| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2021/0082/э |
| Дугаар | 2021/ШЦТ/75 |
| Огноо | 2021-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/75
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд
Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Б-эд холбогдох эрүүгийн 2121000000053 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ........... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..... овогт Б. /РД: .............../
Шүүгдэгч Б нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 0-02 тоотод оршин суух гэртээ согтуугаар хамтран амьдрагч Ү-ын толгойн тус газарт гараар болон сандлаар зодож Үын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.
Хохирогч Ү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны үдээс хойш 16 цагийн үед Б халамцуу орж ирээд намайг Бандаа гэдэг хүнтэй хардаад “би чамайг ална” гээд миний толгой руу хэд хэдэн удаа цохиод үсдэж...баруун гарын дотор талын болон, шууны дотор талын махнаас чимхсэн, мөн баруун гарын шуун дээрээс хазсан. ...Тэгээд гарч яваад орой 19 цаг өнгөрч байхад Болорсүх орж ирэхдээ их согтсон байсан. Би чамтай амьдрахгүй, хувцасаа аваад яв, би тайван амьдармаар байна гэж хэлэхэд Б “Би чамайг ална” гээд над руу дайрч миний нүүр рүү зангилаатай гараараа цохисон. Тэр үед ******* салгасан. Б-г гэрээс гарсны дараа ******* цагдаагийн газарт дуудлага өгсөн. Эргүүлийн цагдаа ирэхэд Б гараад явсан байсан. 00 цагийн үед Б том савтай пиво барьчихсан согтуу орж ирээд намайг “пизда, янхан” гээд цохих гээд байсан. Энэ үед ******* цагдаа дуудаад цагдаа нар орж ирсэн. Б бид хоёр албан ёсны баталгаа байхгүй. 2019 онд танилцсан. Хамт амьдраад охинтой болсон. ...Б болсон явдлын дараа надаас уучлалт гуйсан. ...Одоо Б бид хоёр цугтаа амьдарч байгаа тул түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэжээ. /хх-ийн 21-23 тал/
Гэрч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн орой 18 цагийн үед хөдөөнөөс аймгийн төвд Б ахынд ирсэн. Намайг хүргэн Б-д ирэхэд гэрт нь түүний эхнэр Ү, манай эхнэр ******* хүүхдүүдийн хамт байсан. 19 цаг өнгөрч байхад Б ах гэртээ согтуу ирсэн. Ү эгч “чи цүнхтэй хувцасаа авах гэж ирээ юу” гэхэд Б ах “чамайг гүйцээх гэж ирлээ” гээд шууд Ү эгчийн нүүр рүү 1-2 удаа зангилаатай гараар цохисон. Ү эгч гэрийнхээ баруун орон дээр бага хүүхдээ тэвэрчихсэн хөхүүлээд сууж байхад нь цохихоор нь би дундуур нь орж салгасан. Тэгээд Б ах орон дээр сууж байснаа дахин хуванцар сандал бариад Ү эгчийн толгой руу нь 1 удаа цохисон. Би Б ахын барьсан сандлыг авч Б ахыг авч гараад гэрийнх нь гадаа тамхилсан. Б ах надтай муудалцах гээд байсан. Б ах бид хоёрыг хашаан дотор байхад хашааны эзэн ах машинтай ирээд Б ах түүнтэй юм яриад хашааны гадаа байсан машинд нь суугаад яваад өгсөн. Б ахыг явсны дараа эргүүлийн хоёр цагдаа дуудлагаар ирлээ гээд ирэхэд нь би хамт гэр рүү орсон...” гэжээ. /хх-ийн 15-16 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 76 тоот дүгнэлтэд:
1. Ү-ын биед тархи доргилт, хуйханд зүүн зулайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанаа хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүний баруун, зүүн булан, ооч хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт, баруун, зүүн бугалга, баруун шуу, зүүн бугуйн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 27-28 тал/
- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 05 тал/
- Б-йн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-14, 33-37 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ..... овогт Б нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 0-02 тоотод оршин суух гэртээ согтуугаар хамтран амьдрагч Ү-ын толгойн тус газарт гараар болон сандлаар зодож эрүүл мэндэд “тархи доргилт, хуйханд зүүн зулайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанаа хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүүний баруун, зүүн булан, ооч хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт, баруун, зүүн бугалга, баруун шуу, зүүн бугуйн цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ү, гэрч Н.******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 76 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б-эд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ү-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б-ийн ............ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ........ овогт Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б-ийн ........... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ