Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2022/0753

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                Н.Ж нэхэмжлэлтэй

                                      захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж

Нэхэмжлэлийн шаардлага: Өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 54 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 110/2022/0050/З

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”-аар маргаж байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 54 дүгээр шийдвэрээр:

2.1. “Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 4 дүгээр зүйлийн 2, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х.Ж өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгахаар” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Монгол улсын дээд шүүхийн 2008 оны 47 дугаар Нийгмийн Даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 2.1-д "тэтгэврийн болон тэтгэмжийн шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацаа"-нд БНМАУ-ын Нийгмийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдсөн 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш нийгмийн Даатгалын шимтгэл төлсөн хугацааг хамруулан"- гэж тодорхой заасан. "Ш" ХХК нь 1993, 1994 онд шимтгэл төлөөгүй. Уг хугацаанд ямар нэгэн шимтгэл төлсөн баримт байхгүй байхад төрийг хохироож, үндэслэлгүйгээр, ямар ч нотлох баримтгүйгээр огт ажиллаагүй хүнийг тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор буруу дүгнэн шийдвэр гаргасан.

3.2. Анхан шатны шүүх холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дах хэсэгт "Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй" мөн зүйлийн 2-т "Ажил олгогчийн буруугаас нийгмийн Даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө" тус тус үндэслэсэн. Уг заалтыг Монгол улсын дээд шүүхийн 2008 оны 47 дугаар " Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 1.2-т "Хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасан "ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй" гэж нийгмийн даатгалын шимтгэлийг тооцох, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх ажиллагааг ажил олгогч энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан хэмжээ, хугацаа, 16 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулаагүй, эсхүл зорчиж явуулсныг хэлнэ. Энэ зүйл, хэсэгт заасан "даатгуулагчид учирсан хохирол" гэдгийг ажил олгогчийн дээрх буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан Даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүд нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын дагуу олгогдвол зохих тэтгэвэр, тэтгэмжийг авч чадахгүй болох, эсхүл хугацаа нь хойшлогдох, тогтоогдвол зохих тэтгэвэр бага хэмжээгээр тогтоогдох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд тодорхой зардал гаргах зэргээр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь зөрчигдсөнөөс даатгуулагчид учирсан эдийн хохирлыг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "ажил олгогч бүрэн хариуцна" гэж ажил олгогчийн буруутай ажиллагаанаас шалтгаалан даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүдэд нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын дагуу тэтгэвэр, тэтгэмж олгогдох үндэслэлгүй болсон бол олгогдвол зохих тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээгээр, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ багассан, олгогдох хугацаа хойшлогдсон бол эерүүгээр, хохирсон этгээдээс гарсан нэмэгдэл зардлын хэмжээгээр ажил олгогч Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн холбогдох зохицуулалтаар эд хөрөнгийн хариуцлага хүлээхийг хэлнэ"-гэж заасныг буруу хэрэглэж анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09-р сарын 23-ны өдрийн дугаар 110/ШШ2022/0054 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Ж гаргасан “өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг шийдвэрлэхдээ Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 4 дүгээр зүйлийн 2, 6 дугаар зүйлийг тус тус зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэстэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.  

2. Нэхэмжлэгч Х.Ж “... өөрийн төрүүлсэн 4 хүүхдийг 6 нас хүртэл өсгөж хүмүүжүүлсэн, улсад 14 жил 7 сараас доошгүй хугацаагаар ажилласан. Ажилласан жилийг тооцож үзэхэд 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд хуулиар 6 жил тооцогдоно, мөн сайн дурын даатгалын шимтгэлийг 4 жил 2 сар төлсөн, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хоёр тусдаа шийдвэрээр улсад ажилласан байдлыг 4 жил 11 сар 22 хоног, 2014 онд нөхөн төлөлтөөр 5 жил 6 сар нийт 20 жил 7 сар 22 хоног ажилласан жил болж байгаа.  Гэтэл 2022 оны 05 дугаар сард аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргахад татгалзсан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар 50 нас хүрсэн эмэгтэй, 4 хүүхдийг 6 нас хүртэл өсгөсөн, улсад 20-оос доогүй жил ажилласан, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй байхаар хуульчилсныг зөрчсөн” гэсэн үндэслэлээр “Өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзал хууль бус болохыг тогтоож, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

2.1. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүүхэд төрүүлж өсгөсөн” гэх болзлыг хангаж байгаа боловч “20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн” гэх болзлыг хангахгүй байна. Түүний ажиллаж байсан гэх “Ш” ХХК нь 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, ... хуульд заасан 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлага хангахгүй байгаа тул өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй ...” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна. 

2.2. Улсын Дээд шүүхийн 2008 оны Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 47 дугаар тогтоолд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т заасан тэтгэврийн болон тэтгэмжийн шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацаанд БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийг дагаж мөрдсөн 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг хамааруулна тайлбарлажээ.

2.3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 2-т Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно, 4 дүгээр зүйлийн 2-т Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, мөн зүйлийн 5-д Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно” гэж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-т Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй, 2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж тус тус заажээ.

2.4. Хариуцагчаас Х.Ж шүүхээр тогтоолгосон ... 1993,1994 оны буюу 2 жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч Шырын ХХК-аас төлөөгүй тул нэхэмжлэгч нь хуульд заасан 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан, харин нэхэмжлэгчийн хуульд заасан бусад шаардлагыг хангасан болон 18 жил 10 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тухайд маргаагүй байна.

2.5. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч Х.Ж нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан тул түүний ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 5 жил 6 сараар /1995 оны 7 дугаар сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал/ нөхөн тооцсон болохыг баталгаажуулсан, мөн тэрээр сайн дурын даатгуулагчийн хувиар 2014 оны 2-оос 12 дугаар сар, 2015 оны 1-ээ 12 дугаар сар, 2016 оны 3, 4 дүгээр сар, 2020 оны 4-өөс 12 дугаар сар, 2021 оны 1-ээс 12 дугаар сар, 2022 оны 1-ээс 6 дугаар сарын буюу нийт 4 жил 4 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[1] тогтоогдсон талаар буюу өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нийт 9 жил 10 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн гэж үзсэн нь, мөн Х.Ж 4 хүүхэд төрүүлж өсгөсөн байх тул[2] түүний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр 6 жилийн хугацаа нэмж тооцогдох үндэслэлтэй” гэж хэрэгт авагдсан баримтуудад тус тус үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.

2.6. 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-т “Иргэдийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байгаа дор дурдсан үйлдвэрийн газар, байгууллага, иргэд нийгмийн даатгалын шимтгэл заавал төлөх үүрэгтэй:”, 4/-т хоршоолол, хувийн үйлдвэрийн газар, пүүс гэж заасан байна.

2.7. Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, түүний дотор хоршооллын байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалд /ажилгүйдлийн даатгалаас бусад төрөлд/ даатгуулсанд тооцож уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно. Үүнд хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн нэгдэлдээ ажилласан, байлдагч, түрүүчээр цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа нэгэн адил хамаарна гэж тус тус заажээ.

2.8. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Ш ХХК нь Х.Ж 1991,1992 онд нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлсөн[3] нь тогтоогдож байх боловч Баян-Өлгий аймгийн Архивын тасгаас 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 885 дугаар албан бичгээр “... “Ш” ХХК-ийн 1991-1995 оны баримтыг архивт шилжүүлээгүй тул Х.Ж холбогдох лавлагааг өгөх боломжгүй талаар[4] тодорхойлолт ирүүлсэн байх боловч хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт болох Х.Ж Ш ХХК-д үйлчлэгчээр ажилласан 4 жил 4 сарын хугацааны 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойших 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Шырын ХХК нь ажил олгогчийн хувиар заавал төлөх үүрэгтэй байснаас гадна дээрх Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай өмчийн бүх хэлбэрийн аж, ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байсан иргэнийг мөн хугацаанд нь нийгмийн даатгалд даатгуулсанд тооцож, уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор зааснаас үзвэл ажил олгогчийн нийгмийн даатгал төлөх  хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор байна.

2.9. Иймээс анхан шатны шүүх “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Х.Ж нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ш ХХК-д 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажилласан болох нь тогтоогдсон байхад ажил олгогч Ш ХХК-аас Х.Ж ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлөх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийг тухайн ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй буюу 20ос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангаагүй гэж буруутгах, түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

2.10. Түүнчлэн хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2020/00574 дүгээр шийдвэрээр Х.Ж нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын Ялалтын Оргил нэгдлийн Ардын театрт уран сайханчаар 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл, мөн тус нэгдэлд зочид буудлын эрхлэгчээр 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл тус тус ажилласан болохыг, мөн шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2022/00419 дүгээр шийдвэрээр[5] Х.Ж нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Шырын ХХК-д 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тус тус тогтоосон, эдгээр шүүхийн шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсонтой хэргийн оролцогчид маргаагүй байна.

2.11. Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Х.Жанаргүл нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын Ялалтын Оргил нэгдэл болон Өлгий сумын Ш ХХК-д уран сайханч, зочид буудлын эрхлэгч, үйлчлэгчээр нийтдээ 5 жил ажилласан нь тогтоогдсон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилласан байдлыг тогтоох асуудлыг захиргааны хэргийн шүүх дахин нотлох үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2.12. Иймд хариуцагчийн “...  "Ш" ХХК нь 1993, 1994 онд шимтгэл төлөөгүй. Уг хугацаанд ямар нэгэн шимтгэл төлсөн баримт байхгүй байхад төрийг хохироож, үндэслэлгүйгээр, ямар ч нотлох баримтгүйгээр огт ажиллаагүй хүнийг тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор буруу дүгнэн шийдвэр гаргасан ... Анхан шатны шүүх холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн ...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2.13. Ийнхүү хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Х.Ж нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг 20 жил 10 сарын хугацаагаар тооцох үндэслэлтэй талаарх шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт”-ийг 20ос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзсан хариуцагчийн үйлдлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасантай тус тус нийцээгүй, хууль бус, уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

2.14. Түүнчлэн анхан шатны шүүх “нэхэмжлэгчээс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр буюу Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасан өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тус хугацаанаас эхлэн нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагчид хариуцагчид даалгах нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно гэж заасантай нийцсэнийг дурдах нь зүйтэй байна.

2.15. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 54 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН

         

          ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

 

         ШҮҮГЧ                                                                         Н.ХОНИНХҮҮ

 

 

[1] /Хавтаст хэргийн 10-13,21-22,41-43 дэх тал/

[2] /Хавтаст хэргийн 7-10 дах тал/

[3] /Хавтаст хэргийн 38-39 дэх тал/

[4] /Хавтаст хэргийн 36 дахь тал/

[5] /Хавтаст хэргийн 5-6 дах тал/