Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/65

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт О-д холбогдох эрүүгийн 2121000000011 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ........................ ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорнод аймаг Чойбалсан сумын Хулстай баг, .................. оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .... овогт О. /РД: ................/

Шүүгдэгч О нь Дорнод аймгийн Чойбалсан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргад нэр дэвшихдээ өөртөө санал өгүүлж давуу байдал бий болгох зорилгоор Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би Чойбалсан суманд 2002 оноос хойш ажиллаж эхэлсэн ба сүүлийн 12 жилийн хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан. Би Монгол Ардын намын гишүүн байсан ба төрийн албан хаагч учир намаасаа түдгэлзсэн. Сумын иргэдийн төлөөлөгч нар намайг Засаг даргад нэр дэвших талаар санал болгосон. Энэ байдлыг харгалзан би сумын Засаг даргын албан тушаалд нэр дэвшсэн. Сумын иргэдийн төлөөлөгч нар надад “чи Д-ийг өөртөө санал өгөх талаар ярьж хэлэх хэрэгтэй шүү” гэж хэлсэн. Би Д-той суманд ажиллаж амьдарч эхэлсэн цаг хугацаанаас эхлээд гэр бүлийн сайхан найзууд юм. Д надад “надад мөнгө хэрэг болоод байна. Чамд зээлэх мөнгө байна уу?” гэхээр нь би зээлж байсан. Энэ байдал олон удаа давтагдаж байсан. Хэрвээ надад мөнгө байхгүй бол хүнээс олоод Дт зээлүүлдэг байсан. Би Дт “би Засаг даргын албан тушаалд нэр дэвшиж байгаа” гэдэг талаар хэлж байсан. Анхзаяа гэдэг нь манай сургуулийн бага ангийн багш юм. Анхзаяа бид хоёр ажил хэргийн байдлаас болоод маргалдаж байсан. Тэр үед Анхзаяа багш надад “би чамайг ямар ч байсан зайлуулах болно оо. Харж байгаарай” гэж заналхийлж байсан. Анхзаяа нь Дийн бэр эгч нь юм. Энэ байдлаас харахад Анхзаяа багш миний энэ байдлыг далимдуулах намайг зайлуулах зүйл хийсэн байх гэж бодогдож байна. Д хүнд өртэй байгаа талаараа зөндөө хэлж байсан ба би санаа зовоод туслах зорилгоор мөнгө зээлдэг байсан нь үнэн. Тухайн үед би Дт “найз нь чамд тусалъя. Чи найзыгаа дэмжихийг бодоорой” гэж хэлээд мөнгийг өгсөн. Д тухайн мөнгийг аваад Дашбаатарын гэрт орсон гэж хэлж байгаа боловч яг үнэндээ тийм биш байх гэж бодож байна. Бусад хүмүүс бүгд ашиг сонирхолын зөрчилтэй учир үгсэн тохиролцсон. Гэрч Тунгалагтуяа, Мөнх-Эрдэнэ, Дашбаатар, Д нар нь өмнөх Засаг даргыг шантаажилж байгаад сум хөгжүүлэх сангаас тус бүр 20 сая төгрөгийг гаргуулж авч байсан. Мөн баг дээр гаргах ёстой байсан худгийг гэрийнхээ гадаа гаргуулж байсан гэх мэт зөрчлүүдтэй хүмүүс юм. Үүнээс харахад хувийн маш их зөрчилтэй нь тодорхой байна. Надад саналаа өгсөн хүмүүс нь тодорхой хэмжээний хувиараа хөдөлмөр эрхэлдэг, боломжийн амьдралтай ашиг сонирхолын зөрчилгүй хүмүүс байсан. Дээрх хүмүүс надад саналаа өгөхдөө “суманд болоод байгаа бусармаг, шударга бус, хүмүүсийг шантаажилсан хүмүүсээс салгаж, сумаа хөгжүүлэх хэрэгтэй байна” гэж хэлж байсан. Дээрх хүмүүс нь намайг олон жил төрийн албанд ажилласан учир итгэл өгсөн байх гэж бодож байна. Д надаас мөнгө аваад шууд гэрч нартай уулзаагүй. Харин надаас авсан мөнгөө хэрэглээд дараа нь уулзсан. Би нөхөртэйгөө хамт Дийн гэрт очиход Д нааштай, надад саналаа өгөх хандлагатай байсан. Манай нөхөр намайг Дт мөнгө өгсөн гэдгийг мэдэхгүй. Д надаас олон удаа мөнгө асуугаад байдаг учир дургүй байдаг. Засаг даргын сонгуулийн дараа нь манай нөхөр бэлтгэлийн хүүхдүүдээ аваад Эрдэнэт хот руу явахаар болоод надаас мөнгө асуухаар нь би “байхгүй” гэж хэлэхэд манай нөхөр “яагаад байхгүй байгаа юм бэ?” гэхэд би “Дт зээлүүлсэн” гэж хэлсэн. Ингээд манай нөхөр уурлаад “Д найз гэх мөртлөө чамайг яагаад дэмжээгүй юм бэ” гэсэн. Манай нөхөр Дийн утас руу залгаад авахгүй байхаар нь сумын facebook group-т пост оруулсан байсан ба дээрх байдлыг Анхзаяа ашиглаад өргөдөл өгсөн байсан. Би Анхзаяагийн захирал учир түүний бичгийн хэвийг сайн мэдэж байна. Энэ хэрэгт Доос илүү Анхзаяа нь оролцоотой юм. Би Дтой уулзахад надад санал өгөх талаар хэлж байсан...гэв.

 

Гэрч П.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны орон нутгийн сонгуульд Монгол Ардын намаас Чойбалсан сумын Хөх нуур багт нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон. Ингээд манай сумын Засаг даргыг сонгох анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр сумын төв дээр болсон. Дээрх хурлын тов гарсны дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Чойбалсан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал О нь намайг уулзья гэж мессеж бичихээр нь би түүний гэрийнх нь хойд талд түүний цагаан өнгийн жижиг машинд сууж уулзсан. Тэгтэл О нь надтай ойр зуурын юм ярьж байснаа “...би сумын Засаг даргад өрсөлдөх гэж байгаа, тиймээс чи найзыгаа дэмжээрэй...” гэж хэлсэн. Тухайн үед тэр машинд бид хоёроос өөр хүн байгаагүй. Би тэр үед Од “...би одоо юу ч амлаж чадахгүй ээ, ер нь би чамайг дэмжихгүй ээ...” гэдэг саналаа хэлэхэд тэрээр “...харин тиймээ чи угаасаа цаашаа эргэчихсэн байсан...” гэж хэлсэн. Тэгээд би Оийг сумын трестийн байшингийн урд буулгаад өгчих гээд тэнд очсон. Ингээд би машинаас буух гэхэд О нь миний халаасанд дугтуйтай зүйл хийхээр нь би “...юу юм бэ...” гэхэд тэрээр “...зүгээрээ...” гэж хэлээд намайг машинаасаа түлхээд буулгасан. Би түүнтэй ярилцаж байхдаа “...чамаас мөнгө төгрөг авахгүй, би чамд саналаа өгнө гэж амлаж чадахгүй...” гэдгээ удаа дараа хэлсэн. Тэгээд намайг машинаасаа түлхэж буулгачихаад, хүүхдээ сургуульд хүргэж өгнө явлаа гээд яараад яваад өгсөн. Би буугаад халааснаас аваад үзэхэд дугтуйнд 500,000 төгрөг хийсэн байсан. Тэгэхээр нь би трестийн байшинд байх төрсөн ах П.Дашбаатарын гэр рүү ороход сумын МАН-ын дэд дарга Ууганбаатар, сумын Засаг даргын орлогч Төрболд, Энгэр шанд багийн Засаг дарга Тунгалагтуяа, түүний нөхөр Мөнх-Эрдэнэ, манай ахын эхнэр Анхзаяа нар байсан. Тэд нар аймгийн намын хуралд оролцохоор явах гээд цуглаад байж байсан юм билээ. Би тэр хүмүүст “...Одноо надад энэ мөнгийг өгчихлөө, надад саналаа өгөөрэй гэж байна...” гэхэд тэд нар “...өө тэгвэл зургийг нь даръя, чи хадгалаарай наад мөнгөө...” гээд зургийг дарж би мөнгийг бэр эгч Анхзаяад өгч хадгалуулсан. О нь надад сумын Засаг даргыг сонгох хуралд өөрийг нь дэмжээрэй гээд 20,000 төгрөгийн дэвсгэрт 21 ширхэг, 10,000 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 6 ширхэг нийт 500,000 төгрөгийг дугтуйнд хийж халаасанд хийсэн байсан. Би тэр үед Оийн мөнгө өгсөн зүйлийг баталгаажуулахаар түүний нөхөр П.Амгаланбаатарын 80540015 дугаарын утас руу “...Одноо найзаа уучлаарай, надад мөнгө өгсөнд эвгүй санагдаж байна, би санаа зовоод байнаа...” гэхэд тэрээр “...ээ чи намайг зөвөөр ойлгоорой, битгий санаа зовоо. Найз нь тэгж элдвийн яриа асуудал гаргахгүй ээ...” гэсэн хариуг ирүүлсэн байсан. Ингээд 2020.11.02-ны өдөр сумын Засаг даргыг сонгох Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан болж, Засаг даргад орлогч Төрболд, сургуулийн захирал О нар өрсөлдөж нэг төлөөлөгчийн саналаар Төрболд нь Засаг даргаар томилогдсон. Энэ хурал тарсны дараагаас намайг “надад саналаа өгсөнгүй, чи өгөөгүйгээс болж би ялагдлаа” гэх зэргээр хэлэхээр нь би түүнд “...би чамд саналаа өгсөн...” гэж хэлсэн. Сумын Засаг даргыг сонгосны дараа нөхрийнх нь утаснаас миний 88408616 дугаарын утас руу “хүнд итгэхэд хэцүү болж дээ, Одноо чамд мөнгө өгсөн гэсэн, тэрийгээ хийчээрэй 5418007825” гэсэн мессежийг ирүүлэхээр нь би “өө уучлаарай найзаа тэрийг харин үрсээн, чи ав ав гээд байсан даа” гэхэд “боломжтой болоод өгчихөөрэй” гэсэн хариуг ирүүлсэн. Ингээд би энэ асуудлын талаар 2020.11.10-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт ирээд өргөдөл өгөх гэсэн боловч амжаагүй, тэгээд өвчин гарч хорио цээр тогтоогоод дахин ирж чадахгүй байсаар сая аймагт ирж танай байгууллагад гомдол гаргаж байна. Би түүнээс ямар нэг байдлаар шан харамж, мөнгө төгрөг нэхээгүй. Харин би түүнтэй анх уулзахдаа л би юу ч амлаж чадахгүй шүү гэдгээ сайн хэлсэн...” гэжээ. /хх-ийн 33-35 тал/

Гэрч Б.Анхзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өдрийг нь нарийн санаж байна. Учир нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чойбалсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшсэн хоёр хүний санал тэнцсэн учир нэмэлт сонгууль явагдсан юм. Үүний маргааш буюу 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн орчимд манай гэрт хадам дүү П.Д орж ирсэн. Тухайн үед манай сумын төв дэх гэрт манай нөхөр Дашбаатар, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Мөнх-Эрдэнэ, Ууганбаатар, Төрболд, Тунгалагтуяа нар аймаг руу намын хуралд явах гээд ирээд байсан юм. Учир нь манай нөхөр сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байсан, тэгээд аймгийн намын хуралд нь цуг явахаар болоод нөхрийг авахаар тэдгээр хүмүүс манай гэрт ирээд байсан. П.Д гаднаас ганцаараа орж ирээд бид нарт “...Одноо надад намайг дэмжээрэй гээд дугтуйтай мөнгө өглөө...” гээд цэнхэр өнгөтэй дугтуйтай 500,000 төгрөгийг гаргаж бид нарт үзүүлсэн. Тухайн өгсөн гэх мөнгө нь 20,000, 10,000, 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэртээр байсан, яг аль мөнгөн дэвсгэрт нь хичнээн ширхэг байсныг мэдэхгүй байна, ямар ч байсан 500,000 төгрөг байсан. Сургуулийн захирал Оийг бид нар Одноо гэж дууддаг юм. Тухайн үед гэрт байсан хүмүүс энэ талаар юу ярилцсаныг би сайн сонсоогүй, ямар ч байсан нөхрийн дүү П.Д нь “...би хөдөө явах гэж байна, энийг ирж байгаад учрыг нь олъё, би энэ мөнгийг аваад яахав, та хадгалаад байж байгаарай...” гээд надад дугтуйтай мөнгөө үлдээсэн. Тухайн үед гэрт байсан хүмүүс болон манай нөхөр хуралд явах гээд яарч байсан учраас удалгүй гэрээс гараад явсан, би тухайн дугтуйтай мөнгийг өөрийнхөө гэрийн хувцасны шкафанд хадгалсан, хадгалахаасаа өмнө гаднах дугтуй, доторх мөнгөний зургийг нь өөрийн гар утсаараа дараад цааш нь хийсэн. Тэгээд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан 2020.11.02-ны өдөр болох байсан учир П.Д хөдөө гэрээсээ сумын төвд өмнөх өдөр нь ирсэн. Ингээд П.Д нь хуралдаа оролцчихоод дараа нь надад үлдээсэн дугтуйтай мөнгөө авсан...” гэжээ. /хх-ийн 36-37 тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/

- П.Д, Б.Анхзаяа нарын гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-30 тал/

- Мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 32 тал/

- Гэрч Д.Ууганбаатарын мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/

- Гэрч Г.Төрболдын мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/

- Гэрч М.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/

- Гэрч Х.Тунгалагтуяагийн мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/

- Гэрч П.Дашбаатарын мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/

- Дорнод аймгийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 134 дугаартай “Ажилд томилох тухай” захирамжийн хуулбар /хх-ийн 68 тал/

- Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 69-71 тал/

- Чойбалсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, сонгуулийн хорооны тогтоол /хх-ийн 81-82, 116-121 тал/

- Чойбалсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Сумын засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоол /хх-ийн 83 тал/

- Чойбалсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдааны тэмдэглэл /хх-ийн 85-101 тал/

- О-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-42, 57-59 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ...... овогт О нь Дорнод аймгийн Чойбалсан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргад нэр дэвшихдээ өөртөө санал өгүүлж давуу байдал бий болгох зорилгоор Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч П.Д-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, П.Д, Б.Анхзаяа, Д.Ууганбаатар, Г.Төрболд, М.Мөнх-Эрдэнэ, Х.Тунгалагтуяа, П.Дашбаатар нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, П.Д, Б.Анхзаяа нарын гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, Дорнод аймгийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 134 дугаартай “Ажилд томилох тухай” захирамжийн хуулбар, ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт, Чойбалсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, сонгуулийн хорооны тогтоол, Чойбалсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Сумын засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоол, Чойбалсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдааны тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч О-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О-ийг нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч О-ийг нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Шүүгдэгч О-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан үеэс тоолж эхлэхийг дурдах нь зүйтэй юм.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн цаасан дугтуйтай АН-7009796, АЕ-4686523, АF-7258329 AG-1145561, AG-8845855, AH-9852212, AG-6438969, AG-3963352, AG-4291519, AG-5074665, AC-8936588, AD-5150022, AD-1903822, AG-0303407, AG-4698870, AD-2691702, AG-7631040, AD-9298728, AF-3319388, AH-0685404, AC-5653436 серийн дугаартай нийт 21 ширхэг 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, мөн NZ-6547556, PS-9042101, AG-1066390, PS-0829874, AG-4078257 серийн дугаартай 5 ширхэг 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, мөн GB-6174665, AL-9895707, AN-0824480, AN-1633773, AJ-5663244, AM-9007992 серийн дугаартай 6 ширхэг 5.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, нийт 500.000 төгрөгийг улсын орлого болгох, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч О-ийн ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ......... овогт О-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О-ийг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн цаасан дугтуйтай АН-7009796, АЕ-4686523, АF-7258329 AG-1145561, AG-8845855, AH-9852212, AG-6438969, AG-3963352, AG-4291519, AG-5074665, AC-8936588, AD-5150022, AD-1903822, AG-0303407, AG-4698870, AD-2691702, AG-7631040, AD-9298728, AF-3319388, AH-0685404, AC-5653436 серийн дугаартай нийт 21 ширхэг 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, мөн NZ-6547556, PS-9042101, AG-1066390, PS-0829874, AG-4078257 серийн дугаартай 5 ширхэг 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, мөн GB-6174665, AL-9895707, AN-0824480, AN-1633773, AJ-5663244, AM-9007992 серийн дугаартай 6 ширхэг 5.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, нийт 500.000 төгрөгийг улсын орлого болгох, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч О-ийн ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ