. “Ү” ХХК-ийн эзэмшиж байгаа талбай ундны усны эх үүсвэрээс 2 км орчим зайтай байхад тусгай зөвшөөрлийг цуцалсан нь ямар ч үндэслэлгүй юм. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 601 дүгээр захирамжид байсан “Т.Э” ХХК-ийг хассан байдаг. Энэ компанийн эрх эзэмшиж буй талбай нь дараагийн нэхэмжлэгч болох “Б.Б” ХХК-тай хиллэдэг. Тус захирамж үндэслэлгүй гэдгийг үүнээс харж болно. Иймд “Ү” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 601 дүгээр захирамжид холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
“Е” ХХК-ийн хувьд мөн ялгаагүй Гишүүний аманд элс, хайрга олборлох ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосны дагуу үйл ажиллагаа явуулж байсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг байгууллагын зохих зөвшөөрөл олгоогүйн улмаар сүүлийн 3 жил ажиллах боломжгүй байсан. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 601 дүгээр захирамжийн “Е” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
“Э.Г.Б” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах 17384/А тусгай зөвшөөрөл бүхий 41 га талбайд үйл ажиллагаа явуулж байсан. Тус компанийн хувьд ундны усны эх үүсвэртэй давхцалгүй ба цуцалсан үндэслэл нь мөн хууль зүйн үндэслэлгүй тул Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 601 дүгээр захирамжийн “Э.Г.Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
“Б.Б” ХХК 13282/А дугаартай тусгай зөвшөөрлийг “СБ” ХХК-аас шилжүүлж авсан байна. Олборлолтын үйл ажиллагаа 2013 оноос эхэлсэн ба өөрсдөө цаашид ашиглах боломжгүй болсон тул түрээсээр бусдад ашиглуулж байсан. Ингээд өмнө хэлж байсанчлан төрийн байгууллагуудын баримт бичиг баталж өгөхгүй шалтгаанаар сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулах боломж бүрдээгүй байна.
Гэтэл “Т.Э” ХХК-ийн тусгай зөвшөөрөл эзэмшиж буй газрын зүүн талд хиллэн оршиж байхад нэгийг нь цуцлаад, нөгөөг нь үлдээнэ гэдэг байж боломгүй зүйл юм. Эдгээр нэр бүхий компаниудын эзэмшиж байгаа талбай ундны усны эх үүсвэртэй давхцалгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байна. Төрийн байгууллагын шийдвэр иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын эрх ашигт халдаж байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 601 дүгээр захирамжийн “Б.Б” ХХК-ийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул шүүх хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч “ЭДМ” ХХК, “О” ХХК, “Р” ХХК -иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бб шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
“О” ХХК нь бусад нэхэмжлэгчдийн адилаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 601 дүгээр захирамжийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тус компани нь үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас хойш нөхөн сэргээлт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг цаг хугацаанд нь биелүүлж, улсад хүлээлгэж өгч байсан. Сүүлийн жилүүдэд төрийн байгууллага хоорондын ажлын уялдаагүй байдлаас шалтгаалан үйл ажиллагаа зогсонги байдалд орсон.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам 2016-2018 онуудад менежментийн төлөвлөгөөг албан ёсоор баталж өгөөгүй бөгөөд бидний хувьд цаг хугацаанд нь холбогдох байгууллагуудад материалаа гаргаж өгдөг байсан. Ямар шалтгаанаар баталж өгөхгүй байгаа нь тодорхойгүй. Хүчээр хууль зөрчүүлэн тусгай зөвшөөрлийг нь цуцалсан бөгөөд сонсох ажиллагаа хийж, урьдчилан мэдэгдсэн зүйлгүй байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 601 дүгээр захирамж бид бүхний эрх ашгийг хөндсөн хууль бус захирамж гэж үзэж байна. Уг захирамжийн “О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
“ЭДМ” ХХК-ийн хувьд мөн адил байр суурьтай байна. Тухайн шийдвэр гарахаас өмнө бидэнд ямар нэгэн байдлаар мэдэгдсэн зүйлгүй тусгай зөвшөөрлийг цуцалсан тул Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 601 дүгээр захирамжийн “ЭДМ” ХХК-д холбогдох хэсгийг мөн хүчингүй болгож өгнө үү.
“Р” ХХК 38.1 га талбайд МV017071 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тухайн эзэмшил талбайн 9 орчим га талбай нь Төв аймгийн нутаг дэвсгэрт хамаарч, үлдсэн 29.9 га талбай нь Нийслэлд харьяалагддаг. Уг компанийн хувьд “зөрчил арилгуулах тухай” 720.000 төгрөгийн торгох шийдвэр гарсан байна. Нэгэнт торгуулийн арга хэмжээ авсан атлаа тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцлагын арга хэмжээг давхардуулсан гэж үзэж байна. Мөн ундны усны эх үүсвэрийн бүсээс 2 км гаран зайтай тул цуцалсан захирамжийн үндэслэлд хамаарахгүй байна. Иймд тус компанийн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 601 дүгээр захирамжид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэнэ үү” гэв.
Нэхэмжлэгч “Б-А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ь шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
“... Тус компани 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 31 га талбайд үйл ажиллагаа явуулахаар ашиглалтын лицензээ авсан. Үүнээс хойш байгууллага дотор хувьцаа эзэмшигчдийн маргаанаас шалтгаалан 2015 он хүртэл үйл ажиллагаа явуулаагүй. 2016 оноос үйл ажиллагаа явуулах болоход уулын ажлын төлөвлөгөө баталж өгөөгүй. 2016 оноос өмнө бидэнд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас үйл ажиллагаа явуулж болно гэсэн тодорхойлолт өгч байсан. Өөрөөр хэлбэл урт нэртэй хуульд “Б-А” ХХК-ийн эзэмшиж байгаа талбай хамааралгүй гэж тодорхойлдог. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоолын аль хэсэгт нэхэмжлэгч хамаарч байгаа нь тодорхойгүй байна. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө мөн баталж өгөхгүй байгаа тул нөхөн сэргээлт хийх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 601 дүгээр захирамжийн “Б-А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
“...Нэхэмжлэгч нэр бүхий 11 компанийн өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
Нэр бүхий 11 компанийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Нэхэмжлэгч “Г.Ш” ХХК болон нэр бүхий 10 компани Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 601 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Нийслэлийн Засаг дарга С.Бб “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох” тухай 601 тоот захирамжийг гаргахдаа хэд хэдэн зөрчлүүдийг гаргасан гэж үзэж байна. Үүнд:
Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан шалгалтын тухайд, Нийслэлийн Засаг даргын орлогч 96 компанийн тусгай зөвшөөрөл цуцалсан тухай хэвлэлийн бага хурлаар мэдэгдсэн. Маргаан бүхий захирамжийн нэгдүгээр заалтад нөхөн сэргээлт хийгээгүй, ундны усны хамгаалалтын бүстэй давхацсан гэдэг үндэслэлээр эдгээр тусгай зөвшөөрлүүдийг цуцалжээ. Нөхөн сэргээлт хийгээгүй гэсэн үндэслэлд хэрхэн орох болсон тухайд компаниуд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан шалгалтын тайлангаар ирүүлсэн судалгаа гэгчээс олж мэдсэн. Уг судалгаа Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын баталсан 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн удирдамжийн дагуу 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд хийсэн шалгалтын тайлангийн хавсралтаар ирсэн судалгаанаас харахад “Г.Ш” ХХК, “СБ” ХХК, “Б-А” ХХК, “Б.Б” ХХК, “Ү” ХХК, “Р” ХХК, “О” ХХК, “ЭДМ” ХХК, “Э.Г.Б” ХХК нийт есөн компанид улсын байцаагчийн албан шаардлага өгчээ. Эдгээрээс “СБ” ХХК, “Б-А” ХХК, “Ү” ХХК, “Р” ХХК нарыг 720.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Улсын байцаагчийн акт гэдэг зүйлийг “Е” ХХК-д хүргүүлсэн байна. Мөн уг судалгааг харахад компанийн нэрийн хойно нөхөн сэргээлт хийсэн, хийгээгүй гэсэн хүснэгт байна. “О” ХХК, “ЭДМ” ХХК, “Э.Г.Б” ХХК, “Е” ХХК-иудыг нөхөн сэргээлтээ хийсэн гэж тэмдэглэсэн байна.
Дээрх албан шаардлагууд бүгд 9 зүйлтэй, актууд нь 4 зүйлтэй байна. Улсын байцаагчийн актад бүх компаниуд гомдол гаргаагүй ч үүнийг хэлэхгүй өнгөрөөж болохгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэж заасан байна. Гэтэл эдгээр байгууллагуудад шалгалт хийхэд үр дүн нь адил байна гэдэг эргэлзээтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний хувьд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалтын хуудсыг хавтаст хэрэгт хавсаргуулах хүсэлт гаргасан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д “Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана” гэж заасан байна. Нэр бүхий 11 компанид шалгалтын хуудас байгаагүй ба хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Б-А” ХХК болон “Р” ХХК-ийн шалгалтын тэмдэглэлийн хуудас ирсэн. Зөрчлийн тэмдэглэлтэй холбоотой шалгалтын тэмдэглэлийн хуудаснаас харахад “Б-А” ХХК 1, “Р” 2 зөрчил илэрсэн гэж бичжээ. Албан шаардлагад 9 төрлийн зөрчил байна гэсэн байна.
Сонсох ажиллагааны тухайд, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан. Энэ боломжийг нэхэмжлэгч эдгээр 11 компанид олгоогүй байна. Нийслэлийн Байгаль орчны газраас ирүүлсэн хариу тайлбарт “Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд иргэдээс ирсэн өргөдөл гомдол, Улаанбаатар хотын нийт оршин суугч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа талаар Нийслэлийн Засаг даргад өргөдөл гомдол ирүүлсэний дагуу Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.1.3-д заасан сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэл болсон” гэж ирүүлсэн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно”, 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэж заасан байна. Гэтэл нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн ямар нэгэн баримт байхгүй байна. Ман хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” гэсэн нөхцөл байдал үүсээгүй гэж үзэж байна. Гарцаагүй байдал гэдгийг Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Тухайн нөхцөл байдалд аюулыг өөр арга замаар зайлуулах боломжгүй бол түүнийг таслан зогсоох, сэргийлэх зорилгоор хийсэн үйлдэл /эс үйлдэхүй/-ийг гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл гэнэ” гэж тайлбарласан байна. Мөн оршин суугчид, иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгаа талаар өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн гэж тайлбарладаг. Гэвч хэрхэн эрх нь зөрчигдөж, тогтоосон эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв тийм бол хэн гэж хүний ямар эрх зөрчигдсөн талаар танилцуулга, санал, баримт байх шаардлагатай.
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж заасан байдаг боловч захирамжид тодорхой тусгасан зүйлгүй байна. Нийслэлийн Байгаль орчны газрын шүүхэд ирүүлсэн хариу тайлбарыг үргэлжлүүлбэл “гэсэн хэдий боловч Нийслэлийн Засаг дарга 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хэвлэлийн бага хурлаар мэдэгдэл хийж, тусгай зөвшөөрлийг цуцлахаас 4 сарын өмнөөс анхааруулж, олон нийтийн хэвлэлээр сонсох ажиллагаа хийсэн гэжээ” Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасан байхад хэвлэлийн бага хурлаар мэдэгдэл хийгээд, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрхийг цуцлах талаар ярьсан яриаг сонсох ажиллагаа хийсэн гэж дүгнэж болохгүй болов уу. Энэ талаар хавтас хэрэгт хэвлэлийн мэдээ гэж авагдсан. Хэвлэлийн мэдээнд тусгай зөвшөөрөл цуцлах талаар мэдээллүүд огт байхгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.3-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын хамтарсан 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн удирдамжийн дагуу 2017 оны 04 дүгээр сарын 17-28 өдрийн хооронд хийсэн шалгалтын үр дүнд эдгээр байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай хариуцагч тал тайлбарладаГ.Шалгалтын удирдамж нь шалгалтын үр дүн гараагүй байхад буюу 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр сонсох ажиллагаа хийсэн гэж байгаа нь цаг хугацааны хувьд эргэлзээтэй байна. Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 6 дах хэсэгт “мэдэгдэнэ гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсвэл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах үед хүргүүлж түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж байна. Иймд эдгээр тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан талаар 2017 оны 10, 11 дүгээр саруудад мэдсэн байдаг.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 601 дүгээр захирамж нь агуулгын хувьд алдаатай гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна.” гэж заажээ. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах заалтыг хангасан байх шаардлагатай. Уг захирамж нь бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хангах этгээд болон хугацааг заах гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5-д заасан үндэслэлүүдийг мөн хангаагүй байна. Нэхэмжлэлийн агуулгын хоёр дах хэсэгт Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь хамгаалалтын бүсэд орсон бол цуцална гэж хуульчлаагүй байна. Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоолтой холбоотойгоор хамгаалалтын бүсэд орсон гэж цуцалсан нь хуульд нийцэхгүй байна. Байгаль орчноо нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрлийн ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэдэг нь хуульд заагаагүй үндэслэл гэж үзэж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасан байна.
Нийслэлийн Байгаль орчны газрын гаргасан дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргын захирамжид үндэслээгүй бөгөөд Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан шалгалтаас гарсан саналд тусгай зөвшөөрлүүдийг цуцлах санал огт гараагүй байна. Цуцлах компаниудыг санал гээд 3 компанийн нэрс байна. Тиймээс тус захирамжийн нэр бүхий 11 компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч нэр бүхий 11 компанийн өмгөөлөгч Н.Л шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
“Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 601 дүгээр захирамж Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар захиргааны байгууллагаас гаргасан тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн гадагш чиглэсэн эрх зүйн үр дагавар бий болгосон захирамжилсан шийдвэр буюу захиргааны акт гэж үзэж байна. Энэхүү захирамжийг түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр олборлож байсан нэр бүхий 11 компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан сөрөг нөлөөлөл бүхий акт гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар агуулга ойлгомжтой, тодорхой байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Тус захирамжийн нэгдэх заалтад “Байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон” гэсэн хоёр үндэслэлийг заасан. Нэхэмжлэгч 11 компанийн аль нь тухайн үндэслэлд хамаарч байгаа нь ойлгомжгүй.
Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн судалгаа гэгчид үндэслэн аль компани ямар шаардлага хангаагүйн улмаас тусгай зөвшөөрлийг цуцалсан гэдэг нь тодорхойгүй байна. Уг судалгаа нь тухайн захирамжийн хавсралт биш учраас үүнийг нотлох баримт гэж үнэлэх боломжгүй. Тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэх үндэслэлд дараах тайлбарыг хэлэх нь зүйтэй.
Дээрх судалгаа гэгчид тусгагдсанаар нэр бүхий 11 компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхцалтай гэжээ. Гэтэл энэхүү тогтоолын нэгдүгээр хавсралтаар ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсийг, хоёрдугаар хавсралтаар солбилцлыг, гуравдугаар хавсралтаар ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг, тавдугаар хавсралтаар усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийг, долоодугаар хавсралтаар усны саны бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тус тус тогтоосон байна. Эдгээр компанийн эзэмшлийн талбай аль хавсралтад орсон нь тодорхойгүй бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга түүний харьяа байгууллагуудаас нэхэмжлэгч компаниудад давхцал болон зөрчилтэй хэсгийг тайлбарлаагүй.
Маргаан бүхий захиргааны актын нэг дэх заалтад тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэж заасан. Гэтэл Нийслэлийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолд ундны усны хамгаалалтын бүс гэсэн зүйл, заалт байхгүй байна.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас давхцалтай гэх ашиглалтын талбайн зургуудыг шүүхэд ирүүлсэн. Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай тусгай зөвшөөрлийн талбайн зургийг хөрвүүлэв гэсэн нэртэй байна. Энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай зураг гэж ойлгосон. Иймд эдгээр байгууллагуудын эзэмшиж байгаа талбай Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн төгсгөл хэсэгт Туул голын урсацаас доош, Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал хэсгээс зайтай газарт байрлалтай. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.1, Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 тоот тогтоолын 1 дэх заалтад заасан “Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг усан сан бүхий газрын эргээс 200 метр байхаар тогтооно” гэж заасан заалтыг тус тус зөрчжээ. Хууль зөрчиж гарсан тогтоолыг үндэслэсэн Нийслэлийн Засаг даргын 601 тоот захирамжийг мөн хууль бус гэж үзэж байна. Элс, хайрга, дайрга олборлогч компаниуд хамтран өөрсдийн хөрөнгөөр тухайн газарт сайжруулсан автозам тавьсан гэдгийг дурдах нь зүйтэй.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно.” гэж заасан боловч мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно.” гэж заасан. Үүнээс харахад тусгай зөвшөөрөл цуцлах тохиолдолд эхлээд нөхөн олговор олгох талаар хуульчилсан байна. Ашигт малтмалын тухай хууль түгээмэл тархацтай ашигт малтмал эзэмшигчдэд адил тэгш үйлчлэх учиртай. Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 120 дугаар “Журам гэрээний загвар батлах тухай” тогтоолын 1 дэх заалтад “Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан, уг тогтоолын 1.2 дах заалт болон тогтоолоор баталсан гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээг авах, нөхөн сэргээлт хийх журмын 2.8-д зааснаар хориглосон талбайд өмнө үйл ажиллагаа явуулж байсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтээ Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан онцгой хамгаалалттай бүсэд давхцалтай хэсгээс хасуулаад солбилцолд өөрчлөлт оруулна” гэж заасан. Уг тогтоолоор 5 талаас оролцон, гэрээ байгуулахаар журам баталсан. Онцгой хамгаалалтын бүсэд давхцалтай бол солбилцлоос хасалт хийлгэх, энгийн хамгаалалтын бүсэд давхцалтай бол хүсэлтээ өгч 5 талт гэрээ байгуулан цааш үргэлжлүүлэн ажиллах боломжтой байна. Хууль болон Засгийн газрын тогтоолуудаар ингэж зохицуулсан байхад Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсан нь хуульд нийцэхгүй байна.
Маргаан бүхий захиргааны актын байгаль орчны нөхөн сэргээлтээ хийгээгүй гэх үндэслэлтэй холбоотой товч тайлбар хийе. Нийслэлийн Байгаль орчны газраас ирүүлсэн судалгаа гэгчид тусгагдсан нэр бүхий компаниудын хувьд ТЭЗҮ-д олборлолт хийж дууссаны дараа нөхөн сэргээлт хийхээр тусгажээ. Жил бүр олборлолт хийж, нөхөн сэргээлтийг зохих хэмжээгээр хийж байсан ба үйл ажиллагаа явуулаагүй компаниуд холбогдох байгууллагуудад албан ёсоор мэдэгдсээр ирсэн байна. “ЭДМ” ХХК, “О” ХХК, “Э.Г.Б” ХХК, “Е” ХХК-иудыг Нийслэлийн Байгаль орчны газраас ирүүлсэн судалгаанд нөхөн сэргээлтээ хийсэн гэж тайлагнасан. “ЭДМ” ХХК-ийн хувьд жишиг компаниар шалгаруулж, үзүүлэх сургалт хийж байсан атлаа нөхөн сэргээлт хийгээгүй гэсэн заалтад оруулаад эрхийг нь цуцалсан.
Нийслэлийн Байгаль орчны газраас Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн “Тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт”-д компани тус бүрийг нөхөн сэргээлт хийгээгүй талаар ямар ч дүгнэлт гаргаагүй байна. Ашиглалтын талбайн зарим хэсэг Төв аймгийн нутаг дэвсгэрт харьяалагддаг “Г.Ш” ХХК, “Э.Г.Б” ХХК, “Р” ХХК-иудын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бүхэлд нь цуцалсан нь үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргын даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 601 дүгээр захирамжийн заалтаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон “Г.Ш” ХХК, “СБ” ХХК, “Б-А” ХХК, “Б.Б” ХХК, “Ү” ХХК, “Р” ХХК, “ЭДМ” ХХК, “О” ХХК, “Э.Г.Б” ХХК, “Е” ХХК, “Ю” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Мөн уг захирамжийн хоёр дах заалтаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон “Ю” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан, судалгаагаар давхцалтай гэж үзсэн байна. Нийслэлийн Засаг даргын уг захирамжийн агуулга ойлгомжгүй байна. Газрын хэвлий ашиглаж эхлээгүй бол тусгай зөвшөөрлийг цуцална гэж холбогдох хуульд заасан зүйл байхгүй” гэв.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баттулга шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсанаар Нийслэлийн Засаг дарга харъяалах нутаг дэвсгэртээ байрших түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх эрхтэй болсон.
Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас нийслэлийн нутаг дэвсгэрт байрших түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн хувийн хэргийг шилжүүлж, тухайн тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой хуулиар хүлээсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрхийг мөн шилжүүлсэн байна. Ингэснээр Нийслэлийн Засаг дарга харъяалах нутаг дэвсгэртээ олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг тус хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу цуцлах хууль зүйн боломж бүрдсэн байна.
Нийслэлийн Засаг дарга “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” 2017 оны 601 дүгээр захирамжийг гаргахдаа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн Байгаль орчны газрын хамтарсан 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай” 2017/16 дугаартай удирдамжийг батлан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.
Уг шалгалтаар эдгээр аж ахуйн нэгжүүд нь бичиг баримтын бүрдэл дутуу, хэрэгжилт хангалтгүй, уурхайн ашиглалт явуулж эвдрэлд оруулсан газарт нөхөн сэргээлт хийгээгүй, байгаль хамгаалах үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчилд Улсын байцаагчийн акт, албан шаардлагыг хүргүүлсэн боловч шаардлагын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, ундны усны хамгаалалтын бүстэй тусгай зөвшөөрөлтэй талбай нь давхцалтай, мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Мөн Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооноос голын бохирдлын асуудлаар 5846 иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу, мөн олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажиллах талаар 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоол болон эдгээр тогтоолуудыг хэрэгжүүлэн удирдлага болгон ажиллахыг Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас тус тус чиглэл ирүүлсний дагуу хяналт шалгалтыг ажлын хийж гүйцэтгэсэн.
Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой иргэдээс ирсэн өргөдөл гомдлоос гадна ундны усны хамгаалалтын бүс, түүний ойр орчимд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо улам ихэссэн нь Улаанбаатар хотын нийт оршин суугч иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгаа талаар өргөдөл гомдол ч мөн Нийслэлийн Засаг даргад ирсний дагуу Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.1.3 дах заалтад заасан сонсох ажиллагааг хийхгүй байх үндэслэл болсон гэж үзэж байна. Гэсэн хэдий боловч Нийслэлийн Засаг дарга 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хэвлэлийн бага хурлаар нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдэд хуулийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох талаар мэдэгдэл хийсэн нь хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд огт мэдээгүй болон сонсоогүй гэх тайлбар болохгүй юм. Тусгай зөвшөөрлийг цуцлахаас 4 сарын өмнөөс анхааруулж олон нийтийн хэвлэлээр сонсгох ажиллагаа хийсэн гэж үзэж байна.
Дээрх удаа дараагийн үе шаттай арга хэмжээ авсаны эцэст тус компаний тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн тул нийслэлийн Засаг даргын 2017 оны 601 дүгээр захирамжийн “Г.Ш" ХХК нарын 26 аж ахуйн нэгжид холбогдох хэсэг нь хууль тогтоомж болон нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
“Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд иргэд олон нийтээс ирсэн гомдлын дагуу Улаанбаатар хотын ундны усны аюулгүй байдалтай холбоотой түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, олборлогчдод шалгалт хийх чиглэл ирсэн. Үүний дагуу Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны гишүүд болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамт хяналт шалгалтыг хийсэн. Хяналт, шалгалт хийхээр гарсан удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн байдаг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцлагагүй уул уурхай явуулж, олборлолт хийсэн талбайд нөхөн сэргээлт хийхгүй байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Улмаар байгаль орчны нөхөн сэргээлт гэдэг зүйл хаягдсан тухай асуудал үүссэний үндсэнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас олон нийт болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хандаж хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ тухай аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулж, зөрчлөө арилгах хугацаа олгосон боловч зөрчлөө арилгаагүй.
Байгаль орчноо нөхөн сэргээлт хийх хугацаа олгоод тухайн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгээ хэвлэлийн бага хурлаар хариуцлагатайгаар мэдэгдсэн. Хугацаатай албан шаардлага хүргүүлэн, акт хүргүүлсэн боловч аж ахуйн нэгжүүд хариуцлагагүй хандсан. “ЭДМ” ХХК, “О” ХХК, “Э.Г.Б” ХХК, “Е” ХХК-иудын хувьд хэдий цаг хугацаандаа байгаль орчны нөхөн сэргээлтээ хийж байсан хэдий ч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолтой 100 хувь давхцалтай гэсэн үндэслэлээр цуцлагдсан байна. Хяналт шалгалтын ажлын тайланд тус компаниудыг нөхөн сэргээлтээ хийж байсан болохыг тодотгосон. Хэдийгээр үндэслэлгүй цуцалсан гэж аж ахуйн нэгжүүд маргалдаж байгаа боловч нэр дурдсан компаниудаас бусад нь өнгөрсөн хугацаанд байгаль хамгаалах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай дансанд барьцаа төлбөрийг байршуулж байгаагүй. Аж ахуйн нэгж, байгууллагууд нөхөн сэргээлт огт хийдэггүй, хийх ёсгүй мэтээр тайлбарлаж болохгүй. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан хүлээж авах, дүгнэх журамд нөхөн сэргээлтээ хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд дүйцүүлэх арга хэмжээний хүрээнд дүгнүүлж тайлагнах үүрэгтэй. Ингэж хариуцлагаа биелүүлдэг аж ахуйн нэгжүүд цөөн байсан. Сүүлийн үед тусгай зөвшөөрлүүдийг цуцалсантай холбоотой бусад аж ахуйн нэгж, байгууллагууд энэ тал дээр идэвхи гаргаж байгааг мөн хэлэх нь зүйтэй” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
“Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоол 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр батлагдан гарсан. Уг тогтоол нь Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4: ”Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох” гэж заасныг үндэслэсэн байна. Хуулийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/609 дугаартай албан тоот, ундны усны хязгаарыг тогтоосон координат электрон файлын хамт ирүүлсэнийг НИТХТ мөн үндэслэсэн байна. Усны хамгаалалтын бүсийн талаар гаргасан тайлбар зургуудыг цаасан хэлбэрээр нотлох баримтын шаардлага хангахуйц байдлаар гаргаж өгсөн. Үүний дагуу Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас Нийслэлийн Байгаль орчны газарт лавлагаа гаргаж өгсөн бөгөөд үүнд /2017 оны 09 дүгээр сарын 05 өдөр/ Усны сан бүхий газар, энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын зургийг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Усны хамгаалалтын бүсэд давхцалтай тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын талбайг тухайн зургаас харж болно” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
“Нэхэмжлэгч компаниуд сонсох ажиллагаа хийгээгүй гэж нийтлэг тайлбар хэлж байна. Үүнтэй холбоотой хариу тайлбар хэлье. Хавтаст хэрэгт сонсох ажиллагаа хийсэн талаар нотлох баримтыг тусгасан. Нийслэлийн Засаг даргын захирагчийн алба болон Тамгын газрын цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэн, сонсох ажиллагаа явуулсан байдаг. Тухайлбал маргаан бүхий захиргааны акт гаргахаас өмнө буюу түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдээллийг ulaanbaatar.mn цахим хуудсаар 2017 оны 03 сарын 29-ний өдөр мэдэгдсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заажээ. Маргаан бүхий захиргааны акт 95 аж ахуйн нэгжид хаяглагдсан байна. Хариуцагчийн хувьд хуулийн дагуу сонсох ажиллагаа хийсэн гэж үзэх үндэслэлтэй.
Тусгай зөвшөөрөл ашиглах эрхээ 3 жил ашиглаагүйтэй холбоотой газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох эрх хуулиар Засаг даргад олгогдоогүй гэж нэхэмжлэгч нар тайлбарлаж байна. Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Хэрэв газрын хэвлийг ашиглагч нь дор дурдсан зөрчил гаргавал газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож болно”, 21.2.1-д “газрын хэвлийг олгосноос хойш З жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” гэж заасан нь газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох боломжтойгоор тусгажээ. Өөрөөр хэлбэл, тухайн зөрчилд холбогдуулан захиргааны байгууллагаас уг арга хэмжээг авах эрх хуулиар олгогдсон байна. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасны дагуу ашиглах эрхийг олгосон байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газар хүчингүй болгох нь зүйтэй гэж тайлбарлаж байна. Газрын хэвлийн тухай хууль 1988 онд батлагдсан ба Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 онд батлагдаж, үүнтэй холбоотой харилцааг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйл “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх”, 11.2.5-д “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”-оор заасан байна. Эдгээр хуулийн заалтууд хоорондоо зөрчилдөж байна гэж үзвэл Иргэний хуулийн зарчмын дагуу сүүлд батлагдсан зохицуулалтыг хэрэглэх зарчимтай. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн Нийслэлийн Засаг дарга Газрын хэвлийн тухай хуулийн 21.2.1-д заасан зөрчил илэрсэн учраас хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Уул уурхай олборлох үйл ажиллагаа олон жилийн турш Ашигт малтмалын тухай хууль болон Газрын хэвлийн тухай хуулиар зохицуулагдаж ирсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт, шалгалтаа жил бүр хийдэг боловч шалгалтын дүнгээр илэрсэн зөрчил дутагдлаа арилгаагүй аж ахуйн нэгж, байгууллагуудын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг дуусгавар болгосон. Цаашлаад Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд халдаж байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан 95 аж ахуйн нэгж, байгууллагуудын цөөн хэдэн компанитай эвлэрлийн гэрээ байгуулсан. Үүнийг нэхэмжлэгч нар буруу ойлгосон байна. Захиргааны зүгээс тодорхой хэдэн аж ахуйн нэгж, байгууллагад боломж олгох үүднээс шүүхийн журмаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэ нь маргаан бүхий захирамжийг хууль бус гэж хүлээн зөвшөөрсөн зүйл огт биш юм. Иймд Нийслэлийн Засаг даргын даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 601 дүгээр захирамжид гомдолтой хэмээн нэхэмжлэл гаргасан нэр бүхий 11 компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
“Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн улсын байцаагч нарыг төлөөлж уг шүүх хуралдаанд оролцож байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Газрын алба зэрэг 5 байгууллагын хамтарсан шалгалт байна. Энэ шалгалт жил бүр хийгддэг шалгалт бөгөөд шалгалтын үр дүнд аж ахуйн нэгж, байгууллагуудад албан шаардлага, актыг хүргүүлсэн. Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад нийтлэг 9 зөрчил илэрч, байцаагч газар дээр шалгалтын тэмдэглэл хөтөлсөн. Үүнийг нотлох баримтаар хэргийн материалд авагдсан. Аж ахуйн нэгж, байгууллагуудад шалгалтын тэмдэглэл байхгүй байна гэдэг нь өөрсдийнх нь хариуцлагагүй байдалтай холбоотой болов уу. Уг албан шаардлагад орсон зарим зүйл заалтад хамааралгүй тухайд тайлбарлаж тухайн албан шаардлага бүрийн ард гарын үсэг зуруулж, хүлээлгэн өгсөн байна. Тусгай зөвшөөрөл цуцлахад нөлөөлсөн дараагийн хүчин зүйл нь өмнөх шалгалтаар илэрсэн зөрчлөө арилгаагүй байсан нь нөлөөлсөн. 720.000 төгрөгийн торгуулийн хувьд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан нийтлэг үүргээ биелүүлээгүйд хариуцлага тооцож гаргасан акт байна. Үүнд тухайн олборлолт хийж байгаа уурхай дээр байх ёстой бичиг баримт, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, газар, ус ашиглах гэрээ гэх мэт зөрчилд холбогдуулан торгуулийн арга хэмжээ авсан байна. Албан шаардлага гэдэг нь тухайн зөрчлийг арилгуулахаар тодорхой хугацаанд үүрэг болгож буй арга хэмжээ юм. Тиймээс Мэргэжлийн хяналтын байгууллага өөрийн чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа гэж үзэж байна. 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай албан шаардлага хүргүүлсэн боловч энэ хугацаанд 32 аж ахуйн нэгж, байгууллагаас бусад нь хариу ирүүлээгүй. “ЭДМ” ХХК, “О” ХХК-иуд хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байсан болохыг дурдах нь зүйтэй. “СБ” ХХК 1990-ээд оноос хойш нөхөн сэргээлт хийж байгаагүй бөгөөд 2009-2012 онуудад уулын ажлын тайлан өгч байсан байна.
Газрын хэвлийг олгосон акт нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг уурхайг ажиллуулж эхэлнэ” гэж заажээ. Нэр бүхий компаниуд тусгай зөвшөөрөл эзэмших хуулиар олгогдсон үүргээ биелүүлээгүй тул Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 601 дүгээр захирамж хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г.Ш” ХХК болон нэр бүхий нийт 26 компани анх “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 601 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, нэр бүхий 26 компаний “ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл”-ийг тус тус сэргээлгэхийг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч “Г.Ш” ХХК болон нэр бүхий нийт 26 компанийн зүгээс “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 601 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг тус бүртээ хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “нэг хариуцагчид холбогдох, нэг ижил нэхэмжлэлийн шаардлагатай” гэсэн үндэслэлээр бусад компаниудын хэрэгтэй нэгтгэгдэж , мөн тусгаарлагдсан байдаг ба өнөөдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч “Г.Ш”, “СБ”, “Ю”, “Б-А”, “О”, “ЭДМ”, “Ү”, “Е”, “Э.Г.Б”, “Р”, “Б.Б” гэх нэр бүхий 11 ХХК-иудын нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаагүй хэсэгт дүгнэлт өгөхгүйгээр, зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан хэлэлцсэн болно.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний шаардлагын үндэслэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар болон татгалзлын үндэслэл, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь судлаад, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
- Нэхэмжлэгч “Г.Ш” ХХК нь Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Гишүүний ам” гэх нэртэй газар, 41.88 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-015584 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг ба тэрээр 2010 оноос хойш найм дахь жилдээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг;
- нэхэмжлэгч “СБ” ХХК нь Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Таван толгой” гэх нэртэй газар, 30 гектар талбайд ашигт малтмал ашиглах МҮ-000274 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг ба тэрээр 1996 оноос хойш хорин хоёр дахь жилдээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг;
- нэхэмжлэгч “Ю” ХХК нь Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Гишүүний ам” гэх нэртэй газар, 405 гектар талбайд ашигт малтмал ашиглах МҮ-013549 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг ба тэрээр 2008 оноос хойш арав дахь жилдээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг;
- нэхэмжлэгч “Б-А” ХХК нь Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Цагаан хөндий” гэх нэртэй газар, 31 гектар талбайд ашигт малтмал ашиглах МҮ-010489 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг ба тэрээр 2007 оноос хойш арван гурав дахь жилдээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг;
- нэхэмжлэгч “О” ХХК нь Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Гишүүний ам-2” гэх нэртэй газар, 29 гектар талбайд ашигт малтмал ашиглах МҮ-012551 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг ба тэрээр 2007 оноос хойш арван нэг дахь жилдээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг;
- нэхэмжлэгч “ЭДМ” ХХК нь Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Харз” гэх нэртэй газарт 42.75 гектар талбайд ашигт малтмал ашиглах МҮ-014905 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг ба тэрээр 2009 оноос хойш ес дэх жилдээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг;
- нэхэмжлэгч “Ү” ХХК нь Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Гишүүний ам” гэх нэртэй газарт 61 гектар талбайд ашигт малтмал ашиглах МҮ-013362 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг ба тэрээр 2008 оноос хойш арав дахь жилдээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг;
- нэхэмжлэгч “Е” ХХК нь Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Татам-2” гэх нэртэй газар, 99.01 гектар талбайд ашигт малтмал ашиглах МҮ-020671 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг ба тэрээр 2008 оноос хойш арав дахь жилдээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг;
- нэхэмжлэгч “Э.Г.Б” ХХК нь Төв аймаг Алтанбулаг сумын нутаг дэвсгэр “Гишүүний ам-1” гэх нэртэй газар, 51 гектар талбайд ашигт малтмал ашиглах МҮ-013784 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг ба тэрээр 2008 оноос хойш арав дахь жилдээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг;
- нэхэмжлэгч “Р” ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг болон Төв аймаг Алтанбулаг сумын нутаг дэвсгэр байрлах “Гишүүний ам” гэх нэртэй газарт 38.10 гектар талбайд ашигт малтмал ашиглах МҮ-017071 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг ба тэрээр 2005 оноос хойш арав хоёр дахь жилдээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг;
- нэхэмжлэгч “Б.Б” ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн “Гишүүний ам-3” гэх нэртэй газарт 59 гектар талбайд ашигт малтмал ашиглах МҮ-013282 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг ба тэрээр 2008 оноос хойш арав дахь жилдээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг тус тус төлж байсан болох нь хэрэгт авагдсан ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүд түүний хавсралтуудын нотариатаар батлуулсан хуулбар, хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч нараар тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” 601 дүгээр захирамжийн нэг дэх заалтаар “байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон захирамжийн нэгдүгээр хавсралтад заасан 62 аж ахуйн нэгж, байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж” шийдвэрлэсэн ба энэхүү 62 аж ахуйн нэгж, байгууллагуудын нэрсийн жагсаалтын 5-рт нэхэмжлэгч “Г.Ш”, 7-рт нэхэмжлэгч “СБ”, 9-рт нэхэмжлэгч “Б-А”, 11-рт нэхэмжлэгч “Б.Б”, 12-рт нэхэмжлэгч “Ү”, 19-рт нэхэмжлэгч “Р”, 25-рт нэхэмжлэгч “ЭДМ”, 26-рт нэхэмжлэгч “О”, 27-рт нэхэмжлэгч “Э.Г.Б”, 29-рт нэхэмжлэгч “Е” ХХК-иудын нэр тус тус бичигдсэн, түүнчлэн хоёр дахь заалтаар “түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш гурван жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй нийт 33 аж ахуйн нэгж байгууллагын газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож” шийдвэрлэсэн ба энэхүү 33 аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалтын 7-рт нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн нэр бичигдсэн байна.
Захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах явцад тухайн тусгай зөвшөөрлийг хариуцагчаас цуцалсан нь, газрын хэвлий ашиглах эрхийг хариуцагчаас дуусгавар болгосон нь энэхүү маргаан гарах үндэслэл болж, нэхэмжлэгч нар нь дээрх захиргааны актын өөрт холбогдох хэсгийг маргаан бүхий захиргааны актаар тодорхойлон авч үзэхийн хамт “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргах нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгож, сонсох ажиллагаа явуулаагүй, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т нарийвчлан заасан зохицуулалтыг огт хэрэгжүүлээгүй, маргаан бүхий захиргааны актыг албан ёсоор гардуулж мэдэгдээгүй, Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхцаагүй” гэж маргаж байгаа бол, хариуцагч захиргааны байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “тусгай зөвшөөрөл эзэмшигч нар нь хариуцлагагүй уул уурхай явуулж, олборлолт хийсэн талбайд нөхөн сэргээлт хийгээгүй, маргаан бүхий захиргааны акт гаргахаас тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдээллийг ulaanbaatar.mn цахим хуудсаар 2017 оны 03 сарын 29-ний өдөр мэдэгдсэн, Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийсэн гэж үзэх үндэслэлтэй. Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын талбайг зургаар гаргаж өгсөн, захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй” хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзлаа тайлбарлаж байна.
Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2: “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хуульд нийцүүлэн захирамж гаргана”, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3: “тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан”, мөн зүйлийн 37.6: “Аймаг, нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан бол мэргэжлийн хяналтын байгууллагад, ашиглалтын тусгй зөвшөөрлийг цуцалсан бол татварын асуудал эрхэлсэн байгууллага, төрийн захиргааны байгууллагад тус тус мэдэгдэнэ”, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5: “хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1: “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” гэх хуулийн заалтуудыг үндэслэжээ.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, уг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан байгаа нь маргаан бүхий асуудалд илүүтэй хамааралтай юм.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д нийслэлийн Засаг даргын /хариуцагчийн/ түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүрэн эрх, тэр дундаа “хүний эрүүл мэнд, байгаль орчин, нөхөн сэргээлт”-ийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих бүрэн эрх хуульчилагдсан байна.
Үүний зэрэгцээ нэхэмжлэгч нар нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаа нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 20 дугаар зүйлийн 20:1-д заасан эрхийг эдэлж, мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг хэрэгжүүлж, байгаль орчныг хамгаалах талаар мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан үүргийг хүлээхээр байна.
Түүнчлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй байх бөгөөд зөрчсөн тохиолдолд мөн 37 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл нь цуцлагдах ба үүнээс бусад тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрх хадгалагдаж байх онцгой эрхтэй ажээ.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-37.1.4-д тусгай зөвшөөрөл цуцлах талаарх үндэслэлүүдийг заасан ба маргаан бүхий захиргааны актад эдгээрээс 37.1.3-д заасныг үндэслэсэн байна.
Хэрэв захиргааны байгууллага дээрх хуулийн 37.1.3 дахь заалтыг шийдвэрийнхээ зарим үндэслэл болгож байгаа бол Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д: “аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 37.1.1-37.1.4-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, мөн хууль зүйлийн 37.3: “энэ хуулийн 37.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг аймаг, нийслэлийн Засаг даргад ирүүлнэ”, мөн хууль зүйлийн 37.4: “аймаг , нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 37.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөөрлийг цуцалж, шийдвэрийг эзэмшигчид мэдэгдэнэ” гэхчлэн шат дараалсан шинжтэй ажиллагааг хэрэгжүүлсэний эцэст шийдвэр гаргах байсан байна.
Шүүх, дээрх хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэхгүйгээр захиргааны актыг гаргасан, энэ талаар баримт байхгүйн дээр хариуцагчаас байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох замаар тусгай зөвшөөрлийг цуцалсан гэж тайлбарлаж байгаа нь хэтэрхий өрөөсгөл, байгаль орчны талаарх нийтийн эрхийг хамгаалах явцад шийдвэр гаргахдаа хуульд үндэслэх, бодит нөхцөл байдлыг тогтоох зарчмыг зөрчсөн, маргаан бүхий захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх хуулийн заалтыг зөрчиж гарсан, үүгээрээ нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж захиргааг буруутгасан болно.
Тодруулбал, эрх бүхий албан тушаалтанаас тусгай зөвшөөрлийг цуцлах дөрвөн үндэслэлийг хуульд заасан ба үүний зөвхөн нэг үндэслэлийн зарим хэсэг болох “байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй” хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс нэхэмжлэгч нарыг буруутгаж байгаа. Гэтэл хэрэгт авагдсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 02-01/691 дугаартай албан бичгийн хавсралт гэх баримтанд нэхэмжлэгч “Г.Ш”, нэхэмжлэгч “О”, нэхэмжлэгч “ЭДМ”, нэхэмжлэгч “Э.Г.Б”, нэхэмжлэгч “Е” ХХК-иудыг нөхөн сэргээлт хийсэн гэж тэмдэглэсэн байна. Түүнчлэн Нийслэлийн Байгаль орчны газрын 2018 оны 02/286 албан бичгээр ирүүлсэн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болон нийт жагсаалт” хэмээх нэртэй нотлох баримтааас нэхэмжлэгч 11 компанийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-ыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нөгөө талаас, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулинд өөрт нь “... байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасан байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу хяналт шалгалт явуулсан, актаар торгууль ноогдуулсан, хугацаатай албан шаардлага хүргүүлсэн үүнийг биелүүлээгүй” гэж тайлбарладаг ба албан ёсны дүгнэлт гаргасан нь баримтаар байхгүй, энэ талаарх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчдийн тайлбар үндэслэлтэй байна.
Маргаан бүхий захиргааны акт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” 50 дугаар тогтоолыг бүхэлд нь үндэслэсэн байна. Энэхүү тогтоолын нэгдүгээр хавсралтаар Ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсийн зургийг, хоёрдугаар хавсралтаар Эргэлтийн цэгийн солбицлын жагсаалтыг, гуравдугаар хавсралтаар Ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийн зургийг, дөрөвдүгээр хавсралтаар Эргэлтийн цэгийн солбицлын жагсаалтыг, тавдугаар хавсралтаар Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн зургийг, зургаадугаар хавсралтаар Эргэлтийн цэгийн солбицлын жагсаалтыг, долоодугаар хавсралтаар Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн зургийг, наймдугаар хавсралтаар Эргэлтийн цэгийн солбицлын жагсаалтыг, есдүгээр хавсралтаар Газрын доорх усны эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн зургийг, аравдугаар хавсралтаар Эргэлтийн цэгийн солбицлын жагсаалтыг тус тус тогтоожээ.
Шүүх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас батлан гаргасан энэхүү 50 дугаар тогтоолыг буруутгаагүй, харин хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахад хамгийн их хамаарал бүхий энэ тогтоолыг үндэслэхдээ өөр өөр харилцааг журамласан байгааг үл анхаарч бүхэлд нь хамааралтай гэж үзэж үндэслэсэн байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан захиргааны актын агуулга, хэлбэрийн шаардлагыг хангаж гараагүй байна гэж үзлээ. Яагаад гэвэл, дээрх тогтоолоор “ундны усны эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын”, “усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын болон энгийн хамгаалалтын” хэмээн нийтдээ дөрвөн бүс тогтоосон ба маргаан бүхий захиргааны актад “Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон” гэж заасан нь ойлгомжгүй, тодорхой биш байгаа талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй байна. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс дээрх 50 дугаар тогтоолын 7-р хавсралтад заасан “Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс”-тэй давхцалтай, үүнийг зургаар гаргаж нотлох баримтаар ирүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг маргаан бүхий захиргааны актад тодорхой тусгаагаагүй, агуулгын хувьд алдаатай гаргасан буюу хариуцагч захиргааны байгууллага харьяалах нутаг дэвсгэртээ байгаль орчин, хүний эрүүл мэнд, нөхөн сэргээлтийн талаарх үүргээ түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нар хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, гаргасан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авахдаа нарийвчлан зохицуулсан хуульд үндэслээгүй, захиргааны актын үндэслэлдээ өөр өөрөөр журамласан харилцааг тодорхой гаргаж тусгаагүй гэж дүгнэж, үүгээрээ маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч нарыг эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзлээ.
Захиргааны байгууллага буюу Нийслэлийн Засаг даргаас сөрөг нөлөөлөл бүхий акт гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагааг явуулах, мөн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг ямар арга хэлбэрээр, хэзээ явуулах талаар мэдэгдэл хүргүүлж, хэрэв сонсох ажиллагааг явуулсан бол түүний явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг баримтжуулах гэхчлэн нарийн дэс дараатай, үргэлжилсэн шинжтэй үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх байсан байна. Хуулийн эдгээр заалтыг авч хэрэгжүүлээгүй талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу телевизээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрхийг хөндөх талаар 2017 оны 3 сард мэдээлсэн” гэх тайлбар нь шийдвэр гарахаас даруй таван сарын өмнө байх ба дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 болон түүнээс улбаалсан сонсох ажиллагаа явагдсан гэж үзэхэд учир дутагдалтай, түүнчлэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад нэгтгэн ирүүлсэн хариуцагчийн хариу тайлбарт : “Улаанбаатар хотын нийт оршин суугч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж буй талаар өргөдөл гомдол ирсний дагуу Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.1.3 дахь заалтад заасан сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэл болсон гэж үзэж байна” гэсэн нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаа хуульд үндэслэсэн гэж үнэлэх боломжгүй, сонсох ажиллагааг хийхгүй байх нөхцлийг тогтоож чадаагүй байна.
Иймд захиргааг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг бүрэн хангахгүйгээр шийдвэр гаргасан байна, үүгээрээ нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж дүгнэлээ.
2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн жагсаалтанд нийт 26 компаний нэр бичигдэж, эдгээр нэхэмжлэгчид улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан 70200 төгрөг төлсөн байна. Аливаа нэхэмжлэгч нь эрх зүйн маргаанаа шийдвэрлүүлэхийн тулд улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг урьдчилан төлөх зохицуулалт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д байна. Хэдийгээр нэхэмжлэл бүхэлдээ хангагдаж, шүүхийн зардлыг хуваарилахдаа хариуцагчаас нөхөн гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох зохицуулалттай авч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “маргаан бүхий захиргааны актын өрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар хандахдаа мөн улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул нэхэмжлэгч тус бүрээс тэмдэгтийн хураамжийн зөрүү төлбөрийг нөхөн гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахаар зааж шийдвэрлэлээ.
Холбогдох захиргааны байгууллагаас болон эрх бүхий албан тушаалтнаас маргаан бүхий асуудлаар дахин шийдвэр гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3, 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.2, 37.4, 43 дугаар зүйлийн 43.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г.Ш”, “СБ”, “Ю”, “Б-А”, “О”, “ЭДМ”, “Ү”, “Эверласт”, “Э.Г.Б”, “Б.З”, “Б.Б” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 601 дүгээр захирамжийн “Г.Ш”, “СБ”, “Ю”, “Б-А”, “О”, “ЭДМ”, “Ү”, “Е”, “Э.Г.Б”, “Б.З”, “Б.Б” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г.Ш”, “СБ”, “Ю”, “Б-А”, “О”, “ЭДМ”, “Ү”, “Е”, “Э.Г.Б”, “Б.З”, “Б.Б” ХХК тус бүрээс 63818 төгрөг нийт 701998 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН