Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 121/2022/0139/З |
Дугаар | 221/МА/2022/0567 |
Огноо | 2022-08-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 221/МА/2022/0567
“Э интернэйшнл” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Э интернэйшнл” ХХК
Хариуцагч Монгол Улсын Сангийн яам
Хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С
Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” 213 дугаар тушаалын “Э интернэйшнл” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Хяналт шалгалтын тухай” №УБ/29 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 471 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, өмгөөлөгч Т.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 121/2022/0139/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Э интернэйшнл” ХХК-иас Монгол Улсын Сангийн яам, Сангийн яамны Худалдах авах ажиллагааны улсын байцаагч Б.С-д тус тус холбогдуулан “Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” 213 дугаар тушаалын “Э интернэйшнл” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Хяналт шалгалтын тухай” №УБ/29 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 471 дүгээр шийдвэрээр:
“...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 14 дүгээр зүйлийн 14.5, 52 дугаар зүйлийн 52.1.14, 521 дүгээр зүйлийн 521.2.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан Монгол Улсын Сангийн сайд, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С-д тус тус холбогдуулан гаргасан “Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” 213 дугаар тушаалын “Э интернэйшнл” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Хяналт шалгалтын тухай” №УБ/29 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагууд бүхий “Э интернэйшнл” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...2021 онд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас ЭҮТӨҮГ/202102919 дугаар тендер шалгаруулалт зарласан боловч тухайн тендер нь огт явагдаагүй болно.
Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/29 дүгээр дүгнэлтэд “Э интернэйшнл” ХХК-ийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 2021 онд зарласан ЭҮТӨҮГ/202102919 дугаар тендер шалгаруулалтад оролцохдоо хуурамч мэдээлэл бүхий тендер ирүүлсэн болохыг хяналт шалгалтаар тогтоож, тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн байна.
Улмаар Сангийн сайд нь 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 213 дугаар тушаалаар дээрх улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн “Э интернэйшнл” ХХК-ийг тендерт оролцох эрх хязгаарлагдсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн юм.
“Э интернэйшнл” ХХК дээрх улсын байцаагчийн дүгнэлт болон Сангийн сайдын тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн үндэслэлээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “Тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг” гэж заасантай нийцээгүй, өөрөөр хэлбэл тендер шалгаруулалт гэдэг ойлголтод оролцогчдоос ирүүлсэн тендерийг үнэлэх, шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг гэж ойлгохоор байх боловч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 2021 онд зарласан ЭҮТӨҮГ/202102919 дугаар тендерийн хувьд тендерийг үнэлэх, шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгох эдгээр ажиллагаануудаас аль нь ч хийгдээгүй.
Харин анхан шатны шүүхийн хувьд нэхэмжлэгчийн дээр дурдсан үндэслэлийг шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурдсан байх боловч бүрэн, зөв дүгнэлт хийгээгүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Товчхондоо нэхэмжлэгчийг тухайн тендер шалгаруулалтад шалгарсан нөхцөлд хуурамч мэдээлэл ирүүлсэн эсэхээс хамаарч ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсэх мэтээр дүгнэсэн байгаа нь учир дутагдалтай байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 471 дүгээр шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
4.Хариуцагч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан тендерт нэхэмжлэгч шалгарсан эсэх, эсхүл тухайн тендер шалгаруулалт хүчингүй болсон эсэхээс үл хамааран нэхэмжлэгчийн тендерийн баримт бичигт худал мэдээлэл бүхий баримт байсан нь тогтоогдож буй энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Хоёрдугаар бүлэг буюу 17-30 дугаар зүйлд бүхэлдээ нээлттэй тендер шалгаруулалтын журмыг зохицуулсан бөгөөд тухайлбал 17 дугаар зүйлийн 17.2-т “Тендерт оролцох сонирхолтой этгээд нь захиалагчаас тогтоосон хугацаанд техникийн болон санхүүгийн саналыг хамтад нь ирүүлнэ” гэсний дагуу “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан тендерт нэхэмжлэгч материалаа ирүүлснээр тендер шалгаруулалтад оролцож эхэлсэн гэж үзнэ.
2.Шалгаруулалтын хувьд захиалагч бүх тендерээс татгалзсан нь дээрх хуулийн 30 дугаар зүйлд заасан тендер шалгаруулалтын нэг хэлбэр бөгөөд харин үнэлгээний хорооноос ийнхүү шийдвэрлэсэн нь хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон”, 14.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ” гэснийг тус тус хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” гэдэг нь тендер шалгаруулалт хийгдсэний нотолгоо, үүнийг давж заалдах гомдолд тодорхойлсончлон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202102919 дугаар тендер шалгаруулалт огт явагдаагүй хүчингүй болсон гэж ойлгож болохгүй.
3.Нэхэмжлэгчээс дээрх Хүчний трансформатор нийлүүлэх тендер шалгаруулалтад оролцохдоо “О” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 16/08 тоот 110/10кВ-ын 25МВА чадалтай трансформатор нийлүүлэх гэрээ хийсэн мэтээр тендерийн баримт бичгийн ажлын туршлага хэсэгт хуурамч баримт бүрдүүлсэнээ үгүйсгээгүй, гагцхүү тухайн тендерт шалгараагүй, тендер шалгаруулалт явагдаагүй тул маргаан бүхий актууд хууль бус гэж маргадаг.
Анх 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр зарлагдсан тендерт нэхэмжлэгч шалгараагүй, тухайн тендерийг мөн оны 7 дугаар сарын 7-ны өдөр дахин зарласан боловч нэхэмжлэгч оролцоогүй, түүнчлэн хуурамч гэх бичиг баримт бүрдүүлснээс шалтгаалж улсад хохирол учруулаагүй гэх боловч эдгээрээс үл шалтгаалан хуулийн дээрх зохицуулалтын дагуу захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ХБ-112-12/3219 тоот албан хүсэлтийг Сангийн яаманд ирүүлсний дагуу тус яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчаас дүгнэлт гаргаж, улмаар сайдын тушаалаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
4.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Сангийн яаманд гаргасан хүсэлтэд “…хүчний трансформатор нийлүүлэх тендерийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нээхэд тендер шалгаруулалтад нийт 7 компани оролцсон…” гэснээс үзэхэд тендер шалгаруулах ажиллагаа явагдсан болох нь тогтоогдох бөгөөд Үнэлгээний хорооны 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн хурлын тэмдэглэлд:
-тендерт оролцогчдын ирүүлсэн техникийн санал, тодорхойлолтыг шаардлагад нийцсэн эсэхийг үнэлж дүгнэсэн нь,
-мөн нэхэмжлэгчийн тухайд ирүүлсэн техникийн санал шаардлагад нийцсэн боловч тендерийн зарим баримт гаргацтай биш байгаагаас гадна ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагыг нотлох “О” ХХК-тай байгуулсан гэрээ хуурамч байх магадлалтай тул тодруулга хийх саналыг гишүүд дэмжсэн зэрэг нь тус тус тусгагджээ.
Түүнчлэн Үнэлгээний хорооны 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар тендерт оролцсон 7 компаниас шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй гэсэн үндэслэлээр бүх тендерээс татгалзахаар шийдвэрлэсэн байгаагаас үзэхэд энэ тохиолдолд тендер шалгаруулалт явагдсан гэж үзнэ.
5.Өөрөөр хэлбэл тендерт оролцогчдоос аль нэгийг нь шалгаруулаагүй л бол энэ нь тендер шалгаруулалт явагдаагүй гэж дүгнэх үндэслэл болохгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгохоор заасан ч ийнхүү шалгараагүй, эсхүл бүх тендерээс татгалзсаны аль аль нь тендер шалгаруулах процесст нэгэн адил хамаарна.
Давж заалдах гомдолд “…“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан тендерийн хувьд тендерийг үнэлэх, шалгаруулах, гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагаануудын аль нь ч хийгдээгүй…” гэдэг ч дээр дурдсанчилан тендерийг нээж, улмаар бүх тендерээс татгалзсан болох нь тогтоогдож байх тул тендер шалгаруулалт явагдаагүй гэж үзэхгүй. Бүх тендерээс ийнхүү татгалзсанаар тендер шалгаруулалтын дараагийн процесс болох шалгарсан этгээдэд гэрээ байгуулах эрх олгох, түүнтэй гэрээ байгуулах ажиллагаа хийгдэхгүй нь тодорхой.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 471 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН