| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2021/0176/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/191 |
| Огноо | 2021-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/191
2021 03 22 2021/ШЦТ/191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Т.Мижиддорж, хохирогч Д.Э, шүүгдэгч Д.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил нарыг оролцуулан, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Д-ын Ө-т холбогдох эрүүгийн 21100 0247 0133 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Д-ын Ө- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Ө нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хххх тоотод гэртээ эхнэр Д.Этай маргалдаж, улмаар хүзүүн хэсгээс нь багалзуурдан авч шидэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Ө нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Өын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо шүүхэд нэмж хэлэх зүйл байхгүй байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай гаргасан. Энэ хүсэлтээ дэмжиж байна.” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч Д.Эы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2021 оны 01 дүгээр сарын 23-ны орой 22-23 цагийн үед манай нөхөр Д.Ө гаднаас нилээн согтолттой орж ирсэн. Тэгээд гэртээ орохгүй үүдэнд суугаад байхаар нь би “чи хувцсаа тайлаад гэртээ орооч” гэхэд “орохгүй” гээд байсан. Тэгээд би түүний гар утсыг нь авахад “чамд миний утас л хэрэгтэй байгаа юм уу” гээд хэрүүл маргаан үүсгэж, алгадаад авсан. Би ая эвийг нь олох гэсэн боловч намайг хүзүүдээд шидэхэд би гутлын шүүгээ мөргөж, чихний дээд тал язарч цус гарсан. Тухайн үедээ цус гарахаар нь би айгаад Гэмтлийн явсан, манай нөхөр бас айгаад гэрээс гараад явчихсан байсан.
Одоо надад гомдол байхгүй, цаашид дахин ийм асуудал үүсгэхгүй гээд бид хоёр эвлэрээд хамт амьдарч байгаа.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 21100 0247 0133 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Эы хохирогчоор өгсөн:
“...Би нөхөр Д.Өтай албан ёсны гэрлэлтийн баталгаатай бөгөөд хамт амьдраад 26 жил болж байна. 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 23 цагийн орчим манай нөхөр гаднаас маш их согтолттой орж ирээд гэрийнхээ үүдэнд суугаад байхаар нь “хувцсаа тайл” гэж хэлээд, гарт нь байсан утсыг авахад “чи юу гээд байгаа юм бэ, чамд миний утас хэрэгтэй, би хэрэггүй юм уу гичий минь” гэхээр нь би айгаад ариун цэврийн өрөө орсон.
Тэгэхэд нөхөр араас орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь би зөрөөд гарсан. Ингээд том өрөөнд сууж байхад Д.Ө миний араас ирж “чи зайл” гэхээр нь би нөхөртөө хандаж “аав, ээжийгээ дагуулж ирээд чиний байдлыг харуулчихаад хамт явна” гэж хэлээд ээжийнхээ утас руу залгаад “нөхөр хэрүүл хийгээд, цохиод байна, та аавтай хамт хүрээд ирээч” гэж хэлэхэд 5-10 минутын дараа манай аав ганцаараа ирсэн.
Ингээд аав ирэхэд манай аавыг элдвээр хэлж “хөгшин төгцөг минь чи юу юм бэ, май” гээд салаавч гаргаад “охиноо аваад зайл” гэхээр нь би аавыгаа дагуулаад гэрээс гарах гэхэд Д.Ө манай аавыг цохих гээд далайхаар нь би өмнүүр нь орж, “чи өөрөө зайл” гэхэд миний хүзүүг баруун гараараа багалзуурдаж өргөөд шидсэн. Би газар унахдаа толгойгоороо гутлын шүүгээний булан мөргөж, зүүн талын чихний дээр хуйх хэсэг язарч, толгойноос цус гарахыг нь хараад манай нөхөр гэрээс гараад зугтаачихсан. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биед учирсан гэмтэл шарх эдгэрсэн, нөхөр бид хоёр хамт амьдарч байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Даваажавын гэрчээр өгсөн:
“...Миний охин Д.Э 2021 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө, цагийг нь санахгүй байна, залгаж “нөхөр Д.Ө агсан тавиад байна” гэж дуудсан. Намайг очиход Д.Э нөхөртэйгээ хэрэлдэж байсан. Д.Өыг “согтуу байна, унтаж амар” гэхэд “миний идэж уух чамд ямар хамаатай юм” гээд үгэнд орохгүй болохоор нь Д.Эыг гэрээс дагуулаад гарах гэхэд Д.Эыг хоёр гараараа заамдаад, өргөж байгаад түлхэх үед манай охин унахдаа гутлын шүүгээний булан мөргөж, толгойноос нь цус гарахаар нь боолт хийж, цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20х/,
3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 976 дугаартай:
1. Д.Э-н биед тархи доргилт, зүүн чихний ар дээд хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дал, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 27-28х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Өын яллагдагчаар өгсөн:
“...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр Д.Этай гэрлэлтийн баталгаатай, хамт амьдраад 26 жил болж байна. 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороололд байрлах “Хишигтэн” хоолны газарт 2 найзтайгаа уулзаад, хоол идэнгээ Велвет нэртэй 1 литрийн архи хувааж уусан. Тус хоолны газраас гарч найзынхаа гэрийн гадаа очиж, машин дотор Эдэн нэртэй 0.75 литрийн литрийн архи хувааж уугаад согтоод, ухаан санаа алдаж, яаж гэртээ ирсэн, хэнд агсан тавьсан гэдгээ мэдэхгүй байна.
Ямартай ч 2-3 хоногийн дараа цагдаагийн байгууллагаас “танай эхнэрийн мэдээллийн дагуу ирж уулз” гэж дуудахад болсон асуудлын талаар мэдэж, эхнэрээсээ асуусан чинь болсон асуудлын талаар надад хэлсэн. Тухайн үед би яг тасарчихсан байсан. Миний хувьд 2012 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхээр орсноос хойш архи огт уухгүй байсан юм. Залуу байхдаа хүмүүс маргалдаж муудахыг аль гэхэв. Эхнэрээ 4-5 удаа зодож байсан асуудал огт байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 33х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Д.Өлзийбуян /хэргийн 22х/, гэрч Д.Өлзийбадрах /хэргийн 24-25/ нарын мэдүүлэг, Өсөхбаярын Чинзориг, Өсөхбаярын Зориг нарын төрсний гэрчилгээний хуулбар баримт /хэргийн 35х/, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 36х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 37х/, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 38х/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 63-66х/, шүүгдэгч Д.Өаас өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 67х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Д.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Д.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон нэхэмжлэл гаргаагүй, улмаар Д.Ө нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 67х/ 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 41 дугаартай Прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулснаар түүнд холбогдох эрүүгийн 21100 0247 0133 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Өын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хххх тоот дахь гэртээ тодорхой шалтаг шалтгаангүйгээр эхнэр Д.Этай маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний хүзүү хэсгээс нь багалзуурдан шидэхэд нь Д.Э гэрийнхээ гутлын шүүгээг мөргөж унаснаас түүний биед “...тархи доргилт, зүүн чихний ар дээд хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дал, шилбэнд цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- хохирогч Д.Эы: “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны орой 22-23 цагийн үед манай нөхөр Д.Ө гаднаас нилээн согтолттой орж ирсэн. Тэгээд гэртээ орохгүй үүдэнд суугаад байхаар нь би “чи хувцсаа тайлаад гэртээ орооч” гэхэд “орохгүй” гээд байсан. Тэгээд би түүний гар утсыг нь авахад “чамд миний утас л хэрэгтэй байгаа юм уу” гээд хэрүүл маргаан үүсгэж, алгадаад авсан. Би ая эвийг нь олох гэсэн боловч намайг хүзүүдээд шидэхэд би гутлын шүүгээ мөргөж, чихний дээд тал язарч цус гарсан. Тухайн үедээ цус гарахаар нь би айгаад Гэмтлийн явсан, манай нөхөр бас айгаад гэрээс гараад явчихсан байсан. Одоо надад гомдол байхгүй, цаашид дахин ийм асуудал үүсгэхгүй гээд бид хоёр эвлэрээд хамт амьдарч байгаа.
...Миний биед учирсан гэмтэл шарх эдгэрсэн, нөхөртэйгээ хамт амьдарч байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
- гэрч Ж.Даваажавын: “...Миний охин Д.Э 2021 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө, цагийг нь санахгүй байна, залгаж “нөхөр Д.Ө агсан тавиад байна” гэж дуудсан. Намайг очиход Д.Э нөхөртэйгээ хэрэлдэж байсан. Д.Өыг “согтуу байна, унтаж амар” гэхэд “миний идэж уух чамд ямар хамаатай юм” гээд үгэнд орохгүй болохоор нь Д.Эыг гэрээс дагуулаад гарах гэхэд Д.Эыг хоёр гараараа заамдаад өргөж байгаад түлхэх үед манай охин унахдаа гутлын шүүгээний булан мөргөж, толгойноос нь цус гарахаар нь боолт хийж, цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 976 дугаартай:
1. Д.Э-н биед тархи доргилт, зүүн чихний ар дээд хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дал, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 27-28х/ болон шүүгдэгч Д.Өын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 33х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хэргийн хохирогч Д.Эы биед учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...тархи доргилт, зүүн чихний ар дээд хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дал, шилбэнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Д.Ө түүний хүзүүн хэсгээс нь базан авч шидэхэд тэрээр гутлын шүүгээ мөргөж унаснаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Өын дээрх гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон байна.
Хэргийн шүүгдэгч Д.Ө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Д.Өыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Д.Эы биед учирсан “...тархи доргилт, зүүн чихний ар дээд хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дал, шилбэнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Энэ хэргийн хохирогч Д.Э нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” талаар мэдүүлж, /хэргийн 15-16х/ баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй байна.
Иймд эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэх баримт бүхий хохирол төлбөргүй гэж үзэх ба хохирогч нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээ үйлчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Ө нь урьд гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байсан нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 38х/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 63-66х/ баримтуудаар тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарх гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч “гомдол саналгүй” гэснийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт Д.Ө нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Э нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Д-ын Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ө нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан нарт мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Д.Ө нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Э нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Д.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД