Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1139

 

     “Хомын тал” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/00830 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Хомын тал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ОДНД” ХХК-д холбогдох        

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 91 985 630 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Алтанхуяг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Даваахүү

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч төлөөлөгч Ч.Алтанхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2013 онд Нийслэлийн Авто замын газар захиалагчтай, “ОДНД” ХХК үндсэн гүйцэтгэгчээр ажиллах, Хүй долоон худаг, Төмөр замын 361 дүгээр гарам чиглэлийн 8.5 км авто зам барих ажлын 1.5 км зам барих ажилд “ОДНД” ХХК-ийн хүсэлтээр туслан гүйцэтгэгчээр ажиллахдаа 0.5 км замыг асфальтан хучилт хийхээс бусад бүх ажлууд болох хуулсан байсан өнгөн хөрсийг тээвэрлэж зайлуулсан, чулуун далан барьсан, цементээр бэхжүүлсэн суурь хийсэн, үерээс хамгаалах шуудуу татсан, хөвөө байгуулсан, карьер нөхөн сэргээх ажил хийсэн. Тухайн үед Улсын баяр наадмаас өмнө зам ашиглалтанд орох хугацаатай учраас “ОДНД” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүйгээр ажлаа эхлүүлж, явц дунд гэрээгээ байгуулсан. Манайх гэрээгээ байгуулья гэхэд “ОДНД” ХХК өөрсдөө захиалагчтай гэрээ байгуулаагүй гэсэн шалтгаанаар хойш тавиад байсан. Ажил гүйцэтгэх явцад “ОДНД” ХХК-ийн захиралтай хэд хэдэн удаа уулзсан боловч тэрээр ямар нэгэн шалтаг хэлж хойшлуулсаар гэрээ байгуулаагүй. Манайхыг 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ажилдаа гарахад “ОДНД” ХХК ажилдаа гарсан. Гэрээ байгуулахыг хүлээхгүйгээр ажлаа эхлүүл гэж даамал А.Алтан-Од улаан шугам татаж замын зургийг өгснөөр ажлаа эхэлсэн. Улаан шугам татаж өгсөнтэй холбоотой баримт байдаг эсэхийг мэдэхгүй. Бид хийсэн ажлынхаа талаар маргаагүй, гагцхүү 1 м.3-д ногдох ажлын хөлсийг улсын стандарт болон батлагдсан төсвөөс 3 дахин багасгаж өгсөнтэй маргаж байгаа бөгөөд “ОДНД” ХХК-ийн хийсэн ажилд хангалттай хөлс төлсөн гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд хийсэн ажлынхаа нэрийг буруу бичснээс замын асфальт хучихын өмнөх далан дүүргэлтийн ажил, цемент бетон дүүргэлтийн ажил, хөлдөлтөөс хамгаалах ажлуудыг хийсэн.

Мэргэшсэн төсөвчин Р.Батцолмонгийн гаргасан төсвөөр манай компани 0.5 км зам барих ажилд 161 985 630 төгрөгийн зардлаар ажил хийсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд үүнээс 70 000 000 төгрөгийг “ОДНД“ ХХК-иас хүлээж авсан үлдэгдэл 91 985 630 төгрөгийг өгөөгүй. Зам барилгын ажилд зөвлөх компаниар ажилласан “Танил санаа” ХХК манай хийсэн ажлыг тодорхойлж өгсөн. Шүүхээс шинжээчээр томилогдсон “Зам тээврийн хөгжлийн төв”-ийн дүгнэлт, Гудамж төслийн ажил хүлээн авсан акт зэрэг баримтаар манай хийсэн ажлыг үнэлэх боломжтой учир санхүүгийн анхан шатны баримт шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, замын ажлын зардалтай холбоотой санхүүгийн баримт хэрэгт хамааралгүй гэж үзсэн. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 200 дугаар тушаалаар батлагдсан Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв зохиох зааврыг бүх төсөвчин баримтлан төсөв зохиох ёстой. Гудамж төслийн хүрээнд 1.5 км авто зам барилгын ажил гүйцэтгэхэд “ОДНД” ХХК нь гүйцэтгэгчээр оролцсон, манайхтай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй тул ажил хүлээн авсан актад “Хомын тал” ХХК огт дурдагдаагүй. Харин манайх гүйцэтгэсэн ажлаа 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэж өгсөн байдал уг замын ажилд хяналт тавьж, зөвлөхөөр ажиллаж байсан “Танил санаа” ХХК-ийн өдөр тутмын тэмдэглэлд тусгагдсан байх учиртай. Үүнээс гадна манайд шаардлага өгч байсан талаарх баримт “ОДНД” ХХК-ийн гүйцэтгэлд авагдсан байх ёстой. Төслийн хүрээнд 1.5 км зам барилгын ажил 964 444 598 төгрөгийн өртөгтэй гэдэгтэй танилцсан учраас уг ажилд 3 компани хамтран оролцоход бидэнд ашигтай. Өөрөөр хэлбэл, батлагдсан төсвийн 1/3 нь ногдоно гэж үзэж уг ажилд оролцсон. “ОДНД” ХХК нь 1.5 км замыг өөрсдийн хүчээр хийж гүйцэтгэж чадахгүй болсон учраас манайхыг туслан гүйцэтгэгчээр орохыг хүссэн, мөн Нийслэлийн Авто замын газар, “Танил санаа” ХХК-иас ажиллах санал тавьсан. Манайх Хүй долоон худагт үйлчилгээний талбайг цементийн зуурмагаар цутгасан бөгөөд замын ажлын нөхөн сэргээлттэй холбоотой ажил хийгээгүй. “ОДНД” ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 30 000 000 төгрөг өгсөн. Дээрх замын ажилд 162 143 013 төгрөг зарцуулсан боловч Р.Батцолмонгийн гаргасан 161 985 630 төгрөгийн төсөвтэй болох нь тогтоогдсон. Гэтэл “ОДНД” ХХК захиалагчаас ажлын хөлс 964 444 598 төгрөг авсан боловч 70 000 000 төгрөг төлснийг хасч ажлын хөлсний үлдэгдэл 91 985 630 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хомын тал” ХХК нэхэмжлэлдээ хуулсан байсан өнгөн хөрсийг тээвэрлэж зайлуулсан, чулуун далан барих, цементээр бэхжүүлсэн суурь хийсэн, үерээс хамгаалах далан барих, хөвөө байгуулах, карьер нөхөн сэргээсэн зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн ба дээрх ажлын нийт өртөг 161 985 630 төгрөг гэжээ. “ОДНД” ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр захиалагч Гудамж төслийн нэгж, Нийслэлийн авто замын газар, санхүүжүүлэгч Монгол Улсын Хөгжлийн банктай №С- ГТ-5 2013-78 тоот Хүй Долоон худаг дахь тээврийн хэрэгслийн Ү зогсоолоос Төмөр замын 361 дүгээр гарам хүртэлх автозамын 1.5 км-ын авто зам барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. “ОДНД” ХХК нь тус гэрээнд заасан 1.5 км авто зам барилгын ажлын 0.5 км замд хамаарах далангийн дүүргэлтийн ажил, хөлдөлтөөс хамгаалах үеийн ажил, цемент бетон суурийн ажил, тээвэр, машин механизмын зардал зэрэг ажлыг “Хомын тал” ХХК-иар гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 72 483 000 төгрөгийг төлсөн. Гэтэл нэхэмжлэгч “Хомын тал” ХХК өөрийн хийж гүйцэтгэхээр тохиролцоогүй ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон, уг ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Учир нь, нэхэмжлэлийн шаардлагад чулуун далан барих, хөвөө байгуулах, карьер нөхөн сэргээх зэрэг ажлуудыг “Хомын тал” ХХК бус “Дамас” ХХК, Байгаль орчин ногоон хөгжлийн газар зэрэг байгууллагуудаар хийж гүйцэтгүүлэн, ажлын хөлсийг нь дээрх байгууллагад тухай бүр төлсөн.

Тус компани чанарын шаардлага хангахгүй ажил гүйцэтгэсэн бөгөөд түүнийгээ засан сайжруулж бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгч ажлаа дүгнүүлж акт үйлдэхгүйгээр ажлаа хаяад явсан. Харин манайх дутуу ажлыг гүйцээж 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч “Хомын тал” ХХК 2013 оны 6 дугаар сард манайхтай байгуулсан гэрээ, төсөвгүйгээр ажил гүйцэтгэсэн байх бөгөөд уг ажлынхаа талаар маргаан үүсгэхдээ хожим мэргэшсэн төсөвчин Р.Батцолмонгийн 2015 онд зохиосон 161 985 630 төгрөгөөр тооцож, үлдэгдэл 91 985 630 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй. “Хомын тал” ХХК нь ОДНД” ХХК-ийн туслан гүйцэтгэгч болохоос №С-ГТ-5 2013-78 тоот гэрээний оролцогч биш тул уг гэрээний дагуу төсвөөр үнэлгээг тооцох боломжгүй. “ОДНД” ХХК-иас “Хомын тал” ХХК-тай 161 985 630 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил гүйцэтгүүлэхээр тохиролцоогүй бөгөөд манай байгууллагатай тохиролцон батлаагүй төсвийг үндэслэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч “Хомын тал” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын төлбөрөөс илүү 72 483 000 төгрөгийг шилжүүлсэн. “Хомын тал” ХХК-д 84 263 502 төгрөгийн төсөвтэй ажил хийх санал тавьсан боловч нэхэмжлэгч нь ажлаа дутуу хаяаад явсан.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа шинжээчийн дүгнэлт гаргасан, эдгээр дүгнэлтээр “Хомын тал” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан хэмжээний ажил хийсэн гэдгийг нь тогтоогоогүй. Харин 1.5 км замын ажлыг “ОДНД” ХХК бүрэн гүйцэд хийж дуусгаад улсын комисст хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. “Хомын тал” ХХК 0.5 км зам барих ажилд 163 143 013 төгрөгийн зардал гаргасан гэх боловч бараа, материал худалдан авснаа баримтаар ирүүлээгүй.

Түүнчлэн уг ажлыг хийж гүйцэтгэх үеийн гэрэл зураг мөн санхүүгийн тайлантай холбоотой ямар ч баримт гаргаагүй. Анх 6 ажил хийж гүйцэтгэсэн гэж нэхэмжилсэн боловч нэхэмжлэгч өөрийнхөө ямар ажил хийснээ тодорхойлж мэдэхгүй байснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр 3 ажил хийсэн нь тогтоогдсон гэж байгаа нь үндэслэлгүй. “ОДНД” ХХК-ийн төслийн хүрээнд 964 444 598 төгрөгийн хөлс авсан мөртлөө өөртөө 10 дахин бага хөлс өгсөн гэдэгт гомдолтой байна. Талууд ажил гүйцэтгэх гэрээний нөхцлөө өөрсдөө тодорхойлж, үүнийг үндэслэн хийсэн ажлынхаа үр дүнг хүлээлгэн өгснөөр талуудын хооронд ямар харилцаа үүссэн болохыг тодорхойлох ёстой. Нэхэмжлэлд бичигдсэн 6 төрлийн ажлаас алийг нь гүйцэд хийсэн, аль ажлаа дутуу хийсэн, тэдгээр ажил ямар төсөвтэй байсан, ажлаа хүлээлгэж өгснөө нотолж чадахгүй байна. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулах талаар “ОДНД” ХХК-д мэдэгдэл, хүсэлт, шаардлага гаргаж байсныг нотолсон баримтгүйгээс гадна барилгын даамал А.Алтан-Од улаан шугамыг хэзээ хэрхэн тавьж өгсөнтэй холбоотой баримтгүй. Өөрийн хийж гүйцэтгэсэн гэх ажлаа уг ажлын зөвлөхөөр ажиллаж байсан “Танил санаа” ХХК-д хүлээлгэж өгсөн бол хүлээлгэж өгсөн талтайгаа хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй, учир нь талууд хийх ажлынхаа талаар тохиролцсон бол шинжээчийн дүгнэлт яригдах ёстой. Нэхэмжлэгч тухайн үед Хүй долоон худагт үйлчилгээний зогсоол дээр ажил гүйцэтгэсэн бөгөөд 0.5 км замын ажлыг хийх гэж оролдоод орхиод явчихсан. Эдний компанийг тодорхой эрх бүхий албан тушаалтны гуйлтаар ажиллуулсан. “Очирням” ХХК, “Хайвэй Интернэшнл” ХХК-иар нөхөн сэргээлт хийсэнтэй холбоотой баримтыг ирүүлсэн, гэтэл энэ нь түүний үйлчилгээний талбайд ажил гүйцэтгэсэнтэй холбоотой баримтм. Манайх ажлыг өөрсдийн санхүүжилтээр 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эхэлж, 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр эхний санхүүжилтээр 30 000 000 төгрөгийг “Хомын тал” ХХК-д урьдчилгаа болгож шилжүүлсэн. Уг замын ажлын нөхөн сэргээлтийг Байгаль орчин ногоон хөгжлийн газраар хийлгэсэн бөгөөд Гудамж төслөөс нэхэмжлэгчийн өмгөөлөгчид өгсөн хариуд туслан гүйцэтгэгчээр оролцсон эсэх тодорхойгүй гэж дурдсан байсан. Замын ажилд хяналт тавьж зөвлөхөөр ажилласан “Танил санаа” ХХК-ийн тодорхойлолтоор талуудын хоорондох маргааныг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд “Хомын тал” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ОДНД” ХХК-иас 91 985 630 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ”Хомын тал” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар “Хомын тал“ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 617 880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 33610 тоот шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх манай компани болон “ОДНД” ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нарын хоорондын гэрээний харилцаа үүссэн гэдгийг шүүх зөв дүгнэсэн боловч тухайн авто зам барилгын ажлыг гүйцэтгэх төсвийг захиалагч Нийслэлийн автозамын газраас нэгэнт зохиосон байсан, уг бэлэн төсвийн дагуу ажил гүйцэтгэхээр талууд харипцан тохиролцсон гэдгийг анхаараагүй, дугнэлт хийгээгүй ба ажил гүйцэтгэх төсөв, ажлын хөлсний хэмжээг анхнаасаа харилцан тохиролцоогүй нь буруу бөгөөд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1, 351.1.1-т заасан байдаг.

Шүүх манай компанийг ажлын үр дүнгээ хүлээлгэж өгөөгүй гэж дүгнэсэн нь буруу бөгөөд тус автозамыг бид тохиролцсон хугацаандаа хийх ёстой үүргээ бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн ба үүний дагуу 2013 оны 7 дугаар сард болсон улсын баяр наадамд Хүй долоон худагт уг зам бүрэн ашиглалтанд орсон байсан. Тодруулбал, уг автозамыг барьж байгуулахад оролцсон манай компани өөрийн хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь бүрэн биелүүлсэн ба үүнийг “ОДНД” XXK хүлээн авч Нийслэлийн автозамын газарт хүлээлгэн өгснөөр манай компани ажлын үр дүнгээ хүлээлгэн өгсөн нь нотлогдож байгаа. Энэ талаар тухайн үед уг автозамыг барьж байхад зөвлөх болон хяналтын чиг үүрэгтэй оролцож байсан “Танил санаа” XXK нь манай компанийг үүргээ бүрэн биелүүлсэн болон ямар тоо хэмжээтэй, үнэлгээтэй ажил гүйцэтгэсэн болохыг нотолсон баримтыг, мөн хариуцагчийн хүсэлтээр томилогдон дүгнэлт гаргасан "Авто замчдын холбоо" ТББ-ын шинжээч, тэргүүлэх төсөвчин Х.Гантөмөр дүгнэлт гаргах үе “ОДНД” XXK-ийн өөрөө гаргаж өгсөн “Хомын тал” XXK-ийн хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг харьцуулж үзсэн нотлох баримтыг, түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр дахин шинжилгээ хийж дүгнэлт гаргасан "Зам тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-ын шинжээчийн дүгнэлтэд “ОДНД” XXK-ийн өөрөө гаргаж өгсөн “ОДНД” ХХК-ийн захирал Б.Дэлгэрсайхан баталж гарын үсгээ зуран тамга дарсан, инженер О.Алтан-Од мөн гарын үсгээ зурсан Хүй долоон худаг 1.5 км хатуу хучилтттай авто замын "Хомын тал" ХХК-ийн гүйцэтгэсэн 0.5 км зам барилгын газар шорооны ажлын гүйцэтгэл гэсэн баримтыг тус тус үнэлж үзээгүйгээс нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан эсхүл шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч “Хомын тал” ХХК хариуцагч “ОДНД” ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 91 985 630 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.        

Нийслэлийн автозамын газар нь “ОДНД” ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Хүй долоон худаг дахь тээврийн хэрэгслийн V дугаар зогсоолоос Төмөр замын 361 дүгээр гарам хүртэлх авто замын 1,5 км авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг ажлыг нийт 161 985 630 төгрөгийн төсөвт өртөгтэйгээр хийж гүйцэтгэхээр тохиролцжээ. /1 хх-ийн  134-138/

Дээрх ажил гүйцэтгэх гэрээний нэг тал болох “ОДНД” ХХК нь уг ажлыг хийж гүйцэтгэхдээ Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар туслан гүйцэтгэгчээр “Хомын тал” ХХК-ийг ажиллуулсан байна.

“Хомын тал” ХХК нь 1,5 км замын 0,5 км замын ажлыг хийж гүйцэтгэхдээ “ОДНД” ХХК-тай амаар гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 42  дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар шүүхийн хийсэн дүгнэлт зөв болжээ.

Зохигчид гэрээний дагуу далан дүүргэлтийн ажил, хөлдөлтөөс хамгаалах ажил, цемент бетон суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй, харин далан барих, хөвөө байгуулах, нөхөн сэргээх ажлыг хийж гүйцэтгэсэн эсэх, хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний талаар маргасан боловч замын ажлыг нөхөн сэргээхтэй холбоотой ажлыг хийгээгүй гэж  нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд зөвшөөрсөн байна.

Хариуцагч татгалзлаа 1,5 км авто зам барилгын ажлын 0,5 км авто замд хамаарах далан дүүргэлтийн ажил, хөлдөлтөөс хамгаалах ажил, цемент бетон суурийн ажлын хөлсөнд 72 483 000 төгрөг төлсөн, далан барих, хөвөө байгуулах, карьер нөхөн сэргээх ажлыг өөр бусад компаниар хийлгэсэн, нэхэмжлэгч нь хийсэн ажлаа бүрэн хүлээлгэн өгч, акт үйлдээгүй, 161 985 630 төгрөгийн төсөвт өртөгт ажил гүйцэтгүүлэхээр тохиролцоогүй гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 161 985 630 төгрөгийн төсөвт өртөгтэй 6 төрлийн ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй болно.

Нэгэнт нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн ажлаа нотолж чадаагүй нөхцөлд Нийслэлийн автозамын газраас зохиосон төсвийг үндэслэн ажлын хөлсний үлдэгдэл 91 985 630 төгрөг гаргуулах үндэслэлгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгч “Хомын тал” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 91 985 630 төгрөгийг хариуцагч “ОДНД” ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгч авто замын ажил дууссан 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 2015 онд зохиосон төсвийг үндэслэн хөлс шаардсаныг шүүх үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн зөв дүгнэжээ.

Хэргийн үйл баримтаар зохигчид Нийслэлийн автозамын газар нь “ОДНД” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа зохиосон төсвийн дагуу ажил гүйцэтгэхээр талууд тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажлыг бүрэн биелүүлсэн болохыг “Танил санаа” ХХК-ийн гаргасан тодорхойлолтыг шүүх үнэлээгүй гэх гомдлыг гаргасан боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн ажлаа хариуцагчид хүлээлгэн өгөөгүй тул Авто замчдын холбоо болон Зам тээврийн хөгжлийн төвийн хийсэн төсөв нь түүний хийсэн ажлын гүйцэтгэлийг нотлохгүй юм. Иймд нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/00830 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хомын тал” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                                ШҮҮГЧИД                                       Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                                         Д.БАЙГАЛМАА