Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/202

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч Б.Т

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105000610187 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** урьд ял шийтгэлгүй, Б.Т /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 18 цаг 30 минутын орчимд таксины үйлчилгээнд явж байхдаа Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мах маркет” ХХК-ний гадна хүргүүлсэн иргэн Д.Оийн Самсунг А-51 маркийн гар утсыг бусдын эзэмшлийн эд зүйл болохыг мэдсээр байж буцаан өгөлгүй авч яван гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдэж, хохирогчид 949.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатад мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 18 цаг 30 минутын үед таксины үйлчилгээ үзүүлэн явж байхдаа Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мах маркет” ХХК-ний гадна хүргүүлсэн үйлчлүүлэгч Д.Оийн таксинд гээгдүүлсэн Самсунг А-51 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж буцаан өгөлгүй авч яван гээгдэл эд хөрөнгө завшиж, бага хэмжээнээс дээш буюу хохирогчид 949.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох: 

 

Хохирогч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 16-ны орой ажлаа тараад автобусанд суугаад монос эмийн үйлдвэрийн буудал дээр буусан. Би Мах маркетийн  хажууд машин засварт өөрийн машинаа засуулж байсан тул очиж авахаар нисэх тал руу гараа өргөөд явж байгаад саарал өнгийн Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлд суусан. Тухайн машины жолооч эмэгтэй хүн байсан ба урагшаа хараад тамхи татаад яваад байсан. Тэгээд би хаана очихоо нөхрөөсөө асуухаар залгаад тэр эгчийг яриад асуучих гээд өөрийн Самсунг А-51 маркийн гар утсыг өгсөн. Тэгээд мах маркетийн ард очоод таксинд 2000 төгрөг өгөөд буухад тэр эгч шууд цонхоо хаагаад миний гар утсыг аваад зугтаасан. Би араас нь гүйгээд гүйцээгүй тул цагдаад хандсан. ...Би тэр эмэгтэйгээс утсаа аваад нөхөртэйгөө үргэлжлүүлж ярьсан. Би гар утсаа хүлээж авсан тул надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 13, 47 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 12 дугаар сард манай эгч Хонгорзул надад “манай найз Т таксинд явж байгаад 1 гар утас олсон гэнэ, чи авах уу” гэж асуусан. Тухайн үед би гар утас авах гээд мөнгөө цуглуулж байсан. Самсунг А-51 маркийн утас гэхээр нь би 500.000 төгрөгөөр авъя гээд намайг ажилтай байх үед манай эхнэрт өгсөн байсан. Тухайн утсыг гэмт хэргийн замаар олсон гэдгийг мэдээгүй байж байгаад цагдаагаас залгаж хэлэхэд мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23 дугаар хуудас/,

 

“Юнител” ХХК-аас ирүүлсэн №05-01/694 дугаартай “357510192549555 имей кодтой утсанд 88917336 дугаарыг 2021 оны 01 дүгээр сарын 20-ноос 25-ны өдрүүдэд хийж ашигласан байна, 88917336 – Наранцэцэг Даваасүрэн” гэх албан бичиг /хэргийн 27 дугаар хуудас/,

 

Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хэргийн 31 дүгээр хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №БГ2-20-1277 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан “Самсунг А-51 маркийн гар утас-949.000 төгрөг” гэх /хэргийн 33-34 дүгээр хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 55 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Моносын уулзварын ойролцоо явж байтал нэг эмэгтэй гар өргөхөөр нь суулгаад Мах маркетийн наана нэг хашаанд тэр эмэгтэйг буулгаад таксины мөнгө болох 2000 төгрөг аваад хөдөлсөн. Би тэндээс хөдлөөд 4-р цахилгаан станцын урдаас хүнээс очиж мах авчхаад гэр лүүгээ явсан. Би тухайн үед тэр эмэгтэйг машинд гар утсаа үлдээснийг мэдээгүй. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр машиныхаа ар талыг цэвэрлэх гэтэл гадна талаараа хар өнгийн гэртэй утас байсан. Тэгээд гэрийг аваад үзэхэд ар тал нь цэнхэр өнгөтэй Самсунг гар утас байсан. Тухайн гар утсыг гэртээ 5 хоног байлгаж байгаад 5 шарын ойролцоо байдаг гар утас засварын газарт очоод кодыг нь гаргуулаад найз Хонгорзулын дүүд 500.000 төгрөгөөр зарсан. ...Надад гар утсаа өгөөд нэг эрэгтэй хүнтэй яриулсан. Би тэр хүнээр зам заалгачихаад гар утсыг нь буцаагаад өгсөн ба тэр эмэгтэй үргэлжлүүлээд нөгөө хүнтэйгээ яриад байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 44 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 49 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 50 дугаар хуудас/, эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 52 дугаар хуудас/, “Н.Даваасүрэнгийн би гар утас худалдан авсан мөнгөө Б.Таас хүлээгээд авсан тул надад ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 54 дүгээр хуудас/, хохирогч Д.Оийн “...миний бие өөрийн гээсэн гар утсаа буцааж авсан тул ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэсэн бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 58 дугаар хуудас/.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 

 

        Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Т нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 18 цаг 30 минутын үед таксины үйлчилгээ үзүүлэн явж байхдаа Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мах маркет” ХХК-ний гадна хүргүүлсэн үйлчлүүлэгч Д.Оийн таксинд гээгдүүлсэн Самсунг А-51 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж буцаан өгөлгүй авч яван гээгдэл эд хөрөнгө завшиж, бага хэмжээнээс дээш буюу хохирогчид 949.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд аливаа гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсэн байх нөхцөлийг шаарддаг бөгөөд бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

 

Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй байдаг, харин хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, улмаар шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг онцлогтой.

 

      Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Т нь өөрийн үйлдлийн улмаас хохирогч Д.От хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Б.Т нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Тиймээс шүүгдэгч Б.Тыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт хуульчилсан. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.От 949.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Оийн “...миний бие өөрийн гээсэн гар утсаа буцааж авсан учир гомдол, санал байхгүй” гэх бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 58  дугаар хуудас/, “Н.Даваасүрэнгийн би гар утас худалдан авсан мөнгөө Б.Таас хүлээгээд авсан тул надад ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 54 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Т нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх санал нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Тд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Т нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

 

         Шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Тд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

  1. Бусад асуудлаар:

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Тыг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Тыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО