| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2017/00450/и |
| Дугаар | 975 |
| Огноо | 2017-04-05 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 975
2017 оны 04 сарын 05 өдөр Дугаар 181/ШШ2017/00975 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 17 дугаар байрны 6 тоотод оршин суух, Боржигин овогт Чинбатын Хонгорзул /РД:ЦБ78081863/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3-д байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Хонгорзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэрэн, нарийн бичгийн даргаар Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Би Хаан банкнаас 280,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд шүүхийн шийдвэрээр О.Энхцогт бид 2-оос 266,751,247.5 төгрөг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамжны 17-6 тоотод байрлалтай 115 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвш АОС-ны 63 тоотод байрлалтай 360 м.кв талбайтай амины орон сууц, 700 м.кв газрын хамт битүүмжилж, хураасан.
Үнийн санал авахад нь амины орон сууц, газраа 600,000,000 төгрөгөөр, 3 өрөө орон сууцаа 250,000,000 төгрөгөөр үнэлж саналаа өгсөн. 3 өрөө орон сууцыг миний өгсөн саналын дагуу үнэлсэн. Харин амины орон сууц, газрыг “Итгэлт Эстимейт” ХХК нь 310,403,400 төгрөгөөр үнэлсэн байсан бөгөөд энэ үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэж үзэж байна.
Бид өөрсдийн өгсөн үнийн саналаа хямд үнээр гаргасан гэж үзсэн. Гэтэл түүнээс 2 дахин багаар үнэлснийг зөвшөөрөх боломжгүй. 2 үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 50 хувиар бууруулж бодоход төлбөрийн дүнд тохирч байгаа бөгөөд үүнийг ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзэж байгаа.
Үнэлгээний мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шуудангаар ирүүлсэн ба түүнээс хойш 1 хоногийн дараа 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуудлага худалдаа болох талаар надад мэдэгдсэн. Би 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд үнэлгээтэй танилцах гэсэн боловч шийдвэр гүйцэтгэгчтэй таарахгүй зөрсөөр байгаад танилцаж чадаагүй.
Би үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа гомдлоо 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан боловч шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу гээд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр билүү 6-ны өдөр авсан. Улмаар 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр дахин нэхэмжлэлээ гаргасан.
Иймд амины орон сууц, газрыг 310,403,400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 1096 дугаар захирамжаар Ч.Хонгорзул, О.Энхцогт нараас 265,782,474 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн дагуу төлбөр авагч хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч Ч.Хонгорзул, О.Энхцогт нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан.
Шийдвэр гүйцэтгэгчийн заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/, Үйлдвэрийн гудамж 17 байрны 6 тоот 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Аптантэвшийн АОС гудамжны 63 тоот хувийн сууц, газрыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч болон хамтран өмчлөгч нараас үнийн санал авсан.
Талуудаас 3 өрөө орон сууцанд үнийн саналыг авахад 250,000,000 төгрөгөөр үнэлж, талууд харилцан тохиролцсон.
Харин барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтантэвшийн АОС гудамжны 63 тоот хувийн сууц, газарт талуудаас үнийн саналыг авахад төлбөр төлөгч Ч.Хонгорзулаас 600,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Хаан банк зөвшөөрөөгүй, хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан.
Хөндлөнгийн шинжээч томилон зах зээлийн бодит үнийг тогтоолгоход амины орон сууц, газар нь 310,403,400 төгрөгөөр үнэлэгдсэнийг төлбөр төлөгч Ч.Хонгорзул, О.Энхцогт нарт 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 3/38025 тоот мэдэгдлээр баталгаат шуудангаар хүргүүлж мэдэгдсэн.
Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 310,403,400 төгрөгийн 70 хувь болох 217,282,380 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3/39427, 3/39428 тоот мэдэгдлүүдийг тогтоолын хамт мөн л баталгаат шуудангаар төлбөр төлөгчид хүргүүлсэн. Төлбөр төлөгч нь хаяг дээрээ амьдардаг, хүүхдээ хараад гэртээ байдаг тул шууданг байнга хүлээн авдаг байсан.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, үнэлгээнд гомдол гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан нотлох баримтуудаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасныг нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Хонгорзул нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 2 дугаар сарын 12-ний өдрийн 1096 дугаар захирамжаар Ч.Хонгорзул, О.Энхцогт нараас 266,751,247.5 төгрөг гаргуулж Хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба уг захирамжид 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 2645 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 8 сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ажиллагаа хийгдэж байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан зээлийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206009361 дугаарт Ч.Хонгорзул, О.Энхцогт, Ч.Мөнхзул нарын өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 17 дугаар байрны 6 тоот тоотод байрлах 115 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204015215 дугаарт Ч.Хонгорзулын өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтантэвш АОС гудамж, 63 тоотод байрлах 360 м.кв талбайтай 2 давхар хувийн сууцыг, газар өмчлөх эрхийн Г-2204009274 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай бүхий газрын хамт 2016 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 178/2645, 178/1096 тоот актаар тус тус битүүмжилж, 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 178/2645, 178/1096 тоот актаар тус тус хураажээ.
Төлбөр төлөгч Ч.Хонгорзул, О.Энхцогт, өмчлөгч Ч.Мөнхзул нар нь 115 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 250,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “Хаан банк” ХХК хүлээн зөвшөөрсөн, харин төлбөр төлөгч Ч.Хонгорзул, О.Энхцогт нар 360 м.кв талбайтай 2 давхар хувийн сууцыг 700 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрын хамт 600,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “Хаан банк” ХХК зөвшөөрөөгүй бөгөөд хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 190 дугаар тогтоолоор “Итгэлт Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн байна.
Шинжээч “Итгэлт Эстимэйт” ХХК нь 2 давхар хувийн сууц, 700 м.кв талбайтай газрын зах зээлийн үнийг 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар 310,403,400 төгрөг болохыг тогтоосон бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үнэлгээг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 3/38025 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч нарт мэдэгджээ. /хх-ийн 64 хуу/
Шүүхийн шийдвэрээр Ч.Хонгорзул, О.Энхцогт нараас гаргуулахаар заасан төлбөрийг төлбөр төлөгч нар сайн дураар төлөөгүй үндэслэлээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба барьцаа хөрөнгийг битүүмжилж, хурааж, үнийн санал авах ажиллагаа хийж, үнийг нь харилцан тохиролцож тогтоогоогүй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон дээрх ажиллагааг хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.1.6, 36 дугаар зүйлийн 36.1, 36.5, 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус нийцжээ.
Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч нь барьцаа хөрөнгийг зах зээлийн ханшаас хэтэрхий доогуур үнэлсэн гэх үндэслэлээр “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн боловч тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан хугацааг хэтрүүлэн гомдлоо гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул шүүх Ч.Хонгорзулын гомдлыг хянан үзэх үндэслэлгүй байна.
Учир нь, шүүх хуульд заасан хугацааны дотор гаргасан гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэдэг болно.
Нэхэмжлэгч Ч.Хонгорзул нь үнэлгээтэй холбоотой гомдлоо 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр анх шүүхэд гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 260 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан ба нэхэмжлэгч уг захирамжийг 2017 оны 1 дүгээр сарын 5-ны эсхүл 6-ны өдөр гардаж авсан гэж тайлбарласан бөгөөд үүнээс хойш 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн үнэлгээний талаарх 3/38025 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч Ч.Хонгорзул, О.Энхцогт нарт 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч нэхэмжлэгч нь үнэлгээний мэдэгдлийг шуудангаас хэдийг авсныг нотлох баримтгүй тул шүүх нэхэмжлэгчийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацааг хэтрүүлсэн байсан гэж үзэх боломжгүй.
Харин 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 260 дугаар шүүгчийн захирамжийг 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр гардан авснаас хойш 14 хоногийн дараа буюу 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлээ дахин гаргасан байдал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна.
Ийнхүү нэхэмжлэгч хуулийн хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдалд нь хүндэтгэх шалтгаан тогтоогдоогүй тул шүүх хуульд заасан гомдол гаргах хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзнэ.
Иймд Ч.Хонгорзулын гомдлоор “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн тогтоосон үнэлгээ нь зах зээлийн өнөөгийн үнэ цэнд дүйцэж байгаа эсэх, үнэлгээ бодитой тогтоогдсон эсэх талаар хянан хэлэлцэх үндэслэлгүй тул “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Ч.Хонгорзулын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны шатанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасан эрхийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлөх эрхийг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн итгэмжлэлээр олгосон Ц.Төмөрцэцэгээс татгалзаж, татгалзлаа шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Хонгорзулыг биечлэн оролцуулж, хэргийг хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан Ч.Хонгорзулын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204015215 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтантэвш АОС гудамжны 63 тоотод байрлах 360 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204009274 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай газрыг 310,403,400 төгрөгөөр үнэлсэн “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Ч.Хонгорзулын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА