Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 365

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Маргад нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч О дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Б.С, Б.Н нарыг оролцуулан иргэн Ч.Бгийн нэхэмжлэлтэй, О дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэлийн шаардлага: О дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 292 дугаар захирамжийн иргэн Б.С холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Уг хууль бус актын үндсэн дээр гарсан О дүүргийн Засаг даргын  2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 308 дугаар захирамжийн Б.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Иргэн Ч.Б би О дүүргийн 24-р хороо, Зүүн салааны Х аманд байрлах, 400.0 метр квадрат зуслангийн зориулалттай газрыг, байшингийн хамт 2002 оноос эхлэн өнөөг хүртэл хууль ёсоор эзэмшиж байна.

О дүүргийн Засаг даргын 2002 оны 09 дугээр сарын 11-ний өдрийн Б/74 дугаар захирамжийн үндсэн дээр миний нэр дээр газар эзэмших эрх олгосон ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан.

Зүүн салааны Х аманд байрлах зуслангийн байрууд нь анх “ДЦС-4” ТӨХК-ийн эзэмшилд байсан бөгөөд компанийн гүйцэтгэх захирлын “Хөрөнгө худалдах тухай” 2004 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 80 дугаар тушаалаар эдгээр байшингууд олон жил ашиглагдсан, засвар үйлчилгээ хийгдээгүй, элэгдэлд орсон шалтгаанаар тухайн үеийн үнэлгээгээр нэр бүхий 30 хүн /ажилчин/-д худалдаж, тухай бүр цалингаас төлбөрийг суутган авсан.

Миний бие ийнхүү уг газрын хууль ёсны эзэмшигч болсон бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд зуслангийн газар, байшинг зориулалтын дагуу ашиглаж, засвар үйлчилгээ хийн, өнгө үзэмжийг сайжруулан эзэмшихийн зэрэгцээ байгууллагадаа 27 дахь жилдээ тогтвор суурьшилтай ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд буюу 2006, 2008, 2010 онд хуучин газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэх, хамтран эзэмшигчээр өөрийн эхнэр Б.Байгальмааг бүртгүүлэхээр тус дүүргийн Газрын албанд удаа дараа хандаж байсан ч тодорхой шалтгаангүйгээр шийдвэрлэж өгөлгүй өнөөдрийг хүрсэн болно.

О дүүргийн Засаг дарга болоод Газрын алба уг асуудлыг шийдвэрлэж өгөлгүй өнөөдрийг хүрсэн атлаа миний эзэмшлийн газрыг дур мэдэн, надад мэдэгдэлгүйгээр бусдад шилжүүлсэн болохыг сүүлд олж мэдлээ.

Тухайлбал, Миний бие 2017 оны 05 сард өөрийн гэр бүлийн хамтаар зуслангийн газартаа гарахаар ирэхэд Б.Н гэх иргэн ирж "...уг газрыг би Б.С гэж хүнээс худалдаж авсан, миний эзэмшлийн газар...” гэх зэргээр маргаан үүсгэж, миний хууль ёсны эзэмшилд халдаж, уг зуслангийн газарт гарч эхэлсэн.

Ингээд уг асуудлыг тодруулах зорилгоор 2017 оны 06 сарын 30-ны өдөр О дүүргийн Газрын албанд очиж, хувийн хэрэг шүүж үзэхэд Бүргэдийн Б.Сгуа гэгчид тус дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 292 дугаар захирамжаар уг газарт давхардуулж газар эзэмших эрх олгосон байсан. О дүүргийн Засаг даргын иргэн Б.С гэгчид газар эзэмших эрх давхардуулж олгосон уг шийдвэр нь энэ талаар харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа болж, миний газар эзэмших, өмчлөх эрхийг зөрчөөд байна.

Улмаар Б.С гэгч нь хууль бусаар эзэмших эрх олж авсан газраа бусдад худалдаж, энэ үндсэн дээр О дүүргийн Засаг даргын 2016 оны 339 дүгээр захирамжаар Б.Нд газар эзэмших эрхийг шилжүүлсэн буюу миний эзэмшлийн газарт давхардуулж газар эзэмших эрх олгосон болно.

Миний бие уг асуудлыг шийдвэрлүүлэхээр Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т заасан журмын дагуу дээд шатны захиргааны байгууллага буюу Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч газрын маргаантай асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлүүлэх талаар хариуг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гардаж авсан тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар ийнхүу шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Б шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“... Миний бие н.Отэй 2 жил хамт ажилласан. Тиймээс тэр хүний талаар тодорхой мэдэхгүй байна. Миний ойлгосноор Б.Н нь Б.Сгаас миний байшин бүхий газраас өөр газар байшин худалдаж авсан байдаг. Б.Сгийн дурдсан н.Б надад хэлэхдээ “...н.Оийн гал голомт болох байшин элэгдэж, нурж унахдаа хүрч байгаа тул засварлаж авах, эсхүл бусдад худалдах тухай түүний охинд хэлсэн” гэж ярьж байсан. н.Б хэлсний дараа Б.С нь тухайн газрыг Б.Нд худалдсан. Б.Н өөр газар байшин авчихаад үүндээ газрын гэрчилгээг нь авах гэтэл бүтээгүй тул манай байшин уруу халдсан. Энэ тайлбарыг н.Б хэлж байсан. Үүний дараа н.Нээс асуухад Б.Сгийн байшин нь н.Б гуайн хажуу талын байшин шүү гэж хэлсэн. Тиймээс та бүхэн андуураад байгаа юм биш үү гэж хэлмээр байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“... Талуудын эзэмшил, өмчлөлийн асуудлаар маргаж буй зуслангийн газар, байшин нь 1984 оноос хойш “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн эзэмшилд байсан. Тус компанийн гүйцэтгэх захирлын “Хөрөнгө худалдах тухай” 2004 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 80 дугаар тушаалаар дээрх зуслангийн байшингуудыг засвар үйлчилгээ хийгээгүй, олон жил ашиглаж, элэгдэлд орсон үндэслэлээр тухайн үеийн үнэлгээг харгалзан, тус компанийн ажилчдад худалдан, төлбөрийг цалингаас нь суутган авах байдлаар тооцоог дуусгасан байдаг.

Нэхэмжлэгч нь тус компанийн Түлш дамжуулах цехийн мэдэлд байсан 3 байшингийн нэгийг газрын хамт дурдсан журмын дагуу худалдан авсан бөгөөд үүнийг үндэслэн нэгдсэн журмаар газар эзэмшүүлэх тухай дүүргийн Засаг даргын захирамж гаргасан байдаг. Ийнхүү хууль ёсны эзэмшигч болсноос хойш өнөөдрийг хүртэл байшингаа зориулалтын дагуу ашиглаж, элэгдэлд орсон байшингийн өнгө үзэмжийг сэргээж, хашаа барьж, ашиглаж ирсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд 2006, 2008, 2010 онд хуучин газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр солиулах, газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах зорилгоор О дүүргийн Засаг дарга, Газрын албанд удаа дараа хандаж байсан боловч ямар нэг байдлаар шалтаг тоочиж, дорвитой хариу өгөхгүй, шийдвэрлэж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

Нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй өнөөдрийг хүрсэн атал нэхэмжлэгчийн эзэмшлийн газар болох үл хөдлөх эд хөрөнгө оршиж буй тухайн газарт Б.Сд 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 290 тоот захирамжаар давхардуулж газар олгосон нь нэхэмжлэгчийн газар эзэмших, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл болсон. Б.С нь хууль бусаар эзэмших эрхийг олж авсан газраа О дүүргийн Засаг даргын 2016 оны 339 дүгээр захирамжаар Б.Нд худалдсан байдаг. Б.С нь тус газрыг өв залгамжлан авсан гэх боловч О дүүргийн Засаг даргын 2002 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 74 дүгээр захирамжаар өвлүүлэгч буюу түүний ээж н.Оийн эзэмших эрх олж авсан 400 м.кв талбайтай газар болон одоо талуудын маргаж буй газар бус өөр газар байсан. О дүүргийн Засаг дарга нь тус эзэмших эрхийг олгохдоо н.Б-ийн эзэмшлийн газар гэдгийг тодруулалгүйгээр олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “... хүсэлт гаргасан газар нь ямар нэг байдлаар бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцаагүй байх...” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн О дүүргийн Засаг дарга 2002 оны захирамжаар нэхэмжлэгч Ч.Б болон гуравдагч этгээд Б.Сд тус тус 400 м.кв талбайтай газар эзэмшиж эрхийг олгосон байдаг. Үүнд байшингийн дугаарыг “42” нэхэмжлэгчийн байшингийн дугаарыг оноож бичсэн байдаг. Харин н.Оийн байшингийн дугаарыг “60” гэж заасан. Энэ баримтаас үзвэл эзэмшүүлсэн газрууд тус тусдаа өөр газрууд болох нь харагдаж байгаа юм. Газар эзэмших эрхийн хугацаа нь 2002 оноос хойш 5 жилийн хугацаатай олгогдсон байдаг. Нэхэмжлэгч нь 2007 онд хугацаа дуусахад хүсэлтээ гаргасаар байсан. Б.С нь 2007 онд газар эзэмших эрх нь дуусгавар болсон байхад 2012 онд өв залгамжлан авсан  нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь өв залгамжлалын журмаар авах гэж буй газрын хугацаа дууссан эсэх, төлбөр төлсөн эсэх, хүсэлт гаргасан эсэхийг тодруулж, шалгахгүйгээр захирамж гаргаж, газар олгосон нь Газрын тухай хуульд заасан “... газар эзэмшигч нас барсан тохиолдолд уг газрыг хууль ёсоор өв залгамжлахыг хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно...” гэснийг зөрчсөн байна. Түүнчлэн нэг иргэн нь хүсэлт гаргасаар байхад шийдвэрлэхгүй байж өөр этгээд гэнэт гарч ирж хүсэлт гаргахад түүнийг шалгахгүйгээр тус газрыг олгосон шийдвэр гаргасан нь хууль бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч О дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Иргэн Ч.Бгийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Ч.Б, иргэн Д.О нар нь О дүүргийн Засаг даргын 2002 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/74 дугаар захирамжаар дүүргийн 7 дугаар хороо, Х аманд 400 мкв газрыг тус тус эзэмших эрхтэй болсон байна.

Иргэн Б.С нь О дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 292 дугаар захирамжаар Д.Оийн газар эзэмших эрхийг шилжүүлэн авч 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 308 дугаар захирамжаар иргэн Б.Нд шилжүүлэн өгсөн байна. Кадастрын мэдээллийн нэгдсэн санд иргэн Б.Нын өмчилж буй 400 мкв газар нэгж талбарын 18633319143727, иргэн Ч.Бгийн эзэмшиж буй 1526 мкв газар нэгж талбарын ******* дугаартайгаар тус тус бүртгэгдсэн байна.

Иргэн Ч.Б, Д.О нарт О дүүргийн Засаг даргын 2002 оны А/74 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газрууд хоорондоо ямар нэг хэмжээгээр давхцалгүй бөгөөд иргэн Ч.Бд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч О дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бб шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: 

“... О дүүргийн Засаг даргын 2002 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгч Ч.Бд тус газрыг 5 жилийн хугацаатай олгосон. Тухайн газрыг 2012 оны оны 10 дугаар сарын 01-ний өдөр өв залгамжлах гэрээгээр Б.С өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг. Энэ нь хууль зөрчөөгүй, бусдын газартай давхцаагүй байдаг. Мөн Б.С болон Б.Н нар харилцан тохиролцож тус газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр тохиролцож, холбогдох баримтыг бүрдүүлэн Газрын албанд өгсөн байдаг. Үүнийг үндэслэн О дүүргийн Засаг даргын захирамж гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“... Ч.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний ээж Д.О нь О дүүргийн Толгойтын Зүүн салаа, Шороотын аманд байрлах 400 мкв талбайтай зуслангийн газрын хууль ёсны эзэмшигч байсан. 2003 онд нас барсаных нь дараа өв залгамжлалын гэрчилгээний дагуу Бүргэдийн Б.Сгуа би эзэмшилдээ авсан. Улмаар 2013 онд би Б.Нд эзэмшлийн эрхээ шилжүүлсэн нь үнэн болно” гэжээ.

Гуравдагч этгээд Б.С шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“...  Миний бие төрсөн эхээсээ өв залгамжлан хууль ёсоор тус газрыг авсан юм. Тус газрыг худалдсан тухай “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн захирлын тушаалд ээжийн маань нэр байхгүй нь ойлгомжтой. “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК тус зуслангийн байшинг худалдсан болохоос газрыг худалдаагүй байхад газрыг байшинтай хамт худалдаж авсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч өнөөг хүртэл тус байшинг ашиглаж байна гэж тайлбарлах ба гэрчүүд мөн худал мэдүүлэг өгсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн эзэмших эрхийн гэрчилгээ нь миний мэдсэнээр 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Тус гэрчилгээнд ямар ч байшингийн дугаар байдаггүй. Тухайн байгууллагын эзэмшлийн зуслангийн газарт нийтэд нь 400 м.кв талбайгаар ажилчиддаа эзэмшүүлэхээр авсан тус гэрчилгээнүүдэд хэн нь хэдэн тоот зуслангийн байшин эзэмших талаар огт дурдаагүй, байшингийн дугаар заагаагүй байсан. Байшингийн дугаар заасан баримт нь ээжийг маань нас барснаас хойш буюу 2004 оны 08-09 дүгээр сард гарсан байгууллагын шийдвэрт нэхэмжлэгчид худалдах байшин нь “42” тоот байшин гэж заасан болохоос газрын гэрчилгээнд энэ тухай заасан баримт байхгүй. Түүнчлэн давхцуулж газар олгосон гэх тайлбар нь үндэслэлгүй юм.

Хэрэв намайг газар эзэмших, өв залгамжлан өөрийн нэр дээр шилжүүлж авахаар кадастрын зураг хийлгэн газрын албанд хүсэлт гаргах үед бусдын газартай давхцаж байсан бол үүнийг шалгаж, мэдэгдэх, цаашлаад олгохгүй байх ажиллагааг Газрын албаны эрх бүхий албан тушаалтнууд хэрэгжүүлэх байсан. Иймээс нэхэмжлэгч тухайн газрыг эзэмшиж, ашиглаж, өмчилж байсан талаар ямар ч баримт байхгүй, тус гэрчилгээнд нь ямар ч дугаар, тэмдэглэгээ байхгүй. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2002 оны захирамжид Ч.Б болон н.О нарт өөр өөр байршилтай 400 м.кв талбайтай газар эзэмшүүлсэн гэх тайлбар нь худал гэж үзэж байна. Өв залгамжлан тус газрыг эзэмшилдээ авахдаа миний бие хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Өөрийн нэр дээр шилжүүлэхдээ газрын төлбөрийг бүгдийг төлж, өв залгамжлах гэрчилгээг авсны дараа Газрын албанд хүсэлт гаргасан. Ч.Бгийн хувьд О дүүргийн Засаг дарга, Газрын албанд хандаж байсан талаар ямар ч нотлох баримт байхгүй гэж үзэж байна” гэв.

               Гуравдагч этгээд Б.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Иргэн Ч.Бгийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан Булган овогтой Номинтуул миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хариу тайлбарыг гаргаж байна.

Миний бие 2013 оны 06 дугаар сарын 19-нд СХД-ийн 24-р хороо, Зүүн салаа, Шороотын аманд байрлах 400мкв талбайтай зуслангийн газрыг хууль ёсны эзэмшигч иргэн Б.Сгаас газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авсан болно.

Уг эрхээрээ СХД-ийн Өмч газрын харилцааны албанд 2013 оны 06 дугаар сарын 28-нд өргөдөл гарган 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 339 тоот шийдвэрээр эзэмших гэрчилгээг шилжүүлэн авсан болно.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Н шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа: 

“... Миний бие тус газрыг 2013 онд Б.Сгаас эзэмших эрхийг шилжүүлэн авсан. Ингэхдээ баримт бичгийг нь үзээд, бодит газарт мөн очиж үзэж хуулийн дагуу Газрын албанд хүсэлтээ гаргаж авсан. 2014 оноос эхлэн тус зусландаа гарсан бөгөөд үүний дараа хөдөө яваад ирэхэд хаалганы цоож солигдсон байсан. Маргаан үүссэнээс болоод миний бие Ч.Бтай биечлэн уулзахад тус газрыг н.О гэж ганц бие хөгшин эзэмшиж байсан  гэж хэлж байсан. Хэрэв давхацсан талаар ямар нэг баримт байвал энэ газрын асуудлаа шийдвэрлэх талаар хэлэхэд тухайн газрын асуудлаа нарийн мэдэхгүй байна гэж хэлсэн. 2017 оноос миний бие тус зусландаа зусч байгаа болно” гэв.

 Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б “О дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 292 дугаар захирамжийн иргэн Б.Сд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн Засаг даргын  2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 308 дугаар захирамжийн Б.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбаруудыг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж, үнэлж дүгнээд захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, маргааны харилцаанд хамаарах хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх шаардлага нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

“ДЦС-4” төрийн өмчит ХК-ийн санхүүгийн бүртгэлд тусгагдсан О дүүргийн нутаг дэвсгэр Х аманд байрлах зуслангийн байшингуудыг олон жил ашиглагдсан, засвар үйлчилгээ хийгдээгүй гэх шалтгаанаар тус компаний гүйцэтгэх захирлын 2004 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 80 дугаар тушаалаар нэр бүхий ажилтнуудад худалдан борлуулсаны дотор Түлш дулааны цехийн эзэмшилд байсан гурван байшингийн нэгийг тухайн үед тус цехийн засварын мастераар ажиллаж байсан нэхэмжлэгч Ч.Бд худалдаж, өмчлөлд шилжүүлсэн болох нь, нэхэмжлэгч Ч.Б О дүүргийн Засаг даргын 2002 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “Газар ашиглуулах зөвшөөрөл олгох тухай” Б/74 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 92 дугаарт бичигдсэнээр 7-р хороо Толгойтын Зүүн салаа, Х аманд 400 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрх авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тушаалын хуулбар  түүнд хамаарах баримт, гэрч С.Доржванчиг, Б.Б, А.Ариунболд нарын мэдүүлэг , “ДЦС-4” төрийн өмчит ХК-ийн 02/4107 албан тоот , иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ  зэрэг баримтаар тогтоогдож байна.

Гуравдагч этгээд Б.С нь О дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 292 дугаар захирамжийн  хавсралтын 103-рт бичигдсэнээр 24 дүгээр хороо Зүүн салааны Х аманд  400 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших болжээ. Ингэхдээ иргэн Д.Оийн О дүүргийн Засаг даргын 2002 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/74 дүгээр захирамжаар тус дүүргийн 7 дугаар хороо, Х аманд байрлалтай газрын газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан байна. 

Б.С маргаан бүхий газрыг өөрийн ээж Д.Оээс өв залгамжлалын үндсэн дээр шилжүүлэн авсан, манай ээж “ДЦС-4” төрийн өмчит ХК-д нэхэмжлэгч Ч.Бгийн нэгэн адил ажиллаж байхдаа уг зуслангийн байшинг өөрийн өмчлөлд авсан хэмээн тайлбарлаж байгаа боловч холбогдох бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

Гуравдагч этгээд Б.Н нь О дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 308 дугаар захирамжаар  иргэн Б.Сгаас маргаан бүхий газрыг шилжүүлэн авсан байна. Кадастрын мэдээллийн нэгдсэн санд иргэн Б.Н 399.87 м.кв газрыг эзэмшж, нэгж талбарын *******дугаартайгаар 2013 оны 10 сараас хойш бүртгэлтэй байгаа нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 1/182 албан бичгээр  нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь О дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх, хугацаа сунгаж, талбай, байршил өөрчилж баталгаажуулах тухай” 292 дугаар захирамжийн  иргэн Б.Сд холбогдох хэсгийг маргаан бүхий захиргааны актаар тодорхойлон хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  буюу 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 292 дугаар захирамжийн иргэн Б.Сд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” хэмээн нэхэмжлэлийн энэхүү шаардлагаа тодруулан өөрчилсөн болно. 

Хариуцагч О дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх, хугацаа сунгаж, талбай, байршил өөрчилж баталгаажуулах тухай” 292 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын жагсаалтын 103-рт зааснаар Бүргэд овогтой Б.Сгуад тус дүүргийн 24-р хороо Зүүн салааны Х аманд байрлах Дашдэндэвийн Оийн эзэмшилд байсан 400 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж шийдвэрлэсэн ба, уг шийдвэр гарсантай холбогдуулан хавсралтанд нэр шилжин баталгаажигдсан дүүргийн Засаг даргын 2002 оны Б/74 дүгээр захирамжийн Д.От хамаарах заалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

Хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүссэн захиргааны акт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 37 дугаар зүйл, 38 дугаар зүйлийг тус тус үндэслэн гарсан ба үүнээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д зохицуулсан харилцаа нь дүүргийн Засаг даргын буюу хариуцагч захиргааны байгууллагын бүрэн эрхийг тодорхойлсон заалтууд байна. 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх асуудлыг нарийвчлан зохицуулсан бөгөөд хэлэлцэж байгаа маргаантай асуудалд илүүтэйгээр тайлбарлаж хэрэглэх зохицуулалт байна.

Шүүх дүгнэхдээ, энэхүү маргаан бүхий газрыг шилжүүлэхдээ, газар эзэмших эрхийн гэрчилгээнийхээ дагуу иргэн Д.Оийн тус дүүргийн 2002 оны Б/74 дүгээр захирамжаар эзэмшиж байсан газар мөн эсэхийг тогтоогоогүй, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.1-т заасан шаардлагыг хангаж захиргааны актаа гаргаагүй, зөвхөн шилжүүлэн авагчийн хүсэлтээр газар эзмших эрхийг шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-ыг зөрчсөн, түүнчлэн шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байгаа эсэхийг шалгахгүйгээр, өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр байх хугацаа даруй таван жилийн өмнө дуусгавар болсон байхад үүнийг анхаарахгүйгээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2-т нийцэхгүй байна гэж үзлээ.

Хэдийгээр гуравдагч этгээд Б.С өөрийн ээжийн газар эзэмших эрхийг өвлөсөн гэж тайлбарлаж байгаа боловч захиргааны байгууллага 2012 оны Б/292 дугаар захирамжийг гаргахдаа хуульд заасан холбогдох судалгаа хийж, тухайн газар дээр байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг тодруулж шийдвэрлэх байсан байна.

Иймд Газрын тухай хуулийн 20 дугаар 20.2.1-д заасан газрын тухай хуул тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дээрх байдлаар хууль зөрчсөн гэж дүгнэж, хариуцагч О дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх, хугацаа сунгаж, талбай, байршил өөрчилж баталгаажуулах тухай” 292 дугаар захирамжийн Бүргэд овогтой Б.Сгуад холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэгч нь Засаг даргын  2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Иргэний зуслангийн газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх, газар эзэмших эрхийн хугацаа сунгах тухай” 308 дугаар захирамжийн Б.Нд холбогдох хэсгийг маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж, хүчингүй болгуулахаар шаардсаныг шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2,  Газрын тухай 21 дүгээр зүйлийн 21.5.3, 37.2, 38.1-ийг тус тус үндэслэн гарч, нэг дэх заалтаар нэр бүхий 109 иргэний газар эзэмших эрхийг шилжүүлснийг хавсралтаар баталж, хоёр дахь заалтаар нэхэмжлэлийн нэг дэх шаардлагад хамаарах хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүссэн захиргааны акт болох О дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 292 дугаар захирамжийн Б.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээг хуульд заасны дагуу шилжүүлэх тухай шийдвэр гаргах, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үр шимийг нь дээшлүүлэх гэхчлэн зохицуулалтыг Газрын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар өөртөө хадгалж хэрэгжүүлэх бүрэн эрхүүдийг Засаг даргад олгосон байна. 

Шүүх маргаан бүхий газрын эзэмших эрх Б.Сд үүссэн захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн тул ийнхүү хууль бус байсан захиргааны актын үр дагавраар буюу дахин уг маргаан бүхий газрын газар эзэмших эрхийг шилжүүлсэн захиргааны актыг хариуцагч захиргааны байгууллага дахин судалж, Газрын тухай хуульд заасан холбогдох судалгаа хийж, эрх ашиг нь хөндөгдөж байгаа, ялангуая маргаан бүхий газар дээр байрлаж байгаа үл хөдлөх хөрөнгийн эзэн хэн байгааг тодруулж шийдвэрээ дахин гаргах шаардлагатай, тодруулбал, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д: “газар эзэмшихэд шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг хангаж, мөн хуулийн 21 дүгээр 21.5.3-д: “... дүүргийн хэмжээнд иргэнд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” заалтыг зөв хэрэглэж, маргаантай асуудалд дүгнэлт өгч дахин акт гаргах нь зүйтэй байна.

  Иргэн Ч.Бгийн эзэмшиж буй нэгж талбарын ******* дугаартай 1526 мкв газар нь маргаан бүхий газраас өөр газар байх тул энэ талаарх дүгнэлт хийсэнгүй. Маргаан бүхий газрын үзлэг, бичиг баримтын үзлэгээр энэ байдал нь тогтоогдож байсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан зарчмыг баримтлан хариуцагчийн ажиллаж буй байгууллагын санхүүгээс тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.11, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

 

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 20 дугаар зүйлийн 20.2.1, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Бгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, О дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх, хугацаа сунгаж, талбай, байршил өөрчилж баталгаажуулах тухай”  292 дугаар захирамжийн Б.Сд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, үлдэх шаардлага болох О дүүргийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Иргэний зуслангийн газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх, газар эзэмших эрхийн хугацаа сунгах тухай” 308 дугаар захирамжийн Б.Нд холбогдох хэсэг нь нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж хариуцагч О дүүргийн Засаг даргаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /О дүүргийн ЗДТГ-ын санхүү/-аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт болох О дүүргийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Иргэний зуслангийн газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх, газар эзэмших эрхийн хугацаа сунгах тухай” 308 дугаар захирамжийн Б.Нд холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           У.БАДАМСҮРЭН