| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2021/0187/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/199 |
| Огноо | 2021-03-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/199
2021 03 24 2021/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Т.Мижиддорж, шүүгдэгч А.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт А-ийн Г-д холбогдох эрүүгийн 20100 2130 1117 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, хххх тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ш овогт А-ийн Г- /РД:хххх/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Г 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Омне” бааранд болон гудамжинд хохирогч Т.Жтай маргалдан толгойн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд т холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч А.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогч надаас хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн. Миний бие тухайн хэрэг гардаг клубт менежер хийдэг байсан ба хохирогч Т.Ж намайг өөр хүнтэй андуурч дуудсанаас үүдэлтэй үл ойлголцол үүсэж, маргалдсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 20100 2130 1117 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Жгийн хохирогчоор өгсөн:
“...Би 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 20-21 цагийн хооронд Хан-Уул дүүрэгт байрлах Мишээл экспогийн тэнд нэг бааранд орсон. Найз Б.Бийн хамт үйлчлүүлж байгаад, манай найз ариун цэврийн өрөө орчихоод ирье гээд удаад байсан учраас араас нь ороод хайж яваад А.Г гэх эмэгтэйг найзтайгаа андуураад “Аку” гэж дуудахад эргэж хараад “чи намайг ямар хачин нэрээр дуудаад байгаа юм бэ, би энэ баарны согоо нь байна” гэсэн.
Тэгэхээр нь “за уучлаарай, хүн андуурчихлаа” гээд цаашаа найзыгаа хайж явж байгаад нэг танихгүй залуутай юм яриад зогсож байхад нөгөө А.Г гэх эмэгтэй миний ойролцоо яриа чагнаад, ажиглаад зогсоод байх шиг болохоор нь “надтай яриад байгаа залууг таньдаг юм болов уу” гэж бодоод, гарах гэхэд замд тааралдсан.
Би түлхээд гарах гэхэд надтай маргалдаад, хоорондоо үсдэлцэх гэхэд хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд би баарнаас гарах гээд явж байхад А.Г гэх эмэгтэй миний хойноос ирээд хэл амаар доромжлоод яваад байсан юм. Тэгэхэд баарны хамгаалагч хамт яваад байсан. Намайг гадагшаа гараад үүдэнд зогсож байхад А.Г хэл амаар доромжлоод байхаар нь эргэж хараад “чи яах гээд байгаа юм бэ” гээд хоорондоо үсдэлцэхэд хамгаалагч нь салгасан. Би тамхины өрөөнд орж найз Б.Б рүү залгаад “цуг явъя” гэж дуудаад, гадаа гудамжинд гарахад А.Г араас гарч ирэхээр нь зугтаад цаана зогсож байхад ирээд хэл амаар доромжлоод байхаар нь үсдэлцсэн. Энэ үед найз Б.Б гарч ирээд бид хоёрыг салгаад, бид хоёр таксинд суугаад явж байхад А.Г араас машинтай дагаад байхаар нь таксинаас буугаад нэг машины ард нуугдаж байгаад явсан.
Би тухайн үед 0.33 литрийн 3-4 пиво уусан, гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан ба болсон бүх зүйлийг санаж байгаа. Миний толгой өвдөж, тархи хөдөлсөн. Зүүн гарын бугалган дээр цус хурсан байсан. ...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-14х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бийн гэрчээр өгсөн:
“...2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Т.Ж бид хоёр Мишээл экспо төвийн задгай пабад хамт сууж байгаад би ариун цэврийн өрөө орохоор дотогш орсон. Тэгэхэд Т.Ж намайг баар орсон гэж бодоод араас орсон юм шиг байна лээ. Би ариун цэврийн өрөөнөөс гараад ирэхэд миний утасны цэнэг дууссан байсан учир нэг хүний утсаар Т.Ж руу залгаад “чи хаана байна вэ, гараад ир” гэхэд “одоо гарлаа” гэж хэлсэн.
Тэгээд би Мишээл экспо төвийн гадаа гардаг үүд хэсэгт хүлээж байхад Т.Ж хажуугаар хар эрчээрээ гүйгээд өнгөрөхөөр нь “хөөе Ж” гэхэд араас нь нэг эмэгтэй хүн “наадхаа зогсоо” гээд гүйгээд явахад хэдэн залуус дагаад гүйж байсан. Би араас нь явахад шатахуун түгээх станцын хажууд тэр хоёр хоорондоо маргалдаж, бие биеэ үсдэлцэж байсан. Хажууд нь хэдэн залуучууд хараад зогсож байсан ба намайг очиж салгахад Т.Ж намайг тоохгүй, цаашаа зогсоход нөгөө эмэгтэй араас нь очоод дахиад маргалдахаар нь би Т.Жд “иймэрхүү хүмүүс байдаг юм аа, явъя” гэхэд миний яриаг ойшоохгүй нөгөө эмэгтэйтэй маргалдаад байсан. ...Тэгээд би ганцаараа такси бариад явсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28х/,
3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11900 дугаартай:
1. Т.Ж-н биед тархи доргилт, бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 30-31х/,
4. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11854 дугаартай:
1. А.Ггийн биед цээжний ар хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 33-34х/,
5. Хэрэг учрал гарсан Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Омне” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд /хэргийн 45-53х/,
6. Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Омне баарын хяналтын камерын бичлэг бүхий СД 1 ширхэгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Мөрдөгчийн тогтоол /хэргийн 09х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Ггийн яллагдагчаар өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Мишээл экспо төвийн дотор байрладаг “Омне” клубт менежерээр ажиллаж байхад 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 01:30 цагийн үед манай клубт үйлчлүүлж байсан эмэгтэй ямар нэгэн шалтгаангүй миний араас түлхсэн.
Тэгэхэд нь нээх тоогоогүй. Удалгүй “1 давхарт аяга хагарсан байна, үйлчлэгчээ явуулаарай” гэхээр нь доошоо шатаар буух гэж байхад намайг түлхсэн эмэгтэй үсдээд, гэдэс рүү өшиглөхөд нь хамгаалагч ирж салгахад, нөгөө эмэгтэй шатаар доошоо буугаад зугтахаар нь манай хамгаалагч нэг давхарт бариад үүд рүү аваад явсан. Би араас нь очиж “дахиж ийм асуудал гаргахгүй үйлчлүүлж чадах уу” гэхэд дахин над руу шалтгаангүй дайрч өшиглөсөн. Манай хамгаалагч дахин салгаад баарны үүдэнд хүлээлгэж байсан ба энэ хооронд би “хамт явж байсан залууг нь олоод ирье, наад эмэгтэйгээ хүлээлгэж байгаарай” гэж ороод нөгөө залууг нь олж уулзахад “ямар ч хамааралгүй, бааранд танилцсан, нэрийг нь ч мэдэхгүй” гэж байсан.
Тэр хооронд нөгөө эмэгтэй “ариун цэврийн өрөө орчихоод ирье” гээд зугтаж байхаар нь би араас явсан. Тэгэхэд хамт явж байсан эмэгтэй найз нь ирсэн ба “танай найз эмэгтэй над руу дайрч зодсон” гэж ярьж байхад цаанаас дахин намайг үсдээд, хэвлий тус газарт өшиглөж, газар унагааж, дээрээс хэд хэдэн удаа дэвсэлсэн. Найз охин нь салгах гэхэд үгэнд орохгүй байсан. Тэгээд найзтайгаа таксинд суугаад явсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 90-91х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 58х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 63х/, Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 67х/, шүүгдэгч А.Ггаас өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 108х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч А.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Т.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн баримттай ба шүүгдэгч А.Г нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 108х/ 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар прокуророос А.Гд холбогдох эрүүгийн 20100 2130 1117 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Ггийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч А.Г 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Омне” бааранд зохион байгуулагчаар ажиллаж байхдаа, тус бааранд үйлчлүүлсэн Т.Жг “араас түлхлээ” гэх шалтгааны улмаас үл ойлголцол, таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар “Омне” бааранд болон гудамжинд түүнтэй маргаж, харилцан бие биенийхээ үсийг зулгаах зэргээр зодолдсоны улмаас
- хохирогч Т.Жгийн эрүүл мэндэд “...тархи доргилт, бугалганы цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол,
- шүүгдэгч А.Ггийн эрүүл мэндэд “...цээжний ар хэсэгт цус хуралт, зулгаралт” бүхий эрүүл мэндийг сарниулахгүй гэмтэл тус тус учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцсэн хохирогч Т.Ж /хэргийн 13-14х/, гэрч Б.Б /хэргийн 28х/ нарын мэдүүлэг,
- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11900 дугаартай:
1. Т.Ж-н биед тархи доргилт, бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 30-31х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11854 дугаартай:
1. А.Ггийн биед цээжний ар хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 33-34х/,
- хэрэг учрал болсон Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Омне баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд /хэргийн 45-53х/
- Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Омне баарын хяналтын камерын бичлэг бүхий СД 1 ширхэгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Мөрдөгчийн тогтоол /хэргийн 09х/ болон шүүгдэгч А.Ггийн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг баримтууд /хэргийн 90-91х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хэргийн хохирогч Т.Ж-гийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...тархи доргилт, бугалганы цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч А.Г нь түүнийг үсдэж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч А.Ггийн дээрх гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.
Хэргийн шүүгдэгч А.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч А.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Т.Жгийн биед учирсан “...тархи доргилт, бугалганы цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Энэ хэргийн хохирогч Т.Ж нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” хэмээн мэдүүлж, /хэргийн 13-14х/ баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй байна.
Иймд эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэх баримт бүхий хохирол төлбөргүй гэж үзэх ба хохирогч нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээ үйлчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч А.Г нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай хэргийн 58 дугаар талд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт авагдсан ба энэ нь шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хуульд заасан үндэслэл болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарх гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт А.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.Ж нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ш овогт А-ийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан нарт мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт А.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.Ж нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан А.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД