Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/329

 

                             

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Б.Ундрах, шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Т.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00050 0101 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн Т.Т, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Т.Т нь 2020 оны 12 дугаар сарын 06-ны шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ч.З-г эр эмийн хардалтаас үүдэлтэйгээр маргалдан улмаар зүүн бугалгаас нь татаж унагаан цээжин хэсэг рүү нь өшиглөсөн, мөн Хилчний 24 дүгээр гудамжинд явж байхдаа Ч.З-г газарт унагаан баруун чих хэсэгт нь хөлөөрөө дэвсэж биед нь тархи доргилт, баруун чихний дэлбэн, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, 2 өвдөг, баруун хөх, зүүн бугалга, баруун чихний дэлбэнд цус хуралт гэмтлийг үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч, Б овгийн Т.Т нь Ч.З-тай эхнэр, нөхрийн харилцаатай хамтран амьдарч байсан бөгөөд түүнтэй маргалдсаны улмаас 10 гаруй хоног гэртээ хариагүй байжээ. Хохирогч Ч.З нь өөрийн найз Х-аар яриулан Т.Т-ыг хамаатныхаа Д-ийн гэрт байгааг олж мэдсэн байна. Тэгээд хохирогч Ч.З найз Х болон түүний нөхөр Л.Д хоёрыг дагуулан 2020 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний ** тоотод очиж, шүүгдэгч Т.Т-ыг бусадтай хардсаны улмаас маргалдаан эхэлжээ. Харин шүүгдэгч Т.Т нь гэр бүлийн шинжтэй энэхүү маргаанаас үүдэн хохирогч Ч.З-ийн зүүн бугалгаас татаж унаган цээж рүү нь өшиглөөд гарч явсан байх ба хохирогч Ч.З араас нь дагаж очих үед Хилчиний 24 дүгээр гудамжинд тэд дахин маргалдаж, шүүгдэгч Т.Т хохирогчийн куртикний энгэрээс хоёр гараараа барьж байгаад татаж унаган түүний толгой дээр нь дэвсэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Ч.З-ийн бие махбодод “тархи доргилт, баруун чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, 2 өвдөг, баруун хөх, зүүн бугалга, баруун чихний дэлбэнд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг үргэлжилсэн үйлдлээр санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Т.Т-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би хохирогч Ч.З-тай эхнэр нөхрийн харилцаатай хамтран амьдардаг байсан бөгөөд бид хоёр хоорондоо маргалдсанаас болоод би Хилчиний *** тоотод байдаг өөрийн эхийн талын хамаатан болох Д-ийн гэрт очсон байсан юм. Гэтэл эхнэрийн найз нь залгаад “хаана байгаа юм бэ, яваад очъё, уулзъя” гэхээр нь “за тэгье” гэж хэлээд, хаана байгаагаа зааж өгсөн юм. Удалгүй тэрээр манай эхнэртэй хамт хүрч ирсэн. Манай энхэр нэлээд согтуу байсан бөгөөд орж ирээд учиргүй зүггүй Д-тэй зодолдсон. Би эхнэртээ гар хүрсэн зүйл огт байхгүй. Би эхнэрээ салгах гээд татаж чангаасан нь үнэн гэхдээ зодоогүй. Одоо эхнэртэйгээ эвлэрсэн, хамт амьдарч байгаа. Манай эхнэр З-ийн биед учирсан гэмтлийг Д учруулсан юм...” гэсэн мэдүүлэг;

2. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);

3. Хохирогч Ч.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 21 цагийн үед найз Х-ийн гэрт очоод 1 лонх дарс хувааж уусан юм. Тэр үед манай нөхөр Т гэртээ ирэхгүй гадуур 10 гаран хоносон юм. Ингээд нөхөр Т-ын хаана байгааг нь утсаар залгаж асуухад хамаатныхаа айл болох Д-ийн гэрт байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз Х болон түүний нөхөр Д хоёрыг дагуулаад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний *** тоот болох Д-ийн гэрт 06-ны шөнө 02 цагийн үед очиход манай нөхөр Т гэрийн хойморт танихгүй охинтой нэг хөнжилд хамт тэврэлдсэн байдалтай хэвтэж байхаар нь би хөнжлийг нь татаад “чи энд юу хийж байгаа юм” гэж асуухад нөхөр “чамд хамаагүй” гэж хэлсэн. Би Т-ыг “чи ямар арчаагүй юм” гэсэн чинь Т босоод миний зүүн бугалгаас хүчтэй татаад, гэрээс гаргах гэсэн, тухайн үед би газарт унаад босох гэтэл Т миний цээж рүү өшиглөсөн. Цагдаа дуудсан байсан болохоор Т-ын араас машинтай гудамжинд дагаад хэсэг явсан. Дараа нь би машинаас буугаад Т-тай уулзахаар очиход Т юм хэлэхгүй байхаар нь“чи яагаад өөр хүүхэнтэй айлд хэвтэж байгаа юм бэ” гэж асуухад Т “чамд хамаагүй, одоо ингээд надаас зайл” гэж хэлээд цаашаа явах гэхээр нь куртикнээс нь татсан чинь миний куртикний урд талаас хоёр гараараа барьж байгаад татаж доош газарт унагаагаад баруун чихний хэсэгт хөлөөрөө дэвсээд байсан. Миний биед учирсан гэмтлүүдийг Т учруулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22, 83 дугаар хуудас);

4. Гэрч Л.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т-ын байгаа айл руу нь очоод гэрт нь ороход Т нэг танихгүй эмэгтэй хүнтэй хамт газраар хөнжил нөмрөөд хэвтэж байсан. З Т-тай маргалдахад Т босож ирээд “чи энд яах гэж ирсэн юм бэ” гээд З-г гараараа цохиж газарт унагаагаад, толгой хэсэгт нь өшиглөсөн. Тэгээд дахиж өшиглөх гэхээр нь би Т-ыг болиулсан. Гэрээс гарсны дараа, гэрийн гадаа Т З-г гэдэс рүү нь өшиглөж газарт унагаачхаад зодох гээд байхаар нь би болиулсан. Т-ыг машинд суу гэхэд суухгүй гудамжаар алхаад яваад байсан. З учраа ольё гээд машинаас бууж Т-тай гудамжинд юм ярьж байгаа харагдсан. Удалгүй Т З-г газарт унагааж өшиглөж байхаар нь манай эхнэр бууж очоод З-г авч машиндаа суулгасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 дугаар хуудас),

5. Гэрч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгөн: “... 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр З Т-т зодуулсан талаар надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 63 дугаар хуудас);

6. Насанд хүрээгүй гэрч С.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д “хэн бэ” гээд гэрлээ асаахад үл таних 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн орж ирээд нэг эмэгтэй нь “чамайг энд байгааг чинь мэдэж байсан юм” гээд Т-ыг гараас нь татсан. Тэгсэн чинь Т босож ирээд баруун гараараа тэр эмэгтэйн зүүн хацар луу нь маш хүчтэй цохисон чинь тэр эмэгтэй газарт нүүрээрээ унасан, тэгээд ямар нэгэн хөдөлгөөнгүй байсан. Д-ийн гэрт болсон асуудлаас хойш 10 гаран хоногийн дараа Т-тай уулзаад “Д-ийн гэрт алгадаж унагаасан эмэгтэй юун эмэгтэй юм бэ” гэхэд Т “тэр эмэгтэй миний салсан эхнэр байгаа юм” гэж хэлээд “чамайг цагдаагаас дуудаад мэдүүлэг өг гэвэл тэр эмэгтэйг Д зодсон гэж хэлээрэй” гэсэн юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 87 дугаар хуудас),

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 13416 дугаартай шинжээчийн: “...Ч.З-ийн биед тархи доргилт, баруун чихний дэлбэн, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, 2 өвдөг, баруун хөх, зүүн бугалга, баруун чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эсэргүүцэн тэмцэлдэх үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэг дүгнэлт (хх-ийн 15-16 дугаар хуудас);

8. Шинжээч С.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хохирогчийн биед учирсан гэмтлээс тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн чамархайн хэсгийн хуйх халцарсан, бага зэрэг эмзэглэлтэй нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 42-43 дугаар хуудас);

9. П.Д-ийн үйлдэлд зөрчлийн арга хэмжээ авхуулахаар хүргүүлсэн тухай Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/701 дугаар албан тоот (хх-ийн 97 дугаар хуудас);

10. Шүүгдэгч Т.Т-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 45 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 81 дугаар хуудас), хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хх-ийн 27-28 дугаар хуудас), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-ийн 29-37 дугаар хуудас, эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хх-ийн 53 дугаар хуудас), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 96 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа (хх-ийн 55 дүгээр хуудас), 2016, 2018, 2020 оны 9 дүгээр сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хх-ийн 57 дугаар хуудас), АСАП сангийн лавлагаа (хх-ийн 70-80 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч шүүх хуралдаанд: “...Би эхнэрээ татаж чангаасан нь үнэн, гэхдээ зодоогүй. Одоо эхнэртэйгээ эвлэрсэн, хамт амьдарч байгаа. Манай эхнэрийн биед учирсан гэмтлийг Д учруулсан...” гэж мэдүүлсэн боловч энэ нь хохирогч Ч.З, насанд хүрээгүй гэрч С.Х, гэрч Л.Д нарын мэдүүлгээр няцаан үгүйсгэгдэж байна.

Хохирогч Ч.З нь мөрдөн шалгах ажиллагаанд: “...Д миний үснээс зулгаагаад тавихгүй байсаар миний зүүн талын чамархайн хэсгийн үс халцарсан. Мөн араас сандал шидсэн боловч тэр сандал намайг оноогүй, зүүн хөлийн дотор гуянд маш хүчтэй өшиглөсөн...” (хх-ийн 21-22 дугаар хуудас) гэж мэдүүлж байсан боловч тэрээр дахин өгсөн мэдүүлэгтээ “...Д-ийн гэрт байхад Т миний цээж рүү өшиглөсөн, гараараа түлхэж унагасан. Дараа нь гудамжинд түлхэж унагаагаад хөлөөрөө толгой, баруун чихэн дээр дэвссэн. Т миний толгой, чих рүү дэвсэх үед миний толгой эргээд, манараад босож чадахгүй байсан. Миний биед учирсан гэмтлийн Т учруулсан юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 83 дугаар хуудас), мөн шинжээч эмчийн “...хохирогчийн биед учирсан гэмтлээс тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн чамархайн хэсгийн хуйх халцарсан, бага зэрэг эмзэглэлтэй нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлгүүдийг харьцуулан хянаж үзэхэд хохирогч Ч.З-ийн биед учирсан зүүн чамархайн зөөлөн эдийн гэмтлийг П.Д учруулсан, харин бусад гэмтлийг шүүгдэгч Т.Т учруулсан гэж үзэхээр байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Т.Т-т холбогдох энэ хэргийн үйл баримтыг тогтоохдоо хохирогч Ч.З-д учирсан хэд хэдэн гэмтлүүдээс зүүн чамархайн зөөлөн эдийн гэмтлийг хамааруулаагүй болно. Харин шүүх эмнэлгийн шинжээч Ч.З-ийн биед учирсан зүүн чамархайн зөөлөн эдийн гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй талаар мэдүүлэг өгсөн байх бөгөөд прокурор П.Д-ийн үйлдлийг Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гэж үзээд холбогдох арга хэмжээ авхуулахаар шилжүүлсэн байгаа нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.  

Шүүхийн шинжилгээний байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээч хохирогч Ч.З-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан талаар эргэлзээгүй, үндэслэл бүхий дүгнэлт гаргасан байх тул шүүх хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Т.Т-ын үйлдэл хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ч.З-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг өөрийн үйлдлээ хүсэж үйлдсэн гэж үзэн гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүгдэгч Т.Т, хохирогч Ч.З нар нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, эхнэр нөхрийн харилцаатай хамтран амьдарч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “...хамтран амьдрагч...” гэж зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно. Тэд маргааны улмаас түр хугацаанд хамт амьдрахгүй байсан нь тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаагүй хүмүүс гэж үзэх үндэслэл болохгүй.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ хэмээн тодорхойлсон, Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ... заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан тул хууль ёсны зарчмын дагуу шүүгдэгч Т.Т-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;” гэж тус тус хуульчилсан тул зүйлчлэл хүндрүүлэх үндэслэл болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Т-ыгхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ч.З нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.Т-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар: “...Ял шийтгэл нь заавал биелэгдэх ёстой. Шүүгдэгч Т.Т нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ажил эрхэлдэг талаар болон эд хөрөнгө, орлогын талаарх баримт байхгүй тул торгуулийн ял биелэх боломжгүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд гэрийн хаяг тодорхойгүй байсан тул зорчих эрхийг хязгаарлах ял мөн биелэгдэх боломжгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Т.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг ялыг өдөрт 8 дээшгүй цагаар хийлгүүлэх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй...” гэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...Би одоо “***” ХХК-д хамгаалагчаар ажиллаж байгаа. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү. Би ажилд орсон учир торгууль төлөх боломжтой...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Т нь энэ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “***” ХХК-д хамгаалагчаар ажилд орсон гэх боловч түүнийг нь нотлох баримт хэрэгт авагдаагүй, тэрээр шүүх хуралдаанд энэ талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй, хөрөнгө бүртгэгдээгүй, орлого тодорхойгүй байх тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүх шүүгдэгч Т.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гурван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тодорхойлсон газарт өдөрт наймаас дээшгүй цагаар ажиллуулахаар тогтоох нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, толгой дээр нь дэвсэлсэн үйлдлийн арга хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овгийн Т.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-т гурван зуун жаран цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодорхойлсон газарт эдлүүлэхээр тогтоосугай.

4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Т-т сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА