Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 13

 

Ж.Б холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 163/2018/0027/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Гэрэлбаатар

           Шүүгдэгч                                                   Ж.Б

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Х.Баатарбилэг

           Иргэний хариуцагч                                    Ч.Ганбаатар

           Иргэний хариуцагчийн өмгөөлөгч           Я.Энхжаргал

           Нарийн бичгийн дарга                             Ө.Оюумаа нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолтой Ж.Б холбогдох 1703000010113 дугаартай эрүүгийн хэргийг иргэний хариуцагчийн өмгөөлөгч Я.Энхжаргалын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн………….бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй…….. урьд ял шийтгэлгүй, Б овогт Ж .Б .

   Ж.Б  нь 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн орчим Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг Тэх толгой гэх газарт 84-24 УБЕ улсын дугаартай Nissan Civilian маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн П.Аззаяагийн жолоодож явсан 89-79 УНБ улсын дугаартай Toyota Рruis-30 маркийн автомашиныг мөргөж, жолооч П.Аззаяа, зорчигч Р.Гантуяа, Э.Э , С.Галт нарын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч С.У гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, мөн өөрийн жолоодож явсан автобусанд зорчиж явсан зорчигч АНУ-ын иргэн А.Петерийн эрүүл мэндэд хүндэвтэр, С.Мариане, Маrian downs, K.Ceнтяа, П.Цэнгэл нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Toyota Рruis-30 маркийн тээврийн хэрэгсэлд шууд 11.195.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор:

Бовогт Ж. Б ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч Ж.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт ирсэн №0227320 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг эзэмшигч “Оюу Бодь” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар иргэний хариуцагч “Нью Жуулчин” ХХК-аас эмчилгээний зардалд 57.142.291 /тавин долоон сая нэг зуун дөчин хоёр мянга хоёр зуун ерэн нэг/ төгрөг, приус маркийн тээврийн хэрэгслийн эд зүйлийн үнэлгээний төлбөрт 11.352.013 /арван нэгэн сая гурван зуун тавин хоёр мянга арван гурав/ төгрөг, нийт 68.494.304 /жаран найман сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга гурван зуун дөрвөн/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д 41.341.013.9 /дөчин нэгэн сая гурван зуун зуун дөчин нэгэн мянга арван гурван/ төгрөг, хохирогч Улаанбаатар хот Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 8 байр 7 тоотод оршин суух Боржигин овогт Пүрэвдоржийн А /РД:ФЖ70041015/-ийн эзэмшлийн приус маркийн тээврийн хэрэгслийн эд зүйлийн үнэлгээ 11.352.013 /арван нэгэн сая гурван зуун тавин хоёр мянга арван гурван/ төгрөг, хохирогч нарын эмчилгээний зардал болон бусад зардалд Улаанбаатар хот Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 8 байр 7 тоотод оршин суух Боржигин овогт П.А ,Боржигон овогт Р.Г нарт 8.551.000 /найман сая таван зуун тавин нэгэн мянга/ төгрөг, хохирогч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо УС-15-2-3-32 тоотод оршин суух Мөнх овогт С.Г д 4.643.634 /дөрвөн сая зургаан зуун дөчин гурван мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөг, хохирогч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 26 дугаар хорооны Баянмонгол хороолол 416-7 тоотод оршин суух Хотгойд овогт Э. Э д 1.102.644 /нэг сая нэг зуун хоёр мянга зургаан зуун дөчин дөрөв/ төгрөг, хохирогч Улаанбаатар хот Баянгол дүүрэг 13 дугаар хороо 3 хороолол, Хасбаатарын гудамжны 5 байр 37 тоотод оршин суух Чандмань Лхамжав овогт С.У   д 1.504.000 /нэг сая таван зуун дөрвөн мянга/ төгрөгийг тус тус олгож, хохирогч С.Г нэхэмжилсэн 14.847.622 /арван дөрвөн сая найман зуун дөчин долоон мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөг, хохирогч С.У гийн нэхэмжилсэн 1.485.000 /нэг сая дөрвөн зуун наян таван мянга/ төгрөг, хохирогч Э.Э гийн нэхэмжлэсэн 597.356 /таван зуун ерэн долоон мянга гурван зуун тавин зургаан/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгчийн хагалгааны зардалд 14000000 сая вон нэхэмжлэснийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар болон иргэний нэхэмжлэгч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, 

Шүүгдэгч Ж.Б авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Я.Энхжаргал давж заалдах гомдолдоо:

“... ГССҮТ нь Р.Г4.352.443.0 төгрөг, С.Г 6.911.370.3 төгрөг,
Э.Э  3.951.799.9 төгрөг, П.А 24.466.714.1 төгрөг, С.У  1.658.686.7 төгрөг гэх тооцооны хуудсыг дээрхи 5 хүний нэр дээр нарийвчилсан задаргааны хүснэгтийн дагуу тооцож гаргасан байгаа боловч дээрхи зардлыг хэнээс нэхэмжилж байгаа болох нь тодорхойгүй, нэхэмжлэлийг хангуулах талаар ГССҮТ-өөс гаргасан хүсэлт хэрэгт хавсаргагдаагүй,

ГССҮТ-н тооцооны хуудсан дээр "хүний нөөц" гэх зардлыг тус
эмнэлгийн эдийн засагч "өвчтөнүүдэд эмчилгээ хийсэн эмч нарын цагийн хөлс" гэж тайлбарлаж Р.Г 337.882.7, С.Г 459.244.9, Э.Э  306.476.5,  П.А 815.016.6, С.У  108.381.3 төгрөг гэх зардлын задаргааг мэс   заслын, унтуулгын эмч, мэс заслын сувилагч, зүрх, нөхөн сэргээх эмчилгээ оношлогооны эмч, сувилагч, инженер техник, ходоодны дуран эмч инженер техник лабораторийн их эмч лаборант нарын жил, сарын, цагийн, минутын цалинг бодож тухайн өвчтөнд үзлэг хийсэн үзлэгийн тоогоор эмнэлгийн ажилтан тус бүрийн цалинг тооцож гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд "Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно". Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйл, 28 дугаар зүйлийн 28.1 "Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно" заалтыг  зөрчиж хувь хүн аж ахуйн нэгж  байгууллагаас цалин хөлсөө нэхэмжилж байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д заасны дагуу "эрүүл мэндийн ажилтанд хууль тогтоомжинд заасны дагуу цалин хөлсний нэмэгдэл, мөнгөн урамшуулал олгох бөгөөд тэдгээрийн төрөл, хэмжээ олгох журмыг Засгийн газар батална", Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний 3.25-д "Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлүүлэгчээс авлига,  хууль бус шан харамж,  хандив,  бэлэг,  албан бус төлбөр авахгүй ба үйлчлүүлэгчтэй давхар харилцаанд орохгүй байх, 3.27-д "Удирдах ажилтан болон эмнэлгийн мэргэжилтэн давуу байдлаа ашиглан   байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулах үйлчлүүлэгч, хамт олон, нийгэмд хор хохирол учруулахуйц үйл   ажиллагааг төлөвлөх, зохион   байгуулах,   бусдыг татан оролцуулахгүй  байх" заалтуудыг зөрчиж нэр бүхий 5 өвчтөний нэр дээр хүний нөөц гэх 2.027.002 төгрөгний зардлыг хууль бусаар нэхэмжилж байна. Хэрвээ дээрхи ажилтнууд ажлаасаа чөлөөлөгдөн дээрхи 5 өвчтнүүдэд тусгайлан эмчилгээ үйлчилгээ үзүүлж сарын цалингаа аваагүй бол ажилтан тус бүрээр санхүүгийн баримтыг хавсаргах, эсвэл дээрхи ажилтнуудыг тусгайлан цагаар хөлсөлж дээрхи 5 өвчтөнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн бол тухайн ажилтан бүртэй байгуулсан цагаар ажиллах гэрээг хавсаргах,

ОА ба ТТ, ЭМ буюу "ор ашиглалт буюу тоног төхөөрөмж" гэх зардалд 3.751.887.3 төгрөг "эм" гэх зардалд 26.406.136.0 төгрөгний баримт гаргасан байх ба энэ нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 03 сарын 25-ны өдрийн 07 тоот тогтоолын  1 хавсралт " эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өндөр өртөгтөй зарим тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгслэл сэргээн засах зориулалтаар хийгдэх протез ортопудийн жагсаалт, түүний жишиг үнэ даатгалын сангаас олгох хэмжээ", Ниймийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 19 тоот тогтоол " Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах төлбөрийн дээд хэмжээ" заасны дагуу дээрхи зардлаас С.А С.Галт нарын 5 хүнд эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн санхүүгийн баримтыг өвчтөн тус бүрээр гаргуулж хэрэгт хавсаргуулах, даатгалын сангаас хэдэн төгрөгний зардал өвчтөн тус бүрт төлөгдсөн болох нь тодорхойгүй байна.

С.Г "Эм" гэх зардалд 3.816.635.0 төгрөгний зардал гарсан гэх ба “С.Г нь атгаал ясны хугарал хадуулах мэс засалд ороход ясны дутмагшилтай байсан тул яс орлуулагч 6 ширхэгийг хэрэглэсэн болно” гэсэн тодорхойлолт / 1-р хавтаст хэргийн 118 хуудас/ өвчтөнөөс өөрийнх нь зардлаар гаргуулсан яс орлуулагчийн төлбөр 2.700.000 төгрөгийг Г төлөгдөхөөр шүүхийн шийдвэр гарсан атал, дээрхи зардал нь ГССҮТ-н гаргасан эмийн тооцоонд давхардсан эсэх нь тодорхойгүй учир нь өвчтөн тус бүрт хэрэглэсэн эмийн жагсаалт болон материалын баримт хэрэгт хавсаргагдаагүй,

Хэрэгсэл гэх хүснэгтэд даатгалаас болон тухайн өвчтнөөс хагалгааны төлбөрт болон эрүүл мэндийн даатгалд төлсөн баримтыг жагсааж бичсэн байх ба үүнд С.Г нь хагалгааны төлбөр 95.000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын төлбөр 15% болох 76.194 төгрөг нийт 171.194 төгрөгийг ГССҮТ-н дансанд тушаасан баримт /1-р хавтаст хэргийн 120 хуудас/, С.Г олгогдох хохирлын тооцоонд орсон байхад ГССҮТ-өөс өөрсдийн нэхэмжилсэн баримтанд давхардуулж нэхэмжилснээс гадна даатгалаас төлөгдсөн 776.250  төгрөгийг нэмж С.Галтаас 947.444.0 төгрөг, С.Э гийн хохирлын тооцоонд өөрөөс нь гаргасан хагалгааны төлбөр болон эрүүл мэндийн даатгалд төлсөн 266.194 төгрөгний баримт /1-р хавтасны 153-р хуудас/ С.Э д олгогдох хохирлын тооцоонд орсон байхад ГССҮТ-өөс өөрсдийн нэхэмжлэлийн баримтанд мөн давхардуулж нэхэмжилсэн ба даатгалаас Э.Э гийн  эмчилгээний зардалд төлөгдсөн 870.000 төгрөгийг нэмж нийт 1.136.194.0 төгрөгийг Р.Гдаатгалаас төлөгдсөн 180.750 төгрөг, -П.А даатгалаас төлөгдсөн 2.133.250 төгрөг нийт 4.397.638 төгрөгийг үндэслэлгүйгээр нэхэмжилсэн байна. /С.У гийн эмчилгээний зардалд даатгалаас хэдэн төгрөг төлөгдсөн болох нь тодорхойгүй/. Шууд бус гэх хүснэгтэд Р.Г 500.966.2, С.Г 795.498.7, Э.Э  454.852.2, П.А 2.816.118.8, С.У  190.914.8 төгрөг буюу нийт 4.758.350.7 төгрөгний баримт нь ямар үйлчилгээ зардлын баримт болох нь  тодорхойгүй ойлгомжгүй байна.          

Нийт зардал гэх хүснэгтэд Р.Г 4.352.443.0, С.Г 6.911.370.3,
Э.Э  3.951.799.9,  П.А 24.466.714.1,  С.У   1.658.686.7 төгрөг буюу

нийт 41.341.013.9 төрөгний хохирлыг ГССҮТ-д "Нью-Жуулчин" ХХК-аас гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байх тул эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 27 тоот шийтгэх тогтоолоос ГССҮТ-н нэхэмжлэлийг хангах хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна…” гэв.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу иргэний хариуцагчийн өмгөөлөгч Я.Энхжаргалын гаргасан гомдлыг үндэслэн тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл

Ж.Б  нь 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн орчим Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг Тэх толгой гэх газарт “Нью-Жуулчин Турс” ХХК-ны эзэмшлийн 84-24 УБЕ улсын дугаартай Nissan Civilian маркийн автомашиныг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасныг зөрчиж эсрэг урсгал сөрсний улмаас иргэн П.А жолоодож явсан 89-79 УНБ улсын дугаартай Toyota Рruis-30 маркийн автомашиныг мөргөж, П.А, Р.Г, Э.Э , С.Г нарын эрүүл мэндэд хүнд хохирол, А.П эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, С.У , С.М, М, K.Ceнтяа, П.Ц нарын  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн Р.Г эзэмшлийн Toyota Рruis-30 маркийн тээврийн хэрэгсэлд 11.195.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээд бусдад учруулсан хохирол, гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Ж.Б  нь “Нью-Жуулчин Турс” ХХК-ны жолоочоор ажилладаг ба гэмт хэрэг үйлдэх үедээ уг компанийн эзэмшлийн 84-24 УБЕ улсын дугаартай Nissan Civilian маркийн автомашиныг жолоодож яваад дээрх гэмт хэргийг үйлджээ.

 Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах талаар тусгайлан зохицуулсан бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан иргэний хариуцагч хэмээн “Нью-Жуулчин” ХХК-иас гэм хорын хохирол гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь: Мөрдөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолоор “Нью-Жуулчин Турс” ХХК-ийг иргэний хариуцагч байгууллагаар татсан /хх 199/ байх боловч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолдоо иргэний хариуцагчийг “Нью-Жуулчин” ХХК, “Нью-Жуулчин Турс” ХХК гэж өөр өөрөөр тодорхойлж бичжээ.

Түүнээс гадна иргэний хариуцагчаар төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтоохдоо иргэний нэхэмжлэгч байгууллагын гаргасан баримт сэлт нь нотлох баримтын шаардлага хангасан эсэх талаар дүгнэлгүйгээр бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч Гэмтэл согог судлалын үндэсний төвийн  гаргасан гэм хорын хохиролтой холбоотой баримтуудыг нэг бүрчлэн судалж дүгнээгүй, дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай эсэх, нотолгооны шаардлага хангасан эсэх, хохирогч нарын нэхэмжилсэн хохирлын баримтуудтай давхацсан эсэхийг нарийвчлан тооцолгүйгээр

“хохирогч нарын эмчилгээний зардалд 41.341.013.9 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж иргэний хариуцагч болох “Нью-Жуулчин Турс” ХХК-иас гаргуулж иргэний нэхэмжлэгч Гэмтэл согог судлалын үндэсний төвд олгох нь зүйтэй гэж үзлээ” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5-д заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Иймд энэ талаар гаргасан иргэний хариуцагчийн өмгөөлөгч Я.Энхжаргалын давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                          ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Я.Энхжаргалын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ж.Б урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                   

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ё.БЯМБАЦЭРЭН

                                       ШҮҮГЧИД                                                               С.ЦЭЦЭГМАА                                                                      

                                                                                                   С.УРАНЧИМЭГ