| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2017/00324/и |
| Дугаар | 824 |
| Огноо | 2017-03-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 824
2017 оны 03 сарын 22 өдөр Дугаар 181/ШШ2017/00824 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 55-101 тоотод оршин суух, Их Борнууд овогт Мягмарын Энхжаргал /РД:ХП80112708/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3-д байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,
Г.Оюун, М.Анударьяа нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007829 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 хороолол, 56 дугаар байрны 29 тоот 2 өрөө орон сууцыг төлбөр төлөх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уранбилэг, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8790 дугаар шийдвэрээр М.Энхжаргал надаас 66,303,067 төгрөг гаргуулж “Траст Капитал” ББСБ-д олгуулахаар шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргаагүй бөгөөд шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлээгүй юм.
Гэтэл Нийслэлийн шийвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 155/09 тоот эд хөрөнгө хураах тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 168 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол гаргаж, Ү-2205007829 улсын бүртгэлийн дугаартай Г.Оюун, М.Анударьяа нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 56 байр, 29 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн шийдвэрт тусгаагүй эд зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар хурааж байгаа нь хуулийн үндэслэлгүй юм. Хэрэв орон сууц дуудлага худалдаагаар хямд үнээр зарагдчихвал дараа нь өмчлөгч нар надаас өндөр үнэ шаардах боломжтой тул миний эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна.
Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007829 дугаарт бүртгэлтэй Г.Оюун, М.Анударьяа нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 56 байрны 29 тоот 2 өрөө орон сууцыг төлбөр төлөх эд хөрөнгийн жагсаалтаас хасаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8790 дугаар шийдвэрээр М.Энхжаргалаас 66,792,532 төгрөгийг гаргуулж “Траст капитал” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 3918 дугаар захирамжаар албадан гүйцэтгүүлэх захирамж гаргасан.
Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч М.Энхжаргалд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул төлбөр авагчийн хүсэлтээр барьцаа хөрөнгө болох М.Анударьяа, Г.Оюун нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007829 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 56 байрны 28 тоот, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу тус тус битүүмжлэн хурааж төлбөр төлөх мэдэгдлийг өгсөн.
Орон сууцны өмчлөгч М.Анударьяа, Г.Оюун нарт 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 3/36282 дугаартай албан бичгээр үнийн санал ирүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн боловч үнийн саналыг ирүүлээгүй.
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Энхжаргал нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Г.Оюун, М.Анударьяа нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007829 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 хороолол, 56 дугаар байрны 29 тоот 2 өрөө орон сууцыг төлбөр төлөх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8790 дугаар шийдвэрээр М.Энхжаргалаас 66,792,532 төгрөг гаргуулж “Траст капитал” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрт 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 456 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, одоо явагдаж байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг үндэслэн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007829 дугаарт бүртгэлтэй, М.Анударьяа, Г.Оюун нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 хороолол, 56 байрны 29 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 168 тоот актаар битүүмжилж, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 155/09 тоот актаар хураан авсан байна.
Нэхэмжлэгч нь битүүмжлэгдэж, хураагдсан дээрх орон сууцнаас төлбөр гаргуулахаар заасан шүүхийн шийдвэр байхгүй үндэслэлээр шаардлагаа гаргасан бол хариуцагч нь төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулж байгаа нь хуульд нийцсэн гэж маргасан.
2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нэг талаас “Траст капитал” ББСБ, нөгөө талаас М.Анударьяа, Г.Оюун, М.Энхжаргал нар хүсэл, ашиг сонирхлоо бүрэн илэрхийлж, мөн өдрийн ЗГ14/27 тоот “Траст капитал” ББСБ, М.Энхжаргал нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх 2 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг байгуулсан байх ба уг гэрээ хуульд заасан журмын дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 470 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оын 4 дүгээр сарын 27-ны өдрийн 811 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 834 дүгээр тогтоолоор тус тус тогтоогдсон тул “барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулж байгаа” гэх хариуцагчийн тайлбар үндэстэй байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ийнхүү барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах зорилгоор орон сууцыг битүүмжилж, хураан авах ажиллагааг явуулсан нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан бол нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардах эрхтэй.
Гэвч нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007829 дугаарт бүртгэлтэй, М.Анударьяа, Г.Оюун нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 хороолол, 56 байрны 29 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг төлбөр төлөх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай шаардлагыг гаргах эрхгүй үндэслэлээр М.Энхжаргалын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007829 дугаарт бүртгэлтэй, М.Анударьяа, Г.Оюун нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 хороолол, 56 байрны 29 тоотод байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг төлбөр төлөх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай М.Энхжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА