| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2021/0027/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/27 |
| Огноо | 2021-03-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/27
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч Д.Ж-н өмгөөлөгч М.Энхзаяа
Шүүгдэгч Д.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Д-ийн Ж-нд холбогдох 2116000090027 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Ж нь иргэн Г.Б-ийн нүүрс савлах туслах ажилтан авна гэх байршуулсан зарын дагуу би эдгээр 4 хүнийг ахалж яваа тул өдрийн цалинг нь надад өгөх хэрэгтэй хэмээн итгүүлж иргэн Д.Ү, Г.О, О.М, Б.Б нарын 2020 оны 12 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд ажилласан ажлын хөлс болох 240.000 төгрөгийг Г.Б-оос бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч залилан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2020 оны 12 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд “Залуур Алтай” ХХК-ны Б гэдэг хүний нүүрс савлуулна гэсэн зарын дагуу очиж ажилласан. 12 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд 4 хүн ажиллуулаад өдрийнх нь өгөх байсан мөнгийг нь залилан хийж авсан. Миний буруу гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Манай компани нь Баянтээг гэх газраас нүүрс авч ирж шуудайлуулсан. Тэгэхдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зар тавьж хүн авч ажиллуулсан. 2020 оны 12 дугаар сарын 10-ны үед нэг залуу ирж 2 өдөр ажиллаад мөнгөө аваад явсан. Түүний дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нөгөө залуу 4 хүн дагуулж ирсэн. Түүний нэг нь эмэгтэй, 3 нь эрэгтэй хүн байсан. Тэр залуу надад ярихдаа энэ манай багийнхан байгаа юм, энэ хүмүүсийн тооцоог надтай хийгээрэй гэж хэлсэн. Бид нар анх ярихдаа нэг шуудай нүүрсийг 800 төгрөгөөр шуудайлна гэж ярилцсан бөгөөд бид нарыг залилсан залуугийн авч ирсэн 4 хүн нь өдөрт 150 уут нүүрс шуудайлсан тэгээд 800 төгрөгөөр бодож үзэхэд 4 хүний нэг өдрийн ажлын хөлс нь нийтдээ 120.000 төгрөг болж байсан. 2020 оны 12 дугаар сарын 15, 16-ны 2 өдрийн мөнгө болох 240.000 төгрөгийг нөгөө залилсан залуу авч явсан ...Надад учирсан хохирол барагдсан. 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр миний Хаан банкны 0000 гэсэн данс руу 000 гэсэнд данснаас Д-н Ж ЙС000 өр барагдуулав гэсэн утгатай 240.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг/хх-ийн 12-15-рт/,
Гэрч Д.Ү-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...О, Б, М бид 4 очиж нүүрс шуудайлсан. Харин зар тавьж бид нараар ажил хийлгэсэн Д.Ж гэдэг залуу нь эхний хоёр өдөр очиж харж байгаад сүүлийн өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр алга болсон. Очирхуяг, Батзаяа, Мөнхням бид дөрөвт 1 шуудай нүүрсийг 800 төгрөгөөр шуудайлна гэж ажиллуулсан. Бид 4 нийлээд өдөрт 150 шуудай савласан ба ажлын хөлс нь 120.000 төгрөг болж байсан ба тухайн мөнгийг О, Б, М бид 4 хувааж авах ёстой байсан. Харин Д.Ж нь нэг ч шуудай нүүрс савлаагүй тул ажлын хөлснөөс авах ёсгүй байсан. Залуур-Алтай ХХК-ийн ажилтан Гансүхийн Баасандорж нь О, Б, М бид нарын ажлын хөлс болох нийт 240.000 төгрөгийг төлж барагдуулсан. Тухайн мөнгийг бид нар 60.000 төгрөгөөр нь тус бүртээ хувааж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 43-рт/,
Гэрч Г.О-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Д.Ж нь ямар нэгэн ажил хийгээгүй ...Бид нар өөрсдийн ажлын хөлс болох мөнгөө авсан учраас бид нарт энэ хэрэгтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28, 45-рт/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Маргааш нь буюу 12 дугаар сарын 15-ны өдөр 10 цагт О, түүний эхнэр Ү, М бид 4 нийлээд нөгөө залуутай уулзаад Залуур-Алтай дээр очиж нүүрс савласан. Тэр залуу бид нарт хэлэхдээ нэг шуудай нүүрсийг 800 төгрөгөөр савлана. 3 өдөр ажилласны дараа ажлын хөлсийг өгнө гэж хэлсэн. ...Б нь та нарын ахлагч гэж хэлсэн. Тэгээд орой оройдоо мөнгөө авсан 15, 16-ны өдрийн 240.000 төгрөгийг тэр залуу авсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-рт/,
Гэрч О.М-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Бид нартай зарын дагуу уулзаж ажил хийлгэсэн Д.Ж гэх залуу өөрөө ажиллаагүй бөгөөд бид нарын ажиллахыг харж ойролцоогоор яваад байсан. Бид нар өөрсдийн ажлын хөлс болох мөнгөө авсан учраас бид нарт энэ хэрэгтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32, 47-рт/,
“Хаан банк” дахь иргэн Г.Б-ийн эзэмшлийн 5323092648 тоот харилцах дансны хуулга /хх-ийн 51-рт/,
“Мобиком ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 4/366 дугаартай “8500000 дугаарын эзэмшигч нь ЙС000 регистрийн дугаартай Д-ийн Ж” гэх албан тоот /хх-ийн 56-60-рт/,
Д.Ж-ийн ашигладаг (facebоок хаягт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 66-77-рт/
Д.Ж нь ам бүл ганцаараа, мал маллаж байгаа малчин өрх мөн болно гэсэн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Архангай аймгийн Хотон сумын Орхон багийн Засаг даргын тодорхойлолт/хх-123-рт/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-124-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа дүгнэлтдээ: Д.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Учруулсан хохирлоо нөхөн төлсөн, урд нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Анх удаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон. Архангай аймгийн оршин суугч, хохирлоо нөхөн төлсөн учир торгуулийн доод хэмжээгээр шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэвэл шүүгдэгч Д.Ж нь иргэн Г.Б-ийн нүүрс савлах туслах ажилтан авна гэх зарын дагуу иргэн Д.Ү, Г.О, О.М, Б.Б нараар нүүрс шуудайлуулан улмаар Г.Б-д *би эдгээр 4 хүнийг ахалж яваа тул өдрийн цалинг нь надад өгчих би эдгээр хүмүүстэй тооцоо хийнэ* хэмээн итгүүлж Д.Ү, Г.О, О.М, Б.Б нарын 2020 оны 12 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд ажилласан ажлын хөлс болох 240.000 төгрөгийг Г.Б-оос залилан авсан гэх үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг авч өмчлөх эрхэнд халдсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Уг гэмт хэргийг шүүгдэгч Д.Ж үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан хохирогч Г.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Д.Ү, Г.О, Б.Б, О.М нарын мэдүүлэг, Хаан банк” дахь иргэн Г.Б-ийн эзэмшлийн 0000 тоот харилцах дансны хуулга, “Мобиком ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 4/366 дугаартай “8575-6569 дугаарын эзэмшигч нь ЙС000 регистрийн дугаартай Дийн Ж” гэх албан тоот, Д.Ж-ийн ашигладаг facebоок хаягт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Д.Ж-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Ж-г хуурч , бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ж-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Г.Б-д 240.000 төгрөгийн хор уршгийг барагдуулсан, бөгөөд хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч нь 240000 төгрөгийг Г.Б-ийн дансанд хийсэн Г.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Д.Ж-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Д.Ж нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь шүүгдэгч Д.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар *оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх* үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргажээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын “шүүгдэгч Д.Ж-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Д.Ж-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, цалин хөлс зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Харин шүүгдэгчид торгуулийн ял оногдуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан *оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх* үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зохимжгүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Ж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Д-ийн Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Ж-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА