Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01317

 

Н.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2018/00198 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 51 дүгээр магадлалтай,

Н.Б-гийн нэхэмжлэлтэй,

Л.Д-д холбогдох,

4.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаа, өмгөөлөгч Э.Батбаяр, хариуцагч Л.Д-, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Л.Д-д 2015 онд Орифлейм брэндийн гоо сайхны 12.773.920 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг итгэлцлийн дагуу зээлээр өгч 7.538.960 төгрөгийн тооцоо хийсэн. Үлдэгдэл 5.500.000 төгрөгийг өгөхгүй удаа дараа хууран мэхэлж явсан тул 2016 оны 08 дугаар сард Орхон аймгийн Цагдаагийн газарт гомдол гарган шалгуулахад хохирлоос 1.500.000 төгрөгийг төлөөд үлдэгдэл мөнгийг тодорхой хугацааны дараа өгнө гээд хүсэлт тайлбар гарган эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлүүлсэн боловч үлдэгдэл төгрөгийг одоо хүртэл өгөөгүй тул 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Л.Д- шүүхэд гаргасан тайлбартаа: Би Н.Б-гаас 5.500.000 төгрөг аваагүй, учир нь Н.Б- өөрийн төрсөн дүү Н.Баярмаагийн нөхөр болох өмнө нь эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Бямбадоржийн найз мөрдөн байцаагч Бат-Эрдэнэд хэлж намайг доромжлуулж тодорхой тайлбаргүйгээр тухайн бичиг баримт дээр гарын үсэг зуруулж нотариатаар батлуулсан. Иймд би аваагүй барааны үнийг төлөх ёсгүй гэжээ.

Хариуцагч Л.Д- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Н.Б- бид хоёр 2016 оны 08 дугаар сарын 10-нд 5.500.000 төгрөгийн бараа өгч авсан тухай болон яаж төлөх талаар гэрээ байгуулсан. Н.Б- нь олон хүний цалин урамшууллаар бараа захиалж түүнийг бүгдээрээ нийлж зарж борлуулах ажиллагаа явуулж 3 хүн шалгарч Египет явсан. Бараа бүтээгдэхүүнээ зараад мөнгийг нь Н.Б-д өгч байсан. Гэтэл сүүлдээ Н.Б- Орхон аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан улмаас би нотариат дээр очиж 5.500.000 төгрөг төлнө гэсэн гэрээ хийсэн. Иймд 2016 оны 08 сарын 10-нд Н.Б-, Л.Д- бидний хооронд хийгдсэн хэлцлийг дүр үзүүлэн хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Б- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Би Л.Д-д үүрэг даалгавар өгч, хүчээр хийлгээгүй, надад тийм эрх байхгүй бөгөөд зөвхөн 2 иргэн хоорондын асуудал юм. За ерөөсөө 5.500.000 төгрөгөөр мухарлая, мөнгөө 3 хувааж төлье.. гэдэг санал Л.Д- тавьсан. Удаан хугацааны турш намайг амаар болон гарын үсэг зурж, удаа дараа хуурч, мэхэлж байсан тул тэгвэл баталгаа гаргаж өг гээд маргааш нь буюу 2016 оны 08 дугаар сарын 10-нд Голомт банкны 2 давхарт байрлах нотариат дээр хоёулаа уулзаж, гэрээ хийсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2018/00198 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Д-аас 1,577,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,422,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг баримтлан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 78,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 102,950 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Д-аас 40,193 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-д олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 51 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2018/00198 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаа, хариуцагч Л.Д- нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.900 төгрөгийг, хариуцагч Л.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.200 төгрөгийг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны 00198 дугаартай шүүхийн шийдвэр, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны 51 дугаартай Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд бараа зээлээр өгч авалцаж байсан, мөн тооцооны үлдэгдэл байгаа зэрэг үйл баримтыг зөв тогтоосон атлаа тооцооны үлдэгдлийг баталсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий “Л.Д-ын гарын үсэг бүхий 5.500.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэх баримтыг нотлох баримтаар үнэлээгүй. Шүүхийн дээрх үндэслэл тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй тайлбар бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасныг анхааралгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн уг алдааг засаж 2018 оны 2 дугаар сарын 26-ны 198 дугаартай шүүхийн шийдвэр, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны 51 дугаартай давж заалдах шатны шүүхийн магадлалд тус тус өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Л.Д-аас 4.000.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлд 2016 оны 8 дугаар сарын 10-ний өдрийн баталгаа гэх баримтыг дурджээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж, уг баримтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь 2015 оноос эхлэн нэхэмжлэгчээс орифлейм брендийн гоо сайхны бараа авч худалдан борлуулж мөнгийг төлж байснаа үгүйсгээгүй бөгөөд энэ талаар талуудын хооронд тооцоо хийж байсан дэвтэр хэрэгт авагджээ.

Уг дэвтэрт бичигдсэнээр хариуцагч 3.077.700 төгрөгийн бараа авснаа хүлээн зөвшөөрсөн ба 1.500.000 төгрөг төлснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагч хүлээн авсан барааны үнэ 1.577.700 төгрөг төлөөгүй гэж үзэж, нэхэмжлэлээс энэ хэмжээний шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Н.Б- нь нэхэмжлэлд дурдсан асуудлаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, уг асуудлыг шийдвэрлэх явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан баримтыг үйлдсэн нь хариуцагчийн хүсэл зоригт бүрэн нийцсэн гэж үзэхэд эргэлзээтэй байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй, гомдол үндэслэлгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2018/00198 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 51 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 53.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ