| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0336/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/372 |
| Огноо | 2021-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/372
2021 03 19 2021/ШЦТ/372
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж“ танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан холбогдуулан С.С-д яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00000 0336 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурч мэргэжилтэй, “Мастер Класс” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 19-р хороолол, 37 дугаар байрны 33 тоотод оршин суух хаягтай, урьд
Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан 5 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 327 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсгүүдэд зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 989 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, улмаар Хан-Уул дүүргийн шүүхийн 2013.11.29-ний өдрийн 327 дугаартай шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт 8 жил 11 сар 12 хоногийн хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялаас эдлээгүй үлдсэн 496 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар сольж тус тус шийдвэрлэж байсан, С.С /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч С.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хотхоны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас С.Билэгттэй маргалдан улмаар толгойн ар хэсэг рүү гараараа нэг удаа цохиж, нүүр, ам, цээж хэсэг рүү 5 удаа өшиглөж зодож биед нь хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун зулайн ар хуйханд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, доод уруулын дотор салстын дунд хэсэгт өнгөц язралт, зүүн эгмийн зөөлөн эдийн няцрал, гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.С-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч С.Билэгтийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.С миний ард явж байснаа дүүгээ хараад шууд толгойн ар хэсэг рүү гараараа 1 удаа цохиод авсан чинь би халтираад газар уначихсан. Тэгсэн чинь тэр миний араас ирээд нүүр, ам, цээж хэсэг рүү 4-5 удаа өшиглөсөн. Би тухайн үед Санжааг цохиж зодоогүй. Тухайн үед нүд, хамар, нүүр, хацар шалбарсан, хамраас цус гарсан. Надад хамраа янзлуулах эмчилгээний мөнгө өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 16-17 хуудас/,
Гэрч Н.Цэрэнсодномын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.С-н дүүг нь хайж яваад олоогүй буцаад байрныхаа гадна ирсэн чинь Билэгт хүнд зодуулчихсан байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би тэрнээс яасан бэ, юу болов гэсэн чинь тэр С.С намайг зодчихоод яваад өглөө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 19-20 хуудас/,
Гэрч Т.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хүн орилоод чимээ гарахаар нь яваад очтол С.С нэг залуутай хамт зогсож байсан. Намайг очих үед тэр хоёр зодолдсон бололтой шорон гээд баахан юм яриад хоорондоо хэрэлдээд байсан. Тэр үед С.С-тэй маргаад байсан танихгүй залуугийн нүүр хэсэг нь цус болсон байсан. С.С-н биед гэмтэл шарх гэх зүйл анзаарагдаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №1473 дугаартай “...Т.Билэгтийн биед хамар ясны хугарал хамрын нурууны зөөлөн эдийн няцрал зулгаралт, баруун зулайн ар хуйханд цус хуралт зүүдний нүдний дээд хэсэгт цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, доод уруулын дотор хэсгийн салстын дунд хэсэгт өнгөц язралт, зүүн эгэмний зөөлөн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-н 29-30 хуудас/,
С.С-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Тэгээд би гадаа гарсны дараа Билэгтийн шанаа руу гараараа нэг удаа цохисон чинь тэр газар унасан. Тэгэхээр нь би тэрний нүүр толгой руу 4-5 удаа өшиглөсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ уурандаа ийм гэмт хэрэг үйлдсэндээ үнэхээр их гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч М.Энхтуулын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч С.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хотхоны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн С.Билэгттэй маргалдан улмаар толгойн ар хэсэг рүү гараараа нэг удаа цохиж, нүүр, ам, цээж хэсэг рүү 5 удаа өшиглөж, зодож биед нь хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун зулайн ар хуйханд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, доод уруулын дотор салстын дунд хэсэгт өнгөц язралт, зүүн эгмийн зөөлөн эдийн няцрал, гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
Шүүгдэгч С.С-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг, хавтаст хэргээс хохирогч С.Билэгтийн: “...Санжаа миний ард явж байснаа дүүгээ хараад шууд толгойн ар хэсэг рүү гараараа 1 удаа цохиод авсан чинь би халтираад газар уначихсан. Тэгсэн чинь тэр миний араас ирээд нүүр, ам, цээж хэсэг рүү 4-5 удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-н 16-17 хуудас/, гэрч Н.Цэрэнсодномын: “...Тэгэхээр нь би тэрнээс яасан бэ, юу болов гэсэн чинь тэр Санжаа намайг зодчихоод яваад өглөө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 19-20 хуудас/, гэрч Т.Энх-Амгалангийн: “...Намайг очих үед тэр хоёр зодолдсон бололтой шорон гээд баахан юм яриад хоорондоо хэрэлдээд байсан. Тэр үед Санжаатай маргаад байсан танихгүй залуугийн нүүр хэсэг нь цус болсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуудас/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №1473 дугаартай “...Т.Билэгтийн биед хамар ясны хугарал хамрын нурууны зөөлөн эдийн няцрал зулгаралт, баруун зулайн ар хуйханд цус хуралт зүүдний нүдний дээд хэсэгт цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, доод уруулын дотор хэсгийн салстын дунд хэсэгт өнгөц язралт, зүүн эгэмний зөөлөн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 хуудас/, С.Сын яллагдагчаар өгсөн: “Тэгээд би гадаа гарсны дараа Билэгтийн шанаа руу гараараа нэг удаа цохисон чинь тэр газар унасан. Тэгэхээр нь би тэрний нүүр толгой руу 4-5 удаа өшиглөсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч С.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч С.С-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч С.Билэгт нь хохирол төлбөр төлөгдсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан, гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч С.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.С нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.С-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын санал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч С.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.С нь шүүхээс оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.С нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.С-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.С-д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.С нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.С нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гэм хорын хохирол, хор уршиг болон хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ