Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/212

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч Т.Н

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Т.Нд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105001440169 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т.Н /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.Н нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 15 дугаар хороо 22 дугаар байрны 72 тоотод мэдээллийн технологи ашиглан “Сарнай” гэх цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, Т.Н нэр дээр Хаан банканд бүртгэлтэй *** тоот харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 705.000 /долоон зуун таван мянга/ төгрөгийн ашиг олсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Н мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Т.Н нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 22 дугаар байрны 72 тоотод мэдээллийн технологи ашиглан “Сарнай” гэх нэртэй фейсбүүк цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй *** дугаарын харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 705.000 /долоон зуун таван мянга/ төгрөгийн ашиг олсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Гэрч Б.Гончигдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын А9-163 тоот гэртээ фейсбүүк орж байхдаа өөрийн “Boldbaatar Gonchigdorj” гэх хаягаар “Сарнай” гэх хаягаар Техас покер тоглуулж байхаар нь сонирхоод 1 удаа гүйлгээ хийн тоглож үзсэн. Тухайн тоглоомыг тоглоход нийт 6 суудал байдаг юм байна лээ, Тэгээд тоглуулж байгаа хүний данс руу суух суудлын тоогоо бичиж 5.000 гүйлгээ хийж, тоглож байгаа 6 хүнээс хожсон нэг нь 25.000 төгрөг авдаг. Би тухайн үед тоглоод мөнгө хожоогүй. Эхнэрийнхээ 5152135868 тоот данснаас тоглоом тоглуулж байсан хүний 5030638804 тоот данс руу “2gonchigdorj” гэсэн гүйлгээний утгатайгаар 5.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 28 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Даваажаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Баянгол дүүргийн 15 дугаар хороо 22 дугаар байрны 72 тоотод хажуу өрөө түрээслэн амьдардаг. Тухайн байр нь 4 өрөө бөгөөд тус тусдаа хүмүүс түрээсэлдэг. Манай өрөөний эсрэг талын өрөөнд Намсрай гэдэг залуу байдаг. ...Тухайн үед Намсрай гэртээ байхдаа “Сарнай” гэсэн фейсбүүк хаягаар шууд бичлэг хийж Техас покер тоглуулж мөнгө олж байсныг би хэд хэдэн удаа харж байсан. Кардонон цаасан дээр дөрвөлжин хөзөр тавих зүйл зурсан, дээр нь хөзөр хольж тарааж хүмүүстэй фейсбүүкээр харьцаад тоглуулж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 34 дүгээр хуудас/,

 

Т.Нн Хаан банкны *** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 38 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хэргийн 16, 22 дугаар хуудас/,

Т.Нн Хаан банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 42-82 дугаар хуудас/,

“Кости-Эстимейт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний “Самсунг Эс-8 плас гар утас-250.000 төгрөг” гэх дүгнэлт /хэргийн 96-98 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Нн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 11 дүгээр сарын дундуур фейсбүүкээр яваад байсан цахим покер тоглоомыг ганц нэг удаа өөрөө тоглож үзээд, тэгээд өөрөө тоглуулж болох юм шиг санагдаад байрны мөнгө олох шаардлагатай байсан учраас бичгийн цаасан дээр суудал зураад дэлгүүрээс хөзөр худалдаж аваад өөрийнхөө ашигладаггүй “Сарнай” гэсэн хаягаар шууд бичлэг буюу live хийж хамгийн олон гишүүдтэй фейсбүүк группууд руу хуваалцаж миний бичлэгт орж ирсэн хүмүүстэй шууд харилцаж, өөрийнхөө 5030638804 тоот дансаар мөрийний мөнгийг шилжүүлэн авч гүйлгээний утга хэсэгт фейсбүүк хаягийн нэр, суудлын тоог бичүүлэн авч хөзрөөр Техас покер тоглуулан хожсон хүнд нь yondoo гэсэн утгаар мөнгийг нь Хаан банкны интернет банкны аппликейшн ашиглан шилжүүлж байсан. Би энэ үйл ажиллагааг Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 22-72 тоотод ганцаараа байхдаа өөрийн Самсунг Эс-8 пласс загварын гар утсаар хийсэн. Би гэмт хэрэг үйлдэж байгаагаа тухайн үед мэдээгүй, фейсбүүкээр их яваад байсан мөн хөл хорио тогтоосон ажил хийх боломжгүй байсан учир энэ тоглоомыг тоглуулж мөнгө олсон. Хууль бус гэдгийг нь мэдсэн даруйд шууд зогсоосон. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 90-91 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 9 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 10 дугаар хуудас/,  шүүгдэгчийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 42-82 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 85 дугаар хуудас/. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 

 

        Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Т.Н нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 22 дугаар байрны 72 тоотод мэдээллийн технологи ашиглан “Сарнай” гэх нэртэй фэйсбүүк цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй *** тоот харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 705.000 /долоон зуун таван мянга/ төгрөгийн ашиг олсон болох нь шүүгдэгч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, шүүгдэгч Т.Нн хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

            Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан олон нийтийн ашиг сонирхол, мөрийтэй тоглоом зохион байгуулахыг хориглохтой холбоотой хууль тогтоомжийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Т.Н нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, ашиг олох зорилготой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Т.Н нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Тиймээс шүүгдэгч Т.Нг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

         Тус гэмт хэрэг нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан үеэс төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Ашиг орлого олсон эсэх, олсон ашгийн хэмжээ нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.  

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.Н нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх санал нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Нд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Т.Н нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

 

         Шүүгдэгч Т.Н нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Т.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

        Шүүгдэгч Т.Нд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

  1. Бусад асуудлаар:

 

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг...гэмт хэрэг үйлдсэн хүнээс албадан гаргуулна”, 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Т.Нгаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 705.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Самсунг Эс-8 плас загварын гар утас 1 ширхэг, зураглал бүхий кардонан цаас, гар утасны суурь 1 ширхэг, хөзөр 1 хайрцгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

зМонгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

  1. Шүүгдэгч Т.Нг үргэлжилсэн үйлдлээр “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.  

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Нгаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 705.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Самсунг Эс-8 плас загварын гар утас 1 ширхэг, зураглал бүхий кардонан цаас, гар утасны суурь 1 ширхэг, хөзөр 1 хайрцгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО