Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 221/МА/2022/0722

 

 

 

 

 

 

 

 

             “Н” НҮТББ-ын

      нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Н” НҮТББ

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 692 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, өмгөөлөгч Б.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0584/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Н” НҮТББ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 692 дугаар шийдвэрээр: 

“...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын “Н” НҮТББ-д холбогдох хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, өмгөөлөгч Б.Э нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн шинжлэн судалж тогтоосон атлаа “багасгасан газрын хэмжээгээр газрын төлбөрийн хэмжээг тодорхойлсны үндсэн дээр нэхэмжлэгч нь тухайн төлбөрийг төлөх боломжтой эсэх, газрын төлбөрийг төлж газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх хүсэл зоригтой эсэхийг тодруулах” шаардлагатай гэж үзсэн нь ач холбогдолгүй бөгөөд үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албатай 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 820200132 дугаар Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэж, газрын төлбөрийн үлдэгдэлгүй гэдгээ баталгаажуулсан. Үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/574 дүгээр тушаалыг үндэслэн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан.

2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2015/287 дугаар гурван талт “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээ”-ний хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл байсан. Энэхүү гурван талт гэрээ үйлчлэх хугацаанд газрын төлбөрөө төлсөн. Үүнээс хойш уг гэрээ сунгагдаагүй тул газрын төлбөр ямар дансанд, хэдэн төгрөг, хэзээ, хэрхэн төлөх тухай мэдээлэлгүй байсан юм.

Учир нь уг гурван талт гэрээн дээр уг мэдээллүүд бичигдсэн тохиолдолд л газрын төлбөр төлөх боломжтой болдог. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар зөвхөн гэрээний үндсэн дээр газар эзэмшүүлж, ашиглуулахаар заасан байдаг.

Иймд нэхэмжлэгч нь гурван талт гэрээ байгуулагдсан тохиолдолд газрын хэмжээ ямар болж өөрчлөгдсөнөөс үл хамааран газрын төлбөрийг төлөх боломжтой. Газрын төлбөрийг төлөх боломжгүй гэсэн байр суурийг манайх огт илэрхийлээгүй, энэ талаар маргаагүй байхад шүүх үүнийг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл “нэхэмжлэгч нь тухайн төлбөрийг төлөх боломжтой эсэх” гэсэн нэхэмжлэгчийн санхүүгийн байдал, төлбөрийн чадвартай холбоотой зүйлийг шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж хариуцагчаар шийдвэрлүүлэх гэж байгаа нь ач холбогдолгүй гэж үзэж байна.

Газар ашиглах эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандан шийдвэрлүүлж байгаа нь газрын төлбөрийг төлж газраа ашиглах хүсэл зоригийг илэрхийлсэн гэж үзэж байна. Гэвч шүүх үүнийг цаашид тодруулах шаардлагатай, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ямар ч ач холбогдолгүй нь тодорхой байна.

3.3.Уг нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.1, 8.2-т нөхцөл байдлыг үнэн, зөв тогтоож, үйл баримт, нотлох баримтыг бүрэн шинжлэн судалж бичсэн атлаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг удирдлага болгон шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. Шинжлэн судалж тогтоосон дүгнэлтээсээ ухарсан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 692 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1.“ Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.1-дБайгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/574 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг 2025 оны 4 дүгээр сарын 24-нийг хүртэл сунгасан талаар тэмдэглэгээг 2015/15 тоот гэрчилгээнд бичиж, тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас гарын үсэг зурснаас хойш маргаан бүхий 2021 оны А/50 дугаар тушаал нь гарах хүртэл 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газар ашиглах эрхийг гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй” гэж дүгнэсэн.

Анх “Н” ТББ-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-188 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 0.3167 га газрыг олгосон.

Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4-т “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасан.

Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “...Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” хэмээн тайлбарласан бөгөөд шүүхээс газрын үзлэг хийхэд үйл ажиллагаа явуулсан гэх баримт болон нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

4.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.2-тМөн хариуцагч нь 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн А/517 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн ашиглаж байсан газраас 128 м.кв газрыг ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан атлаа энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, гэрчилгээнд тэмдэглээ хийгээгүй, улмаар эрх бүхий этгээдээс “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ” байгуулаагүй байх тул газар ашиглагч хуулийн этгээдийн төлбөл зохих газрын төлбөрийн хэмжээ тодорхойгүй байсан гэж үзэхээр байхад нэхэмжлэгчийг газрын төлбөр төлөөгүйд буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгчид Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-188 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 0.3167 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгосон ба Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4-т заасны дагуу газар ашиглах гурвалсан гэрээг мөн адил 5 жилээр байгуулсан, харин 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ дуусгавар болсон.

Мөн нэхэмжлэгч газар ашиглах эрхээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/574 дүгээр тушаалаар 5 жилийн хугацаагаар сунгуулсан бөгөөд газар ашиглах гэрчилгээнд бичилт хийлгэж, дахин шинээр газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах ёстой.

Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргээ биелүүлээгүй, мөн Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 19/942 тоот албан бичгээр “Н” НҮТББ нь 2015 онд 2.905.000 төгрөг төлсөн, 2016-2022 онуудад газрын төлбөрийн төлөлт хийгдээгүй байна гэж ирүүлсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...” нь нотлогдож байна.

Шүүхээс хийсэн газрын үзлэгээр үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогдсон тул Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-188 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд ашиглах эрх авснаас тооцоход 6 жил үйл ажиллагаа явуулаагүй нь Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т заасанд хамаарахгүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”-д хамаарна.

Шүүхээс захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь дээрх хууль, тогтоомжид нийцээгүй, хуулийн дээрх зохицуулалтуудыг буруу тайлбарлаж дүгнэсэн нь хууль хэрэглэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 692 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дугаар зүйлийн 121.1.1-д заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

1.“…багасгасан газрын хэмжээгээр газрын төлбөрийн хэмжээг тодорхойлсны үндсэн дээр нэхэмжлэгч нь тухайн төлбөрийг төлөх боломжтой эсэх, газрын төлбөрийг төлж газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх хүсэл зоригтой эсэхийг тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах шаардлагатай…” гэсэн дүгнэлтүүд нь хэргийн нөхцөл байдлыг цаашид зайлшгүй тодруулах нөхцөл байдал биш, үнэхээр энэ нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзвэл үүнийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хэрэгт авагдсан бусад баримтаар хангалттай дүгнэх боломжтой.

Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэл бүрдсэн эсэхтэй холбоотойгоор хариуцагчаас 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/574 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг 2015 оны 4 дүгээр сарын 24-нийг хүртэл сунгаснаас хойш хуульд заасан хугацаа өнгөрөөгүй талаарх дүгнэлтийг буруутгахгүй ч, маргаан бүхий актын өөр нэг үндэслэл болсон дээрх хуулийн 40.1.5 буюу эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлсөн эсэхтэй холбоотой нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байна.

Тухайлбал газрын төлбөрийн тооцоо нийлсэн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 820200132 тоот актаар 2015-2020 оны 2 дугаар улирлыг дуустал нийт 24.579.160 төгрөгийн төлбөрийг бүрэн төлсөн ч үүнээс 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр төлсөн 21.674.160 төгрөг буцаагдсан байх тул маргаан бүхий актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх бус эсрэгээрээ энэ талаарх баримтыг цуглуулж, буцаагдсан нөхцөл байдлыг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

2.Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн хуулгаас үзэхэд Хан-Уул дүүргийн Газрын албаны Улаанбаатар хотын банкан дахь 26030007906 тоот дансанд дээрх төлбөрийг шилжүүлсэн боловч харилцах дансны харилцагчийн хуулганд “дансны дугаар буруу тул буцаав” гэсэн гүйлгээний утга мөн өдрөөр тэмдэглэгдсэн, гэвч хэрэгт авагдсан энэхүү хуулга нь огнооны хувьд зөвхөн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийнх байх бөгөөд өөрөөр хэлбэл буцаагдсан гэх төлбөр дансанд чухам хэдийд орж ирсэн нь харагдахгүй, гэтэл уг дансыг эзэмшигч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо “…шилжүүлсэн төлбөр буцаж орж ирээгүй…” гэснээс гадна мөн анхан шатны шүүх хуралдаанд шүүгчээс энэ талаар “…нотлох баримт шинжлэн судалж дууслаа. 21.674.164 төгрөг буцаагдсан гэсэн байна. Үүнд тайлбар байна уу? гэхэд “…энэ мөнгөн дүн буцаад дансанд ороогүй. Газрын төлбөрийг шилжүүлсэн баримтыг Хан-Уул дүүргийн газар зохион байгуулагчтай тооцоо нийлэхэд дансанд нь орсон гэсэн учир тооцоо нийлсэн акт өгсөн. Хэрэв дансанд нь ороогүй бол тооцоо нийлсэн акт өгдөггүй, дансанд нь ороогүй байсан бол над руу эргээд холбогдох байсан…” гэх зэргээр хариулсан болох нь хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ч дээрхтэй холбогдуулан анхан шатны шүүх хуралдаанд “…2020 оноос өмнө газрын төлбөрийг төлөх асуудал нь теллерийн буруу бичилтээс болоод буцаагдсан байгаа…” гэснээс үзэхэд маргаан бүхий актын нэг үндэслэл болсон газрын төлбөр төлөгдсөн эсэхтэй холбоотой, тодорхой шалтгааны улмаас буцаагдсан төлбөрийг яагаад эргэж төлөөгүй талаарх нотлох баримтыг хангалттай бүрдүүлэх шаардлагатай.

Өөрөөр хэлбэл банк хоорондын шилжүүлэг хийхдээ дансны буруу бичилтээс шалтгаалж төлбөр буцаагдсан байх тохиолдолд тухайн төлбөр буцаж О.Н-ын харилцах дансанд орсон эсэхийг баримтаар тогтоосноор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж буй дээрх тайлбарт үндэслэлтэй дүгнэлт өгөх, ингэснээрээ хэргийг нэг мөр шийдвэрлэх нөхцөлийг бий болгоно.

Гэтэл шүүхийн шийдвэрт энэ талаар “…нэхэмжлэгч газрын төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүй, Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэх тул нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй…” гэж, эсхүл “…хариуцагч нь 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн А/517 дугаар тушаалаараа нэхэмжлэгчийн ашиглаж байсан газраас 1280 м.кв газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан атлаа энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, гэрчилгээнд тэмдэглэгээ хийгдээгүй, улмаар эрх бүхий этгээдээс газар ашиглах гэрээ байгуулаагүй байх тул газар ашиглагч хуулийн этгээдийн төлбөл зохих газрын төлбөрийн хэмжээ тодорхойгүй байсан гэж үзэхээр байхад нэхэмжлэгчийг газрын төлбөр төлөөгүйд буруутгах үндэслэлгүй…” гэх зэргээр хоорондоо зөрчилдсөн, өмнөхөө үгүйсгэсэн, харилцан уялдаа холбоогүй дүгнэлт хийх байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь хангалтгүй.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 692 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

                     ШҮҮГЧ                                                                Г.БИЛГҮҮН 

 

          ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

          ШҮҮГЧ                                                              Э.ЛХАГВАСҮРЭН