| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2021/0162/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/207 |
| Огноо | 2021-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/207
2021 03 29 2021/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч А.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А-ийн Г-д холбогдох эрүүгийн 20100 1556 0038 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт А-ийн Г- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Г нь 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Яармагийн замд явж байхдаа иргэн Б.Зг “чи яахаараа манай эхнэрийг мэддэг юм” гэж толгойн тус газарт гараараа цохиж биед нь “...зулай, зүүн чамархайд шарх, духны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамарт зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч А.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Миний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Би хохирогчийг танихгүй, түүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн өдөр такси барьж яваад жолоочийн утсыг гуйж аваад эхнэр лүү залгахад таксины жолооч нь манай эхнэрийн утсыг хадгалсан байсан. “Яагаад чамд манай эхнэрийн утас байгаа юм бэ” гэхэд “урд нь 2-3 удаа уулзаж байсан” гэж хэлэхээр нь эхнэрээ хардаад гараараа цохисон. Хэрэг гарах үед архи уусан байсан, асуудлыг өөрөөр шийдээгүй миний буруу.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 20100 1556 0038 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Згийн хохирогчоор өгсөн:
“...2020 оны 8 дугаар сарын 01-ний орой 00:30 цагийн үед 25 дугаар эмийн сангийн тэндээс эрэгтэй, эмэгтэй хоёр хүн авсан. Тухайн үед тэр хоёр хүн Буянт-Ухаа хороолол орно гэж байсан. Тэгээд Яармагийн замд явж байхад хүнтэй ярих гээд миний утсыг авсан ба хххх гэсэн дугаар луу залгахад миний утсан дээр “Оюунаа” гээд хадгалсан байсан.
Надаас “Оюунаа гэдгийг чи яаж таньдаг юм бэ” гээд байсан. Тухайн үед миний утсаар залгаад “чи энэ хүнийг яаж таньдаг юм бэ” гээд хэрэлдээд байсан. Надтай хэрэлдэж, араас татаад жолоо барьж явахад саад болоод байхаар нь би зогсоод “чи одоо буу, миний яаж таньдаг байх нь чамд ямар хамаатай юм бэ” гэхэд миний зүүн талын шанаа руу 2-3 удаа цохиод, толгой руу цохиход миний толгой хагарсан. Тэр үед хамт явж байсан охин нь буугаад явсан байсан ба бид хоёр салаад байж байхад хажууд нэг машин ирж зогсоод тэднийг аваад явсан. Би номер дугаарыг нь харж чадаагүй.
Миний гар утсанд Оюунаа гэдэг хүний гар утасны дугаар гарч ирсэн нь надтай маргалдах шалтгаан болсон. Тэгээд гартаа тэлээгээ ороож байгаад миний толгой шанаанд 3-4 удаа цохиод авсан. Тэрнээс өөр цохиж зодсон зүйлгүй. Одоо миний биед гэмтэл гэх зүйл байхгүй. Тухайн үед толгой хагарсан байсан. Би Оюунааг фейсбүүкээр таньдаг болсон. Тэрнээс сайн мэдэхгүй, уулзаж байгаагүй. Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлттэй танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Гансэлэмээс өөр хүн надад гэмтэл учруулаагүй. Надад гомдол санал байхгүй, эмчилгээ хийлгэсэн гэх зүйл байхгүй болохоор нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17х/,
2. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 8843 дугаартай:
1. Б.Згийн биед зулай, зүүн чамархайд шарх, духны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 23-24х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Гийн яллагдагчаар өгсөн:
“...Би 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн буудлаас найз охин Түмэнжаргалын хамт такси бариад Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа 2 хороолол орох гээд явсан. Нисэхийн тойрог өнгөрч байхад сууж явсан таксины жолоочоос утсыг нь гуйгаад салсан эхнэр Оюунчимэгийн утас руу залгасан чинь утсан дээр “Оюунчимэг ХХ” гэж тэмдэглэгдсэн гарч ирсэн.
Тэгээд эхнэр утсаа авахаар нь “энэ утасны эзэн хэн юм бэ” гэхэд “мэдэхгүй” гээд таслахаар нь таксины жолооч Б.Згээс “чи яахаараа манай эхнэрийг мэддэг юм бэ” гэхэд “мэдэхгүй” гэж байснаа “өмнө нь уулзаж байсан” гэхээр нь би эхнэрээ хардаад машин дотор толгойн араас нь гараараа 3 удаа цохиод авсан.
Тэгээд найз охин Түмэнжаргалын хамт өөр машинд суугаад явсан. ...Би Б.Згийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 33х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Х.Алтанцэцэгийн мэдүүлэг /хэргийн 21х/, шүүгдэгч А.Гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 37х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 39х/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 49 дугаар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолуудын хуулбар баримтууд /хэргийн 44-46х, 47-49х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн байгууллагын шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч А.Г нь 2020 оны 8 дугаар сарын 01-ний шөнө 00:30 цагийн үед Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Яармагийн замд таксинд явж байсан иргэн иргэн Б.Згийн машинд зорчин явах үедээ түүнээс гар утсаар нь яриад өгье гэж аван залгахад “өмнөх салсан эхнэрийн утасны дугаар хадгалагдсан байна, яаж манай эхнэрийг тавьдаг юм” гэх зэргээр маргаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний толгой тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “...зулай, зүүн чамархайд шарх, духны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамарт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- хохирогч Б.Згийн: “...2020 оны 8 дугаар сарын 01-ний орой 00:30 цагийн үед 25 дугаар эмийн сангийн тэндээс эрэгтэй, эмэгтэй хоёр хүн авсан. Тухайн үед тэр хоёр хүн Буянт-Ухаа хороолол орно гэж байсан. Тэгээд Яармагийн замд явж байхад хүнтэй ярих гээд миний утсыг авсан ба хххх гэсэн дугаар луу залгахад миний утсан дээр “Оюунаа” гээд хадгалсан байсан. Надаас “Оюунаа гэдгийг чи яаж таньдаг юм бэ” гээд байсан. Тухайн үед миний утсаар залгаад “чи энэ хүнийг яаж таньдаг юм бэ” гээд хэрэлдээд байсан. Надтай хэрэлдэж, араас татаад жолоо барьж явахад саад болоод байхаар нь би зогсоод “чи одоо буу, миний яаж таньдаг байх нь чамд ямар хамаатай юм бэ” гэхэд миний зүүн талын шанаа руу 2-3 удаа цохиод, толгой руу цохиход миний толгой хагарсан. ...Миний гар утсанд Оюунаа гэдэг хүний гар утасны дугаар гарч ирсэн нь надтай маргалдах шалтгаан болсон. Тэгээд толгой шанаанд гартаа тэлээгээ ороон намайг 3-4 удаа цохиж авсан. Одоо миний биед гэмтэл гэх зүйл байхгүй. ...Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлттэй танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Гансэлэмээс өөр хүн надад гэмтэл учруулаагүй. Надад гомдол санал байхгүй, эмчилгээ хийлгэсэн гэх зүйл байхгүй болохоор нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 8843 дугаартай:
1. Б.Згийн биед зулай, зүүн чамархайд шарх, духны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 23-24х/ болон шүүгдэгч А.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 33х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож, тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хэргийн хохирогч Б.Згийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...зулай, зүүн чамархайд шарх, духны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамарт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч А.Г нь түүнийг гараараа цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
А.Гийн дээрх гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон байна.
Хэргийн шүүгдэгч А.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч А.Гийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Б.Згийн биед учирсан “...зулай, зүүн чамархайд шарх, духны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамарт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Энэ хэргийн хохирогч Б.З нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” хэмээн мэдүүлж, /хэргийн 16-17х/ баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй байна.
Иймд эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэх баримт бүхий хохирол төлбөргүй гэж дүгнэх үндэслэлтэй.
Шүүгдэгч А.Г нь урьд хэд хэдэн удаа гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байсан талаар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 37х/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол баримтууд /хэргийн 44-46х, 47-49х/ авагдсан бөгөөд түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Г нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн ба уг шийтгэх тогтоол нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон хэдий ч гүйцэтгэх баримт бичиг бичигдэж Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэгдээгүй үндэслэлээр түүнд оногдуулсан торгох ял биелэгдээгүй болох нь улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1/337 дугаартай албан бичгээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн атлаа засрал хүмүүжил олоогүй, энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн нөхцөл байдал нь “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал болно гэсэн зохицуулалтад хамаарч байна.
Шүүх, шүүгдэгч А.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч Б.З “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэсэн журмын дагуу түүнд энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өмнөх буюу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт А.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.З нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт А-ийн Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гд 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, өмнөх буюу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
5. Энэ хэрэгт А.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.З нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тэмдэглэсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан А.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД